Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   12 сарын 06, 2018

Улирлыг сөрье: Өвөл аялахад тохиромжтой 10 газар

Улирал сөрж аялбал ямар санагдах бол? Идэр есийн хүйтнээр халуун оронд далайн эрэг дээр бие наранд шарж хэвтэх нь хүн бүхэнд таалагдах нь лавтай. Хэдийгээр зуны нарлаг, дулаахан өдрүүд дотоодын аялалд тохиромжтой боловч гадаадад улирал сөрж аялах хэд хэдэн шалтгаан бийг энд дурдъя.

Ийн аялснаар та хүйтэн ба утаанаас бага хугацаагаар ч болов холдоно. Зуны турш хичээнгүйлэн ажиллачихаад ид ес эхлэх үеэр амралтаа аваад хүссэн газар уруугаа нисэж болно. Сургуульд явдаг хүүхэдтэй бол ид хүйтэнд тохиодог амралтыг нь далимдуулан дурсамжтай, дулаахан аяллыг яагаад хийж болохгүй гэж. Ташрамд сонирхуулахад Юнителийн хэрэглэгчид дансаа “ХАЛУУХАН” шинэ жилийн картаар цэнэглээд л Дубай, Тайланд, Мальдив, Сингапур уруу хосоороо аялах боломжтой юм билээ шүү. Дэлгэрэнгүйг эндээс уншаарай.

Харин аялах дараагийн шалтгаан бол ихэнх тохиолдолд өвлийн нислэгийн төлбөр илүү хямд байдаг. Хэрвээ та аяллын төлөвлөгөөгөө хэдийн гаргасан бол дор хаяж 6 долоо хоногийн өмнө онгоцны тийзээ захиалахыг зөвлөе. Учир нь судлаачдын тогтоосноор аялах хугацаанаасаа 6 долоо хоногийн өмнөх мягмар гарагийн 15:00 цагт онгоцны тийз хамгийн хямд байдаг аж. Хэрвээ та аяллын төлөвлөгөө хараахан гаргаж амжаагүй бол бид тэсгим хүйтнийг сөрж аялах сэтгэл татам газруудыг санал болгож байна.

 Пукет арал 

Аялагчдын дунд байгалийн үзэсгэлэн, тав тух, тай массаж зэргээрээ алдартай арлуудын нэг бол Пукет юм. Тайландын хамгийн том арлуудын нэг бөгөөд газар нутгийн хэмжээгээрээ Сингапуртай тэнцэнэ.

Одоо Пукетэд сэрүүний улирал эхэлж байгаа ч жилийн дундаж хэм нь +27 градус тул хүйтнийг мартах таатай сонголт байж болох юм. Энэ аралд олон алдартай киноны зураг авалт хийгдсэн бөгөөд үзэсгэлэнтэй газар олонтойг дуулгах хэрэгтэй.

42 хадан хясаанаас бүрдэх Панг На байгалийн үзэсгэлэнт цогцолборт газар тэнгис дунд байрлах бөгөөд завиар аялах нь тун чиг сонирхолтой байх болно. Үүнээс гадна олон жижиг сонирхолтой арлууд, төрөл бүрийн шоу, түүхийн дурсгалт газруудаар аялж сэтгэлд үлдэх сайхан дурсамжуудаа нэг нэгээр нь бүтээгээрэй.

Мальдив

Мальдив нь 1200 гаруй арлаас тогтдог. Үүнээс 26 нь шүрэн арал байдгаараа онцлогтой. Гэвч эдгээрийн ердөө 200 арал дээр л хүмүүс амьдардаг байна. Нэг арал дээр нэг л зочид буудал байрладаг тул хаана очихоосоо хамааран арал хооронд Дони гэх модон завь юм уу моторт завиар зорчих боломжтой. Гэхдээ аялагчид зөвшөөрөгдсөн бүсээс бусад арал уруу нэвтрэх хориотойг санах хэрэгтэй.

