Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох Бизнес   11 сарын 12, 2018

Онцлох бизнес: erxes - Дэлхийд үнэлэгдсэн технологийн стартап

Дэлхийн зах зээлд цахиур хагалахаар зорьж буй шинэ стартап, бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг онцлон танилцуулдаг Product Hunt дээр бүтээгдэхүүний нээлтээ хийсэн erxes маркетинг, борлуулалтын платформыг бид онцлох бизнес булангийн ээлжит дугаараар онцолж байна. Тус стартапыг үүсгэн байгуулагч А.Мэнд-Орших саяхан АНУ-ын Цахиурын хөндийг зорьж гарааны бизнесийн акулуудаас туршлага судлан, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн ололтуудтай танилцаад ирсэн билээ. Бид "Эрхэс"-ийн хоёр жилийн ойн өдөр HUB Innovation Center-д байрлах оффист нь зочилж, бизнесийнх нь талаар болон олон сонирхолтой сэдвээр яриа өрнүүлснээ та бүхэнд хүргэж байна. 

Бизнесийн нэр: erxes Inc
Үйл ажиллагааны чиглэл: Growth маркетингийн нээлттэй эхийн платформ
Үүсгэн байгуулагч: А.Мэнд-Орших, Б.Бат-Амар
Үүсгэн байгуулагдсан он: 2016 оны 11-р сар
Ажилтны тоо: 25
Сошиал хуудас: erxes Inc
Цахим хуудас: www.erxes.io

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ЯАЖ ОЛСОН БЭ?

Өөрсдөд тулгарч буй асуудлаас анх санаагаа олж байлаа. Нью Медиа Групп маань харилцагчийн цахим хуудас, мобайл апп, Эрхэт онлайн санхүүгийн программ зэрэг олон төслийг хэрэгжүүлдэг. Тэндээсээ олсон орлого, ур чадвар, туршлага дээрээ суурилан гаднын зах зээл дээр бүтээгдэхүүн хөгжүүлж эхэлсний нэг жишээ нь "Эрхэс" платформ маань юм. Өнгөрсөн 8 жилийн хугацаанд мэдээллийн технологийн салбарт стартап хөгжүүлээд явж байхад тулгарсан хамгийн том бэрхшээл бол хэрэглэгчтэйгээ харилцах, борлуулалтаа хөтлөх, оновчтой маркетинг гэсэн гурван зүйл байсан. Байгууллагын нүүр царай болсон энэ гурван чухал зүйлсийг зөвхөн бид гэлтгүй дотоод, гадаадын маш олон компаниуд бүгд л Hubspot, Intercom, Pipedrive гэх мэт янз янзын программууд ашигласаар ирсэн. Гэвч эдгээр программууд энэ асуудлуудыг багцаар нь, хүссэнээр нь шийдэж өгч чаддаггүй. Арай гайгүй гэсэн нь өндөр төлбөр төлж байж, маш их зардал гаргаж байж л хүссэн зүйлдээ арай дөхсөн үйлчилгээ, боломжийг эдэлдэг. Ингэж энэ асуудлыг зөвхөн бидэнд биш бүхий л бизнес эрхлэгчдэд тулгарч буй хамгийн том асуудал юм байна гэдгийг ойлгож анзаарснаар "Эрхэс" платформыг үүсгэх сэдэл төрж байлаа.

Хэдэн ч хүний оролцоотой компани байсан ч гэсэн, яаж хамгийн бага зардлаар хэрэглэгчтэйгээ харилцаж, борлуулалтаа хийж, маркетингаа авч явах вэ гэдэг дээр толгойгоо сайн ажиллуулах ёстой болдог шүү дээ. Үүнийг толгойдоо, дэвтэр дээр, эксел дээр хөтлөөд явж болох ч байгууллагадаа маркетинг, борлуулалтын залгамж халаа, дата мэдээлэл үүсгэх боломж нь хомс байдаг.

