Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   11 сарын 22, 2018

Амттай аялал: Улаанбаатар хотын онцлох 13 кофе шоп

Улаанбаатар хотод маань өвөл ирлээ. Өвлийг "өнтэй" давахад халуун кофе, дулаан орчин тусалдаг болохоор миний бие Улаанбаатарын зарим кофе шопоор аялахаар шийдээд нэг долоо хоногийн хугацаанд ойр уулзаагүй найзуудаа өөр өөр байршлуудад урин болзсон юм. Өөрөөр хэлбэл өөрийгөө ч, найзуудыгаа ч шинэ газартай танилцуулангаа амттай яриа өрнүүлж, нэг сумаар нэлээн хэдэн туулай буудсан билээ. Энэхүү аялалд маань Улаанбаатарын 120 гаруй кофе шопоос SipNsee паспортад онцлогдсон 13 кофе шоп багтсан бөгөөд бүгд өөр өөрийн гэсэн амт, онцлог, өнгө төрх давуу талуудтай байлаа. Ингээд Дулаанбаатарын онцлууштай кофе шопуудаар аялсан тэмдэглэлийг минь хүлээн авна уу.

caffe bene roastery

Хамгийн эхний зогсоол маань Наадам Центрийн нэг давхарт байрлах Caffe Bene Roastery байлаа. Бэйкэри, амттан, кофе, смүүтий гээд олон бүтээгдэхүүн санал болгох, хоёр талаасаа хаалгатай тус кофе шоп нь суух байршлын сонголт олонтой юм билээ. Харин туршлагатай бариста нарын сэтгэлээ шингээн гараар найруулсан кофег ууя гэвэл текэн дээр суугаарай гэж зөвлөх байна. Кофе аван уух зуураа миний бие тус кофе шопын баристатай яриа өрнүүлж, кофений талаар багагүй тайлбарлуулсан юм. Тэрээр "Хүмүүс яарсандаа энгийн кофе буюу автомат машинаас гарах кофе авч уух нь элбэг байдаг. Тэгтлээ яараагүй бол харин hand drip буюу гараар найруулсан кофе авбал кафейний агууламж өндөр, үйлчлэх хугацаа нь илүү байдаг" хэмээн ярьсан юм. Гарах хугацаа нь бусдаасаа арай удаан боловч амт чанарын хувьд үнэхээр өөр байсныг энд дурдах хэрэгтэй. Ийнхүү би тус кофе шопд шинэ цэцгийн амттай гараар найруулсан кофег амтлан, бас кофений мэдлэгээ дээшлүүлээд сэтгэл хангалуун гарч явсан юм.

coffee esperanto

Наадам Цэнтрийн замын эсрэг талд Coffee Esperanto кофений мухлаг бий. Байнгын үйлчлүүлэгч болов уу гэмээр залуус, хөнгөн хөгжим, том дэлгэц, тухтай орчин биднийг угтсан юм. Coffee Esperanto бол бидний аялсан кофе шопууд дундаас хамгийн урт цагаар ажилладаг нь байв. Өглөөний 07 цагт та хямдралтай үнээр кофегоо авах боломжтой. Гэхдээ өлөн дээрээ кофе уух нь сайн биш болохоор заавал ус + кофе аван өдрөө эхлүүлж байхыг сануулахад илүүдэхгүй болов уу. Баристагийнх нь хэлснээр үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээсэн кофенууд болох моко (mocha) ба гараар найруулсан американог бид захив. Американо нь тун зөөлөн, гашуун биш байсны учрыг лавлахад, кофег устай зөөлөн хэмнэлээр найруулахад кофены уг чанар хадгалагдаж, илүү зөөлөн амттай болж, түлэнхий амтагддаггүй гэнэ. Харин моког ажлаа хиймээр байсан ч төвлөрөхгүй байх үедээ уухыг зөвлөе. Шоколад хүний аз жаргалын дааврыг нэмэгдүүлдэг бол кофе илүү төвлөрөхөд тусалдаг аж. Миний хувьд дараа зочлохдоо кофетой коктэйлийг нь заавал туршиж үзнэ дээ гэж бодсон. Та ч бас паспортынхоо хугацааг дуусахаас өмнө тэдний амттай кофе, олон төрлийн амтыг туршиж үзээрэй.

