Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   11 сарын 14, 2018

Би хэрхэн ажилладаг вэ? - Зураач, Tara Lifestyle-ийн хамтран байгуулагч Б.Цэрэндэжид

Ярилцлагын ээлжит дугаартаа бид залуу уран бүтээлч, зураач Б.Цэрэндэжидийг урилаа. Бишрэл төрүүлэм гоо үзэсгэлэн, эрхэмсэг байдлыг дүрсэлсэн  бүтээлүүдийг туурвидаг тэрээр 2014 онд СУИС-ийн харьяа Дүрслэх урлагийн сургуулийг дүүргэжээ. Тэрээр мөн зураач, архитектор найзуудынхаа хамт Tara Lifestyle гэх брэндийг хамтран эхлүүлсэн нь гоёмсгоор урласан номын хавчуургаас эхлээд тавилга, хувцас гэх мэт төрөл бүрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг ажээ.

Байршил: Улаанбаатар
Эрхэлдэг ажил: Зураач, Tara Lifestyle-ийг хамтран байгуулагч
Таны ажлын арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Хэв маягт үл баригдах
Сошиал хуудсууд: Фэйсбүүк, Инстаграм

ТА АЖЛАА ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ ВЭ? АЖЛЫН ДУНДАЖ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Хүнд ямар нэг байдлаар өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ байдаг. Миний хувьд мэдрэмж, ойлголтоо зургаар илэрхийлэхээр л төрсөн хүн юм шиг байгаа юм. Багаасаа л их зурдаг хүүхэд байсан. Хүн ер нь яах гэж амьдардаг юм бол, зүгээр л идэж уугаад, өсөж үржээд явах ёстой юм байх даа гэж их боддог, их сонин санагддаг байсан. Нэг бодлын хүн гэдэг энэ ертөнцөд түр ирсэн зочин мэт, бусад амьтныг алж идээд нөөц баялгийг нь цөлмөөд буцах гэж буй амьтан шиг санагддаг байлаа. Үүнээс үүдээд л амьдралыг утгатай санагдуулахын тулд, магадгүй өөртөө батлахын тулд уран бүтээл хийдэг болсон байж мэднэ. Занабазарын дарь эхүүдийг анх харахад хүнд бас үзэсгэлэнтэй хэсэг гэж байдаг юм байна гэж шууд бодогдож байлаа. Тийм ч учраас үзэсгэлэнтэй, тэнгэрлэг, бурханлаг бүтээл хийхийг хүсдэг, тийм мэдрэмж төрдөг юм шиг санагддаг. Би урлагийн эртний бүтээлүүдэд дуртай, санаа авдаг. Алхимичдийн бүтээлүүд, Занабазарын бүтээлүүд мэтийг орчин үеийн хэллэгт буулган бүтээл хийх гэж хичээдэг. Яг ийм төрөл жанраар туурвидаг гэж хэлэхэд хэцүү. Сүүлийн үед уран зургийг керамиктай хослуулсан бүтээлүүд хийх сонирхолтой санагдаад байгаа.

Ажиллах барилын хувьд яг нэг арга барилд баригдах дургүй. Харин ч арга барилаа үе үе өөрчилж байхыг хичээдэг. Өмнө нь голдуу орой шөнө төвлөрч ажилладаг байсан бол сүүлийн үед өглөөгүүр ажиллахыг зорьж байгаа гэх мэт.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМУУДААСАА НЭРЛЭНЭ ҮҮ?

Миний хувьд гараараа бүх юмыг хийдэг учраас янз янзын апп, програм ашиглаад байдаггүй. Энгийн хэрэглээний аппуудыг бол ашиглана. Сошиал медиа дээр тийм ч идэвхтэй биш. Фэйсбүүкийг бол ашиглана. Усан будаг, бийр, цаас л ажлын гол хэрэгсэл дээ.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Мэдээж төлөвлөх хэрэгтэй. Гэхдээ түүнээс ч чухал нь тухайн цагтаа төвлөрөх юм шиг санагддаг. Амарвал амраад, ажиллавал ажиллаад. Цаг төлөвлөлтөөс гадна энергийн төлөвлөлт чухал гэж боддог. Манай монголчууд суурин иргэншилтэй болоод удаагүй болохоор ч юм уу энергиэ зөв зарцуулж сураагүй юм шиг санагддаг ш дээ (инээв). Хотод амьдардаг хүн заавал нэг спортоор хичээллэж, түүгээрээ амрах буюу эрч хүч авч байх хэрэгтэй гэж боддог. Эргэн тойрноо харахад зөв амарч байгаа хүн ховор байх шиг байдаг. Гаднын хүмүүсийг анзаарахад, ажиллах үедээ сайн ажиллаад амрах үедээ юм бодохгүй амарч чаддаг юм шиг санагддаг.

ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Тэмдэглэлийн дэвтэр дээр, цаасан дээр, гар утсан дээр гээд янз янз. Заримдаа цаг нартай ажлыг гар утасныхаа Reminder дээр сануулчихдаг.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Төсөөлөхдөө сайн гэж боддог. Тийм ч учраас зураач болсон биз.

Мөн хүмүүсийг ойлгохдоо дажгүй сайн гэж боддог шүү. Би өөрөө их хачин сэтгэлзүйтэй юм шиг санагдаад, өөрийгөө ойлгох гэж сэтгэлзүйн ном их уншсан юм. Тэгээд ер нь бусдыг ойлгож сурсан байх. Төрөл бүрийн улсын янз бүрийн соёлтой хүмүүсийг ойлгохыг, онцлогийг нь мэдэхийг хүсдэг. Тиймдээ ч антропологи их гоё шинжлэх ухаан юм шиг санагддаг.

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ ТАНЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Хийх дуртай, хүсдэг ажлаа хийж байгаа болохоор сэтгэл хангалуун, эрх чөлөөтэй байдаг нь хамгийн сайхан. Алдаршиж, их мөнгө олохоос илүү гоё юм бүтээх сэн, хийх сэн гэдэг хүсэл их бадардаг. Америкийн зохиолч Маурис Сендак "Хамгийн тусгаарлагдмал, бие даасан амьдралын нэг хэлбэр бол ном бүтээх, зураг зурах" гэж хэлсэн байдаг даа.

Нөгөө талаас, уран бүтээлч байна гэдэг амар биш. Ер нь Монголд гэлтгүй дэлхийн хаана ч тийм байдаг гэж боддог. Давтагдашгүй байх ёстой, өөрсдийгөө тэжээх ёстой гэх мэт. Ялангуяа залуу уран бүтээлчдэд санхүүжилт хамгийн тулгамдсан асуудал байдаг. Залуу учраас, танигдаагүй учраас зураг зарагдах нь ч ховор. Тиймээс бид үндсэн ажлынхаа хажуугаар сургалтууд хийж, хамтдаа урлан түрээсэлж явдаг.

Хэдийгээр урлаг гэдэг эдийн засгаа дагаж хөгждөг ч, нэг танил маань "манай дүрслэх урлагийн салбар бусад урлагийн салбараа бодвол илүү хөгжсөн" гэхийг сонсох сайхан байсан шүү. Нэг их зарлаад байдаггүй ч олон улсад өндөр үнэлэгддэг уран бүтээлч манайд их байдаг.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Сүүлийн үед керамикийг их оролдож байгаа. Байгалийн шавраар бүтээл хийдэг эко урлаг болохоор их таалагддаг юм. Энэ зун Францад керамик урлагийн резиденс хөтөлбөрт хамрагдаж, керамик артистуудын урлангуудтай танилцсан. Одоо керамикийг уран зурагтай хослуулсан хэд хэдэн техник туршиж байгаа. Амжилттай болбол жижиг хэмжээний үзэсгэлэн гаргах санаатай байна.

ТА ХЭР ИХ УНШДАГ ВЭ? ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА?

Ном нэлээн их уншдаг. Байнга номтой явж хүн хүлээх, уншмаар санагдсан үеүддээ уншдаг. Гэр, урландаа хоёр хоёр ном тавьчихсан байдаг юм. Хамгийн сүүлд Рюноскэ Акутагавагийн “Намрын уулс” зохиолыг уншсан юм байна.