ТАНАЙ ОНЦЛОГ ДАВУУ ТАЛУУД ЮУ ВЭ?

Уламжлалт маркетингийн арга барилаар бол хэрэглэгчтэй харилцах, борлуулалт, маркетинг маань аливаа компанид гурван салангид хэлтсийн асуудал болж оршиж байдаг. Мөн уламжлалт маркетинг нь маркетингийн зардлын өгөөжөө хэмжих боломжгүй үргүй зардалд суурилсан оновчгүй зар сурталчилгаанд ихэвчлэн суурилдаг. Товчхондоо болсон болоогүй өндөр зардлаар төрөл бүрийн зар сурталчилгаа хийгээд борлуулалтанд тухайн зар сурталчилгаа нөлөөлсөн эсэхийг тооцох боломжгүйгээр хүлээн суудаг. Угтаа бол ямар ч байгууллага хэрэглэгч юу хүсэж байгаа, түүнээс хамаараад борлуулалт хэрхэн явж байгаа, үүн дээр үндэслээд ямар оновчтой маркетинг хийх вэ гэсэн уялдааг барих буюу хэрэглэгч төвтэй байх ёстой.

Харин growth маркетинг нь маркетингийн зардлын өгөөжөө хэмжих боломжтой олон төрлийн ухаалаг туршилт дээр үндэслэн хамгийн бага зардлаар оновчтой маркетинг хийх аргачлал юм. Хэрэглэгч хаана, ямар платформ дээр тухайн байгууллагын тухай юу хэлж байгааг цаг алдалгүй хүлээн авч, дата үүсгэж борлуулалт болон маркетингийн шийдвэр гаргах боломжийг Эрхэс платформ олгоно.

Хоёрдахь онцлог гэвэл, платформ талаасаа хамгийн том ялгарах ялгаа нь "Эрхэс" бол нээлттэй эхийн (Open Source) платформ юм. Дэлхийд өнөөдөр нээлттэй эхийн програмууд корпорацийн програм хангамжийн салбарыг "идэж" байна. Учир нь нээлттэй эхийн программ хангамж нь корпорацид нэг компаниас хараат үйлчилгээ авах эрсдэлийг үгүй болгож, асар хурдацтайгаар зах зээлдээ мэдээлэл технологийн оновчтой засаглал бүтээх байдлаар манлайлах боломжийг олгодог.
Хэрэглэгчтэй харилцах, борлуулалт, маркетингийн салбарыг уяж өгсөн Growth маркетингийн нээлттэй эхийн платформ дэлхийд өнөөдөр байхгүй байгаа.

ХАМТРАГЧДАА ХЭРХЭН ОЛЖ СОНГОСОН БЭ?

erxes Inc-ийн хамтран үүсгэн байгуулагч, технологи хариуцсан захирал Б. Бат-Амар маань анх Нью Медиа Группыг үүсгэн байгуулагдаад удаагүй байх үеэс орсон анхны програмистуудын нэг юм. Бусад гишүүд маань ч гэсэн Нью Медиа Групп дээр 2-8 жилийн хугацаанд хамтран ажиллаж буй залуучууд, бүсгүйчүүд. Бид бүгд “Монгол компани Цахиурын хөндийд амжилтын түүх бүтээх” том мөрөөдөлд эргэлт буцалтгүй зориглон нэгдсэн хамтрагчид юм.

Хурдацтай хөгжиж буй стартапуудын үүсгэн байгуулагчдын оролцдог Blackbox Connect хөтөлбөрт "erxes" стартап тэнцэж Монгол улсыг төлөөлөн оролцжээ.

цахиурын хөндийг зорьсон талаараа хуваалцана уу?