coffee teria

Эспрессог ууж чадахгүй байсан америкчууд усаар шингэлж уудаг болсноор өнөөгийн бидний дуртай американо үүссэн гэдгийг та мэдэх үү? Мөн нэгэн ямаачин эр ямаанууд нь нэгэн төрлийн ургамал идээд эрч хүчтэй болж байгааг анзаарснаар анхны кофег нээн илрүүлсэн гэдгийг дуулж байсан уу? Өнөө үеийнхний соёлын нэгээхэн хэсэг болсон кофений төрөл янз бүр. Үүнтэй адил кофе шопуудын дизайн, өнгө төрх ч өөр өөр. Үүний нэгэн жишээ бол Coffee Teria юм. Бидэнд хамгийн их үгүйлэгддэг залгуурын шийдэл, гэрэлтүүлэг, тухтай суудал, цэлгэр танхим гээд олон зүйл энэ газрын дизайныг онцгой болгожээ.
Хамгийн их таалагдсан хэсэг бол танхимын баруун захад байрлах хэлбэрждэг буйдан (beanbag). Танд хэзээ ч гармааргүй тухтай байдлыг мэдрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Багахан хэмжээний үдэшлэг, арга хэмжээ зохион байгуулахад тохиромжтой санагдсаныг энэ далимд дуулгая. Аль хэдийн найзуудын шинэ жилийн захиалга ирсэн гэсэн шүү.

code patisseries&plus

Дараагийн болзоот газар маань Code Patisseries&Plus байлаа. Магадгүй та бүхнийг тус газрыг "Бизнес өрөг" нэвтрүүлгээс харж байж мэднэ. Орчны тохижилт, дизайн нь яах аргагүй хүмүүстэй таатай яриа өрнүүлж суухад сайхан нийцдэг. Эднийх амтат кофенуудыг гаргахын сацуу олон хоол, олон амттаныг санал болгодог. Ялангуяа төрөл бүрийн амтат талх, нарийн боовууд нь шинэхэн бөгөөд салахын аргагүй. Байршлын хувьд Туул рестораны урд байрладгаа өөрчлөн 100 метр газар нүүсэн байна лээ.

Cosy club

Зорьсон дараагийн газар маань Энхтайвны гүүрний хойно NCP Plaza-д байрладаг Cosy Club байв. Cosy төрөл бүрийн сонирхолтой арга хэмжээнүүд, жазз тоглолтоороо үйлчлүүлэгчдийг эрхгүй татдаг. Амттай хоол, амттан, төрөл бүрийн уух зүйл болоод тохижилт дизайн нь англи хэв маягтай. Ер нь найзуудаараа олуулаа орж бужигнахад тун ч тохирох юм шиг санагдсан шүү.

Sweetland

Хөгжим Бүжгийн Сургуулийн замын урд байрлах, бидний өмнө нь "Онцлох бизнес" булангаараа танилцуулж байсан Sweetland dessert boutique-д би ганцаараа очив. Заримдаа хүн өөртөө цаг гарган өөртэйгөө сонсож, өөртэйгөө ярилцаж, шийдэх ёстой асуудлууддаа хариулт олж, хийх зүйлсээ тавтайхан төлөвлөх ёстой байдаг шүү дээ. Ийм газар амттантай, тухтай бол бүр ч гоё байдаг. Тэгвэл Sweetland яг л ийм газар ажээ. Миний хувьд SipNsee-ийн иргэдэд зориулан гаргасан кофетой смүүтийг авч тухлан суусан юм.

Үндэсний франчайз кафе болохоор ажиллаж байгаа Sweetland-ийн өнгөлөг, амтлаг, заавал амсаж үзэх ёстой бүтээгдэхүүн бол макарон жигнэмэг. Төв Европоос үүсэлтэй, Францад түлхүү хөгжсөн макароныг гурилаар хийдэггүй, бүйлс самрын гурилаар хийдэг тул их өвөрмөц амттай.

