Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   12 сарын 02, 2018

7 хоногийн тойм: Ангарагаас илгээсэн "Selfie" + Найзууддаа зориулсан "Stories" + Урмаар тэтгэсэн "Unplug"

Ковер зургийн тайлбар: Хятад эрдэмтэн ген засварласан тухай мэдэгдэл дэлхийг цочроов

ОНЦЛОХ: Unplug 2018 амжилттай явагдлаа

Жил бүрийн эцсээр Unread-аас зохион байгуулдаг Unplug арга хэмжээ 3 дахь удаагаа амжилттай явагдлаа. Шинэ үеийн манлайлагчдын хамгийн том цугларалт хэмээх тодотголтой уг арга хэмжээнд энэ жил 800 гаруй залуус нэгдэж, бүтэн өдрийн турш эрч хүч дүүрэн хөтөлбөрийг дүүргэсэн юм.

Энэ жилийн арга хэмжээний онцлог нь байгальд ээлтэй консепц байлаа. Unplug энэ жил цаас, усны хуванцар сав, хоолны хаягдлаас татгалзах санаачилга гарган, бүх тохижилтыг эко байдлаар шийдэж, хөтөлбөр-арга хэмжээний мэдээллийг дижиталаар шийдэж, гараар хийсэн инсталяц, чимэглэлүүдийг ашиглажээ.

Marketplace хэмээх нэртэй болон шинэчлэгдсэн стартапуудын үзэсгэлэнд 20 гаруй стартап оролцож, бүтээгдэхүүн-үйлчилгээгээ танилцуулав. Мөн Cosy Corner, Networking Space зэрэг нэмэлт хэсгүүдийн тусламжтайгаар оролцогчдод илүү тавтай, тухлаг орчинд мэдээлэл хүлээн авах, шинэ холбоос үүсгэх боломжийг олголоо.

Утга учиртай хэлэлцүүлэг хэмээн онцолсон Unplug Conversations энэ удаад "Эрүүл, хүчирхэг сэтгэлзүйтэй хувь хүнийг цогцлоох нь", "Айсуй ирээдүйд бэлтгэх нь", "Дэлхийд үнэлэгдсэн мэргэжилтэн болох нь" гэсэн сэдвүүдийн хүрээнд, салбарын түүчээлэгчид, тоглоомын дүрмийг өөрчлөгчдийн яриаг өрнүүлсэн юм.

Бизнес, технологийн чиглэлээр дагнан ажилладаг 21 сэтгүүлч-экспертүүдийн саналаар Unread Awards-ийн ялагчид тодорсон юм. Шилдэг апп-аар M+, Шилдэг стартапаар "Erxes", Шилдэг үүсгэн байгуулагчаар "Анд Глобал" компанийг үүсгэн байгуулагч Ч.Анар нар тодорчээ. Харин энэ жил шинээр нэмэгдсэн, 2 жилд нэг удаа тодрох учиртай "Шилдэг санаачилга" шагналын ялагчаар "Ид Шидийн Орон" төсөл шалгарлаа.

"Би хэрхэн ажилладаг вэ?" ярилцлага энэ өдрийн оргил хэсэг байлаа.

Дэлхий дахинд

АНУ-ын 41 дэх ерөнхийлөгч Жорж Буш 94 насандаа таалал төгслөө. 1924 онд Массачусетсд төрсөн тэрээр Техаст газрын тосны бизнес эрхэлж, 40 насандаа саятан болсон гэдэг. Улмаар улс төрд хүчин зүтгэх болсон тэрээр 2 удаа сенатад сонгогдож, Хятадад элчингээр, НҮБ-д суурин төлөөлөгчөөр ажиллаж, Тагнуулын байгууллагыг удирдаж байв. 1981-1989 онд Р.Рэйганы засаглалын үед АНУ-ын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан тэрээр 1989-1993 онд АНУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан билээ. Тэрээр М.Горбачевтэй стратегийн зэвсэглэлийг бууруулах гэрээг байгуулж, Персийн булангийн дайнг эхлүүлсэн зэрэг олон улсын тавцанд томоохон нөлөөтэй ажлуудыг тэргүүлснээрээ дурсагдах болно. Түүний том хүү Жорж Буш мөн ерөнхийлөгчөөр сонгогдож, 8 жилийн турш цагаан ордонд засагласан билээ.

