Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох Бизнес   11 сарын 26, 2018

Онцлох брэнд: Халгай - Үс сайхан бол зүс сайхан

Хамгийн үржил шимтэй хөрсөнд, хавар хамгийн түрүүнд ургадаг нялх халгайг үс арчилгааны хамгийн сайн бүтээгдэхүүний нэг болгож, 30 орчим жил улам төгөлдөржүүлсээр яваа Монкрэм компанийн "Халгай" брэндийг энэ удаа онцолж байна. Тус компанийн Халгай шампуниас гадна ангижруулагч, үсний тос, маск, биеийн шингэн саван, хүүхдийн үс бие арчилгааний "Маалай", "Моолой" бүтээгдэхүүнийг монгол хэрэглэгчид сайн мэднэ. Бид тэдний үс арчилгааны салоноор зочлон, нялх халгайгаар хандалсан цай уунгаа гүйцэтгэх захирал Э.Урангоотой ярилцсан юм.

Бүтээгдэхүүний нэр: Халгай, Маалай, Моолой
Үйл ажиллагааны чиглэл: Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээ
Үүсгэн байгуулагдсан он: 1989 он
Үүсгэн байгуулагч: Э.Уранчимэг
Байршил:
Халгай 1: ХУД, АПУ-ын замын эсрэг талд, 75-р сургуулийн зүүн хойно
Халгай 2: Peace Mall-ын ард 24-р сургуулийн чанх урд байрлалтай
Сошиал хуудас: Үс арчилгааны Халгай салон

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС, ЯАЖ ОЛСОН БЭ? 

Манай эмээ өвөөгийн үед байгалийн халгайгаар үсээ угааж ургуулдаг байсан гэнэ лээ. Халгай нь хавар хамгийн түрүүнд шим тэжээлтэй хөрсөнд ургадаг болохоор хүнд хэрэгцээтэй эрдэс бодис, шимт тэжээлийг бүрэн өгч чаддаг онцлогтой ургамал юм. Монкрэм компанийн үүсгэн байгуулагч, химийн ухааны доктор Э.Уранчимэг ерөнхий захирал Европт технологичоор суралцаж байхдаа дэлхийн алдартай үйлдвэрээр зочлон туршлага судалснаасаа хойш монгол брэндийг бий болгохоор зорьсон байдаг. Түүнээс хойш манай компани бүтээгдэхүүнийхээ технологи дээр 30 орчим жил ажиллаж, сайжруулсаар ирсэн.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, САНХҮҮЖИЛТИЙН АСУУДЛАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ? 

Тухайн үед хөрөнгө оруулалт, технологи шинэчлэлийн “ХОТШ” банк гэж байсан. Захирал маань тус банкин дээр төслөө барьж очоод, ямар ч хүүгүй, барьцаагүй, тухайн үеийн ханшаар 800 мянган төгрөг зээлэн авч, түүгээрээ Чех улсаас 2 үйлдвэрийн машин авч анхны бүтээгдэхүүнээ үйлдвэрлэсэн түүхтэй. Улмаар тэр өдрөөс яг зургаан сарын дараа зээлээ бүгдийг нь төлөн, компанийн үйл ажиллагаа жигдэрсэн гэдэг.

танай бүтээгдэхүүний онцлог, давуу талууд?

Халгай бүтээгдэхүүний найрлагад орсон бүх түүхий эд химийн найрлагагүй, бүгд байгалийн гаралтай. Ихэнх үс арчилгааны бүтээгдэхүүнд ордог Силикон, Paraben гэх химийн гаралтай хадгалагч бодис болон өнгө, үнэр оруулагч гэх мэт химийн бодис манай бүтээгдэхүүнд ороогүй гэдгээрээ давуу талтай. Хүний хамгийн эмзэг арьс болох хуйханд энэ төрлийн химийн бодисыг хүргэснээр үс унах, халзрах голлох шалтгаан болдгийг хүмүүс төдийлөн анзаардаггүй. Шампунь бол зөвхөн үсийг өнгөлөг байлгахаас гадна түүнийг тэтгэж байдаг “хөрс” буюу хуйхыг ч арчилж байх ёстой байдаг. Яг ийм л учраас Халгай бүтээгдэхүүн үндэс сууриар нь эмчилж, органик аргаар үсийг ургуулдаг.

Аливаа бүтээгдэхүүний технологи орц найрлага тун чухал. Халгай брэндийн хувьд эрдэс бодис, шим тэжээл хамгийн өндөртэй, витаминлаг нялх халгайг байгалиас нь түүж, үс арчилгааны бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж байна. Бүх технологи, орц найрлага нь монгол хүний ур ухаанаар бий болсон. Бүтээгдэхүүнд маань харшлын сорил хийгдсэн болохоор харшилтай хүмүүс ч гэсэн хэрэглэх боломжтой.

ХАЛГАЙГААР ХИЙСЭН БҮТЭЭГДЭХҮҮН ЭРҮҮЛ МЭНДЭД ЭЕРЭГ НӨЛӨӨТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН БАТЛах ВЭ?

