Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Апп Тойм   11 сарын 13, 2018

Бүтээгдэхүүний тойм: Нугардаг гар утасны талаар мэдэх ёстой 3 зүйл

2011 оноос хойш сураг нь дуулдах болсон нугардаг утасны анхны загвараа Samsung танилцуулаад хэдхэн хонож байна. 11 сарын 7-ны өдөр танилцуулагдсан Samsung Galaxy нь гар утасны төдийгүй технологийн салбарын ирээдүйд, хүмүүсийн амьдралын хэв маягт хүртэл өөрчлөлт оруулах хэмжээний бүтээгдэхүүн гэгдэж буй юм. Энэ удаагийн нийтлэлээр уг утасны одоогийн болон ирээдүйн ач холбогдлыг танилцуулж байна.

яагаад нугардаг ГАР утас ирээдүй гэж?

Ухаалаг гар утасны анхны хувилбараас өдий хүртэлх хөгжлийг нь харьцуулан үзэх юм бол гар утасны хэмжээ улам томорсоор буй. Үнэндээ хүмүүст том утасны хэрэгцээ их, том утсанд илүү дуртай гэхээс илүү том дэлгэцэнд дуртай аж. Үүнийг ухаалаг утасны зах зээлийн гол тоглогч iPhone-ийн гар утаснууд улам нимгэн, улам том дэлгэцтэй болж байгаагаас харж болно. Тэд жилээс жилд хэмжээг нь уртасгаж, дэлгэцэн дээр эзэлж болох товчлуур, зай зэргийг хасан утасны үзэгдэх хэсэг буюу дэлгэцийн багтаамжийг ихэсгэхийг хичээсээр байгаа юм. Үүнд зориулан тусгай хувилбар гаргасан нь бидний сайн мэдэх iPhone Plus билээ.

Харин Samsung үүнд бэлдсэн нь Samsung Galaxy Note байсан билээ. Инноваци шингээх тал дээр iPhone-оос хоцрогдолтой байсан Samsung-ийнхан Note загвараа ч гэсэн тэднээс өөр байлгахыг эрмэлзэж илүү өргөн, маш том дэлгэцтэйгээр бүтээсэн юм. Анхандаа хэтэрхий том хэмээн шүүмжлүүлж, meme-ний бай болж байсан Note одоо харьцангуй их хэрэглэгчтэй болоод байгаа. Хэрэглэгчдийн том дэлгэцний хэрэгцээг хангах Samsung-ийн дараагийн дайралт нь нугардаг гар утас буюу томоос жижиг болж эвхэгддэг, олон төрлөөр, хүссэн хэмжээндээ оруулж ашиглах Samsung Galaxy F байлаа.

Хүмүүсийн том дэлгэцийн хэрэгцээгээ жижиг бөгөөд уян хатан, нимгэн утсаар дамжуулан авах эрэлт цаашдаа улам эрчимжих төлөвтэй байгаа тул нугардаг утсыг зөвхөн Samsung гэлтгүй Huawei, Xiaomi, Lenovo зэрэг компаниуд үйлдвэрлэнэ гэдгээ зарлаад байгаа билээ.

samsung нугардаг ГАР утасны анхдагчид биш

Нугардаг гар утасны анхдагч болж өөрсдийн брэндийн үнэ цэнийг өсгөх оролдлогууд Samsung, Huawei компаниудын голд хүчтэй өрнөж байсан юм. Аль аль нь хүмүүст орчноосоо хамааран уян хатан байдлаар чөлөөтэй ажиллах боломжийг олгох бүтээгдэхүүнийг амлаж байсан нь нугардаг гар утас байв. Гэвч тэдний аль нь ч энэ төрлийн анхдагчид байж чадаагүй бөгөөд Хятадын Royole компанийн 11 сарын 1-нд олон нийтэд зарласан The Flexpai хүн төрөлхтний түүхэн дэх анхны нугардаг гар утас болж мөнхөрсөн юм.

Samsung Galaxy F утас дэлгэгдэх үедээ 7 инчийн хэмжээтэй буюу таблеттэй ижил хэмжээтэй болох бол нугарах үедээ дэлгэц урд хэсэгтээ шилжиж энгийн гар утасны хэмжээтэй болох юм. Өөрөөр хэлбэл гар утас, таблетийн аль алиных нь давуу талыг шингээсэн онцгой бүтээгдэхүүн болж буй. Уг гар утас нь Google-ийн Андройд үйлдлийн систем дээр ажиллана.

нугардаг ГАР утасны үнэ хэд байх вэ?

Samsung Galaxy F гар утасны анхны худалдаалдах үнэ 1700 доллар байх бол бидний сая дурдсан Хятадын Flexpai гар утас 1300 доллараар борлуулагдах аж. Энэхүү инноваци нь удахгүй Хятадын бүх утасны үйлдвэрлэлд нэвтрэх төлөвтэй байгаа тул хэдэн жилийн дараа гэхэд бидний хэрэглээний ихэнх утас энэхүү боломжийг агуулсан байх нь гарцаагүй. Ихэнх үйлдвэрлэгчид өөрийн брэндийн нугардаг гар утасны хувилбартай болох төлөвтэй байгаа бөгөөд үүнийгээ зөвхөн утас гэлтгүй таблет, компьютер зэрэг дээр хэрэгжүүлж олон талаар ашиглах төлөвтэй байна.

Дэлгэцийг илүү уян хатан байдлаар ашиглах бас нэгэн боломжийг урд болон ардаа дэлгэцтэй Nubia X гар утас санал болгож байна.

11779   1


НИЙТЭЛСЭН:

Ganbaatar Erdenee




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.