Оны төгсгөл ойртсон энэ үед удаан хүлээлгэсэн телевизийн цувралууд дараагийн улирлаа толилуулж, ихээхэн найдлага тавьж буй том дэлгэцийн бүтээлүүд нээлтээ хийж, киноны салбарын оргил үе тохиож байна. Үүнтэй холбогдуулан Unread-ийн багийнхан бид ойрын өдрүүдэд үзсэн сонирхолтой, онцлууштай, сэтгэл хөдлөм кинонуудаа хуваалцаж байна. Та ч гэсэн өөрийн үзсэн киногоо бидэнд санал болгоорой.

Fantastic Beasts: The Crimes of Grindelwald 

@baysanaa : Д.Мөнхбаясгалан

Харри Поттерийн өмнөх үеийн шидтэнүүдийн түүхийг өгүүлэх Fantastic Beasts цувралын хоёр дугаар анги бүх л Поттер толгойтнуудын удаан хүсэн хүлээсэн кино мөн байсан биз ээ. Үйл явдлын хувьд эхний ангитайгаа харьцуулахад амьтдаас илүүтэй бидний сайн мэдэх дүрүүдийн холбоо хамаарал, уг гарвалыг харуулсан нь маш их таалагдав. Альбус Дамблдорын залуу ахуй үетэй танилцахаас эхлээд багаасаа л үзэж, уншиж өссөн тэр зохиолд гардаг танил нэрнүүд цочирдом үйл явдлын нэг хэсэг байсныг харах нь гайхалтай байлаа.

Өмнөх ангийн төгсгөлд сөрөг талын баатар Гринделвалд баригдаж, Криденс өөрийн хүссэн эрх чөлөөг олж аван, яг л бүх зүйл амар сайхандаа жаргаж буй мэт санагдаж байсан ч энэ ангид нөхцөл байдал тэс өөрөөр эргэв. Энэ удаагийн ангид киноны туршид өрнөсөн бүхий л зөрчил, адал явдлын тайлал, гол түлхүүрээс дөнгөж атгуулаад дуусчихсан нь дараагийн ангийг өдөр тоолон, тэсэж ядан хүлээхэд хүргэлээ. Харин дүрслэл, хийцийн хувьд ярих юмгүй бодит мэдрэмж төрүүлж, киноны туршид сэтгэл хөдөлгөж байсан ч энэ нь классик Харри Поттер цувралыг л үзэхэд авч чаддаг тэр ид шидийн гэмээр нэг тийм онцгой мэдрэмжийг хараахан өгч чадсангүй. Гэсэн ч цоо шинэ өнгө төрх, цоо шинэ оньсого шиг үйл явдлаар дүүрэн Ж.К.Роулингийн гайхалтай төсөөлөл дараагийн ангиудад ч бидний урмыг хугалахгүй гэдэгт тун итгэлтэй байна.

Fantastic Beasts нь нийт 5 цуврал анги хийгдэх бөгөөд би л хувьдаа дараагийн ангиудаас Харри Поттертой холбогдох илүү олон хариулт, утга учрын тайллыг хүлээж байна.

MONGOLIAN CONNECTION

@ganbaa1115: Э.Ганбаатар

Монголын кинонд гадаад хүн тоглосон хэд хэдэн жишээ бий ч амжилттай болсон анхных нь Mongolian Connection болов уу. Ялангуяа Монгол киноны гол дүрд гадаад хүн тоглосон тохиолдол байсангүй. Орос, англи, монгол гурван хэл дээр өрнөх киноны диалог сайн байж киноны чанар, үйл явдал, өрнөлийг унагаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Мөн монгол кинонуудын буудалцаан, зодоон, тулаанууд дэндүү хиймэл, үнэмшилгүй байдаг байсан бол Mongolian Connection-д гадны экспертүүд, туршлагатай мэргэжилтнүүдийн оролцоо их байсан болоод ч тэр үү ийм хэсгүүд тун үнэмшилтэй болжээ. Бусад кинонуудад ийм адал явдалт үзэгдлүүд болох үед киноны уур амьсгал алдагдаж, гадаад хүний яриа ороод ирэхээр дэндүү хиймэл болчихдог байсан дүр зураг харагдаагүй нь хамгийн ололттой тал байлаа.

Киноны гол дүрд тоглосон Кайви Лиман өмнө нь дэлхийн алдартай цувралууд болох Westworld, American Horror Story кинонуудын хэд хэдэн ангид дүр бүтээж байсан туршлагатай аж. Киноны гол гурван дүрийн нэг болох жүжигчин Амараагийн дүр "эзлэх" жингийн хувьд өмнөх кинонуудаасаа арай бага ч тус кинонд хамгийн их сүр нэмж, "амь" оруулж байсныг онцлох ёстой.