Blackbox Connect 23 хэмээх хөтөлбөрт тэнцэж 2018 оны 8-р сард Цахиурын хөндийд 14 хоногийн хугацаанд 13 өөр улсын төлөөлөл болсон 14 үүсгэн байгуулагчтай хамт нэг байшинд байршсан. Нэг ёсны инкубатор програм гэж хэлж болох учраас сургалт, хөрөнгө оруулагчидтай уулзах, амжилттай компаниудын төлөөлөлтэй уулзах, зовлон жаргалаа хуваалцах гээд зөндөө л хэрэгтэй зүйл сураад ирсэн.

Мөн Digital Ocean компанийн Hatch инкубатор хөтөлбөрт тэнцсэн. Уг хөтөлбөрт Digital Ocean компани маань өөрсдийн хостингийн үйлчилгээг ашиглах, инженер техникийн туслалцаа авах зэрэг техникийн шийдлүүдийн боломжуудаар зөвлөгөө өгч байна.

Гурван сарын хугацаанд цахиурын хөндийд байх хугацаандаа Launch Scale, Founder University, Ycombinator-ийн Startup School, Techcrunch Disrupt 2018, Pioneer зэрэг арга хэмжээ, хөтөлбөрүүдэд амжилттай оролцлоо.

23 дахь удаагийн Blackbox Connect хөтөлбөрт 13 улсын 14 үүсгэн байгуулагчид оролцсон байна.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Платформ маань Нью Медиа Группээс эхлэлтэй учраас анхны хөрөнгө оруулалтыг харилцагч нарынхаа цахим хуудас, мобайл апп бүтээсэн орлого, Эрхэт онлайн санхүүгийн програмын орлогоороо санхүүжүүлсэн. Одоог хүртэл 100 хувь bootstrapped буюу дотоодын болон гадаадын гадны хөрөнгө оруулагчгүйгээр өөрөө өөрийгөө санхүүжүүлээд явж байгаа.

erxes Inc-ийн үүсгэн байгуулагч А.Мэнд-Орших Blackbox Connect хөтөлбөрийн үеэр...

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Би өөрийн бизнесийн үнэт зүйлийг Social Entrepreneurship буюу нийгмийн зорилготой бизнес эрхлэгч гэж тодорхойлдог. Тиймдээ ч erxes платформ маань хүртэл хэн бүр татаж аваад ашиглах боломжтой нээлттэй эхийн програм хангамжийн бизнес загвараар бүтсэн. Хорин нэгдүгээр зуунд залуу бизнес эрхлэгчид дан ганц ашиг ашиг олоход бус нийгмийн зорилготой байж нийгэмд тулгамдсан асуудлыг шийдэх алсын хараа, үнэт зүйлтэй байгаасай гэж боддог.

ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Бид 11-р сарын 20-ны дотор Kickstarter цахим систем дээр олны хүчийг ашиглан хөрөнгө босгох төлөвлөгөөтэй байгаа. Монгол улс анх удаагаа дэлхийд өрсөлдөх нээлттэй эхийн программтай болж байгаа учраас биднийг дэмжээрэй гэж уриалж байна.

Мөн манай платформыг хэрэглэх коммюнитиг бүрдүүлэх тал дээр идэвхтэй ажиллаж байна. Миний 11-р сарын 28-30-нд Индонези улсад E27-ийн "Academy" хэмээх гарааны бизнес үүсгэн байгуулагчдын цугларалтад явах гэж байна. Мөн 12-р сарын 11-16-нд Украйн улсад Seedstars-ийн бүсийн арга хэмжээнд оролцоно. Бид Seedstars Mongolia-д оролцон түрүүлж энэхүү эрхийг олж авсан юм. Эдгээр арга хэмжээнд олон улсын гарааны бизнес эрхлэгчидтэй танилцан, бүтээгдэхүүнээ сурталчилж явах болно.

бизнесийн алсын хараагаа юу гэж тодорхойлсон бэ?