The New York Times: Жорж Бушийн сүүлчийн өдрүүд

БНХАУ-ын эрдэмтэн Хе Жианкуи түүхэнд анх удаа генийг нь засварласан хүүхдийг төрүүлэх туршилтыг амжилттай хийснээ зарлалаа. Нуну, Лала нэртэй уг ихрүүдэд генийн инженерчлэлийн CRISPR CAS9 технологи ашиглан, ДОХ-ын вирусын эсрэг тэмцэх чадвартай төрсөн гэдгийг тэр онцолжээ. Гэвч түүний энэхүү үйлдлийг "ёс зүйгүй" хэмээн шинжлэх ухааны хүрээллийнхэн үзэж, Хятадын засгийн газар бүх судалгааны ажлыг нь зогсоох шийдвэр гаргаад байна.

NASA 2012 оноос хойш анх удаа Ангараг гарагт газардлаа. InSight Mars Lander нэртэй судалгааны робот станцын газардах мөчийг сая сая хүн онлайнаар шууд хүлээн авсан юм. 830 сая долларын өртөгтэй уг станц гарагийн гүнийг судлах бөгөөд 2 жилийн ажиллагааг гүйцэтгэнэ. Уг станц эхний өдрөөсөө судалгааны зориулалттай зураг, тайлангаа дэлхий рүү илгээж эхэлжээ.

Microsoft АНУ-ын зэвсэгт хүчинд 480 сая долларын өртөг бүхий Hololens төхөөрөмжөө нийлүүлэх болсноо зарлалаа. Цэргүүд AR нүдний шилний тусламжтайгаар илүү сайн шийдвэр гаргахад хэрэг болохуйц мэдээллийг хоромхон хугацаанд хүлээж авах боломжтой боллоо хэмээн 2 талын хамтарсан мэдэгдэлд дурджээ. Microsoft эхний ээлжинд 100 мянган цэргийг ухаалаг шилээр хангах аж.

Гүржийн ард түмэн анх удаа эмэгтэй улс төрчийг ерөнхийлөгчөөрөө сонголоо. Ингэснээр тус улс Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улсуудаас анх удаа эмэгтэй удирдагчтай орон болж байгаа юм. Өмнө нь гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан С.Зурабишвилли нийт саналын 59 хувийг авснаар ялалт байгуулсан байна. Өдгөө 66 настай Францад төрсөн тэрээр 6 жилийн турш ерөнхийлөгчөөр ажиллана.

Сайн уу, Марс!

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Инстаграм 17 сар туршсаны эцэст "Close Friends" нэмэлтийг танилцууллаа. Ингэснээр хэрэглэгчид зөвхөн дотны найзууд, тогтмол харилцдаг хүмүүсээ багтаасан хувийн жагсаалт үүсгэж, зөвхөн тэдэнд зориулсан "стори" үүсгэх боломжтой болжээ. Хувийн жагсаалтанд багтсан хэрэглэгчид "ногоон тойргоор" ялгагдах аж.

Youtube мөн энэ долоо хоногт өөрийн Stories-ийн хувилбарыг албан ёсоор гаргалаа. Өнгөрсөн жил VidCon-ий үеэр зарласан энэ нэмэлтээ тэд зөвхөн 10 мянгаас дээш дагагчтай бүтээгчдэд зориулж байгаагаараа ялгаатай юм.

Facebook хэрэглэгчид нэгэн зэрэг хамтдаа үзэж, хэлэлцүүлэг өрнүүлэх боломж олгох Watch Party-аа бүгдэд нээлттэй болголоо. Өмнө нь Group-үүдээр дамжин туршигдаж байсан энэ нэмэлтийг томоохон медиа компаниуд болон сошиал нөлөөлөгчид ихээр ашиглаж, Facebook-ийн видео контентийн бодлогод ихээхэн түлхэц болно хэмээн тэд үзэж байгаа юм.