Мэдээж мэргэжлийн чиглэлийн ном хэвлэлийг олж үзнэ. Гэхдээ манайд орчин үеийн урлагийн талаар ном хэвлэл ховор гардаг. Дуртай уран бүтээлчдийнхээ ярилцлага, зургуудыг интернэтээс хайж үздэг дээ.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Хип хоп, зохиолын дуунаас бусад төрлийн хөгжмийг ер нь сонсчихоод байдаг шүү. Өмнө нь огт сонсоогүй хөгжим, улс улсын үндэсний хөгжмүүдийг сонсоход сайхан байдаг.
Гэхдээ хөгжим сэтгэл санаанд шууд нөлөөлдөг учраас ойрын үед бага сонсохыг хичээж байна. Бүтээлээ хийгээд суух үед байгалийн чимээ, зэн буддизмийн ая, сонгодог хөгжим тавина. Бас манай уртын дуу, ардын дуунууд нэг тийм дулаахан мэдрэмж өгдөг.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Их дотогшоо хүүхэд байсан, тест хийж үзэхэд сүүлийн үед бас арай нээлттэй болсон байна лээ. Гэхдээ дотогшоо хүн гэдэг таг дуугүй гэсэн үг биш, ярихыг хүссэн сэдвээрээ их сайн ярина шүү.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Үдэш 12-01 цагийн үед унтаад 8 цагийн дараа сэрдэг. Сүүлийн үед өглөөгүүр ажиллахыг эрмэлзэж байна. Магадгүй илүү үр дүнтэй байх ч юм билүү.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?


Түрүүнд хэлсэнчлэн хотод амьдардаг хүн нэг спортоор хичээллэх ёстой юм шиг. Би сэлж үзсэн, иог хийж үзсэн, бясалгал хийж үзсэн, сүүлийн үед ууланд их алхаж байгаа. Боломж гарвал аялах дуртай. Энэ зун Парис, Австрийн ихэнх галерей, музейг үзсэн.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Би Азийн уран бүтээлчдэд дуртай. Дүү Хо Сү, Нам Жүнэ Пайк, Ким Дайхюн нарын солонгос уран бүтээлчид, Канадын Кики Смитийн бүтээлүүдээс урам зориг авна. Монголоос гэвэл Ж.Мөнхцэцэг, Д.Баярцэцэг, Д.Үүрийнтуяа нарын эмэгтэй зураачдыг нэрлэж болно. Яруу найрагчдаас Эмили Дикинсон, Хятадын Ли Хуйин нарын эмэгтэй найрагчдыг таашаадаг.

Бас давтагдашгүй уран бүтээлч байхын тулд өөрийгөө сайн сонсож, өөртэйгөө сайн ажиллах ёстой юм шиг, өөрөөсөө онгодоо хөглөх ёстой гэж боддог. Хүн гэдэг өөрөө энэ ертөнцийн жижиг хувилбар. Өөрийгөө танивал "Гэрээсээ гарахгүйгээр гэгээрч болно" гэж Будда сургасан байдаг шүү дээ.

ҮЕИЙНХЭН, ДҮҮ НАРТАА ЮУ ГЭЖ ХЭЛЭХИЙГ ХҮСДЭГ ВЭ?

Эргэн тойрноо анзаарахад, ажилдаа дургүй, стресстэй, зорилгогүй хүмүүс их байх шиг. Энэ нь магадгүй манай боловсролын тогтолцоотой холбоотой байх. Хүүхэд залуучуудад өөрийгөө туршиж үзэх боломж тэр бүр олгодоггүй. Тиймээс залуучуудыг өөрсдийгөө янз бүрээр туршиж үзээсэй, олон ажил хийж үзээсэй гэж их хүсдэг юм. Хүн болгонд сайн чаддаг, хийх ёстой юм гэж байдаг байх. Түүнийгээ олбол хүн тууштай хөдөлмөрлөөд юманд хүрэх бололцоотой шүү дээ. Тэр цагт хувь тавилан хүнийг шагнана гэж итгэдэг.
Яг л эмч болох ёстой, хүн анагаах чадамжтай хүн шал өөр мэргэжилтэй болчихсон байх, хүүхдэд хайр халамжгүй хүн цэцэрлэгийн багш болчихсон байх, бүжигчин байх л авьяас өгөгдөлтэй хүн цагдаа болчихсон байх үнэхээр хайран шүү дээ.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Futuristic Type-ийн Мөөнөөг санал болгоё. Олон жилийн өмнөөс маш өвөрмөц, шинэлэг загваруудыг гаргаж, олон улсад олон загварын шоунд оролцож байсан. Тэдгээр загварууд нь одоо л дэлхий дахинд дэлгэрч байгаа юм шиг санагддаг. Тэгэхээр үнэхээр нэрэндээ тохирсон, ирээдүйг харсан загварууд хийдэг, үнэхээр онцлууштай уран бүтээлч гэж боддог юм.

21461   4


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor

Гэрэл зургийг:

Г.Ананд




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.