Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   11 сарын 15, 2018

Бизнест эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх нь + 'Women's Entrepreneurship Day Mongolia' эвентийн тухай

Ирэх ням гарагт буюу 11 сарын 18-нд Монголын бизнес, энтрепренершипийн орчны хөгжилд тустай нэгэн арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна. Энэ бол дэлхий даяар 145 улсад тэмдэглэн өнгөрүүлэх Women's Entrepreneurship Day буюу "Эмэгтэй Энтрепренерүүдийн Өдөр" юм. Энэхүү хөдөлгөөн нь дэлхийн өнцөг булан бүрд буй охид, эмэгтэйчүүдэд, эдийн засгийн идэвхтэй оролцогч, шинийг санаачлагч, энтрепренер байж улс орныхоо ядуурлыг бууруулах, орлогыг нэмэгдүүлэх, шинээр ажлын байр бий болгоход хувь нэмэр оруулах урам зориг, санаа сэдэл өгч дэмждэг юм. Өнөөдрийн нийтлэлээр бид энэхүү хөдөлгөөний үүдэл түүх, цар хүрээ, Монголд болох гэж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулж байна.

Women's Entrepreneurship day гэж юу вэ?

Венди Даймонд хэмээх нийгмийн энтрепренер бүсгүй Хондурас улсад бага орлоготой эмэгтэйчүүдэд бичил зээл олгодог Adelante санд сайн дурын ажилтнаар ажилласныхаа дараа Women’s Entrepreneur Day (WEDO)-ийг үүсгэн байгуулжээ. Тэрээр эмэгтэй бизнес эрхлэгчид, энтрепренерүүд, лидерүүдийн олон улсын сүлжээг үүсгэхээр зорьсон юм.

2013 онд байгуулагдсан, дэлхийн 4 тэрбум эмэгтэйд хүрч ядууралд нэрвэгдэн буй 250 сая охинд гэрэл гэгээ авчрах зорилготой "Эмэгтэй Энтрепренерүүдийн Өдөр" нь дэлхийн дахинд маш хурдан түгсээр өдгөө 145 оронд, 65 их сургууль дээр тэмдэглэн өнгөрүүлдэг, эмэгтэйчүүдийн томоохон хөдөлгөөн болж хувирчээ. Эмэгтэйчүүд эрчүүдээс ялгаагүй томоохон өөрчлөлтийг авчирч, дэлхийг өөрчлөх чадвартай гэдгийг дэлхий дахинд ойлгуулах зорилготой тус байгууллага #ChooseWOMEN (Эмэгтэйчүүд сонго) уриатай бөгөөд 145 улсад элч төлөөлөгчтэй, эмэгтэйчүүдийн манлайллын хэд хэдэн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг, WEDO Annual Pioneer Award хэмээх шагналыг олгодог болон өргөжжээ.

"ЭМЭГТЭЙ ЭНТРЕПРЕНЕРүүдИЙН ӨДӨР" ДЭЛХИЙД ЯАГААД ХЭРЭГТЭЙ ГЭЖ?

"Дэлхийн хэмжээнд эмэгтэйчүүд нийт ажлын 66 хувийг хийдэг хэрнээ дэлхийн нийт орлогын 10 хувийг л олдог. Мөн нийт хэрэглээний худалдан авалтын 85 хувийг хийж, жилд 20 их наяд долларын зарлага гаргадаг. 'Эмэгтэйчүүдийн Энтрепренершипийн Өдөр' нь дэлхийн хэмжээнд эмэгтэйчүүдийн бизнес дэх оролцоог жилийн турш дэмжсэн хөдөлгөөн юм. Статистикаас үзэхэд дэлхийн хэмжээнд эмэгтэйчүүд авсан бичил зээлээ 97 хувьтай эргэн төлдөг. Эдгээр эмэгтэйчүүдийн олсон орлогын 90 хувь нь хүүхдүүдээ боловсролтой болгоход, гэр бүлээ тэжээхэд зарцуулагддаг байгаа юм. Эмэгтэйчүүдийн оролцоог бизнест дэмжих үед тэд өөртөө итгэлтэй болж, бусдын эрхийн төлөө тэмцэх хандлагатай болдог. Өөрөөр хэлбэл энэ өөрчлөлт нь ганц айлд гэлтгүй эргэн тойрныхонд нь, цаашлаад нийгэмд олон олон эерэг өөрчлөлтийг авчирдаг. Эмэгтэйчүүдийн бизнес дэх оролцоог дэмжихийн ач холбогдлыг хүмүүс ойлгох тусам тэд энэ үйл хэрэгт татагдан оролцож, бусдыг дэмжиж эхэлдэг."

