Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   12 сарын 07, 2018

"Баялгаасаа болж баяжсан хийгээд баларсан орнууд" цуврал #2: Ботсван, Зимбабве

“Баялгаасаа болж баяжсан хийгээд баларсан орнууд” цувралын дараагийн улсуудыг танилцуулж байна. Энэ удаа Африк тивийн баялгаа зөв ашиглан баяжсан Ботсван, буруу ашиглан доройтсон Зимбабве улсуудын жишээг хүргэе. Тэд юуг зөв хийв, юуг буруу хийв? Бид яах ёстой вэ?

БОТСВАН

Африкийн хамгийн эрчимтэй хөгжиж буй орон гэвэл Ботсваныг заавал нэрлэх ёстой. Кувейт мэтийн баян улсуудтай зүйрлэгдэхээр түвшинд хараахан хүрээгүй ч эрдэс баялгийн салбар, эдийн засгаа тогтвортой хөгжүүлж чадаж байгаа нь яах аргагүй үнэн. Нэг үе мал аж ахуйгаас бүрэн хамааралтай байсан Ботсван 1970-аад оноос алмаас эрдэнийн зах зээлийн бэлгэ тэмдэг болжээ. Өмнөд Африкийн энэ орон Монголтой адил далайд гарцгүй. Газар нутгийнх нь 70 хувийг Калахари цөл эзэлдгийн зэрэгцээ хүн амынх нь тоо манайхтай ойролцоо, хоёр сая орчим. Үүний тал орчим нь 10 том хотдоо бөөгнөрөн амьдардаг. Ботсваны Засгийн газраас газар тариалангаа дэмжих бодлого хэрэгжүүлдэг ч ган ихтэй байдгаас газар тариалан эрхлэхэд тохиромжгүй аж. Харин мал аж ахуйн салбар нь сайн хөгжжээ. Ботсван улс доороо алмаас эрдэнэ, алт, мөнгө, платинум, нефть, никель, зэс, цайр, чулуун нүүрсний нөөцтэй. 1867-1869 онд алт ихээр олборлож эхэлсэн боловч 1880-аад онд одоогийн ӨАБНУ-д алмаас олдсоноос Ботсваны шар металл сонирхол татахаа байж. Африкт Германы колоничлол газар авч байсан тул 1885 онд нутгийн иргэд Их Британиас тусламж, хамгаалалт хүсэж, Британийн колони болсон түүхтэй. Их Британийн ивээлд 80 гаруй жил байсан энэ орон 1966 оны есдүгээр сард тусгаар тогтнолоо зарлаж, Ботсван гэх бие даасан улс албан ёсоор мэндэлсэн байна.

Яг энэ үед бас нэгэн түүхэн үйл явдал болсон нь Орапа тосгоноос алмаас эрдэнэ олдсон хэрэг юм. Ингээд мал аж ахуйн орноос уул уурхайн орон болох шилжилт эхлэв. Алмаас эрдэнэ олдлоо гээд бүх зүйл хялбар болчхоогүй нь мэдээж. 1980-аад онд Ботсванд ажилгүйдэл газар авч, эдийн засаг нь туйлын хүнд нөхцөлд орсон байв. Ядаж байхад ӨАБНУ-ын зүгээс байн байн халдаж зовооно. Гэхдээ Ботсван олон намын системтэй ардчилсан орон, НҮБ, Дэлхийн худалдааны байгууллага, Африкийн холбоо, Африкийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагын гишүүн байсныхаа хүчинд тал талаас тусламж авч байжээ. Ямартай ч тусгаар тогтносноосоо хойш Ботсваны эдийн засаг тогтмол өсөлт үзүүлж, өсөлтөө дагуулан дэд бүтцээ сайн хөгжүүлж чаджээ.

Алмаас эрдэнийн дэлхийн хамгийн том уурхай Жаваненг Ботсваных. Ботсваны Засгийн газар "Дэ Бирс” (De Beers) компанитай хамтран “Дэбсван” (Debswana) компани байгуулж, энэхүү аварга ордыг ашиглаж эхэлсэн гэнэ. Түүнээс хойш уул уурхайн хөрөнгө оруулалтын орчноо илүү тааламжтай болгохын тулд шат дараатай арга хэмжээ авч, 1999 онд Ашигт малтмалын тухай хуульдаа өөрчлөлт оруулсан байдаг. Ботсваны эрх баригчид эдийн засаг, тэр дундаа уул уурхайдаа хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдүүлэхийг бодлогынхоо цөм болгож ажилладаг ажээ. Алмаас эрдэнийн зах зээлд хүч түрэн орж, дэлхийд тэргүүлэхийн хэрээр Ботсваны эдийн засаг энэ эрдсээс хамааралтай болсон нь тодорхой. 2009 онд дэлхийд санхүү, эдийн засгийн хямрал нүүрлэн алмаас эрдэнийн үнэ шалдаа буухад улсынх нь хэтэвч нимгэрч Ботсваны эрх баригчдыг нэг сайн айлгажээ. Ингээд "Дэбсван" компани түүхэндээ анх удаа зарим уурхайнхаа үйл ажиллагааг зогсооход хүрсэн аж. Ойрын жилүүдэд дэлхийн зах зээлд алмаас эрдэнийн үнэ өсөж байгаа тул Ботсван улсын эдийн засаг хэсэгтээ хөл дээрээ бат зогсох нь. Гэхдээ ингэлээ гээд хал үзэж хашир суусан эрх баригчид нь тайвширсангүй, эдийн засгаа алмаас эрдэнийн үнээс хараат бус байлгахын тулд чадах чинээгээрээ ажиллаж байгаа аж. Алмаасын ачаар эдийн засгаа босгож чадсан Ботсван энэ салбарынхаа өсөлтийг өөд жолоодож, эдийн засгаа төрөлжүүлж чадвал удахгүй нэг өдөр ард иргэдээ кувейтчүүдийн дайтай амьдруулж чадах биз ээ.

