Өвөр Монголын "Алтан гурвалжин" гэгддэг Бугат, Ордос, Хөх хот гэсэн гурван хотоор зочилж тус улсын инноваци, гарааны бизнесийн орчинтой танилцсан аяллын тэмдэглэлийнхээ дараагийн хэсгээр өөрийн зочилсон зарим парк, төвүүдийг онцлон хуваалцахаар шийдлээ. Төрийн оролцоо бус "төрийн дэмжлэг + гарааны бизнес" гэсэн загвар зочилсон газар бүрд маань тодорхой харагдаж байсныг дурдах нь зүйн хэрэг. Энэхүү нийтлэлд дурдагдах төв, паркууд маань Өвөр Монголын инноваци, технологийн загвар болсон газрууд бөгөөд бусад газар нь ерөнхийдөө эдгээр газруудын загвараар үйл ажиллагаагаа явуулж байсныг онцолъё.
Хэрэв та өмнөх нийтлэлийг хараахан уншиж амжаагүй байгаа бол энд дарж сонирхоорой.
Хөх хотын Liuchang парк
Өвөр Монголын хамгийн нүсэр инкубатор төв бол Хөх хотын Liuchang парк. Хөх хотод нийт 12 салбартай тус паркт 254 компани бойжиж байгаа бөгөөд 28 нь удахгүй IPO гаргахаар төлөвлөж байгаа гэсэн сүрдэм танилцуулгаар бидний айлчлал эхэлсэн юм. 100 хувь төрийн эзэмшлийнх нь учраас бусад паркуудаас ч илүү мөнгөн болон эд материалын дэмжлэгтэй. Уг инкубаторт тэнцсэн стартапуудын эхний 2 жилийн түрээсийг төрөөс дааж, 3 дахь жилийн төлбөрийг нь 50 хувь хөнгөлдөг. 2012 оноос хойш одоогоор уг компаниудын түрээсэнд 16 сая орчим долларыг төрөөс төлсөн байна. Харин уг стартапуудын төслийг дэмжих зорилгоор 10 орчим сая долларын санхүүжилтийг төрөөс гаргаад байгаа аж. Уг инкубаторт Хятадын том компаниудын мэргэжилтнүүд ирж менторын үйлчилгээ үзүүлдэг. Үүний хамгийн том төлөөлөл нь алдарт Huawei компани.
ZBJ.com сайтын үйлчлүүлэгчдэд зориулсан дундын оффис. Liuchang-д байрлах "Zhu Bajie" компани түр зуурын ажил хайж буй хүн, тусгай чадвартай хүнийг тур зуур ажиллуулах сонирхолтой хүмүүсийг зуучлах энэ вэбсайтыг эрхлэн явуулдаг юм. Лого хийх, видео бүтээх, нэг удаагийн ганц хүний үйлчилгээ, туслалцаа авах гэх мэт түр зуурын чадвар хэрэг болсон үед тус сайт руу хандахад та өөрийн хүссэн мэргэжилтнийг олж болно. Цаад хүмүүс нь тухайн компанитай тохиролцоод ажлаа гүйцэтгэхээр болбол ZBJ-ийн дундын оффист үнэ төлбөргүй үйлчлүүлж ажлаа гүйцэтгэх боломжтой аж.
ГадаадАД төгсөгч оюутнуудын пионер парк
Өвөр Монголын шинжлэх ухаан, технологийн паркуудаас хамгийн алдартай газруудын нэг нь гадаадад төгссөн оюутнуудын парк аж. Бидний зочилсон хотуудад аль алинд нь байрлах уг паркуудаас Хөх хотын салбартай нь танилцах боломж тохиосон. Паркийн инкубаторт хамрагдсан компаниудын ихэнх ажилтан нь гадаадын их дээд сургуулиудад төгссөн залуусаас бүрдсэн байх аж. Уг парк нь гадаадад сургууль төгссөн чадварлаг боловсон хүчнээ эх оронд нь эргүүлэн авчрах, чадварлаг залуусаа гадагшаа алдахгүй байхаас сэргийлэх зорилготой. Тэд гадаадад боловсрол эзэмшээд ирсэн залуус бизнес эхлүүлэх нь илүү давуу талыг үүсгэдэг гэж үздэг. Уг паркт бойжиж буй компанид ихэвчлэн өндөр технологийн компаниуд, big data дээр суурилсан стартапууд багтаж буй нь ямар чанартай инкубатор болохыг илтгэнэ.
