Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох Бизнес   11 сарын 19, 2018

Онцлох бизнес: Amigo Foodhouse - Хоол бүрээс хосгүй амтыг

Саяхан бид хамт олноороо хотын төвд байршилтай нэгэн шинэ газрыг зорьж, харагдах үзэмжийн хувьд ч, амт чанарын хувьд ч үнэхээр таатай мэдрэмж өгсөн зоогийг хүртэн ихэд олзуурхсан билээ. Улмаар энэ газрыг хэн, ямар учраас байгуулсныг, ямар арга барилаар ажилладгийг олж мэдэх хүсэл төрсөн юм. Ингээд энэ удаагийн дугаарт зориулан, найзындаа очоод дайлуулж байгаа юм шиг тав тухтай, дулаахан уур амьсгалыг үүсгэх зорилгоор байгуулагдсан "Amigo Foodhouse"-ийг зорьж, үүсгэн байгуулагч Цэрэнбаатартай ярилцлаа.

Бизнесийн нэр: Amigo Foodhouse
Байршил: Blue Sky-ийн зүүн урд, ICC Tower-ийн баруун талд
Үйл ажиллагааны чиглэл: Ресторан
Үүсгэн байгуулагдсан он: 2017 он
Үүсгэн байгуулагч: Цэрэнбаатар
Ажилтны тоо: 16
Сошиал хуудас: Amigo Foodhouse

бизнесийн санаагаа анх хаанаас яаж олсон бэ?

Би оюутан байхаасаа эхлэн үйлчилгээний салбарт зөөгчөөс аваад бүх л түвшинд нь 8 жил ажилласан. Энэ хугацаанд өөрийн гэсэн ресторантай болох мөрөөдлийг тээсээр ирсэн юм. Нэг хэсэг шингэн хүнсний маркетингийн чиглэлээр ажиллаж байхдаа үйлчилгээний салбарыг хөндлөнгөөс ажигладаг байв. Янз янзын олон санаа орж ирж байсан ч, тав тухтай, үйлчлүүлэгч орж ирэхэд найзындаа орж ирээд дайлуулж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэхээр тийм газар нээх мөрөөдлөө бодит болгохыг хүссэн. "Амиго" гэдэг бол испани хэлээр найз гэсэн утгатай. Нэрнээсээ эхлээд л найрсаг, үйлчлүүлэгчдийнхээ найз болох зорилгоор ресторанаа нээсэн дээ.

хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдсэн бэ?

Зарим хэсгийг нь зээл авч, зарим хэсгийг нь найзуудаасаа хөрөнгө оруулалт татан, санхүүжилтээ босгосон.

танай онцлог давуу талууд юу вэ?

Салбарын бусад газруудтай харьцуулахад боломжийн үнэтэй, үйлчлүүлэгчдийн эрэлт сонирхолд тулгуурласан өөрийн гэсэн амт амталгаатай өвөрмөц хоолнуудыг санал болгох нь "Амиго"-ийн хамгийн гол давуу тал юм. Мөн манайх хотын төвд байрлалтай учраас оффисын ажилтнууд их орж ирдэг. Өдрийн цайны тогтмол цэс нь үйлчлүүлэгчдийг уйдаах шинжтэй байдаг учраас бид долоо хоног бүр хоолны цэсээ шинэчилдэг юм. Байнга эрэл хайгуул хийж үйлчлүүлэгчид маань ямар хоолыг идэх дуртай байна, ямар хоолноос залхаж байна, юу нь болохгүй байна зэргээр бүхий л мэдээллийг цуглуулж, түүн дээрээ суурилан үргэлж хөдөлгөөнтэй, өөрчлөлттэй байхыг эрмэлздэг.

хамтрагчдаа хэрхэн олж сонгосон бэ?

Бизнесийн хамтрагчдын хувьд, нэлээд хугацаанд нөхөрлөж хэн бэ гэдгийг нь танин мэдсэн, үнэлж итгэсэн хүмүүс. Харин ажилтнуудын хувьд туршлага гэхээс илүү хандлага, сурах эрмэлзлийг нь илүү харж багтаа авдаг. Одоогоор Амиго 16 ажилтантай. Энэ дунд рестораны бизнест олон жил ажиллаж байсан туршлагатай хүн ч байна, дөнгөж оюутан болоод ажлын гараагаа эхэлж буй хүн ч байна.

танай хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн юу вэ?

Манай цэсний сонголт бусад газартай харьцуулахад төдийлөн олон биш болохоор бүгд харьцангуй жигд сайн борлуулагддаг. Бид цэсэндээ байнга дүн шинжилгээ хийн борлуулалт багатай хоолнуудаа хасаж шинэ хоол санал болгодог юм. Анх бид хоолны цэсэндээ бургер оруулахыг нэг их хүсээгүй ч үйлчлүүлэгчдийн хүсэлтийг хүндэтгэн олон янзаар хийж туршсан. Улмаар өөрсдийн санаанд нийцсэн хувилбарыг гарган санал болгосон нь үйлчлүүлэгчдэд маань маш их таалагдсан шүү. Мөн манай цэсэнд анхнаасаа л байсан үхрийн хавиргатай хоолыг маань хүмүүс их таашаадаг.

