Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   11 сарын 25, 2018

7 хоногийн тойм: 6.2 тэрбумын баасан гараг + 14 настай сайн санааны элч + 224 сая хандалттай трэйлэр

Ковер зургийн тайлбар: Сайн уу, Симба! Эргэн уулзахад таатай байна.

Онцлох: Хар баасан гарагийн худалдаа дээд амжилт тогтоов

Талархлын баярын өдрийн дараах баасан гарагт тохиодог худалдааны их хямдрал буюу "хар баасан гараг" борлуулалтын тоогоороо шинэ дээд амжилт тогтоолоо. Adobe-ийн тооцоогоор энэ жилийн борлуулалтын хэмжээ 6.2 тэрбум долларт хүрсэн нь өнгөрсөн жилийнхээс 23 хувиар өссөн үзүүлэлт болов.

Нийт борлуулалтын 33.5 хувь нь буюу 2.1 тэрбум долларын борлуулалт ухаалаг гар утсаар хийгдсэн нь онцлох үзүүлэлт байв. Харин таблет төхөөрөмжүүдийн эзлэх хувь 10 хувьд хүрчээ.

Сонирхуулахад пүрэв гарагт буюу талархлын баярын өдрийн худалдаа 3.7 тэрбумд хүрээд байсан юм. 11-р сарын 1-ээс талархлын баярын өдөр хүртэлх баярын худалдаанд америкчууд 38 тэрбум долларыг зарцуулсан нь мөн мэдүүштэй үзүүлэлт байв. Энэ нь 11-р сарын өдөр бүрийн цахим борлуулалтын орлого 1 тэрбумаас давж байсан гэсэн үг.

Гэхдээ энэ үзүүлэлт АНУ-ын түүхэн дэх дээд амжилтыг эвдэхэд хангалттай байсангүй. Өнгөрсөн жилийн Cyber Monday-ээр нийт 6.6 тэрбум долларын гүйлгээ хийгдсэн байдаг юм. Энэ жилийн Cyber Monday-ийн борлуулалт 7.8 тэрбум доллар хүрнэ гэсэн урьдчилсан таамаг байгаа билээ.

Adobe энэхүү статистикийг Америкийн хамгийн их хандалттай 80 платформын мэдээлэл дээр тулгуурлан гаргадаг. Хар баасан гарагийн нийт борлуулалтын гуравны нэг нь зөвхөн Амазон дээр хийгддэг аж. Гэхдээ 11-р сарын 11-нд тохиосон "ганц биечүүдийн баярын өдөр" зөвхөн Алибаба дангаараа 31 тэрбум долларын борлуулалт хийснийг төгсгөлд нь сануулъя.

Та хар баасан гарагийн худалдаагаа хийж амжсан уу?

Дэлхий дахинд

Тайваньд явагдсан бүх нийтийн санал асуулга, орон нутгийн сонгуулийн үр дүн эрх баригчдыг хүнд цохилтод орууллаа. Ерөнхийлөгч Цай Ин Вений удирддаг, Хятадын нөлөөллийн эсрэг үзэл суртлыг баримтлагч Ардчилсан дэвшилтэт нам 22 хот, мужийн ердөө 7-д нь ялалт байгуулж, гол хотууд дахь хяналтаа алдлаа. Үүнээс гадна ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрөх, Олимпийн наадамд Хятадын Тайпей бус Тайвань нэрээр оролцдог болох гэсэн маш чухал ач холбогдолтой 2 санал асуулгад нийт ард иргэдийн дийлэнх нь эсрэг санал өгөв. Үүний дараагаар, албан тушаалаа авснаас хойш Бээжинтэй сөргөөцөлдөж буй ерөнхийлөгч Цай намын даргын суудлаа хүлээлгэн өгч байгаагаа зарлажээ.

Канад улс үндэсний мөнгөн тэмдэгтдээ анх удаа өнгөт арьст эмэгтэй хүний дүрийг мөнхөлж эргэлтэнд орууллаа. Шинээр хэвлэгдсэн 10 долларын дэвсгэртэд хүний эрхийн тэмцэгч, өнгөт арьст бизнесмен Вайола Дэсмондын зураг агуулагдаж буй. Тэрээр 72 жилийн өмнө кино театрт зөвхөн цагаан арьстнуудад зориулсан суудлаас хүч хэрэглүүлэн хөөгдөж, улмаар арьс өнгөний үзэл, тэгш эрхийн төлөөх тэмцлийг эхлүүлсэн анхдагчдын нэг байсан юм. 10 долларын дэвсгэрт нь анхны босоо хэвлэлттэй мөнгөн тэмдэгт гэдгээрээ мөн онцгойрч байгаа ажээ.

2 долоо хоногийн турш үргэлжилсэн түймрийг бүрэн унтрааж, хяналтандаа оруулсан тухай Калифорни мужийн захиргаа мэдэгдлээ. Энэ түймэрт нийт 85 хүн амь насаа алдсан нь мужийн түүхэн дэх хамгийн хохиролтой галын аюулд тооцогдоно. 11-р сарын 8-нд эхэлсэн тус түймэрт 14 мянган өрх гэр, 514 бизнес, 4265 байшин барилга өртсөн бөгөөд 619 км2 газар нутгийг хамарсан нь Чикаго хотоос ч томд тооцогдох билээ.