Мальдивт 11 сар хүртэл борооны улирал байдаг бөгөөд одоо нарлаг өдрүүд үргэлжилж байгаа юм. Аяллын турш +30 хэмийн халуун байна гэдэгт та эргэлзэх хэрэггүй. Халуунд далайд сэлж, арал хооронд завиар аялах нь таатай биш гэж үү.

Бали арал 

Жилийн аль ч улиралд дэлхийн өнцөг булан бүрээс хамгийн олон сөрфингч цуглардаг арал бол Бали юм. Индонез улсад харьяалагддаг Бали арал Нийслэл Жакарта хотын зэргэлдээ оршдог.

Балид Хинди шашны ариун уул хэмээн нэрлэгддэг Агунг (3142 м), Батур зэрэг олон галт уулууд бий. Батур уулын орчимд халуун рашаан элбэг тул халуун рашаанд суун амарч, алжаалаа тайлах боломжтой. Үүнээс гадна алт мөнгөний дархнаараа алдартай Цэлок тосгон, модон сийлбэрээр алдартай тосгодоор аялах боломжтой.

Бали нь урлагийн арал гэдэг нэрээрээ дэлхийд алдаршсан бөгөөд далайн эргийн наран шарлагын газрууд таныг эрхгүй татах биз. Далимд дурдахад, Бали арлын төсвийн ихэнх хувийг аялал жуулчлалын орлого бүрдүүлдэг гэнэ.

Лос анжелес 

Кинонд дурлагчдын дурлах хот гэхэд хилсдэхгүй болов уу. Холливүүд уул байх энэ газар олон гайхалтай кино бүтээл бий болсон билээ. Холливүүд уулнаас бид Griffith одон орны төвийг үзэж, уулан дээрээс Лос Анжелесийг тольдох боломжтой. Мөн Grusmans Хятад театрын өмнөх талбай дээрх Холливүүдийн оддын нэрсийг мөнхжүүлсэн гудмаар алхаж, хамгийн анхны кино студи Юниверсалаар аялж болох юм.

Дэлхийн долоон гайхамшгийн нэг Grand Canyon буюу 446 км урт, 8-29 км өргөн хавцлаар аялж бас болно. Хавцал хоорондын зай 16 км боловч нэг захаас нөгөө зах хүртэл 5 цаг гаруй машинаар явдаг. Монголоос явахад хол хэдий ч боломж нь таарвал очих л ёстой газар.

Хонг конг

Дээр дурдсан улсууд шиг +30 хүрэхгүй ч гэсэн намрын налгар өдрүүдийн уур амьсгалтай Хонг Конгоор аялсан хүн манайд олон бий.

Хамгийн сайхан дурсамжууд гэр бүл, найз нөхөдтэйгөө өнгөрөөсөн хором мөч бүрд бий болсоор байдаг. Хонг Конг-д дэлгүүрүүдээр хэсэх, төрөл бүрийн хоол идэх нь заавал хийх ёстой зүйл. Диснейлэндэд тоглож, Хонг Конгийн хамгийн өндөр уул Victoria Peak-ээс хотыг бүхэлд нь тольдож, Хонг Конг арал ба Ковлуны хойгийн хооронд алдарт Star Ferry завиар зорчихыг тийш явах хүмүүст зөвлөе.

Дубай 

Дэлхийн 8 дахь гайхамшиг гэгдэх 6 км-ийн диаметртэй, 17 мөчиртэй дал модны хэлбэр бүхий “The Palm Jumeirah” хиймэл арал энэ газрыг зорих нэг шалтгаан мөн. Тус хот худалдаа, эртний түүхт газрууд, орчин үеийн шинэлэг шилэн барилгуудыг нэг дор хослуулан жуулчдыг татахыг зорилгоо болгодог. Энэ хотод дэлхийд томоороо долоод ордог Dubai Mall байрладаг.