бизнесийн үнэт зүйлс, баримталдаг зарчим тань юу вэ?

Бизнесийн үнэт зүйл гэвэл 3 зүйлийг хэлнэ. Нэгдүгээрт үйлчлүүлэгчид. Энэ хүмүүст бид сайн бүтээгдэхүүн буюу хоол сайхан үйлчилгээ санал болгож байж урт удаан хугацаанд оршин тогтноно. Хоёрдугаарт Амиго гэх өөриймсөг үзэл суусан ажилтнууд. Яагаад гэвэл энэ салбарын онцлог нь хоол бэлтгэхээс эхлээд зочин гарах хүртэл бүх л үе шатуудад ажилтнуудын харилцаа хандлага шингэж байдаг. Гуравдугаарт хөрөнгө оруулагчид. Дээрх хоёр зүйлд сайн анхаарал хандуулж ажилласан тохиолдолд хөрөнгө оруулагчдад ирэх өгөөж, сэтгэл ханамж дагаад өсөх нь тодорхой шүү дээ.

бизнесийн алсын хараагаа юу гэж тодорхойлсон бэ?

Amigo гэдэг нэршилтэй тухайн байршил, зорилтот үйлчлүүлэгчдэдээ таарсан Food House, Drink House, магадгүй Burger House зэрэг олон салбар бүхий үйлчилгээний салбарын үндэсний брэнд болгох зорилготой.

одоо та бүхэн юун дээр төвлөрч ажиллаж байна вэ?

Амиго фүүд хаусын хувьд өвлийн улирлын шинэ цэсээ санал болгоход бэлэн болоод байна. Монголын өвөл хүйтэн, ширүүн учраас уурагийн агууламж ихтэй хоол, стэйк, утсан махны төрлүүд орсон цэсэн дээрээ төвлөрч байгаа. Компанийн хувьд шинэ салбараа 12 сард нээх төлөвлөгөөтэй байна. Amigo Foodhouse дээр хоол нь голлож, түүнийг дагаад уух зүйлс нь туслах бүтээгдэхүүн болдог бол шинээр нээх гэж буй Drinkhouse дээрээ үйлчлүүлэгчийн уух зүйлсийн сонголтонд тохирох хоол үйлчилгээг санал болгохоор төлөвлөж байна. Хэмжээний хувьд одоогийн Амиго фүүд хаусаас дөрөв дахин их багтаамжтай байх юм. Foodhouse маань оффисын ажилтнуудтай илүү ойр байршилд байгаа бол Drinkhouse маань залуусын төвлөрөл ихтэй хүүхдийн 100-д байрлана.

ШИНЭ ХООЛ ЦЭСЭНД ОРТЛОО ЯМАР ЗАМЫГ ТУУЛДАГ ВЭ?

Бэлэн орц найрлага аваад хийдэггүй болохоор, ямар нэг хоолны зурагнаас санаа авч ингээд хийчихвэл яах бол, хүмүүст таалагдах болов уу, манайхаар үйлчлүүлдэг хүмүүс ямар амтанд дуртай билээ гэж маш их бодно. Ингээд интернэт, ном зэргээс үзэж харсан зүйлсээсээ санаа авч гал тогоондоо эхний туршилтыг хийнэ, өөрсдөө амсаж саналаа солилцоно, тэгээд болсон гэж үзсэн үедээ тусгай цэсэндээ оруулаад үйлчлүүлэгчдээсээ сэтгэгдэл авдаг. Түүний дараа хэрвээ шаардлагатай бол дахиад өөрчлөлт хийнэ. Энэ мэтчилэн цэсэнд ортлоо бараг 2 долоо хоногийн ажил болдог.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Зээл, санхүүгийн асуудал, борлуулалтын уналттай улирал гээд бусад үйлчилгээний бизнес эрхлэгчдэд тулгардаг ижил саад бэрхшээлүүд мэдээж бий. Харин миний хувьд хамгийн том бэрхшээл бол удаан ажиллаад хийж буй зүйлээ ойлгосон, гартаа оруулсан хүмүүсээ алдах хэцүү байдаг. Гал тогоонд л гэхэд шинэ хоолыг 1 тогооч багадаа 100 дахин давтаж хийж байж түүндээ гаршдаг. Гэтэл тэр дадлыг олж авсан, Амиго хэмээх газрын ажлыг ойлгодог, хандлага нь тогтсон ажилтнууд ажлаа орхиход дахиад тэр үйл явц давтагдах ёстой болдог.

Нөгөө талаар, хүний амин чухал хэрэглээ болсон хоолыг амттай хийж, тухтай байлгаж, сайхан үйлчилж чадвал үйлчлүүлэгчдээсээ чин сэтгэлийн урмыг сайхан үгийг байнга сонсдог. Энэ үгийг л байнга сонсоод байвал маркетинг сурталчилгаа амнаас ам дамжин хийгдэж, байнга шинэ үйлчлүүлэгчид зорьж ирнэ гэсэн үг.

13775   5


НИЙТЭЛСЭН:

Ganbaatar Erdenee

Гэрэл зургийг:

Г.Ананд




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.