Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   11 сарын 18, 2018

7 хоногийн тойм: Амазоны төлөөх тулаан + Баяртай, ноён Марвел + Оны онцлох үг

Ковер зургийн тайлбар: Амазоны төлөөх тулаан өндөрлөв

Онцлох: амазон шинэ оффисоо зарлалаа

Дэлхийн цахим худалдааны тэргүүлэх платормуудын нэг Amazon шинэ оффисоо хаана байгуулах болсноо зарлалаа. Тэд олны таамаглаж байсанчлан нэг газар бус, 2 хотод, Нью Йоркийн Лонг Айланд, Виржиниагийн Кристал Ситид оффисоо байгуулах болжээ.

2017 оны 9-р сард 50 мянган ажлын байр бий болгож, 5 тэрбум долларын бүтээн байгуулалт хийх учиртай шинэ төслөө танилцуулсан тэд үүнийгээ хотуудын хооронд өрсөлдөөн болгон хувиргасан юм. Нийт 200 гаруй хот Амазоны шинэ оффисийг хүлээн авах хүсэлтээ илгээж, төрөл бүрийн татварын хөнгөлөлт амласаар байсан. Улмаар 2018 оны 1-р сард эхний шатыг давсан 20 хотыг нэрлэснээс хойш ямар нэгэн мэдээлэл гараагүй байсан билээ.

Хэдий Амазон оффисоо байгуулах болсноор тухайн бүс нутгууд дахь үл хөдлөх хөрөнгийн үнэ "тэнгэрт хадаж" байгаа мэдээлэл гарсаар байгаа ч чадварлаг мэргэжилтнүүд, шинэ дэд бүтцүүдийн ачаар эдийн засагт эерэг нөлөө гарна гэдэгт хотын удирдлагууд итгэлтэй байна. Нью Йорк хот Амазонд 10 жилийн хугацаатай 1.3 тэрбум долларын татаас-хөнгөлөлтийг санал болгож байгаа бол Виржиниа 573 сая долларын татаасыг санал болгожээ.

Мөн тэд үүнээс гадна Нэшвилл хотноо ложистикийн үйл ажиллагаа хариуцах учиртай шинэ оффисоо байгуулах болсноо зарласан юм. Нийт 5 мянган ажилтанд зориулсан тус оффисийг хүлээн авахын тулд хотын захиргаа 102 сая долларын хөнгөлөлтийг Амазонд амласан гэнэ.

1994 онд Сиэтлд үүсгэн байгуулагдсан Амазоны үндсэн оффист 40 мянган хүн ажилладаг бөгөөд 33 байшинд хуваагддаг аж.

дэлхий дахинд

Oxford Dictionary-аас жил бүр уламжлал болгон нэрлэдэг "Оны онцлох үг"-ээ танилцууллаа. Тэгвэл энэ жилийн онцлох үгээр "toxic" буюу "хортой" гэсэн үгийг нэрлэсэн байна. Тухайн жилд хамгийн их хэрэглэгдсэн, тухайн жилийн гол үйл явдлууд, уур амьсгалыг тодорхойлох чадвартай хэмээн үзсэн үгийг ийн тодруулдаг уламжлалтай. 2017 онд "youthquake", 2016 онд "post-truth" гэсэн үгүүд онцлохоор нэрлэгдэж байв.

Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй улсаа Европын холбооноос гарах төлөвлөгөөний эцсийн хувилбараа танилцууллаа. 2019 оны 3-р сарын 29-нд албан ёсоор шилжилт эхлэх хуваарьтай, 585 хуудас бүхий энэ төлөвлөгөөтэй холбоотой улс төрийн эмх замбараагүй байдал үүсэн, хэд хэдэн кабинетийн нөлөө бүхий гишүүд нь огцрох өргөдлөө өгөөд байна. Сөрөг хүчний зүгээс илүү ашигтай, сайн тохиролцоонд хүрэх ёстой хэмээн шахсаар байгаа билээ.