Дубайд заавал очих ёстой газрууд олон бий. Түүхэн дурсгалт сүм хийдүүд, дэлхийн хамгийн өндөр цамхаг Бурдж-Хали цамхаг мөн энд бий. Тэнгэрт тулам өндөр барилгууд, алдарт хөгжимт усан оргилуур, “Corniche Road” хэмээх далайн эрэг гээд энэ аялал таныг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байж болно.

коста рика

Далайн эргийн зөөлөн элс, дулаахан цаг агаар, зэрлэг байгалиараа алдартай Коста Рика Төв Америкийн нэгэн хэсэг билээ. Номхон далай, Карибын тэнгис, Панамын сувгийн голд орших энэхүү улс газар нутгийн хэмжээгээрээ жижигхэн боловч, нийт газар нутгийн 25 хувийг хамгаалалтад авсан байдаг.

Дунджаар 25-29 хэмийн дулаантай байдаг тул далайн эргийн зөөлөн элсэнд хайртай хүнтэйгээ зугаалах таатай газруудын нэг юм. Нийслэл Сон-Жосид зугаалж, Изару галт уулын оргилоос ундарч гарсан нуурыг үзэхийг аялагчдад зөвлөдөг.

СИДНЕЙ

Австралийн хамгийн алдартай хотуудын нэг Сидней аялагчдын очиж үзэх ёстой газрын жагсаалтад дээгүүр бичигддэг. Сиднейг илэрхийлэх газруудын нэг Opera House-д зочилж, Harbour гүүрээр алхангаа аялахад Сидней хот уур амьсгалаараа илбэн таална гэдэгт итгэлтэй байна.

Сиднейд зугаалах газрын нэг бол хэвлээр явагч амьтдын парк “Reptile Park” юм. Галуу, илбэнх, Тасманийн девил, вомбат, имж, уутат баавгай, матар, мэлхий гэх мэт олон амьтад энд бий. Мөн далайн эргийн зөөлөн элс, хөх цэнхэр далайг мартаж болохгүй. Бонди эргийн дэргэдэх асар том бассейн жуулчдын дунд алдартай.

Вьетнам

Илүү хямдаар аялах боломжтой энэхүү улсад бид ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгүүлсэн байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах боломжтой. Нийт газар нутгийн 40 хувийг өндөрлөг уулс, 42 хувийг халуун орны ой шугуй эзэлдэг гэхээр төсөөлөгдөж байна уу?

1969 ширхэг хадан цохио бүхий арлуудаас бүрдэх Халонг арал таныг татах зүйлсийг нэг юм. Нийт 1500 кв.км орчим талбайтай энэ арлыг нутгийнхан "Луу далайд бууж ирсэн газар" гэж үздэг байна.

Энэтхэг-Хятадын хойгийн зүүн хэсэгт байрлах Вьетнам улс хүн амынхаа тоогоор дэлхийд аравт жагсдаг. Борооны улирал хэдийн дуусаж дөрөвдүгээр сар хүртэл хуурай сэрүүн уур амьсгалтай тул аялахад нэн тохиромжтой.

Буэнос-Айрес

Адал явдал хайж аялах нэгэнд Аргентиний нийслэл Буэнос-Айресийг зорьж Латин Америкийн соёл, амьдралын хэв маягтай танилцахыг зөвлөе.

Байшин барилгын дизайн, кофе шоп, дэлгүүрүүдийн интерьер, өнгө будаг зэрэг нь Итали, Испани улсыг санагдуулна. Үндэсний соёлын нэг Танго бүжгийг та аль ч гудамжинд харж болно.

Аргентинаар аялж буй нэгний заавал зорих ёстой газар бол Puerto Madryn наран шарлагын газар юм. Эргийн орчимд халим, дельфин, далайн хав гэх мэт олон төрлийн хөхтөн амьтдыг хамгийн ойроос харах боломжийг олгодгоороо давуу талтай.

5478   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Б.Намуун




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.