CAFFIENE

Багшийн Дээдийн хойд талын Азхур номын дэлгүүртэй барилгын хоёр давхарт гарвал +800 номтой кофе шоп угтан авав. Тийм ээ, +800 ном. Адал явдалт, уран зохиолын, алдартай, намтарчилсан, хувь хүний хөгжлийн гээд таны уншихыг хүсэж буй бүх л ном энд бий. Завтай сан бол өдөржин энд номд шимтмээр. Энэ жил нээлтээ хийсэн уг кофе шоп тав тух, амтат кофег санал болгож, өдөржин дуртай номоо унших таатай нөхцөлийг бий болгожээ.

Хана дүүрэн номын сантай танхимаас зайдуухан байх 10-15 хүний хурлын өрөөнд нь жижгэвтэр уулзалт хийхэд тохиромжтой юм билээ. Хоёр том танхимтай болохоор цэлгэр, тухтай. Эндээ бүр үлдчихмээр санагдсан ч паспортоороо смүүтий + зайрмаг аваад, Момогийн нэг л бүлгийг унших цаг байсан билээ.

Super Size Coffee

Энэ намар шинээр их сургуулийн гудамд бүл нэмсэн кофены мухлаг бол Super Size Coffee. БНСУ-д төвтэй уг кофе шоп тун хурдацтай тав дах салбараа МУИС-ийн тавийн замын урд нээжээ. Интерьэр болон зохион байгуулалтын хувьд жижиг талбайг сайн ашигласныг дурдах хэрэгтэй. Хүлээлгийн хэсэгт урсах усны чимээ тэрхэн зуур таныг тайвшруулах байх. Мэдээж энд кофены үнэр ч нөлөөлнө. Энэ салбараас гадна супер кофетой дахиад 4 мухлаг манай хотод бий. Хамгийн тохь тухтай Энкантогийн салбарыг ахлах бариста санал болгосныг танд уламжлая.
Хамгийн сонирхолтой нь кофены хэмжээнээс үл хамааран үнийн дүн хоёр төрөл. Та авч явах бол кофе илүү хямд, халуун, амттай. Хэрэв уух бол халуун, амттай, бага зэрэг нэмэгдэлтэй. Учир нь та тав тухтай зай талбайг илүү бүтээлчээр хэрэглэж байгаа шүү дээ.
Нэрнээсээ л ялгарах давуу тал бол хамгийн том хэмжээ, боломжийн үнэ гэж бариста тайлбарлаж, би нөгөө л мокогоо болзсон хүндээ захиалж, өөрөө американо уухаар шийдлээ. Том аягаар дүүрэн американо жихүүн салхитай өвлийн үдэш, дараагийн кофе шоп хүртэл намайг дулаацуулж, хамтдаа алхсан юм.

Tatuka bakery

Оюутнууд бужигнасан МУИС-ын тавдугаар байрны ард байрлах Татука Бэйкэриг одоо онцолъё. Эдний амттанууд үнэхээр оригинал, өөр амттай гэдгийг хамгийн түрүүнд хэлэх ёстой байх. Тэдний "Magic Crepe"-ийн гайхалтай амтыг одоо ч мэдэхгүй хүн ховор биз ээ. Манай ажилтай ойрхон, найзын маань сургуулийн хажууд болохоор би паспорт дээр 4 бялуу авах эрхээ хоёр өдөрт л дуусгаж орхисон.

cafe camino

Мөнгөн Завъяагийн хойно байрлах Cafe Camino тэрүүхэндээ нууцлаг газар байрладаг. Босго давах төдийд л кофены сэнгэнэсэн үнэр, шинэхэн бэйкэри үнэртэх энэ кафед нэг хүнтэйгээ олон таарах магадлал өндөр. Учир нь шинэхэн кофе, амттан тэргүүтнийг нь амсвал эрхгүй дахиад ирмээр санагдахын зэрэгцээ нууцлагдуу байршлаас нь болоод замын хүн тохиолдлоор орж ирэх нь арай бага байж мэднэ. Ингээд Camino-ийн чадварлаг баристагийн гар аргаар найруулсан кофегоор найзыгаа дайлан, орох дуртай газрынх нь тоогоор нэгээр нэмээд хөдөлсөн юм.

