Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   11 сарын 21, 2018

Би хэрхэн ажилладаг вэ? - Travelocity.com, Kayak.com-ийн үүсгэн байгуулагч, энтрепренер, илтгэгч Терри Жонеc

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Элчин сайдын яамны урилгаар нэртэй энтрепренер, хөрөнгө оруулагч, илтгэгч Терри Жонес Монголд ирж, гарааны компаниудтай уулзан, хэд хэдэн газар илтгэл тавьсан юм. Энэ үеэр бид түүнийг Hub Innovation Center-д урьж, ярилцлага авснаа хүргэж байна. Аяллын салбарт өндөр амжилт олсон Travelocity, Кayak (Kayak нь 2012 онд 1.8 тэрбум доллараар зарагдсан) компаниудыг үүсгэн байгуулсан тэрээр өдгөө дэлхийн олон улс, олон компанид уригдан инновацийн сэдвээр илтгэл тавьдаг аж. Мөн "ON Innovation" хэмээх ном бичсэн нь уншигчдын талархлыг хүлээжээ. 

Байршил: АНУ, Калифорни
Эрхэлдэг ажил, албан тушаал: Kayak.com-ийн удирдах зөвлөлийн дарга, Travelocity.com-ийн үүсгэн байгуулагч, илтгэгч, зохиогч
Сошиал хуудсууд: Twitter, LinkedIn

ТАНЫ АЖЛАА ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ? АЖЛЫН ДУНДАЖ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Би өглөө 6 цагт босоод кофе ууж, онлайнаар блог, нийтлэлүүд, хэвлэмлээр Уолл Стрийт Журнал, Нью Йорк Таймс сонинуудыг уншдаг. Аялаагүй байгаа үедээ гэрийн оффистоо сууж, онлайнаар уулзалт хурлууд их хийдэг дээ. Өөрийн агент, үйлчлүүлэгчид, удирдах зөвлөлийнхөн, хөрөнгө оруулсан гарааны компаниудтай харилцана. Би жилийн 150 өдөр нь ажлын аялал хийдэг. Тэгэхээр онгоцонд явахдаа яриа илтгэлээ бичнэ, номоо бичнэ, юм уншина.

Би инновацийн сэдвээр илтгэл тавьж, ном бичдэг хүн тул маш сайн мэдээлэлтэй байх ёстой. Технологи, инноваци гэдэг маш хурдан хөгжиж өөрчлөгдөж байдаг эд шүү дээ. Өнгөрсөн долоо хоногт гэхэд Deloitte компани дээр хиймэл оюуны сэдвээр яриа хийлээ.

Илтгэл тавихдаа би маш их зураг ашигладаг. Интернэтээр өөрөө хайж презентацидаа оруулдаг юм. Нэг цагийн илтгэлд 300 слайд ч ашиглаж мэднэ (инээв). Зарим эвент зохион байгуулагчид хэт олон слайд юм биш үү гэвэл кино бол зургуудын нийлбэр байдаг шүү гэж сануулдаг юм. Санаагаа зургаар тайлбарлахад хүмүүсийн анхаарал төвлөрдөг. Үгүй бол өнөө үед хүмүүс утсаа ширтээд суучихна шүү дээ. Тэгээд дараа нь илтгэл сонссон хүмүүст презентациа илгээдэг. Энэ арга маань үнэхээр ч үр дүнгээ өгдөг.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМУУДААСАА НЭРЛЭНЭ ҮҮ?

Мэдээж имэйл их ашиглана. Гарааны компаниудтай харилцахдаа Slack-ийг түлхүү хэрэглэж байна. Яриа илтгэлүүдийн тов гаргаж өгдөг агенттайгаа би Skype-аар ярьдаг юм. Мөн Dropbox-ийг их ашигладаг. Жилдээ би 15 төрлийн орлого зарлагын тайлан гаргадаг. Эдгээр санхүүг хөтөлдөг аппаа саяхан Certify гэх апп болгон өөрчилсөн. Баримтынхаа зургийг аваад л оруулчихдаг нь амар байдаг. Сошиал медиа гэвэл аялж явахдаа түлхүү Фэйсбүүкийг ашигладаг юм байна. Миний танил найз нөхөд Монголыг сайн мэдэхгүй учир Фэйсбүүктээ юу хийж хаана яваагаа тавихад их сонирхож байх жишээтэй. Твиттерийг маш идэвхтэй биш ч үе үе ашигладаг. За тэгээд аялж явахдаа мэдээж аяллын хамгийн сайн аппуудын нэг болох Kayak-ийгаа ашиглана даа.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Би хэвлэмэл сонин сэтгүүл уншаад таалагдсан нийтлэл, хэсгүүдийг хайчлах буюу урж аваад, сэдэв сэдвээр нь хавтсанд хийж хадгалдаг юм. Үүнийгээ дараа нь онгоцонд явахдаа юм уу зориуд нэг өдөр гарган уншиж, яриа илтгэл болон номдоо ашигладаг. Ингэснээр маш их уншиж чаддаг. Онлайнаар уншиж буй тохиолдолд өөр рүүгээ имэйлдэж, сэдэв сэдвээр нь Folder-т оруулдаг. Тэгээд мөн дараа нь тухайн сэдвээр юм ярих буюу бичих хэрэгтэй болсон үед бөөндөж уншдаг.

ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Би Wunderlist гэх апп дээр хийх ажлын жагсаалтаа гаргадаг. Бас гар утас шиг хэмжээтэй жижиг дэвтэр хааяа тэмдэглэл үйлддэг.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Аливаа санаа, түүхийг өгүүлэхдээ өөрийгөө сайн гэж боддог юм. Би илтгэгч болоод 15 жил болж байна. 5 стартап компани байгуулж, тодорхой амжилт гаргасны хувьд технологийн салбарын чиг хандлагыг баримжаалахдаа, түүнийг хүмүүст тайлбарлахдаа сайн байх. 5 стартапаас маань дөрөв нь хэрэгжиж, нэг нь бүтэлгүйтсэн гэдэг бас муугүй харьцаа шүү.
Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, одоо удирдах зөвлөлийн даргаар ажилладгийн хувьд бусдыг идэвхжүүлэх, зоригжуулахдаа бас сайн байх.

Гэр орондоо гэвэл эхнэр бид хоёр хоёул гараар юм хийх дуртай, нэлээд олон багажтай. Сүүлд бид хашаандаа саравч барьсан шүү.

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ ТАНЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Илтгэгч, ном бичигч, удирдах зөвлөлийн гишүүний хувьд би маш олон салбарын маш олон хүнтэй уулзаж танилцдаг. Одоо 70 настай хүн залуучуудтай уулзан блокчейн, хиймэл оюун гэх мэтийн технологийг хэрхэн ашиглаж буйг нь харж ажиглаж, санал солилцож явна гэдэг сайхан хэрэг шүү дээ.

Гэрээсээ удаан хугацаанд хол байдаг нь зарим талаар жаахан хэцүү. Ялангуяа гэр бүлийн хүнд маань амар биш байдаг байх. Би бол аялах дуртай. Магадгүй онгоцонд ертөнцийн мөнх бус үзүүлж мэдэх л хүн (инээв).

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Дараагийн номоо бичиж дуусгах тун дөхөөд байна. Эхний ном маань "ON Innovation" нэртэй ном байсан бол одоо гарах номоо "Disruption Off" гэж нэрлэсэн. Шинэ инноваци, технологи бизнест нь сөргөөр нөлөөлөх явдлаас том компаниуд хэрхэн сэргийлэх тухай өгүүлсэн бүтээл байгаа.
Мөн би саяхан охид хөвгүүдийн зуны зуслангийн хөтөлбөр явуулдаг компанийн удирдах зөвлөлийн дарга болсон. Зундаа хүүхдүүдийг гар утас, интернэтгүй газар нэг сар амьдруулж, төрөл бүрээр чадавхжуулдаг хөтөлбөртэй компани юм. Энэ ажил маань нэлээн цаг авах болов уу.

ТА ХЭР ИХ УНШДАГ ВЭ? ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА?

Би Kindle дээр голдуу баримтат номуудыг уншдаг. Бас машин дотроо сонсоно, гал тогоондоо хоол хийхдээ Amazon Echo-оор сонсдог. Одоо Уолтер Айзаксоны бичсэн Бэнжамин Франклины намтрыг уншиж байна. Удахгүй Жорж Гилдерийн бичсэн Life after Google номыг уншина даа. Мөн түүхэн зохиол болох The Gondalla Maker гэх номыг уншихаар зэхэж байна. Түүхэн болон шинжлэх ухааны зөгнөлт зохиолуудад дуртай.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Ажиллаж байхдаа бол сонссдоггүй. Ер нь жазз хөгжимд дуртай. Бүтээлч байдгаараа сайн жазз хамтлаг гэдэг яг л сайн гарааны компанитай адилхан юм шиг санагддаг.
Стив Тайрил, Майкл Бубле, Франк Синатра нарыг нэрлэж болно.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Ихдээ 7 цаг унтдаг. Эрт унтаж өглөө 6 цагт босдог.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Их аялдаг учраас гэртээ ирсэн үедээ гэртээ л байх дуртай даа. Хоол хийнэ. Ном зохиол уншина. Өвөлдөө харин цанаар гулгах дуртай.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Би өөрийгөө сорих дуртай хүн. Агент маань заримдаа огт мэдэхгүй сэдвээр, огт танил биш салбарынханд илтгэл тавих уу гэж асуухад би зөвшөөрдөг. Тэгээд тухайн сэдвийг судалж, мэдээлэл цуглуулж, яаж санаагаа зөв хүргэх дээр ажилладаг. Яриа илтгэлээ хэт эрт эхэлдэггүй, дөхүүлж байгаад хэд хоногийн өмнөөс өөрийгөө тодорхой дарамтанд оруулж идэвхтэй ажиллавал үр дүнтэй санагддаг. Бага зэргийн айдас бол сайн зүйл шүү дээ.

