Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   11 сарын 28, 2018

Би хэрхэн ажилладаг вэ? - Toastmasters International-ийн ерөнхийлөгч асан Жим Кококи

Ярилцлагын ээлжит дугаарт бид дэлхийн олон улсад буй клубүүдээрээ дамжуулан гишүүдээ илтгэх, манлайлах чадварт сургадаг Toastmasters International байгууллагын ерөнхийлөгч асан Жим Кококитой ярилцсан юм. Энэ жил Toastmasters-ийн тэмцээнийг шүүхээр Монголд ирсэн тэрээр оюуны бэрхшээлтэй иргэдийг дэмжин ажилладаг L’Arche Saint John байгууллагын удирдах зөвлөлийн даргаар ажилладаг.

Байршил: Канад, Нью Брөнсвик
Эрхэлдэг ажил, албан тушаал: Toastmasters International-ийн 2015-2016 оны ерөнхийлөгч, L’Arche Saint John байгууллагын удирдах зөвлөлийн дарга
Таны ажлын арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Нүүдэлчин
Хэрэглэдэг гар утас: Blackberry KeyOne
Хэрэглэдэг компьютер: Lenovo Yoga
Сошиал хуудсууд: @jimkokocki (Twitter & Instagram)

ТАНЫ АЖЛАА ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ? АЖЛЫН ДУНДАЖ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Ихэнх өдөр би өглөө 5-6 цагийн хооронд босож хөнгөн өглөөний цай уугаад өдрийн ажлаа төлөвлөж, хийх ажлын жагсаалт гаргаж түүнийгээ яс мөрддөг. Утасны дуудлага, имэйлүүд үд дөхөх үед бөөгнөрч эхэлдэг болохоор өглөөгүүр би төвлөрч үр дүнтэй ажиллаж чаддаг.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМУУДААСАА НЭРЛЭНЭ ҮҮ?

Би янз бүрийн олон апп хэрэглэдэггүй. Сошиал медиаг бол нэлээн сайн ашиглана. Бүтээлч байж шинэ санаа гаргахын тулд би цаас, цагаан самбар, өнгө өнгийн үзэг бал ашиглах дуртай.

АЖЛЫН ОРЧИН, ӨРӨӨ ТАНХИМАА ДҮРСЭЛБЭЛ?

Оффистоо би iKEA-ийн энгийн ширээ, суурин компьютерийн дэлгэц болон Thinkpad лаптоп ашигладаг. Бизнесийн уулзалтуудаа кофе шоп юм уу Сэйнт Жон дахь ConnexionWorks дундын оффист хийчихдэг.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Миний хамгийн сайн бол зүгээр л эхлэх. Хэрвээ би аль нэг ажил үүргээс хойш суугаад байвал өөртөө 15 минут л зарцуулчих гэж хэлдэг юм. Тэгээд хийгээд эхлэхээр хэмнэлд ороод голдуу түүнээс ч их цаг зарцуулдаг. Татаж оролцуулах ёстой хүмүүс рүү залгаж, ямар нэг ахиц гаргаад ирэхээр түүндээ урамшаад ирдэг. Өөрийгөө ингэж "хуурах" нь үнэхээр үр дүнтэй санагддаг шүү.

ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Индекс карт болон Moleskine брэндийн халаасны дэвтэр дээр. Авч явахад амар, гарын доор, тэмдэглэл үйлдэхэд хялбар. Жагсаалт дээрх зүйлсийг дарахад сайхан мэдрэмж төрдөг. Би бас өдрийн тэмдэглэл хөтөлж, бодол эргэцүүлэл, ажиглалтуудаа буулгадаг. Энэ нь ялангуяа яриа илтгэлийн санаа олох, амжилт, бэрхшээлийн жишээнүүдээ олж гаргахад тустай байдаг.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Зүг чиглэлээ олоход нь багуудад туслахдаа би сайн. Үүний тулд, их цаг зарцуулан харилцаа холбоо ба асуудлууд, сорилтууд, стратегиудаа ярилцах, янз бүрийн сонголтууд гаргаж ирэх, санаа зовнил болон шинэ санаануудаа илэрхийлж гаргах хэрэгцээг нь тодорхойлдог.

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ ТАНЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Зарим ажлыг бид тодорхой хугацаанд багтаан хийх ёстой байдаг. Үүний тулд сахилга баттай байх ёстой байдаг. Харин зарим ажил дээр өөрөө биечлэн хийх шаардлагагүй байдаг тул үйл ажиллагаа маань зорилгод нийцэж байгаа эсэхэд хянахад болдог.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Одоо би юм бичихийг хүсэж байгаа. Харилцаа холбоо, манлайллын сэдвээр би нэлээн их ярьсан, илтгэсэн. Одоо харин тэдгээр санаануудаа цаасан дээр буулгах цаг нь болчихоод байгаа. Гэхдээ сахилга баттай байж, бичих байнгын дадалтай болно гэдэг амаргүй. Бичиж буулгах сонирхолтой түүхүүдийг би олчихоод байгаа.