Урьд өмнө нь олон улсын сэтгүүл болон өгүүлэлүүдэд нийтлэгдсэн судалгааны ажлуудад халгайн найрлага бүхий бүтээгдэхүүнийг үсний ургалтад хэрхэн нөлөөлж буйг судалсан судалгааны ажил байхгүй байсан юм билээ. Харин сүүлийн хоёр жил АШУҮИС-ийн Арьс судлалын тэнхим, АУ-ы доктор, дэд профессор Я.Энхтөр, МУИС-ийн Химийн тэнхим, доктор О.Болормаа нар "Халгайн найрлага бүхий үсний бүтээгдэхүүнийг харьцангуй эрүүл монгол хүнд хэрэглэх нь” сэдэвт судалгааг удирдан хийсэн.

Судалгааны үр дүн маш сайн гарч, халгайн найрлага бүхий бүтээгдэхүүнийг 3 сарын турш хэрэглэсэн оролцогчдын хуйхан доорх үсний уутанцар бүрэн цэвэрлэгдэж, бодисын солилцоо идэвхжсэн, үсний ургалт 2-3 дахин нэмэгдсэн нь тогтоогдоод байгаа. Энэ судалгааны дүнг ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдсан олон улсын арьсны эмч, докторуудын чуулганаар хүлээн зөвшөөрч, Япон тэргүүтэй зарим улсын арьс судлалын нийгэмлэгүүд нарийн сонирхож байгаа юм билээ.

Танай ойрын болон хэтийн зорилго?

Ойрын хугацаанд үс арчилгааны “Халгай” салонаа илүү олон салбартай болгохыг зорьж байна. Одоо үндсэн хоёр салбартайгаар үсний арчилгаа, эмчилгээг хийж байна. Мөн бид франчайз гэрээгээр үс арчилгааны халгай эмчилгээг хийх боломжийг олгохоор бусад салонтой хамтран ажиллаж байгаа юм. Мөн манай хоёр салбар дээр үнэгүй оношилгоо хийлгэж, зөвлөгөө авах боломжтой.

Хэтийн зорилго гэвэл, бүтээгдэхүүний нэр төрлөө нэмж, Олон улсад бүтээгдэхүүнээ илүү экспортлох төлөвлөгөө бий.

бизнесийн үнэт зүйлс, Баримталдаг зарчим тань юу вэ?

Манай компанийн эрхэмлэдэг үнэт зүйл бол бүтээгдэхүүний чанар болоод технологи юм. Чанараа алдахгүй байхад, технологио улам сайжруулахад бид ихээхэн анхаарал хандуулдаг.

ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ? 

Сүүлийн жилүүдэд манай компани нано технологиор хийгдсэн үс, бие арчилгааны сет, олон төрлийн маск, үсний тос гэх мэт үс арчилгааны цогц бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд гаргаж байна. Энэ онд шинээр Маалай, Моолой гэх хүүхдийн үс, бие арчилгааны органик бүтээгдэхүүн гаргасан нь ээж аавуудын талархлыг хүлээгээд байна. Бүтээгдэхүүн хүүхдийн нүдийг хорсгохгүй, санамсаргүй залгисан ч ямар нэгэн сөрөг нөлөөгүй.

Мөн сүүлийн үед үйлдвэрийнхээ дэргэд цех байгуулж, бүтээгдэхүүнийхээ савыг Монголдоо үйлдвэрлэн техник технологио шинэчилсээр байна. Гадаадын боломжит зах зээлүүдийг судлах ажил мөн хийгдэж байгаа.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛ?

Органик бүтээгдэхүүний хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж, мэдээлэл сайжирч байгаа нь сайшаалтай. Өнгөрсөн хугацаанд бид олон үнэнч хэрэглэгчтэй болж чадсан байна. Тэдгээр хэрэглэгчид маань шинэ бүтээгдэхүүнүүд гарахад хэрэглэж үзэн, байнга санал сэтгэгдлээ хэлж, манай брэндийг цааш таниулахад элч төлөөлөгч болж байдагт баярладаг.

Мэдээж бодит бүтээгдэхүүний үйлдвэрлэл учраас хүндрэл бэрхшээл цөөнгүй. Мөн Гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахад татвар өндөр, дотооддоо бол хүний нөөцийн хомсдол гэх мэтийг дурдаж болно. Гэхдээ эдгээр бэрхшээлийг боломж болгон хувиргахын төлөө хичээж ажилладаг.

ТАНАЙ ХЭРЭГЛЭГЧДЭД ХАМГИЙН ИХ ТААШААГДСАН БҮТЭЭГДЭХҮҮН?

Үс ургуулах нано шампунь, ангижруулагч, чацаргана болон халгайтай үсний маскууд маань сүүлийн үед борлуулалт өндөртэй байгаа. Биеийн шингэн саван шинээр гаргасан нь харшилтай хүмүүст тун сайн зохиж байна. Мөн Маалай, Моолой хүүхдийн үс, бие арчилгааны сэт бүтээгдэхүүн ээжүүдийн баталгаат сонголт болсон.

6533   1


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Б.Намуунцэцэг

Гэрэл зургийг:

Г.Ананд




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.