Урам зориг авдаг хүмүүсийн тухайд, American Airlines-ийн гүйцэтгэх захирал асан, миний ментор Роберт Крандалл байна. Kayak-ийн удирдах зөвлөлийн гишүүд болох алдартай венч хөрөнгө оруулагч Майкл Мориц, General Catalyst-ийн Жоел Катлер нарын хүмүүсээс суралцаж, урам зориг авдаг.

Мөн мэдээж технологийн хүчээр дэлхийг өөрчилж буй залуучуудаас их урам зориг авдаг. Жишээ нь энд HUB Innovation Center-д орж ирэхэд яг л Цахиурын хөндийд байгаа мэт мэдрэмж төрж байна. Бүгд цэнхэр жинс, футболктой, кофе уун тун чөлөөтэй ажиллаж залуус. Залуучууд сүүлийн үед нийгмийн зорилготой ажилладаг болсон байна. Өчигдөр энд би машинд дайгдах апп бүтээсэн залуутай уулзсан. Техасд сурч ирчихээд Монголдоо хэрэгтэй юм хийж бүтээж байгаа залуу байна лээ.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Есөн настай байхад ах бид хоёрыг хүүхдийн зусланд хоёр сар явуулсан юм. Нэг удаа каное завиар гол гатлах болов. Каное дээр маань нэлээн хүнд ачаа тавьсан тул би сэлүүрдэж нөгөө талд хүрч чадахгүй байх гэж бодож байлаа. Тэгтэл ах маань хажууд сэлүүрдэн явж намайг "Чи чадна, чи чадна" гэж зоригжуулсаар, би ч голын нөгөө талд хүрч чадсан. Түүнээс хойш дэргэд урамшуулж зоригжуулах хүн байвал хүн өөрийн бодсоноос илүүг чаддаг юм байна гэдгийг ойлгосон доо. Одоо би яг л тэрхүү идэвхжүүлэгч, зоригжуулжийн үүргийг гүйцэтгэн илтгэл тавьж, ном бичиж, компани удирдаж явна.

Саяхан бас Хиллари Клинтоны хэлсэн нэг үгийг сонссоноо хуваалцъя. Их таалагдсан юм: "Шүүмжлэлийг хувь хүн дээрээ тусгалгүй, нухацтай хүлээж ав" (Take criticism seriously, but not personally).

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Хэрвээ ямар нэг зүйл хийхийг хүсэж байгаg бол залуу байгаа дээрээ эрсдэл гарган үзээд алдаарай гэж хэлье. Гэрлэсэн, хүүхэдтэй болсон, байрны зээл авсан үед эрсдэл хийх хэцүү шүү дээ. Миний хувьд 21-тэй байхдаа гадаадаар нэлээн сайн явсан юм. Аялахаар хүмүүсийг илүү их ойлгож, илүү нээлттэй болдог учраас залуучуудад бас сайн аялахыг уриалдаг.

Амжилттай явж буй компаниудыг эрсдэл үүрэгчид босгож бүтээсэн. Өнөөдөр хорвоо ертөнц, байгаа орчиндоо хэтэрхий тухтай байх аргагүйгээр хурдтай өөрчлөгдөж байна. Миний хувьд хэдий харьцангуй нас ахисан хойноо буюу American Airlines-д 24 жил ажилласныхаа дараа тухайн үедээ их л том эрсдэл гарган гарааны бизнесийн орчинд орж байлаа. Хоёр хүүхэдтэй, өндөр цалинтай, өндөр моргэйжийн зээлтэй байлаа.

Алдаа гаргаж болно. Алдаж байж л хүн туршлагаддаг шүү дээ. Туршлагатай хүмүүс ч алддаг. Миний хамтран байгуулсан сүүлийн компани гүйцэтгэх удирдлагаа залуу эрч хүчтэй хүнд эрт өгөөгүйгээс болж бүтэлгүйтсэн.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Kayak-ийн ерөнхийлөгч Стив Хафнер, хамтран байгуулагч Пол Энглиш нарыг санал болгоё. Сонирхолтой яриа өрнүүлж чадах хүмүүс.

29318   1


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor

Гэрэл зургийг:

Г.Ананд




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.