ТА ХЭР ИХ УНШДАГ ВЭ? ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА?

Энэ жил Монголд аялсныхаа дараа би танай улсын түүх, хүмүүсийн талаарх богино нийтлэлүүдийг уншиж байна. Гуравхан сая хүнтэй энэ улс дэлхийн талыг эзэлж явсан гэхээр гайхалтай санагддаг юм. Би ер нь төрөл төрлийн л ном уншдаг. Курт Воннегут, Пако Андерхилл (Why We Buy)-ийн номууд, Др.Хенри Минтзбергийн лидер ба менежерийн талаарх ном, мөн Rebalancing Society гэх номуудыг одоогоор уншиж байна.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Би хүүхэд байхаасаа гитар тоглосон. Сонгодог рок, сонгодог, хуучны жазз (Фатс Уоллер, Коунт Баси гэх мэт) гээд төрөл бүрийн л хөгжимд дуртай. Жон Хиатт, Лусинда Уиллиамс, Элвис Костелло, Рори Галлагер, Иан Хантер нарыг дурдаж болно. Сонгодог хөгжим гэвэл Барокю Селло, Бокчерини, Респигги нарыг сонсох дуртай. Олон жилийн өмнө Mott the Hoople гэх хамтлагт байсан Иан Хантер нэгэнтээ 14 настай байхдаа дурласан хөгжим чинь үүрд чамтай үлддэг гэж хэлсэн байдаг. Би энэ үгийг үнэн гэж боддог юм.

ТА НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ДОТОГШОО ХҮН ҮҮ? 

Би маш дотогшоо хүн. Гэхдээ нийтэч дотогшоо (инээв).

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Өглөө эрт сэрдэг. Өглөө сайн ажиллаад, үдээс хойш энерги буурдаг. Ер нь хүмүүсийн өөрийн биеийн цагаа сайн мэдэрч, түүнийгээ мөрдөх хэрэгтэй гэж боддог.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Дасгал хөдөлгөөн надад их чухал. Би голдуу дугуй унах юм уу иог хийдэг. Мөн кофе шопд суух, тэгээд мэдээж Toastmasters-ийн уулзалтандаа очих дуртай.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Би хүмүүсээс, ялангуяа өөрийгөө хөгжүүлэхийн төлөө уйгагүй яваа хүмүүсээс их урам зориг авдаг. Ярих, манлайлах чадвартай хүмүүс их ирдэг болохоор Toastmasters бол энэ тал дээр урам зориг авдаг гол сурвалж. Манайд ирдэг хүмүүс бүгд өөрийгөө сайжруулах хүсэлтэй, цагийг хамт өнгөрөөхөд сайхан хүмүүс.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Олны өмнө илтгэх зөвлөгөө. Санаагаа хуваалцах, төслийг хөдөлгөх, байгууллагыг урагшуулахад олны өмнө ярих чадвар маш чухал байдаг. Toastmasters-ийн уулзалт бүр дээр бид ямар нэг сэдэв сонгон хоёр минутын Table Topics хэмээх яриа хийдэг юм. Миний авсан хамгийн сайн зөвлөгөө гэвэл 10 минутын илтгэл гэдэг 4-5 минутын хоёр Table Topics юм. Энэ нь санаагаа, презентациа цэгцлэхэд, бусадтай ажиллахад маш дөхөм байдаг.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Хамт ажилладаг хүмүүсийнхээ өөртөө итгэх итгэлийг дэмжих, хүмүүсийн зан чанарт биш тодорхой асуудлуудад төвлөрөх зэрэг нь чухал чадвар гэж боддог. Чадвараа сайжруулахад дадлага хэрэгтэй. Тэгэхээр өөрийгөө дадлага сайн хийх нөхцөл байдалд оруулах хэрэгтэй. Toastmasters бол энэ тал дээр маш сайн сонголт. Залууст уриалахад Toastmasters клубт элсэн харилцаа, манлайллын чадвараа сайжруулаарай.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Дэлхийн олон газар оюуны бэрхшээлтэй хүмүүстэй ажиллаж байсан L’Arche Saint John-ийн гүйцэтгэх захирал Zoel Breau-г санал болгоё. Би түүнээс ихийг сурсан.

6314   0


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.