Amnesty International Мьянмарын лидер Ан Сан Су Чи-д олгосон хамгийн нэр хүндтэй шагналаа эргүүлэн татаж, цуцалж байгаагаа зарлалаа. 1991 оны Нобелийн энх тайвны шагналт түүнийг улс оронд нь өрнөж буй Рохингягийн хямралыг зогсооход дорвитой үйлдэл хийлгүй, улам өдөөн өөхшүүлж байгааг нь олон улсын зүгээс шүүмжилж байгаагийн нэг илэрхийлэл нь энэ болж байна.

Уолт Диснейн 1927 онд бүтээж байсан Oswald: The Lucky Rabbit цувралын алдагдсан анги Японоос олдсон байна. Аниме судлаач Ю.Ватанабе уг бүтээлийг 70 жилийн өмнө ердөө 500 иенээр худалдан авч байсан гэнэ. Диснейн анхны цуврал хүүхэлдэйнд тооцогддог Освалдын түүхийг өгүүлэх цуврал 27 ангиас бүрддэг байсан ч 7 нь алга болсонд тооцогддог юм. Сонирхолтой нь, У.Дисней энэхүү дүрээс болж Universal-тай зохиогчийн эрхийн маргаан үүсгэж, улмаар хөгжүүлэхээ зогсоон шинэ бүтээл дээр ажиллаж эхэлсэн нь алдарт Микки Маус байсан түүхтэй аж.

Хүндийн хэмжүүр килограммыг тодорхойлох аргачлалд өөрчлөлт орлоо. Ирэх оны тавдугаар сараас эхлэн килограммын хэмжээг цахилгаан гүйдэл, биеийн жин хоёрын харьцааг илэрхийлэгч Планкийн тогтмолын тусламжтай тогтоож байх юм. Өмнө нь Парист өндөр хамгаалалттай шилэн хоргонд хадгалагддаг цилиндр хэлбэртэй металл хайлшийг килограммын эталонд тооцдог байв. Дэлхийн улс орнууд өөр өөрийн эталоныг зөв хэмжээтэй байгаа эсэхийг Парис руу илгээн энэхүү “Le Grand K” гэдэг эталонтой жишиж баталгаажуулдаг байжээ.

технологийн ертөнцийн эргэн тойронд

Google бизнесийн байгууллагуудад өөрсдийн нүүр хуудсаа үүсгэн хөгжүүлж, хэрэглэгчидтэйгээ ойртох боломж олгосон Google My Business апп-аа танилцууллаа. Ингэснээр тэд Facebook Page-үүдтэй шууд өрсөлдөх боломжтой болж байгаа юм. Энэ шинэчлэлийн хүрээнд Google Map дээр бизнесүүдийг "дагах" цэс нэмэгдэж байгаагаас гадна шууд хайлттай уялдан мэдээлэл үзэх боломжтой болж байгаа гэнэ.

Facebook ажил горилогчид, залуу мэргэжилтнүүд рүү чиглэсэн Learn with Facebook нэмэлтээ танилцууллаа. 2020 он гэхэд 1 сая мэргэжилтэнд тодорхой ур чадваруудыг суулгасан байх зорилготой тус нэмэлтээр хэрэглэгчид хичээл үзэн, менторшип үйлчилгээ авна. Мөн боломжит ажлын байр олгогчидтой холбогдон, карьераа төлөвлөх ч боломжтой гэнэ. Ингэснээр тэд Microsoft-ийн эзэмшиж буй Linkedin-тэй шууд өрсөлдөнө гэсэн үг. Энэ чиглэлээр тэргүүлэгч Linkedin өнгөрсөн долоо хоногт шинээр нэвтрүүлсэн сурталчилгааны бизнес нь ихээхэн амжилт олж, 2 тэрбум долларын борлуулалт хийснээ зарласан билээ.

Удахгүй өрнөх "хар баасан гараг"-ийн өмнө Инстаграм хэрэглэгчдэдээ худалдаа хийх боломжийг олгосон хэд хэдэн нэмэлтийг танилцуулав. Брэнд, бизнесийн байгууллагууд өөрсдийн хуудсандаа "дэлгүүр" гэсэн цэсийг нэмэх боломжтой болсон байна. Мөн хэрэглэгчид видеоноос шууд худалдаа хийх, сторид дурдагдаж буй брэндүүдийг хадгалж авах боломжтой болжээ.