Дэлхийн технологийн хамгийн топ фирмүүдийн нэг Qualcomm хиймэл оюун хөгжүүлдэг стартапуудад зориулсан шинэ сан үүсгэж байгаагаа танилцууллаа. 100 сая долларын үндсэн хөрөнгөтэй уг сан 1-10 сая долларын санхүүжилтийг шинэ технологи хөгжүүлэгчдэд олгох аж. Тэд өмнө нь Хятадын SenseTime, Ford-ийн худалдан авсан жолоочгүй машины технологи хөгжүүлэгч Cruise зэрэг AI стартапуудад хөрөнгө оруулж байсан юм.

Хамгийн сайн, хурдтай интернетийг хэрэглэгчдэд олгох зорилготой Fi үйлчилгээгээ өргөтгөж, Google Fi нэртэй болгож байгаагаа Google зарлалаа. Өмнө нь зөвхөн Android үйлдлийн системд зориулсан байсан уг үйлчилгээ одоо iPhone дээр ч ажиллах болсон нь мөн онцлох мэдээ байлаа.

Instagram-ийн шинэ нэмэлт танд таалагдаж байна уу?

бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Америкийн онлайн худалдааны түүхэн дэх хамгийн өндөр борлуулалттай өдөр өнгөрсөн даваа гарагт тохиосон Cyber Monday-ийн үеэр тохиолоо. Эх сурвалжуудын тооцооллоор Cyber Monday-ийн үеэр 7,9 тэрбум долларын борлуулалт хийгдсэн гэнэ. Үүний 2,2 тэрбум нь гар утаснаас хийгджээ. Amazon энэ өдрийг өөрсдийн түүхэн дэх хамгийн олон бүтээгдэхүүн борлуулсан өдөр боллоо хэмээн мөн зарлажээ.

Microsoft 15 жилийн дараа дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй нээлттэй компани нэрээ эргүүлэн авлаа. Баасан гарагийн арилжааны дараагаар тэдний нэгж хувьцааны үнэлгээ 0,6 хувиар өсч 110,89-д хүрснээр зах зээлийн үнэлгээ нь 851 тэрбумд хүрч, Apple-ийг гүйцжээ.. 1 триллион долларын босгыг давснаасаа хойш үнэлгээ нь тасралтгүй унаж буй Apple-ийн үнэлгээ одоогоор 847 тэрбум доллар болоод байна.

Recode: Microsoft хэрхэн Apple-ийг гүйцэв?

Японы SoftBank 12-р сарын 19-нд хийх гэж буй IPO-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл зарлалаа. Нэгж хувьцааны үнэлгээгээ 13,22 доллараар тогтоож буй тэд нийт 2,4 триллион иен буюу 21,1 тэрбум долларыг босгохоор зэхэж буй. Хятадын Alibaba 25 тэрбум доллар босгосноор IPO-ийн дээд амжилтыг тогтоож байлаа. SoftBank-ийн зах зээлийн үнэлгээ 63 тэрбум доллараар хэмжигдэж байгаа нь тэднийг Японы 8 дахь том компани болгож байгаа юм.

Фэйсбүүкийг хамтран үүсгэн байгуулагч Д.Московицийн стартап Asana 50 сая долларын хөрөнгө оруулалт татаж, 1,5 тэрбум долларын үнэлгээтэй боллоо. Багийн менежментийн хамгийн шилдэг хэрэгслүүдийн нэг Asana сүүлийн жилүүдэд олон улсын өсөлтдөө ихээхэн анхаарч байгаа бөгөөд шинэ борлуулалтын талаас илүү нь Америкаас өөр орноос хийгдэх болжээ.