Cafe eder

Маршалл Таунд байрлах Cafe Eder бидний дараагийн зогсоол байв. Эднийх шинэхэн кофеноос гадна сэндвич, бургер, пицца зэрэг хөнгөн зууш, гэрийн аргаар хийсэн эклер, торт, зөөлөн зайрмаг зэрэг олон амттанг санал болгодог аж. Тохижилтын хувьд бүүдгэр гэрэл, тухтай сандлууд нь бусад газруудаас эрс ялгаруулж байв. Cafe Eder-ийн өөр нэг салбар нь хотын төвд "Залуучууд" зочид буудлын нэг давхарт байрладаг юм билээ.

MUZE COFFEE

Аяллын төгсгөл хэсэгт бид хотын төвөөс холдож, ид бүтээн байгуулалт өрнөн шинэ хорооллууд сүндэрлэж буй Яармагийг зорьж, яг жилийн өмнө нээгдсэн тун өвөрмөц кофе шоп болох Muze-д зочилсон юм. Тав тухтай, хүнтэй уулзахад намуухан Muze-д явж ороход бариста нь хамгийн хатуу гэх бразил кофег надад санал болгосон юм. Ингээд кофегоо уунгаа яриа өрнүүлэхэд, тус кофе шопыг гадаадын франчайзуудыг Монголд оруулж ирэхээс илүүтэй монгол брэндийг бий болгохыг хүсэж, олон онцлог содон зүйлтэйгээр байгуулсныг хэлж байв. Тийм ч учраас дотооддоо хуурсан кофег сонгон ашигладаг гэнэ. Биднийг ороход жазз хөгжмийн ая эгшиглэж байсан тус кофе шоп хөгжмийн сонголтдоо их анхаардаг бөгөөд хуучны хит дуунууд, сонгодог хөгжмөөр сангаа бүрдүүлсэн аж. Мөн найзуудтайгаа тухлан суугаад Netflix-ээс кино үзэж болдог нь тун догь санагдсаныг онцолмоор байна.

Tom n toms kids 

Эцсийн зогсоол маань Шинэ Яармаг хороололд нээгдсэн Монгол хамгийн анхны хүүхдийн кофе шоп байв. Дотроо хүүхдүүдэд зориулсан тоглоомын хэсэг, зай талбайг шийдэж өгснөөр энэ кофе шопд гэр бүлээрээ цагийг сайхан өнгөрүүлэх газрын тоог нэгээр нэмжээ.

Харьцангуй агаар сайтай тус хорооллыг зорьж, хүүхдээ тоглуулангаа кофе шимэн юм ярьж буй, ном уншиж буй аав ээжүүд цөөнгүй харагдсан нь ийм газар илүү олон болох ёстой юм байна гэсэн сэтгэгдлийг надад төрүүлсэн юм. Асуудлыг боломж болгон хувиргасан тус кофе шопд та паспортоороо хүүхдэд зориулсан мөсгүй смүүтий аваад хоёр американо үнэгүй авч болно.

Таталцлын хууль хамгийн их үйлчилдэг очих дуртай газруудаасаа бидэнтэй хуваалцаарай.

Дараагийн аялалд Club co-working дундын оффис,UB паспортоос зохион байгуулж буй зарим арга хэмжээнүүдэд зочилж болох юм. Паспортаа ашиглаад Fat Cat Jazz Club-д амьд хөгжмийн тоглолт, кофе уунгаа Оньс өрөө, VR zone-д тоглохыг санал болгоё. SipN'See паспорт авах

15304   8


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Б.Намуунцэцэг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.