ЗИМБАБВЕ

Зимбабве улс төмрийн хүдэр, алт, ховор металл, зэс, никель, чулуун нүүрс, алмаас эрдэнийн асар их нөөцтэйг та мэдэх үү? Дарангуй удирдагч Роберт Мугабегаас нь өөр санаанд орох юм байхгүй л байгаа байх. Зимбабвечууд 1980 онд колоничлолоос гарч тусгаар тогтноод Роберт Мугабег сонгосон нь олон жилийн дарангуйлалд унах алхам байв. Улс төр, эдийн засгийн асуудлууд нь даамжирч дийлдэхээ болиод, хэлмэгдэлт, аллага энгийн үзэгдэл болсон байлаа. 1992 онд ган болж, өлсгөлөн нүүрлэн, онцгой байдал зарлах хэмжээнд хүрсэн гэдэг. Тэр үед Олон улсын валютын сан сэргээн босголтын хөтөлбөр боловсруулж өгсөн ч нутгийн эрх баригчид өөрсдийн дураар урагшлахыг илүүд үзэв. Газар тариалан эрхлэх боломжтой газар нутгийн дийлэнх хэсгийг цагаан арьстнууд эзэгнэдэгт дургүйцсэн Мугабе тэргүүтэй эрх баригчид газраа тэднээс хүчээр булаан авч, хар арьстнууддаа өгөх арга хэмжээ авсан юм. Ард иргэддээ газрыг нь хүртээх энэ бодлогын уг суурь зөв ч болгоомжтой хэрэгжүүлэхгүй бол аюултай хэмээн олон улсын мэргэжилтнүүд анхааруулж байсан ч хэрэгжүүлсэн байдаг. Улмаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ экспортолдог байсан Зимбабве дотоодоо ч хангаж чадахаа больж импортолдог болов. Эдүгээ зимбабвечуудын хүнс тэжээлийн дийлэнх хэсэг Европын холбоо, АНУ-ын тусламжаар орж ирж буй. 2000-2009 онд Зимбабвегийн эдийн засаг тасралтгүй уруудаж дэлхийн эдийн засгийн “баян ходоод” болжээ. Ажилгүйдэл 94 хувьд хүрсэн гээд л бод.

1998 онд 400 сая доллар байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт 2007 он гэхэд 30 сая доллар болтлоо унав. Төр нь орлогынхоо хамгийг Конготой дайтахад зориулна. Эдгээр жилд Зимбабвегийн эдийн засаг жил бүр 5-10 хувиар хумигдаж байв. Түүнээс хойш багахан сэргэсэн ч одоо 230 орчим улсаас 201 дугаарт эрэмбэлэгдэхүйц л байна. Инфляцын талаар бүр ярихын ч хэрэг байхгүй. Ялангуяа 2008 онд энэ үзүүлэлт гаарч, 14.9 тэрбум хувьд хүрсэн гэх. Зимбабвед тэр үед 24 цагийн дотор бараа, үйлчилгээний үнэ хоёр дахин нэмэгдэж байжээ. Өнөөдөр хэвлэсэн мөнгөн тэмдэгт маргааш гэхэд үнэгүйддэг учраас хэвлэх машин зогсолтгүй ажилладаг байлаа. Шинэ мөнгөн тэмдэгт хэвлэгдэх болгондоо нэг эсвэл нэжгээд "0" нэмсэн байдаг байв. Бас 2009 онд ажилчдын цалинг доллар болон еврогоор тавьж эхлэх шийдвэр гаргасан. Яагаад гээч? Зүгээр л мөнгө үйлдвэрлэх цаас болон хөрөнгө мөнгөний бололцоогүй болчихсон хэрэг. Энд дахиад хэлье. Уг нь Зимбабве төмрийн хүдэр, алт, ховор металл, зэс, никель, чулуун нүүрс, алмаас эрдэнийн асар их нөөцтэй. Ялангуяа платинумын төрлийн металаар дэлхийд гуравдугаарт жагсдаг гэх. ОУВС тус улсын эдийн засагт сэргэлтийн шинж ажиглагдаж байгаа ч зайлшгүй шинэчлэл хийх хэрэгтэй гэж сануулжээ. Өнгөрсөн онд Мугабе унаж, шинэ удирдагч нь 2030 он гэхэд эдийн засгаа эргүүлнэ гэж амласан ч хоёр сарын өмнө инфляц нь 2010 оноос хойших дээд түвшиндээ хүрсэн юм. Улс төрийн тогтворгүй нөхцөл байдлаас үүдэн уул уурхайн томоохон компаниудын дэмжлэгийг авч чадахгүй, улмаар уул уурхайгаа түргэн хугацаанд босгох боломжоо хааж байгаа аж. Эрх баригчид нь газар доорх баялаг нь өрөө дарахад хангалттай гэж үзэж байгаа ч улсынхаа бизнесийн орчныг сайжруулах тал дээр ямар ч ажил хийхгүй байгаа нь харамсалтай хэмээн эдийн засагчид халаглаж байна.

12185   2


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

О.Бүтэд




Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.