Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Блог   11 сарын 20, 2018

ТӨСЛИЙН УРАЛДААН: Шинэ Санаа, Шилдэг Инноваци

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Үйлдвэрлэл, Инновацийн газар хамтран “Шинэ санаа-Шилдэг инноваци” төслийн уралдааныг зохион байгуулж байна. Уралдаан жижиг, дунд үйлдвэрийн салбар болон нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх шинэ шийдэл бүхий техник технологийг нэвтрүүлэх, шинэ санаа, санаачилгыг дэмжих үндсэн зорилготой.

Unread энэхүү уралдааны албан ёсны хамтрагчаар ажиллаж буй бөгөөд төслүүдийг хөгжүүлэх, дараагийн шатанд гаргах, олон нийтэд хүргэх чиглэлд анхааран ажиллахаар төлөвлөж байгаа юм. Гурав дахь жилдээ зохиогдож буй энэхүү уралдааны өмнөх ялагчид болон оролцогчид нь холбогдох байгууллагуудын дэмжлэгтэйгээр өөрсдийн санааг бодит болгож, хэрэглээнд нэвтрүүлж байсан сайн туршлагуудтай.

Төслийн уралдаантай холбоотой хамгийн түгээмэл асуугдаж буй асуулт, хариултуудыг хүргэж байна. Танд нийгмийн өмнө үүссэн асуудлыг шийдэх шийдэл, гарц байгаа бол, илүү үр өгөөж, илүү ахиц авчрах инновацийн төслүүдийн санаа байгаа бол энэ уралдаанд заавал хамрагдаарай.

Хэн оролцож болох вэ?

Энэ уралдаан шинэ санаа, шинэ төсөлтэй хэн бүхэнд нээлттэй. Инновацийн төсөл хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүд, гарааны бизнесүүд болон их, дээд сургуулийн эрдэмтэн судлаачид, эрдэм шинжилгээний байгууллагууд, хувь хүмүүс энэ уралдаанд идэвхтэй оролцдог.

ямар төслүүдийг хайж байгаа вэ?

Уралдаан үндсэн 2 чиглэлийн хүрээнд төслүүдийг эрэлхийлж буй. Эхнийх нь жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт, нөгөөх нь нийслэлийн өмнө тулгамдаж буй асуудлуудын хүрээнд шинэ технологи, шинэ шийдэл, санаачлага хэрэгжүүлэх боломжтой байх. Хэрвээ танд дээрх чиглэлүүдийн хүрээнд ямарваа нэгэн ахиц гаргаж чадах, үр өгөөж нэмэгдүүлэх төсөл байвал энэ уралдаанд оролцоорой.

Ямар шаардлага тавигдаж байгаа вэ?

Эхний шатанд оролцогчид өөрийн төслийг 15 хуудсанд багтаан ирүүлэх ёстой. Уг материалд төсөл хэрэгжүүлэгчийн танилцуулга, төслийн ерөнхий танилцуулга, шийдвэрлэх арга зам, үр дүн болон төслийн санхүүгийн төлөвлөгөөг хавсаргах ёстой.

санаа, төслүүдийг хэрхэн хөгжүүлэх вэ?

Уралдааны эхний шатанд оролцогчид өөрсдийн төслийн хураангуй, зарим шаардлагатай үзүүлэлтүүд, мэдээллийг хавсаргах ёстой. Үүнээс мэргэжлийн экспертүүдийн баг шилдэг төслийг сонгон шалгаруулж, 2-р шатанд оролцох эрх олгоно. 2-р шатанд шалгарсан төслүүдийг бид "HUB Innovation Center"-т хурдасгуур хөтөлбөрт хамруулан бизнесийн менежмент, санхүү-хөрөнгө оруулалт, маркетинг-идэвхжүүлэлт, бүтээгдэхүүн хөгжүүлэлт болон төсөл танилцуулга гэсэн үндсэн сэдвүүдийн хүрээнд сургалтууд явуулна.

ямар шагнал, урамшуулалтай вэ?

Уралдаан хоёр ялагчид грант олгоно. Жижиг дунд үйлдвэрийн шилдэг төсөлд 15 сая төгрөгийн грант, HUB Innovation Center-ийн дундын оффист байрлах 3 сарын эрх олгогдоно. Харин нийслэл хотод тулгамдаж буй асуудлуудыг шийдэхэд чиглэсэн шилдэг төсөлд 10 сая төгрөгийн грант, HUB Innovation Center-ийн дундын оффист байрлах 3 сарын эрх дагалдах юм.

хэрхэн оролцох вэ?

Оролцогчид 11-р сарын 16-27-ны өдрүүдэд эхний шатны материалаа ирүүлэх ёстой. Уралдаанд оролцох төслийн танилцуулгыг эх хувилбараар Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын байранд /Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо Лхагвасүрэнгийн гудамж, хуучин орчлон дунд сургуулийн урд байрлах Нийслэлийн засаг захиргааны V байр/, цахим хувилбарыг innovationub@gmail.com хаягаар 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна. Цаг бага үлдсэн тул та яараарай.

Танд шинэ санаа байна уу? Тэгвэл материалаа явуулаарай.

6402   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.