Бидний зочилсон Casicloud хэмээх компанийн Big data дээр суурилсан төслүүд ихээхэн сонирхол татав. Big data дээр суурилан газар тариалангаас авах ургацын хэмжээг ихэсгэх, үйлдвэрлэлийг үр дүнтэй болгох, худалдан авалтын мэдээлэл дээр суурилан борлуулалтыг нэмэгдүүлэх олон боломжийг үүсгэж байгаагаа бидэнд тайлбарлаж өгсөн юм.
Ордос хотын инноваци, шинжлэх ухаан технологийн паркт байрлах хиймэл оюун оюуны чиглэлийн стартап компанийн бүтээсэн AI робот. Хятад хэлтэй бол таны бараг бүхий л асуултанд хариулах их мэдэгч робот.
helingeer innovation space + big data center
Хөх хотоос 20 орчим километрийн зайд байрлах Helingeer буюу Өвөр Монголоор бол “Хорин гэр” хэмээх инновацийн инкубатор төв бол Өвөр Монголын гарааны бизнесийн урдаа барьдаг газруудын нэг юм. Хотын гадна тусгайлан байгуулсан тус төв нь ажиллах орчноос гадна тус инкубаторт байрлах компаниудын ажилтнуудын амьдрах хорооллыг үүсгэж өгснөөрөө онцлогтой. Ажиллах зарчмын хувьд бусад инкубаторуудаас ялгагдах зүйл байхгүй бөгөөд хотоос гадна байрласан тул ажил гэр нь нэг дор байрласан хүмүүст сатаарах зүйл байхгүй гэдгээрээ ялгаатай. Тиймээс илүү төвлөрч ажиллах арга барилтай хүмүүс, компаниуд тус инкубаторт хамрагддаг байна. Мөн тус газар “Helingeer Big Data center” байх бөгөөд энд Өвөр Монголын олон компани датагаа хадгалдаг аж. Өвөр Монгол нь Хятадын хойд хэсэгт байрладаг тул харьцангуй сэрүүн уур амьсгалтай. Тиймээс дата хадгалах төв байрлахад маш тохиромжтой бөгөөд Өвөр Монголын цахилгааны үнэ Хятадынхаас харьцангуй бага байдаг тул Өвөр Монголын төдийгүй Хятадын компаниуд энд дата хадгалах төвөө байгуулах сонирхолтой байдаг ажээ.
Бугатын хөнгөн үйлдвэрлэлийн инкубатор төв
Бидний зочилсон газруудаас 100 хувь хувийн хэвшлийн, төрийн дэмжлэггүйгээр үйл ажиллагаагаа явуулдаг цорын ганц газар нь энэхүү инкубатор төв байв. Зөвхөн үйлдвэрлэл дээр суурилсан компаниудыг инкубаторт хамруулж үйлдвэрийн газар, тоног төхөөрөмж, лабораториор хангадаг. Мөн Шанхай, Шэнжэн, Бээжин хотуудаас үйлдвэрлэлийн салбарын том компаниудын мэргэжилтнүүд ирж зөвлөгөө, сургалт орохоос гадна үйлдвэр дээр нь зочилж практик дадлага олгодог байна. Компаниудыг хэд хэдэн төрлийн ажиллах орчноор хангадаг бөгөөд үүнд аж ахуйн үйлдвэр, дундын оффис, хурал сургалтын танхим зэрэг багтдаг байна. Хөнгөн үйлдвэрлэлийн салбарт ажиллахаар шийдсэн залууст тоног төхөөрөмж худалдан авах, үйлдвэр байгуулах, оффис түрээслэхэд маш өндөр зардал гаргах шаардлагатай байдаг бол энэхүү инкубаторт багтсанаар зөвхөн түрээсийг нь төлөөд маш их хэмжээний зардал хэмнэх боломжтой аж.
Мөн хөрөнгө оруулагчдын клубийн уулзалт нь сар бүр болдог бөгөөд уг уулзалтууд дээр инкубаторын компаниуд хөрөнгө оруулагчдад өөрсдийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, явц зэргийг танилцуулж, хөрөнгө оруулалт татах оролдлогуудыг хийдэг байна. Тус уулзалтан дээр зөвхөн Өвөр Монголын бус Хятадын олон хотоос хөрөнгө оруулагч нар цугладаг.
