Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   11 сарын 11, 2018

7 хоногийн тойм: Нугардаг утас + Виртуал хөтлөгч + Ганц биечүүдийн өдөр

Онцлох: Ганц биечүүдийн өдрийн бадрангуй амжилт

Жил бүрийн 11-р сарын 11-нд буюу "Ганц биечүүдийн өдөр"-ийг тохиолдуулан Хятадын онлайн худалдааны платформууд супер хямдралыг зарладаг уламжлалтай. Энэ жил Алибаба нийт 31 тэрбум долларын борлуулалт хийж, өөрсдийн эзэмшиж байсан дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.

Энэ бол Хойд Америкийн хамгийн алдартай худалдааны өдөр Black Friday, Cyber Monday-ийн 2017 оны борлуулалтын амжилтыг нийлүүлснээс 2 дахин өндөр үзүүлэлт юм. Алибаба өнгөрсөн жил 24.2 тэрбум долларын борлуулалт хийж байжээ. Тэд энэ амжилтаа 15 цаг 59 минутанд давж гарсан гэдгээ твиттер хуудсаараа дамжуулан зарласан юм. Худалдаа эхлээд 1 минут 25 секунд өнгөрөхөд борлуулалтын тоо 1 тэрбум давсан байлаа.

Гэхдээ өнгөрсөн жилтэй харьцуулахад ердөө 27 хувийн өсөлт үзүүлсэн нь түүхэн дэх хамгийн муу үзүүлэлт гэнэ. Америк-Хятадын худалдааны дайн, бараг ханасан хэрэглэгчдийн өсөлт, бусад өрсөлдөгчдийн сэргэн мандалт зэрэг олон шалтгаан үүнд нөлөөлж буй нь тодорхой ч Алибаба борлуулалтын рекордоо эвдэж чадлаа.

Энэ жил тэд өөрсдийн эзэмшдэг Сингапурт төвтэй Lazada-аар дамжуулан зүүн Өмнөд Азийн зах зээлд борлуулалт хийж, хүргэлтийн үйлчилгээний Ele.me-ийн тусламжтайгаар 11 хотод Starbucks-ийн кофег түгээн борлуулжээ.

Алибаба энэхүү хямдралыг 2009 оноос хойш хийж буй. Олон Улсын Шоппинг Фестивал хэмээн нэрлэсэн 24 цагийн хямдралд Хятадаас гадна Япон, АНУ, Австралийн иргэд хамгийн идэвхтэй байсан гэнэ. Өнгөрсөн жилийн худалдаанд зөвхөн Хятадаас 240 сая хүн оролцсон нь тус улсын таван иргэн тутмын нэг нь онлайнаар бараа захиалсан гэсэн үг билээ.

Дэлхий дахинд

Дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн нэг Билл Гэйтс "жорлонгоо өөрчлөхийг" уриалж байна. Бээжинд болсон "Reinvent The Toilet" арга хэмжээний үеэр тэрээр өөрийн сангаар дамжуулан санхүүжүүлсэн 20 төрлийн шинэ технологийг танилцуулав. Ус ашигладаггүй, ялгадсыг бордоо-ус-цахилгаан болгодог зэрэг олон төрлийн хэв шинжийг агуулсан эдгээр технологиудад тэрээр 200 сая доллар зарцуулаад байгаа бөгөөд ахин 200 сая долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа ажээ. Сонирхуулахад, энэ арга хэмжээнд манай улсаас "Жорлонгоо өөрчилье" хөдөлгөөний үүсгэн байгуулагч Ц.Оюунгэрэл оролцон сайн жишээгээ хуваалцан илтгэл тавьжээ. Хятадын төрийн мэдээллийн агентлаг Xinhua хиймэл оюун ашиглан бүтээсэн хөтлөгчөө танилцууллаа. 24 цагийн турш бусад эх сурвалжуудаас мэдээлэл цуглуулан өөрийгөө сургаж мэдээлэл хүргэх чадвартай хэмээн үнэлэгдсэн энэ виртуал хөтлөгч англи, хятад хэл дээр ажиллах бөгөөд нүүрний хувирал, илэрхийлэмж үзүүлэх чадвартай гэнэ. Xinhua агентлагаас энэхүү үйл явдлыг технологийн үсрэлт хэмээн тодорхойлж, зардал бууруулж, үр ашигтай байдлыг нэмэгдүүлнэ хэмээн онцолжээ.

