Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Апп Тойм   12 сарын 04, 2018

Апп тойм: "M+" - Цахим номын сангаар цангаагаа тайл

Энэ удаагийн онцлох апп-аар Unplug 2018 арга хэмжээн дээр тодруулсан Unread Awards-ийн "Шилдэг апп" төрөлд ялагч болсон М+ (M Plus)-ийг танилцуулъя. Бүх төрлийн ном, сэтгүүлүүдийг дижитал хэлбэрээр унших, аудио ном, подкастуудыг сонсох боломжтой энэ апп таны алтан цагийг хэмнэж, мэдээлэл авах хэв маягийг хялбарчилна.

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Хэрвээ таны уншигч, контент хэрэглэгч бол M+ гарын доорх, нэмэлт сувгийг санал болгож байгаа юм. Тус апп-д орсон ном, сэтгүүл, аудио ном, подкастуудыг та гар утас, таблетаасаа хүссэн үедээ уншиж, сонсох боломжтой.

Харин та ном, сэтгүүл эрхлэгч гаргагч бол борлуулалтын найдвартай, ирээдүйтэй сувагтай болно гэсэн үг. Цахим хэрэглээ улам бүр нэмэгдэж буй өнөө үед өөрийн хийсэн, гаргасан контентийг илүү олон хүнд хурдан, хямд зардлаар хүргэх боломж бүрдэх юм.

Ямар онцлог, давуу талуудтай вэ?

Апп дотор үнэгүй контентууд бий, мөн үнэтэй контент нь ч гэсэн хэвлэмлээсээ хямд гэдгийг дурдах нь зүйтэй. Яагаад гэвэл цахимаар гаргахад хэвлэлийн зардал гарахгүй учраас дор хаяж тэр зардал хасагдсан байгаа.

Апп-ийн хэрэглэхэд амар байдлыг онцлон дурдалтай. Контентууд цахим ном, цахим сэтгүүл, аудио ном, подкаст гэсэн хэсгүүдэд хуваагдах ба нийтлэгчийг дагах буюу бүх хэсгээс хайлт хийх боломжтой.

Жишээлбэл, Хайлт хэсэгт Unread гэж бичээд л манай хаягыг дагах, хоёрхон хоногийн өмнө Unplug 2018 арга хэмжээн дээр танилцуулсан, дэлхийн шилдэг бизнес номуудыг хэдхэн хуудсанд багтаан эмхэтгэсэн товчлолуудыг үнэгүй татан унших боломжтойг энэ далимд дуулгая.

Аудио ном хэсгээс "Монголын нууц товчоо", Ч.Ганжавхлангийн "8 км 400 метр" гэх мэт олон номыг та сонсох боломжтой. Подкастыг нэмсэн нь апп-ийн сүүлийн томоохон өөрчлөлтүүдийн нэг. Өмнө нь “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг аудиогоор байдаг байсан бол одоо олон сонирхолтой подкастыг хүргэдэг болсон байна лээ.

Унших боломжтой үедээ уншаад, боломжгүй үедээ сонсоод явчихна гэхээр тун зүгээр байгаа биз. Мөн контентийн сан нь өдөр ирэх бүр нэмэгдсээр баяжсаар байгаа нь сайшаалтай.

Ямар сул талуудтай вэ?

Апп харьцангуй шинэ учраас контентийн сонголт, тоо хэмжээ зарим хүнд бага санагдаж мэднэ. Гэхдээ хамрах хүрээ нь нэмэгдсээр байгаа тул яваандаа сул тал биш байхаа болих биз ээ.

Unread ХЭдэн оноо өгөх вэ?

Цаасан ном, сэтгүүл сайхан ч цахим нь дутахгүй ажээ. Зарим талаар илүү ч байж мэднэ. Хэвлэмэл болоод аудио контентуудыг нэг дор төвлөрүүлж цагийг хэмнэсэн энэ апп-д бид 9 оноо өгье.

Татаж авах

5625   1


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Б.Намуунцэцэг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.