Crazy rich asians

@nkhaliunaa: Н.Халиунаа

“Солиотой” баячуудын амьдрал, ази гэр бүлийн соёл, хайр дурлал зэрэг сэдвүүдийг хөнгөн хөгжилтэй байдлаар хөндсөн Crazy Rich Asians киног онцолъё. Өнгөцхөн харахад киноны гол санаа нь оригинал биш, байдаг л нэгэн сэдэв мэт санагдаж магадгүй. Гэвч гол дүрийн эмэгтэй профессор Рачел Чу нь энгийн, ухаалаг нэгэн бөгөөд өөрийн амьдралыг аваад явах чадвартай, шийдэмгий нь бусад энэ төрлийн кинонууд болон эмэгтэй дүрүүдээс онцлог. Бусад дүрүүд ч гэсэн шинэлэг, хөгжилтэй, хайр татам. Онцолж хэлэхэд зохиолын гол баатар Элеонорын найзын дүрд Т. Энхтунгалаг хэмээх Монгол жүжигчин бүсгүй тоглосон ажээ.

Ази Америк гаралтай жүжигчдээс бүрдсэн Холливудын анхны кинонуудын нэг болсноор Crazy Rich Asians кино урлагийн салбарт “нэрээ мөнхөлж”, Холливудад төрөл бүрийн гарал үүсэлтэй жүжигчдийн орон зай хэрэгтэй байгааг батлан харуулсан нь үнэхээр авууштай. Нэг удаа зорьж үзэхэд бол сонирхолтой, эхлэхээсээ дуусах хүртлээ таныг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна.

Coldplay: A Head Full of Dreams

@amaraawp: А.Амаржаргал

Queen хамтлагийн дуучин, рок хөгжмийн домог Фредди Мэркүригийн амьдрал, түүхийг өгүүлэх Bohemian Rhapsody, алдарт дуучин Lady Gaga нарын тоглосон A Star is born зэрэг кинонуудтай зэрэгцэн нээлтээ хийсэн Coldplay: A Head Full of Dreams хэмээх Coldplay хамтлагийн сэтгэл уярам түүхийг өгүүлэх баримтат киног онцолж байна. Уг кинонуудын аль нь ч Монголд гарах боломжгүй байсан ч Coldplay Mongolia болон Gegeenten Entertaintment төвийнхөн уйгагүй хичээсний үр дүнд Coldplay хамтлагаас Монголд ганцхан удаа үзүүлэх эрхийг авч чадсан юм.

Баримтат кинонд Coldplay хамтлаг анх Star Fish нэртэйгээр даруухан эхэлж орчин үеийн хамгийн алдартай алтернатив рок хамтлагуудын нэг болсон тухай, 3 жилийн дотор дэлхийн хамгийн том хөгжмийн наадам Гластонбюрид "бие халаалтын" хамтлагаас хэрхэн тэргүүлэгч хамтлаг болсон тухай бахархам түүхийг өгүүлнэ. Сая сая хүнийг байлдан дагуулсан цомгууд хэрхэн бүтээгдэв, тэдний хувийн амьдрал, хамтлаг доторх уур амьсгал, хоорондын харилцаа зэрэг олонд ил болоогүй зүйлсийг энэ киноноос л мэдэх боломжтой.

A silent voice

@buted: О.Бүтэд

"A Silent Voice"-оос илүү амжилттай, илүү орлого олсон аниме кинонууд зөндөө бий ч ихэнх нь ид шид, өөр ертөнцийн элементүүдийг ихээр тусгасан байдаг. Харин энэхүү анимегийн хувьд бидний амьдралд тохиолддог энгийн асуудлуудыг хөндсөн нь онцгой сэтгэгдэл үлдээсэн учраас онцлохоор шийдлээ. Кино Нишимияа Шоко хэмээх дүлий охин шинэ сургуульд шилжиж ирснээр эхлэх бөгөөд ангийнхан нь, ялангуяа Ишида Шояа гэх хүүхэд Шоког хөгжлийн бэрхшээлээс нь болж дээрэлхэн гадуурхсаар сургуулиа орхиход хүргэдэг. Гэтэл карма ч гэх үү, тэр үеэс Ишида Шояаг хүмүүс хулигаан гэж үзэн бүгд гадуурхаж эхлэх болно. Нөхцөл байдал нүд ирмэхийн зуур ингэж өөрчлөгдсөнөөс хойш үргэлжлэх киноны үйл явдлууд хэзээ ч бидний төсөөлж байгаагүйгээр, таамагласны эсрэгээр, эсрэг тэсрэг хүмүүс яг адилхан зүйлээс болон шаналж, адилхан сэтгэл гутралд орж болно гэдгийг харуулан, түүнтэйгээ хэрхэн зохицон амьдарч байгааг сэтгэл хөдлөм байдлаар харуулдаг.