Нидерландын иргэн Эмили Рателбанд өөрийн насыг өөрчлөх хүсэлт гарган шүүхэд хандсан байна. Тэрээр хүн нэр, хүйсээ албан ёсоор сольж болдогтой ижил насаа ч өөрчлөх эрхтэй гэж үзэж буй. Хамгийн сонирхолтой нь тэрээр энэ шийдвэрээ болзооны апп Tinder-т илүү "амжилт" олох гэж гаргажээ. 69 настай Рателбанд үүнээс болж эсрэг хүйстнүүдийнхээ сонирхлыг татахгүй байгаа хэмээн гомдоллож байгаа бөгөөд 20 насаар залуу буюу 49 настай хэмээн бүртгэгдвэл илүү олон хүнтэй уулзаж, улмаар аз жаргалтай байх боломжтой хэмээн маргажээ.

Өнгөрсөн долоо хоногт Америк даяар midterm буюу явц дундын сонгууль явагдлаа. Сенатын 100 суудлын 35-ын төлөө, төлөөлөгчдийн танхимын бүх 435 суудлын төлөөх сонгууль Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш явагдсан эхний том сонгууль-сорил гэдгээрээ онцлогтой байв. Шинжээчдийн таамаглаж байсанчлан сенатад Бүгд найрамдах нам олонхоо хадгалж үлдэж чадсан бол төлөөлөгчдийн танхимд Ардчилсан нам дийлэнх суудлыг өөрийн болгожээ. Мөн энэ үеэр явагдсан 33 мужийн амбан захирагчийн сонгуульд Ардчилсан нам ялимгүй давуу амжилт үзүүлсэн байна.

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Удтал хүлээлгэсний эцэст Samsung анхны дэлгэц нь нугардаг утасны бодит загварыг танилцууллаа. Хураагдсан үедээ энгийн утаснаас ялгарахгүй уг утсыг нугалахад 7.3 инчийн таблет болон дэлгэгддэг гэнэ. Ирэх жилд багтаан дор хаяж 1 сая ширхэг утас худалдаанд гаргана хэмээн амлаж буй уг утас Андройд үйлдлийн систем дээр ажиллах бөгөөд хэрэглэгчдэд илүү том дэлгэц, өргөн сонголтууд, шинэ нэмэлтүүдийг санал болгох учиртай.

Facebook богино хэмжээний хөгжилтэй видео хийн сошиалаар хуваалцах боломж олгох шинэ апп Lasso-оо танилцууллаа. Энэ бол өсвөр насныхан дунд супер амжилт үзүүлж, толгой компаниа хамгийн өндөр үнэлгээтэй стартап болоход хүргэсэн TikTok-ийн шууд өрсөлдөгч. Одоогоор зөвхөн АНУ-д ашиглаж болох уг апп-ийн тусламжтайгаар хэрэглэгчид 15 секундын видео хийн, сая сая дууны сан болон олон өвөрмөц стикерүүдийг ашиглан баяжуулж болох юм.

Тэгвэл хамгийн анх богино хэмжээний видеоны концептийг алдаршуулсан Vine-ийн "залгамжлагч" удахгүй гарах гэж байна. 6 секундын видео хийдэг тус апп Твиттерт зарагдсанаасаа хойш өсөлт нь удаашран, улмаар удалгүй хөгжүүлэлт нь зогссон билээ. Тэгвэл Vine-ийн үүсгэн байгуулагчдын нэг Д.Хоффман ижил санаа бүхий шинэ апп Byte-ийн нэр, логог олон нийтэд зарласан юм.