"Stranger Things" цувралын од Милли Бобби Броун UNICEF-ийн сайн үйлсийн элч болсон хамгийн залуу эрхэм боллоо. 14 настай Броун 2016 оноос хойш UNICEF-ийн үйл ажиллагаануудыг дэмжиж ирсэн бөгөөд хүүхдийн эрх, боловсролын асуудалд анхааран ажиллах гэнэ.

технологийн ертөнцийн эргэн тойронд

Facebook зарласнаасаа бараг 4 сарын дараа "Your Time on Facebook" буюу тус платформ хэр их хугацааг зарцуулж байгаагаа хэмжих нэмэлтийг хэрэглээнд нэвтрүүллээ. Хэрэглэгчид энэ нэмэлтийн тусламжтайгаар өөрийн хэрэглээг хянахаас гадна хязгаарлалт тавьж, зарим хэрэглээгээ ч хаах боломжтой аж.

Instagram ирэх өдрүүдэд хэрэглэгчдийн профайл буюу нүүр хуудсыг шинэчлэх гэж байгаагаа зарлалаа. Өмнө нь хамгийн дээр байрлаж байсан дагагчдын тоо энэ шинэчлэлийн дараагаар доошоо шилжиж байгаагаас гадна дундын найзуудын жагсаалтыг мөн харах боломжтой болжээ. Тэд илүү "утга учиртай харилцаа" үүсгэх зорилгын хүрээнд өнгө, дүрс, хэлбэр, байршлуудыг голчлон өөрчлөх гэнэ.

Ажил мэргэжлийн сүлжээ LinkedIn Snapchat, Instagram-ийн адилаар стори нэмэлтийг нэвтрүүлэх гэж байна. Тэд эхний ээлжинд зөвхөн их сургуулийн оюутнуудад зориулан Student Voice нэртэйгээр стори туршиж байгаа гэнэ. Энэ нэмэлтийн тусламжтайгаар их сургуулийн оюутнууд кампустаа болж буй үйл явдал, хийж буй зүйлсийг зөвхөн видео форматаар оруулах боломжтой бөгөөд долоо хоногийн дараа автоматаар устах аж. 600 сая хэрэглэгчтэй LinkedIn залуучууд руу илүү чиглэх бодлогын хүрээнд үүнээс гадна GIF, эможи нэмэх, стикер илгээх зэрэг шинэчлэлүүд дээр ажиллаж байгаа юм.

Криптовалютын зах зээлийн уналт үргэлжилсээр. Биткойны үнэ өнгөрч буй долоо хоногт 4 мянган доллар хүртэл унасан нь өнгөрсөн жилийн 8-р сараас хойших хамгийн доод үнэ болжээ.

Элон Маск SpaceX-ийн 5 тэрбум долларын төсөвтэй хамгийн хүчирхэг пуужингийн нэрээ сольж байгаагаа зарлалаа. BFR буюу Big Falcon Rocket нэртэй байсан тус хөлгийг одооноос Starship хэмээн нэрлэх болжээ. Тэрээр өнгөрсөн сард 2023 он гэхэд Starship-ийг хөлөглөн сар руу нисэх эхний аялагчийн нэрийг зарласан билээ.

Инстаграмын шинэчлэл танд таалагдаж байна уу?

Бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Автомашины салбарын хамгийн алдартай лидерүүдийн нэг, Nissan Motors болон Renault-ийн CEO Карлос Гоныг хууль сахиулагчид саатуулсан байна. Түүнийг хөрөнгө орлогын мэдүүлгээ худлаа мэдүүлж, 44 сая долларыг нуун дарагдуулсан, компанийн хөрөнгийг шамшигдуулсан гэсэн үндэслэлээр буруутгаж буй. Үүний дараагаар Nissan-ий удирдах зөвлөл түүнийг ажлаас нь халж байгаагаа мэдэгдсэн бол Renault хэрэг эцэслэгдэх хүртэл түр хугацаанд чөлөөлөх болжээ. 64 настай Францын иргэн Гон 2001 оноос хойш Nissan-ийг удирдаж буй бөгөөд дампуурлын ирмэг дээрээс компанийг сэргээн босгосон хэмээн үнэлэгддэг билээ.

Солонгосын хамгийн том онлайн худалдааны платформ Coupang 2 тэрбум долларын шинэ хөрөнгө оруулалтыг Softbank-ны Vision Fund-аас авлаа. Ингэснээр 8 жилийн түүхтэй тус стартапын үнэлгээ 10 тэрбумд хүрч буй юм.

Барилгын зураг төсөл, төлөвлөлтийн ажлын цахим хэлбэрт шилжүүлэх боломж олгодог PlanGrid 875 сая долларын үнэ хүрч шинэ эзэнтэй боллоо. Тэднийг AutoCad, 3ds Max зэрэг програмуудыг бүтээгч AutoDesk худалдан авчээ.