Дэлхийн дахинд цуурайтаж чадсан Япон анимэйшнуудыг бүтээсэн Ghilbi студи, орчин цагийн Хаяо Мияазаки гэгдэж буй Макото Шинкай нарын аль алиных нь оролцоо байхгүй хэдий ч "A Silent Voice" бол баяр, гунигийн аль алийг танд мэдрүүлж чадах, нэгийг бодогдуулах бүтээл гэдэгт эргэлзэхгүй байна.

Цөмөөхэй ба Дөрвөн хаант улс 

@namuka_baatar: Б.Намуун

Шинэ жил айсуй. Аль есдүгээр сард л АBBA-ийн “Happy New Year” сонсоод догдолчихсон. +20 хэм байхад л цасыг санаж, гацуурыг үгүйлж, олон том бэлгээ санаад эхэлчихсэн. Долоо хоногийн өмнө Lang Lang - The Nutcracker Suite дууг сонсоод даашинз өмсөөд бүжиглэхийг хүссэн. Яг л Клара шиг эгшигт хайрцагны аянд.

Сэтгэлийг хөглөж, хайр, уучлал, энэрэл, баяр хөөрөөр дүүргэдэг болохоор, магадгүй хэзээ ч биелэхгүй мөрөөдлөө хаялах цастай хамт шивнэдэг болохоор шинэ жил, зул сар бидэнд тэгтлээ их үгүйлэгддэг биз. Диснейн олон бүтээлээс мэдэрдэг тийм гэрэл гэгээтэй бүхнийг та Цөмөөхэйгөөс хүлээж болно. Амьдралын олон асуудлаас түр хөндийрөөд ганцаараа ч хамаагүй энэ киног заавал үзээрэй. Киноны жижиг деталь хэсгүүдээс танд хэрэгтэй бүх зүйл та өөрөө л гэдгийг, өөртөө итгэх итгэл юм гэдгийг мэдэрч, юмс харагдаж байгаа шигээ үргэлж үзэсгэлэнтэй байдаггүйг анзаарах болов уу. Бидний мэдэх Цөмөөхэйн түүхээс тэс өөрөөр өрнөх үйл явдал танд таалагдах нь гарцаагүй. Миний хувьд анх удаа л хулганын хаан эгдүүтэй харагдсан шүү. Цөмөөхэйтэй үргэлж холбогдох хэсэг бол балет. Дөрвөн хаант улсын түүхийг өгүүлэх балетийг өнгөт арьст балетчин Миски Көүпланд бүтээсэн нь бүр ч үзэсгэлэнтэй харагдаж байсныг дурдмаар байна. Кино дуусахтай зэрэгцэн олон хүн суудлаа орхиж байсан ч төгсгөлийн хэсгийн Fall On Me дууг заавал сонсоод, кино багийнхантай танилцаад гараарай.

haunting of hill house

@uundaa: А.Ундрал

Netflix-ийн энэ намрын хамгийн гол найдлага тавьсан цувралуудын нэг бол The Haunting of Hill House. Та аймшгийн төрөлд дургүй байж болно, элдэв сүнс-хачин балай зүйлсэд анхаардаггүй, бас итгэдэггүй байж болно. Эсвэл бүр энэ жанрын супер фен байгаад бараг бүх үйлдлүүдийг урьдчилан тааж чаддаг, анхаарал татахуйц сүртэй үйл явдал үгүйлдэг болсон ч байж болно. Аль нь ч байсан заавал энэ цувралыг эхлүүлээд үзээрэй. Энгийн нэг гэр бүлийн ихээхэн адармаатай, бас гунигтай үйл явдал танд энэ түүхийг дуустал нь үзэх хүслийг төрүүлэх вий.

Бусад аймшгийн кинонууд шиг хэт ядсан, дуугаараа айлгах гэсэн, цочоож орилуулах гэсэн, сэжиг төрүүлэх хэсгүүд энд огт байхгүй. Зүгээр л сэтгэл зүйгээр тань “наадаж”, бөөн асуулт үлдээж, гэнэтийн эргэлтүүдээрээ таныг татна. Гэхдээ л аймшгийн кино үзэж байгаад анх удаа шахуу ямар ч хяналтгүй, үхтэлээ цочиж, орилсноо төгсгөлд нь сануулъя.