Чанартай контентоос гадна хэрэглэгчдэд бүх төхөөрөмжүүдээр дамжин хүрэхийг гол зорилгоо хэмээн тодорхойлсон Youtube 2 ч шинэ нэмэлтээ танилцууллаа. Тэд Facebook-ийн шинээр танилцуулсан дэлгэцийн төхөөрөмж Portal-ийн анхны апп болон нэмэгдэж байгаа гэнэ. Үүнээс гадна хамгийн өндөр өсөлттэй тоглоомын төхөөрөмж Nintendo Switch дээр ч Youtube-ийн апп-ийг ашиглаж, видео үзэх боломжтой болжээ.


Бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Дисней ирэх онд нээхээр зэхэж буй видео стриминг үйлчилгээнийхээ нэрийг албан ёсоор зарлалаа. Disney+ нэртэйгээр олонд хүрэх уг платформ нь Диснейн бүтээлүүд, контентийг хэрэглэгчдэд санал болгох бөгөөд Нетфликсийн хамгийн том өрсөлдөгч болох магадлалтай байгаа юм. Тэд энэ үеэр Марвелын ертөнцийн баатар Локи болон Оддын Дайны ертөнцийн гол дүрүүдийн нэг Андорын түүхээс сэдэвлэсэн шинэ контентуудаа зарлажээ.

Techradar: "Disney+"-г ойлгох нь

Цахилгаан машины технологи хөгжүүлэгч Tesla үүсгэн байгуулагч Э.Маскийг орлох ТУЗ-ийн даргаа сонголоо. Энэ бол 2014 оноос хойш тус компанийн гүйцэтгэх бус захирлаар ажиллаж байсан Робин Денхольм. Өдгөө 55 настай Австрали бүсгүй өмнө нь Toyota, Sun Microsystems-д ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн жилээс Австралийн топ харилцаа холбооны компаниудын нэг Telstra-ийн CFO-оор томилогдоод байсан юм. Хөрөнгө оруулагчдыг хуурамч мэдээллээр төөрөгдүүлсэн хэмээн буруутгагдаж торгууль төлсөн Маск CEO-ийн ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.

Bloomberg: Теслагийн шинэ босс хэн бэ?

1930 оноос эхтэй дэлхийн хамгийн алдартай медиа брэндүүдийн нэг Fortune шинэ эзэнтэй боллоо. Тус компанийг Тайландын хамгийн баян эрхэм Ч.Жиараванон 150 сая доллараар худалдан авсан байна. 36 тэрбум долларын хөрөнгөтэй хэмээн бүртгэгдсэн түүний гэр бүл Fortune-ийн CEO-оор өмнө нь Time сэтгүүлийн контент хариуцсан захирлаар ажиллаж байсан А.Мюррэйг томилжээ.

Дэлхийн технологийн хамгийн топ компаниудын нэг SAP санал асуулга, судалгааны платформ-програм хөгжүүлэгч Qualtrics-ийг 8 тэрбум доллараар худалдан авлаа. Сонирхолтой нь, 2002 онд байгуулагдсан, 1900 гаруй ажилтантай Qualtrics энэ долоо хоногт IPO хийхээр зэхэж байсан юм. Өнгөрсөн сард тэдний гол өрсөлдөгч SurveyMonkey нээлттэй компани болоод байсан билээ. Энэ нь SAP-ийн хувьд 2014 онд Concur-ийг 8.3 тэрбум доллараар өөрийн болгосноос хойших хамгийн том худалдан авалт нь болжээ.