"Эмэгтэйчүүд түүхийн туршид бага цалинтай, бага үнэлэгддэг, бага төлөөлөлтэй, бага санхүүжилттэй байж ирсэн. Одоо ч тийм л байна. АНУ-д л гэхэд дараагийн таван жилд эмэгтэйчүүдийн үүсгэн байгуулах бизнес 90 хувиар нэмэгдэхээр байна. Тиймээс бид энэ байдлыг өөрчлөх хэрэгтэй. Учир нь эмэгтэйчүүдийг дэмжих нь эдийн засгийн үр өгөөжийг улам л нэмэгдүүлэх болно."

Уг хөдөлгөөний санаачлагч Венди Даймонд

WEDO-ИЙН ӨНГӨРСӨН ЖИЛ ХИЙСЭН АЖЛУУДЫН ЖИШЭЭ

Тус байгууллага өнгөрсөн жил Йорданы сургуульд Сирийн 500 дүрвэгч охиныг сургажээ. НҮБ дээр болсон, тус байгууллагын хамгийн том чуулган болох WED Summit-д Black Girls Code, Girls Who Code, Lalela, Rethink Academy байгууллагууд болон хэд хэдэн их сургуулиас 75 охид, эмэгтэйчүүдийг ивээн тэтгэн оролцуулж, глобал лидер болох замыг нь засаж өгчээ.

WED Summit нь мөн 500 бичил зээлийг орлого багатай эмэгтэйчүүдэд олгосон байна. Оман улсад WED-ийн төлөөлөгч эмэгтэйчүүдийг урьдаас төлөвлөсөн гэрлэлтийн эсрэг санал өгөх эрхээ эдлэх санаачилгыг дэвшүүлжээ. Уругвайд нэг их сургууль WED Summit-д оролцох 20 охинд тэтгэлэг олгосон байна. Филиппиний баг харин хөдөө орон нутгийн 1000 эмэгтэйд санхүүгийн боловсрол олгожээ.

WOMEN'S ENTREPRENEURSHIP DAY МОНГОЛД

Тэгвэл "Women's Entrepreneurship Day" Монголд анх удаа 11-р сарын 18-нд зохион байгуулагдах гэж байна.

Маш сонирхолтой, дайчин, шинийг санаачлагч 20 энтрепренер эмэгтэй ирсэн оролцогчидтой өөрсдийн замнал, мөрөөдөл, даван туулсан бэрхшээл, сургамж зөвлөгөөгөө хуваалцах ажээ. Энэ үеэр монголчуудад зориулан 10 гаруй улсын, салбар салбарын манлайлагч эмэгтэйчүүд өөрийн туршлагаас хуваалцан, видео мэндчилгээ ирүүлэх гэнэ.

Энэхүү өдрийг хамтдаа тэмдэглэн Монголынхоо болон олон улсын, салбар бүрд амжилттай яваа эмэгтэйчүүдээс урам зориг авч, хоорондоо танилцаж, шинийг бүтээх хүсэл эрмэлзлээ улам бадраацгаая.

Хаана: Нийслэлийн Улаанбаатар Чуулга
Хэзээ: 2018 оны 11-р сарын 18-ны ням гараг, 13-19 цаг
Тасалбарын үнэ: 30,000₮
Хөтөлбөр үзэх ба бүртгүүлэх: https://shoppy.mn/wed#tickets_section
Фэйсбүүк хуудас: Women's Entrepreneurship Day Mongolia 2018
Холбогдох утас: 9130 6767, 9711 0256

#Choosewomen хөдөлгөөнд хэрхэн нэгдэх вэ?

Юуны түрүүнд та Монголдоо болж буй арга хэмжээнд оролцож, санаа зорилго нэгтнүүдтэйгээ нэгдээрэй.

Мөн энэхүү холбоосоор орж, #ChooseWOMEN хөдөлгөөнд нэгдэж байгаагаа ердөө 30-хан секундэд илэрхийлэх боломжтой: Амлалт өгөх
Мөн ChooseWomen.org сайтад нэвтрэн худалдан авалт хийвэл орлогын тодорхой хувь нь дэлхийн өнцөг булан бүрд буй орлого багатай эмэгтэйчүүдэд бичил зээл хэлбэрээр очих ажээ.

9352   0


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.