Төртэй албан ёсоор хамтардаггүй ч уг паркийг төрөөс өөрсдийн санаачилгаар дэмжин, тус инкубаторын компаниудыг татвараас 6 хувь хөнгөлж, бусад хотуудаас менторууд зочлоход зардлыг нь даах зэргээр дэмждэг байна.
Төрийн ихээхэн дэмжлэг, оролцоо байхгүй учраас энд жинхэнэ стартапууд бойжиж, гарааны бизнесийн зөв орчин хөгжиж байгаа хэмээн тус инкубаторын үүсгэн байгуулагч бидэнд тайлбарлаж байлаа.
Бугатын Өндөр технологи, инновацийн өргөн чөлөө
Бугат хотод бидний байрласан газар бол тус хотын шинжлэх ухаан, технологи, гарааны бизнесийн өргөн чөлөө байлаа. Тусгайлан хөгжүүлсэн тус өргөн чөлөөнд технологитой холбоотой газрууд дүүрэн байх аж . Уг өргөн чөлөөний бидний зочилсон гудамжинд “Гадаадад төгсөгч оюутнуудын парк”, “Ши Ту өндөр технологийн инновацийн төв”, “Бугат хотын стартап, инновацийн төв”, “Стартап кофе” буюу стартапуудын хөрөнгө оруулагчидтай уулздаг тусгай кофе шоп зэрэг олон газар байрлаж байлаа. Уг өргөн чөлөөг ийнхүү нэрийдэж, тусгайлан бүтээн байгуулалтууд хийснээр уг орчинд энтрепренерүүд, технологийн мэргэжилтнүүд, хөрөнгө оруулагчид, менторууд зэрэг гарааны бизнесийн бүх л оролцогч талууд цуглах боломж бүрджээ. Бие биедээ илүү ойр байж, коммюнити үүсгэх, хөгжүүлэх тал дээр анхааран энэхүү санаачилгыг гаргасан нь илүү хурдтай, илүү үр дүнтэй байх тал дээр томоохон түлхэц болж байгаа нь анзаарагдсан юм.
Тус өргөн чөлөөнд байрлах "Startup Coffee" кофе шоп стартапын тэмцээн, найраа, хөрөнгө оруулагчид болон энтерпренерүүдийн уулзалт зохион байгуулдгаараа алдартай.
UNREAD-ИЙН АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛИЙН БУСАД ДУГААРУУД
ШИНЭ ЭРИНИЙ СТАРТАП, ИННОВАЦИЙН ОРЧИН БУЮУ ӨМӨЗО-ООР АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ #1
ЗАЛУУСЫН АЙСУЙ ДАВЛАГАА БУЮУ БЭЭЖИН ХОТООС ХИЙСЭН ТЭМДЭГЛЭЛ
АРАБЫН ИННОВАЦИ БУЮУ ДУБАЙ, АБУ ДАБИ ХОТУУДААР АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ #1
АРАБЫН ИННОВАЦИ БУЮУ ДУБАЙ, АБУ ДАБИ ХОТУУДААР АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ #2
СТОКХОЛЬМИЙГ ЭЗЭЛСЭН МОНГОЛ СҮШИЧДИЙН АРМИ БУЮУ ШВЕДЭЭС ХИЙСЭН ТЭМДЭГЛЭЛ
ЦАХИМ ЗАСАГЛАЛЫН ХӨГЖИЛ БУЮУ ЭСТОНИ УЛСААР АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ #1
ЦАХИМ ЗАСАГЛАЛЫН ХӨГЖИЛ БУЮУ ЭСТОНИ УЛСААР АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ #2
ХЯТАДЫН ИННОВАЦИЙН ХӨГЖИЛ БУЮУ БЭЭЖИН, ГУАНЖОУ, ШЭНЖЭН ХОТУУДААР АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ #1
ХЯТАДЫН ИННОВАЦИЙН ХӨГЖИЛ БУЮУ БЭЭЖИН, ГУАНЖОУ, ШЭНЖЭН ХОТУУДААР АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ #2
АЯНЫ ТЭМДЭГЛЭЛ: ЯПОН ОРНЫ СТАРТАП ХӨДӨЛГӨӨНИЙ ТАЛААР
Сэтгэгдэл бичих