Ford цахилгаан скүүтерийн зах зээлд нэвтэрлээ. Тэд АНУ-ын 13 хотод үйл ажиллагаа явуулдаг Spin нэртэй стартапыг 40 сая доллараар худалдан авсан байна. Spin нь минут нь 15 центээр үнэлэгддэг түрээсийн скүүтерийн үйлчилгээг үзүүлдэг. Ford ирэх 18 сарын дотор 100 хотод үйл ажиллагаагаа тэлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Universal Studios өөрсдийн хамгийн алдартай хүүхэлдэйн кино Shrek-ийн түүхийг ахин эхлүүлэхээр зэхэж байна. 2004 оноос эхлэн нийт 4 киноны турш үргэлжилсэн Шрек, илжиг болон гуталт муурын шинэ адал явдлыг Despicable Me, Minions-ийн продюсер К.Меледандри хариуцах ажээ. Сонирхуулахад, Шрекийн цуврал дэлхий даяар 2.9 тэрбум долларын орлого олж байв.

90-ээд оны хөгжмийн ертөнцийн өнгийг тодорхойлж байсан Spice Girls эргэн нэгдэж, аялан тоглолт хийх болсноо зарлалаа. Хамгийн сүүлд 2012 оны Лондоны олимпийн нээлтийн үеэр нэгдсэн тэд бүр 2007 онд л бүрэн хэмжээний тоглолт хийсэн удаатай. Гэхдээ энэ удаагийн аялан тоглолтонд хамгийн алдартай гишүүнд тооцогдох Викториа Бекхэм оролцохгүй гэнэ.

Тэгвэл өнгөрсөн арваны хамгийн алдартай хөвгүүдийн хамтлаг Backstreet Boys мөн эргэн ирж байгаагаа шинэ цомог, аялан тоглолтоороо тунхаглалаа. Хамгийн сүүлд 6 жилийн өмнө шинэ цомог гаргасан BSB-ийн 10 дахь цомог DNA ирэх оны 1-р сарын 25-нд гарна. Тэдний дэлхийн аялан тоглолт 7-р сараас эхлэх бөгөөд нийт 69 тоглолтыг хийхээр төлөвлөжээ.

Түүхэн дэх хамгийн өндөр үнэлгээтэй телевизийн цувралуудын нэгт тооцогддог Breaking Bad-ийн бүрэн хэмжээний кино хийгдэх гэж байгаа гэнэ. Тус цувралыг бүтээгч В.Гиллиган хар тамхины вант улс бүтээсэн ахлах сургуулийн химийн багшийн түүхийг үргэлжлэлд бүх гол дүрийн жүжигчдийг нь тоглуулна гэдгээ ч мөн мэдэгджээ.

Энэ долоо хоногийн бокс оффисийг The Grinch итгэл төгс тэргүүлэв. Баярын улирлаас хэт эрт нээлтээ хийлээ хэмээн шүүмжлүүлж байсан тус кино дэлхий даяар 78 сая долларын орлого олсон байна. Ингэснээр тэд хамгийн амжилттай дебютээ хийсэн зул сарын тухай кино болов. Хүлээлт өндөртэй нээлтээ хийсэн Overlord, The Girl in The Spider Web кинонууд даруухан амжилт үзүүлж 3, 4-р байрт бичигдсэн бол Ф.Меркуригийн түүх Bohemian Rhapsody 100 саяын босгыг давжээ.

алдалгүй унших арван мэдээ

Variety: Малибуд дэгдсэн түймэрт оддын орон гэр өртөв
Vox: Амазоны шинэ оффисийн эргэн тойронд
BI: GE-ийн хувьцааны үнэ доод түвшиндээ хүрлээ
Engadget: RocketLab-ийн эхний нислэг амжилттай боллоо
CNN: Дэлхийн 1-р дайны өнгөт-ховор зургууд
Elle: А.Лима Victoria's Secret-ийг орхилоо
Techcrunch: Softbank-ийн "хямрал"
The Verge: Microsoft тоглоом руу анхаарал хандуулж байна
NYTimes: Google-ийн CEO-ийн ярилцлага

10937   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.