Эрхэс платформын алсын хараа бол "Mission and Community Driven Ecosystem"-ыг бүтээх юм. Нэг ёсондоо зөвхөн нээлттэй эхийн програм хөгжүүлэхээс гадна тус програмыг ашиглаж үр шим хүртэх боломжтой бүх хүмүүст зориулсан цогц экосистемийг бүтээхээр явж байна гэсэн үг. Монголд анхны нээлттэй эхийн программыг үүсгэе, гадаадын зах зээлд өрсөлдье, бизнесийн моделийн хувьд шинэ зүйлийг нэвтрүүлье зэрэг олон зорилтыг өмнөө тавиад ажиллаж байна.

ЭНЭХҮҮ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Стартап компанийн хувьд бэрхшээл байна гэвэл таны зөв, бэрхшээл байхгүй гэвэл бас л таны зөв. Хүний нөөцийн тухайд дутмаг байна, ямар ч мэргэжлийн хөрөнгө оруулагч алга, улс төр, цавчаа, шударга бус байдал гэх мэт шалтаг тоочвол зөндөө, дуусахгүй. Өөрийн харж мэдэрч байгаа бүх шударга бус зүйлсийг өөрийгөө хурцлах эерэг сайн зүйл болгох хэрэгтэй гэж боддог.

Наад захын жишээ гэвэл, манайд хөрөнгө оруулах орчин, соёл хараахан бүрдээгүй байна. 200 сая төгрөг өгөөд компанийн чинь 50, 60 хувийг авъя гэдэг ч юм уу, тооцоо судалгаа багатайгаар энэ ажилд хандах нь мэргэжлийн хөрөнгө оруулагчид байхгүй байгаатай холбоотой болов уу. Манай компанийн тухайд гэхэд 16.5 хувиа 3.8 сая доллараар үнэлэх тооцоолол явж байгаа. Энэ бол Цахиурын хөндийд бол байдаг л тоо. Тэнд бол хөрөнгө оруулалт авна гэдэг нэг удаагийн зүйл биш. Анхны хөрөнгө оруулалт аваад, үр дүнтэй үргэлжлүүлж чадвал дараагийн шатны хөрөнгө оруулалтаа татах байдлаар үе шаттай, мэргэжлийн байдлаар үргэлжилдэг үйл явц юм.

залуу бизнес эрхлэгчдэд нэг зөвлөгөө өгөөч гэвэл юу гэх вэ?

Хоорондоо холбоотой хоёр зүйлийг дурдмаар санагдаж байна. Нэгдүгээрт, том асуудлыг сонгож аваад фокусаа алдахгүй хийгээд л байх хэрэгтэй гэж хэлмээр байна. Хийж байж алдаа гаргана. Алдаанаасаа суралцана. Болбол шийдэхээр зориглосон асуудал нь зөвхөн Монголынх биш дэлхийнх байвал бүр сайн. Ер нь сая хэд хэдэн улсад зочилж, гарааны бизнесийн орчинтой нь танилцахад, хөрөнгө оруулагчид, менторууд, инкубатор хөтөлбөр хэрэгжүүлэгчид нэг зүйлийг маш сайн захидаг болсон байна. Юу вэ гэхээр, аливаа гарааны компани эхний өдрөөсөө л глобал бүтээгдэхүүнийг зураглан бод, тэгэхгүй бол боль гэж хэлдэг болсон байна лээ. Энэ бол монголчуудад бүр ч илүү хамаатай. Яагаад гэхээр манай зах зээл хэтэрхий жижиг. Тэгэхээр жижигхэн ч бай олон улсад хэрэгжих санааг барьж аваасай гэж хүсэж байна.

Фокусаа алдахгүй тууштай байх гэдэг дээр Gritty гэдэг их моодонд орсныг анзаарсан. Энэ нь үндсэндээ гал эрмэлзэл (passion), тууштай байдал (persistence) гэсэн хоёр үгийн нийлбэр юм.

13787   2


НИЙТЭЛСЭН:

Ganbaatar Erdenee

Нийтлэлд оролцсон:

Д.Ганзориг

Гэрэл зургийг:

Г.Ананд




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.