Дэлхийн хамгийн алдартай компьютерийн дагалдах хэрэгсэл үйлдвэрлэгч Logitech утасгүй чихэвчний Plantronics компанийг 2.2 тэрбум доллараар худалдан авах санал тавьсан байна. Энэ нь Лозанн хотноо төвтэй Швейцарь компанийн хувьд түүхэн дэх хамгийн том худалдан авалт нь болох билээ.

Сонирхолтой санал асуулга, сошиал энтертэйнмент мэдээгээрээ алдаршсан Buzzfeed чанартай мэдээнд анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Buzzfeed News хэмээн тусдаа сайтаа зарласан тэд энэ удаад уншигчдадаа зориулан төлбөртэй үйлчилгээ нэвтрүүлж, зөвхөн гишүүдэд зориулсан мэдээ, нэмэлтүүдийг санал болгож байна. Өнгөрсөн жилийн борлуулалтын төлөвлөгөө нь 20 хувиар дутсан гэх Buzzfeed шинэ үйлчилгээгээрээ нэмэлт орлогын эх үүсвэр үүсгэнэ гэж үзэж байгаа аж.

К.Гонтой холбоотой мэдээлэл авто салбарыг цочроов

Энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

"The Lion King" буюу "Араатны хаан арслан" киноны шинэ трэйлэр ердөө 24 цагийн дотор 224 сая хандалтыг авснаараа Disney-ийн дээд амжилтыг тогтоолоо. Тэдний өмнө Marvel-ийн Avengers: Infinity War-ийн трэйлэр л 238 сая үзэлт авснаараа бичигдэх болж байна. 1994 онд анх гарсан тус кино дэлхий даяар 950 сая долларын орлого олж, бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн шилдэг анимэйшн кинонд тооцогддог юм. Disney-ийн шинэчлэн хийж буй ээлжит классик кинонуудын нэг Симбагийн түүх 2019 оны 7-р сарын 19-нд нээлтээ хийнэ.

Талархлын баярын өдөр давхацсан долоо хоногийн бокс оффисийг "Ralph Breaks The Internet" 84.6 сая долларын орлогоор тэргүүллээ. Ralph-ийн 2 дахь кино Disney-ийн хувьд энэ сард нээлтээ хийсэн Frozen-ий дараах хамгийн амжилттай кино болж байна. Роки Бальбаогийн ээлжит кино, Creed II ч мөн адил амжилттай нээлтээ хийж 55.6 сая долларын орлогоор 2-р байрт бичигджээ. Сонирхуулахад, Fantastic Beasts-ийн 2-р анги энэ долоо хоногт 4-р байрт жагсаж, дэлхий даяарх орлого нь 400 саяд хүрчээ. Lionsgate-ийн гол найдвар тавьж байсан Robin Hood-ийн кино ердөө 14 сая долларын орлого олсон нь таамаглалаас тун бага үзүүлэлт байв.

Хөгжмийн ертөнцийн хамгийн дуулиант уран бүтээлчдийн нэг Жастин Биебер албан ёсоор гэрлэсэн гэдгээ инстаграм хуудсаараа зарлалаа. 24 настай Биебер өөрөөс 2 насаар дүү, модель, жүжигчин Хэйли Балдвинтай 9-р сард гэрлэлтээ батлуулсан аж. Хэйли Балдвин бол алдарт Балдвины ах дүүсийн хамгийн бага нь болох Стивений охин юм.

Өнөө цагийн гольфийн спортын өнгийг тодорхойлж буй шилдэг тамирчид болох Тайгер Вүүдс, Фил Микельсон нар 9 сая долларын бооцоотой халз тулаан хийлээ. Үндсэн 18 нүхний дараагаар 2 тамирчны оноо тэнцэж, улмаар нэмэлт цохилт хийхэд 22-р нүхэн дээр Микельсон илүүрхэж оноо авснаар энэ тулааны ялагч болжээ. AT&T энэ тоглолтыг өөрийн стриминг аппаар дамжуулж 20 долларын үнэтэйгээр борлуулсан ч техникийн асуудлын улмаас гацаж, улмаар Bleacher Report сайтаар үнэгүй дамжуулсан аж.

Алдалгүй унших арван мэдээ

Konbini: Бээжингийн иргэдийн зан үйлийг 2020 оноос эхлэн шүүж эхэлнэ
BBC: Европын холбоо Brexit-ийн гэрээг зөвшөөрөв
CNN: Шинэ Зеландад 140 халим үхсэн хэрэг гарлаа
The Verge: Apple-ийн дизайнер 250 мянган долларын үнэтэй бөгж урлажээ
Techcrunch: Олон Улсын Сансрын Станцын түүхэн 20 жилийн чухал 11 мөч
Recode: Discord-ийг хэн авах вэ?
Eurosport: Л.Хэмилтон ялалтаар хаалтаа хийлээ
QZ: Уур амьсгалын өөрчлөлт эдийн засагт тэрбум тэрбумын хохирол дагуулна
Vox: Dolce&Gabbana Хятадын хэрэглэгчдээс уучлал хүслээ
Variety: Н.Кидманы олон төрх

9737   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.