Шинэ Зеландад төвтэй сансрын технологи хөгжүүлэгч стартап Rocket Lab 140 сая долларын шинэ хөрөнгө оруулалт татлаа. Өнгөрсөн долоо хоногт анхны туршилтын пуужингаа амжилттай хөөргөсөн тэд ердөө 3 сарын дотор үйлдвэрлэгддэг, жижиг хэмжээтэй, хямд үнэтэй пуужин бүтээх технологи хөгжүүлж байгаа билээ.

Youtube тун удахгүй бүрэн хэмжээний киног байршуулдаг болох гэж байна. Тэд эхний ээлжинд зөвхөн Америкийн зах зээлд зориулан The Terminator, Rocky, Legally Blonde зэрэг шилдэг кинонуудыг үнэгүй үзэх боломжтойгоор сайтдаа тавиад байна. Free to Watch гэсэн тусгай цэсэнд байрлах кинонуудыг хэрэглэгчид үзэхдээ дундуур нь гарах сурталчилгааг заавал үзэх ёстой болох гэнэ.

бизнесийн ертөнцийн эргэн тойронд

145 жилийн түүхт дэлхийн хамгийн алдартай жинс үйлдвэрлэгч Levi Strauss IPO хийхээр зэхэж байна. 5 тэрбум долларын үнэлгээтэй тус компани 2019 оны эхний хагаст багтаан 600-800 сая долларыг босгох төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Тус компани 1971 онд хамгийн анх нээлттэй компани болж байсан ч 1984 онд хувьцаагаа эргүүлэн татаж байсан удаатай.

Алдарт тэрбумтан Майкл Блүүмбэрг өөрийн төгссөн John Hopkins University-д 1.8 тэрбум долларын хандив өргөлөө. АНУ-ын их сургуулиудын түүхэнд хамгийн өгөөмөрт тооцогдох тус хандивыг бага болон дунд орлоготой өрхүүдийн хүүхдүүдэд тэтгэлэг олгох, чанартай боловсролыг илүү хүртээмжтэй болгох зорилгоор ашиглах гэнэ. Bloomberg-ийн үүсгэн байгуулагч, хожим Нью Йоркийн амбан захирагчаар ажиллаж байсан Блүүмберг тус сургуулийг 1964 онд төгсөж байжээ.

Энэтхэгийн хамгийн том онлайн худалдааны платформ Flipkart-ийн үүсгэн байгуулагч Бинни Бансал "ажлын байран дээр зохисгүй авир гаргасан" гэсэн үндэслэлээр CEO-ийн ажлаа хүлээлгэн өглөө. Тэрээр 2007 онд өдгөө 30 мянган ажилтантай болж, Walmart-д 16 тэрбум доллараар зарагдсан Flipkart-ийг үүсгэн байгуулж байсан юм.

Хятадын интернет гигант Tencent улирлын тайлангаа зарлаж, 24 хувийн өсөлттэй буюу 11.6 тэрбум долларын орлого олсноо танилцуулав. Харилцаа холбооны WeChat, гар утасны PUBG тоглоомыг эзэмшигч Tencent-ийн өмнөх улирлын тайлан тийм ч сайн байгаагүй. Гэсэн ч сурталчилгаа, контентийн бизнесийн өсөлт болон 9-р сард Meituan-ий хийсэн IPO-ийн нөлөөгөөр тэд ийм амжилт үзүүлсэн байна.

2019 онд IPO хийхээр зэхэж буй юникорн стартапууд болох Uber, Airbnb санхүүгийн үзүүлэлтээ ил болголоо. Өнгөрөгч улиралд борлуулалтын орлого нь 38 хувиар өсөж, 2.95 тэрбумд хүрсэн ч Uber одоог хүртэл алдагдалтай ажилласан хэвээр. Тэд 1.07 тэрбум доллар алдсан байна. Харин Airbnb 1 тэрбум долларын борлуулалт хийж, 2 дахь жилдээ ашигтай ажиллах төлөвтэй байгаагаа зарлалаа. Тэд 2017 онд 100 сая долларын ашигтай тайланг танилцуулж байсан билээ.

энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Марвелын хамгийн алдартай уран бүтээлч, Iron Man, Spider Man, Hulk, Black Panther зэрэг супер баатруудыг бүтээгч Стан Ли 95 насандаа таалал төгслөө. 1939 онд хожмын Марвелд хүчин зүтгэж эхэлсэн цагаасаа хойш тэрээр комик ертөнцийн хамгийн алдартай дүрүүдийг бүтээж, олон нийтэд түгээн сурталчилсаар ирсэн билээ.

NYTimes: Стан Лигийн дурсгалд

Game of Thrones-ийн сүүлийн бүлэг 2019 оны 4-р сард цацагдах болсныг HBO албан ёсоор баталлаа. Ингэснээр 2011 онд гарсан даруйдаа хит болж, хүртэж болох бүх шагналуудыг өөрийн болгоод буй тус цуврал 2019 оны Эмми шагналд өрсөлдөх боломжтой болж буй юм. 8-р бүлэг ердөө 6 ангиас бүрдэх ч анги бүр нь бүрэн хэмжээний киноны урттай байх аж.

81 настай Английн зураач Дэвид Хокнигийн "Portrait of an Artist" нэртэй бүтээл дуудлага худалдаанд 90.3 сая долларын үнэ хүрэн зарагдлаа. Ингэснээр зураач нь амьд байгаа хамгийн үнэтэй бүтээл болон дээд амжилт тогтоосон юм. 1972 онд зурж, 18 мянган доллараар анх зарж байсан гэх энэ бүтээлээ туурвихдаа тэрээр 6 сарыг зарцуулсан гэнэ.

Netflix зөвхөн гар утсанд зориулсан шинэ төрлийн гишүүнчлэлийн хэлбэр санал болгохоор зэхэж байгаа гэнэ. Сарын 4 долларын төлбөртэй байх тус үйлчилгээ нь Азийн зах зээл рүү илүү чиглэх бөгөөд Малайзад туршилтаар эхлүүлэхээр зэхэж байгаа аж. Netflix хэрэглэгчдийн өсөлтөө хадгалах үүднээс илүү хялбар, илүү хүртээмжтэй үйлчилгээ санал болгох зорилготой байгаагийн илрэл нь энэ болж байна.

Өнгөрөгч долоо хоногт хүлээлт өндөртэй байгаа хэд хэдэн бүтээл эхний трэйлэрүүдээ танилцууллаа. Алдарт Тим Бюртоны бүтээж буй, ирэх оны 3-р сард дэлгэцнээ гарах "Дамбо" киноны шинэ трэйлэр хамгийн их анхаарал татсан бол Покемоны ертөнцийн эхний дэлгэцийн бүтээл "Мөрдөгч Пикачу" ч дүрслэл, өрнөлөөрөө олон үзэгчдийг өөртөө татав. Энэ хооронд Niantic Pokemon Go-ийн стилиэр хийж буй Harry Potter-ийн шинэ тоглоом Wizards Unite-ийн шинэ трэйлэрийг цацжээ. Үүнээс гадна Pixar-ийн хамгийн алдартай хүүхэлдэйн кино Toy Story-ийн 4-р анги ирэх оны 6-р сард гарах болсныг дуулгая.

алдалгүй унших арван мэдээ

CNN: 1.5 тэрбум долларын лотоны ялагч гарч ирээгүй л байна
Forbes: 30 хүртэлх насны 30 шилдэг залуустай танилц
Bloomberg: 2019 онд анхааралтай ажиглах 50 стартап
Techcrunch: SpaceX 7518 шинэ хиймэл дагуул хөөргөнө
Official Charts: Dido шинэ цомгоо зарлаж, 15 жилийн дараа аялан тоглолт хийх боллоо
BBC: Хотууд яагаад Олимпийг үл тоох болов?
ABC: CNN Цагаан ордныг шүүхэд ялав
Recode: Сан Францискогийн агаарын бохирдол дэлхийд тэргүүлэв
CBS: Калифорнийн түймэрт 60 гаруй хүн амиа алдаад байна
The Verge: Tетрис Эффект

9727   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.