Microsoft 15 жилийн дараа эргэн топ боллоо

энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Ариана Грандегийн шинэ уран бүтээл "Thank U, Next" Youtube-ийн дээд амжилтыг тогтоолоо. 2000-аад оны шилдэг кинонуудаас сэдэвлэсэн хэлбэртэй уг видео эхний өдрөө 50,3 сая хандалт авсан нь Youtube-ийн түүхэн дэх эхний өдрийн хамгийн их үзэлттэй видео болоход хүргэсэн байна. Өмнөх дээд амжилтыг Солонгосын BTS-ийн Idol нэртэй видео 45,9 сая үзэлтээр эзэмшиж байжээ.

Netflix хамгийн их үзэгчтэй цувралуудынхаа нэг Daredevil-ийг цуцалж байгаагаа зарлалаа. Гурван улирлын турш асар их фентэй болсон уг цуврал ийн гэнэтийн байдлаар цуцлагдсан нь Netflix болон Marvel-ийн хоорондох таарамжгүй байдалтай холбоотой байж магад гэнэ. Учир нь Marvel-ийн толгой компани Disney ирэх онд Netflix-тэй өрсөлдөх зорилготой стриминг платформ Disney+-ийг гаргах гэж байгаа бөгөөд бүх контентуудаа төвлөрүүлэхээр зэхэж байгаа билээ.

"Charlie and Chocolate Factory", "Matilda", "The BFG" зэрэг хүүхдийн классик зохиолуудыг эзэмшигч "The Roald Dahl Story Company" Netflix-тэй урт хугацааны гэрээ байгуулснаа зарлалаа. Үүний хүрээнд Netflix 2019 оноос шинэ анимэйшн бүтээлүүд дээр ажиллах гэнэ.

Алдарт зохиолч Маргарет Атвүүд өөрийн хамгийн алдартай бүтээл "The Handmaid's Tale"-ийн үргэлжлэлийг бичиж байгаагаа баталлаа. The Testament нэртэй уг зохиол үндсэн үйл явдлаас хойш 15 жилийн дараа өрнөх гэнэ. 1985 онд бичигдсэн The Handmaid's Tale-ээс сэдэвлэсэн ТВ цувралыг Hulu бүтээж, улмаар богино хугацаанд амжилтанд хүрэн, Эмми, Алтан бөмбөрцгөөс шилдэг бүтээлийн шагналыг хүртсэн билээ.

Загварын ертөнцийн хамгийн алдартай шоунуудын нэг Victoria's Secret Show албан ёсоор цацагдлаа. Бараг сарын өмнө явагдсан ч олон нийтэд өнгөрөгч ням гарагт хүрсэн уг шоу Нью Йорк хотноо явагдсан юм. Энэ жилийн гол өмсгөл болох 1 сая долларын үнэтэй The The Dream Angels Fantasy Bra-г 30 настай Швед модель Элса Хоск амилуулжээ. Мөн хамгийн алдартай моделиудын нэг А.Лима 20 жилийн дараа Victoria's Secret-ийн тайзыг орхиж байгаагаа мэдэгдсэн нь энэ жилийн онцлог байв.

алдалгүй унших арван мэдээ

SCMP: Ж.Ма коммунист намын гишүүн. Тэгээд яана гэж?
Techcrunch: AWS дэлхийг удирдахыг хүсэж байна
Variety: Ralph Breaks The Internet бокс оффисийг 2 дахь долоо хоногтоо тэргүүлэв
Konbini: Spongebob-ийг бүтээгч таалал төгсөв
BBC: UEFA клубүүдэд зориулж 3 дахь тэмцээнээ үүсгэнэ
Time: Б.Сандерс 2020 онд ахин өрсөлдөх гэж байна уу?
Recode: DJ Khaleed, Ф.Мэйвэдрийг криптовалютаас болж торгоно
The Verge: Office 365-ийн лого, айконууд өөрчлөгдлөө
Vox: Яагаад Конго дахь эболагийн тархалтыг дарж чадахгүй байна вэ?
CNN: Аляскад 3 өдөрт 230 удаа газар хөдөлжээ

5807   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.