Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын хэсгээс   11 сарын 10, 2018

Амазон компанийн түүх буюу "The Everything Store" номын тухай

Сүүлийн хэдэн өдөр Цахиурын хөндийн сэтгүүлч Брэд Стөүний бичсэн "The Everything Store: Jeff Bezos and Age of Amazon" буюу "Бүх зүйлсийн дэлгүүр: Жефф Безос ба Амазоны эрин үе" номыг уншсанаа тоймлон хүргэе. Уг ном 2013 онд FT, Goldman Sachs-ийн оны шилдэг бизнесийн номоор нэрлэгдэж байжээ.

НОМЫН ТУХАЙ

Ердөө 3 сарын өмнө Амазон нэг их наяд долларын үнэлгээтэй АНУ-ын хоёр дахь компани болсон билээ. Эхнийх нь 42 жилийн түүхтэй Apple бол Амазон 24 жилийн өмнө байгуулагдаж байв. Тус компанийг 1994 онд 30 настай Уолл Стрийтэд санхүүчээр ажиллаж байсан Жефф Безос үүсгэн байгуулсан юм. Өдгөө тэр 150 тэрбумын долларын хөрөнгөтэй, дэлхийн хамгийн баян хүн билээ.

Жефф Безос маш ухаалаг, нарийн тооцоотой, сахилга баттай нэгэн. Тоонд гаргууд сайн тэрээр тухайн үед интернэтийн хөгжил итгэмээргүй хурдан өрнөж байгааг статистикаас олж хараад интернэтийн компани байгуулахаар шийдэж байж. Ингээд интернэтийн худалдаа хийхээр шийдэж, нэгт өөрөө номд хорхойтой, хоёрт ном гэдэг нэг л хэлбэр хэмжээтэй, хүргэлт хийхэд амар хэмээн номын худалдаа эрхлэхээр шийдсэн байдаг.

Том сэтгэдэг, алсыг харж чаддаг Жефф Безос интернэтийн хүчин чадалд том бооцоо тавьсан байна. Гэхдээ Амазоны амжилтад хүрсэн шалтгааныг зөвхөн зөв юмаа зөв цагтаа барьж авсантай нь холбовол өрөөсгөл болно. Номыг уншихад Жефф Безосын ур ухаан, зан араншин болоод анхнаасаа л гол үнэт зүйлээ болгосон "хэрэглэгчийг дээдлэх үзэл" (customer obbession) нь Амазоны амжилтын үндэс байж дээ гэж бодогдох аж. Хэрэглэгчийн нэгдүгээрт тавьж, бараа бүтээгдэхүүний үнийг байж болох хамгийн хямд үнээр зарах, хамгийн богино хугацаанд хүргэлт хийхэд эхэн үеэсээ онцгой анхаарсан нь хурдтай өсөлтийг авчирчээ. Хамгийн бага үнээр зарна гэхээр зардлыг байж болох хамгийн бага хэмжээнд барих ёстой тул Жефф Безос арвич хямгач байдал болоод их ажиллахыг компанийн гол онцлог болгон суулгаж өгчээ. Баярын өдрүүдэд ачааллаа дийлэхээ болих үед компанийн дарга, цэрэг бүх хүн агуулахад ажиллаж байсан, зарим үед хүмүүс гэрийнхэндээ баяртай гэж хэлэн 14 хоногоор ажил дээрээ өнждөг байсан зэрэг жишээ түүхүүд номд олон гардаг.

Жефф Безосын хувьд Стив Жобстой төстэй зан характертай. Тэрээр хүрнэ гэсэн зорилтдоо ямар ч үнээр хамаагүй хүрэх гэдэг, түүнд нь саад болсон, зорилгыг нь удаашруулж буй хүмүүсийг тэвчдэггүй буюу "чичрүүлдэг", ажилтнууддаа асар өндөр шаардлага тавьдаг, нарийн деталийг ихэд анхаардаг. Өөрийн гэсэн тодорхой философитой Жефф Безосын хэлсэн үгс, гаргасан дүрэм журмыг Жеффизм гэдэг аж. Энэ философи нь компанийн соёлд маш өвөрмөц байдлаар илэрдэг. Нэг жишээ. Амазоны удирдах багийнхан хурал дээрээ презентаци хэрэглэдэггүй. Ямарваа нэг санал, санаачилга дэвшүүлэхдээ 6 хуудсанд хүүрнэн бичиж, түүнийг нь хуралд оролцогсод эхний 15-30 минутад чимээгүй уншиж танилцаад ажилдаа ордог байна. Энэ дүрмийг гаргасан Жефф Безос, хүмүүс санаагаа ингэж илэрхийлэхийн тулд маш сайн шүүн тунгааж чаддаг, унших хүмүүс ч анхаарлаа бүрэн төвлөрүүлж, маш сайн ойлгож чаддаг гэж үздэг байна. Мөн баг, албадаа "2 пиззаны баг" гэсэн зохион байгуулалтаар хуваадаг нь 2 пиззагаар хооллож чадах тооны хүмүүс нэг баг болж ажиллавал харилцаа холбоо хангалттай хурдтай, үр дүнтэй байдаг гэж үздэгтэй нь холбоотой аж. Жефф Безос чадварлаг ажилтнууд бол компанийн амжилтын гол түлхүүр хэмээн үзэж, эхнээсээ л "компанийн босгыг өндөрсгөх" хүмүүсийг ажилд авахыг чухалчлах болсон гэдэг. Ер нь Амазон компани бол Жефф Безос гэдэг хувь хүний тусгал ажээ.

Компанийн түүхийг аваад үзэхэд маш том амбицтай энэ компанийг хүмүүс тухай тухайн үедээ зохих хэмжээнд нь үнэлэхгүй байсан нь өөрийгөө харуулах томоохон мотиваци болж байж дээ гэж бодогдсон. Амазон номоос эхлэн тоглоом, электрон бараа, хувцас гэх мэт бүтээгдэхүүний төрлүүдийг нэг нэгээр нь нэмсээр, томрох тусмаа тухайн салбарын нийлүүлэгч компаниудтай хэлцэл хийх давуу талаа ахиулсан байдаг. Компаниа анх Relentless.com буюу "Зогсолтгүй" хэмээн нэрлэх талаар бодож байсан Жефф аливаа зүйлийг өөрийн болгохдоо үнэхээр зогсолтгүй нэгэн гэдгийг энэ номоос харж болно. (Одоо ч relentless.com гэх хаяг руу хандахад шууд amazon.com руу чиглүүлдэг гэнэ шүү)

iPod-оор дамжуулан хөгжмийн салбарт маш том давуу талыг олж авсан Apple-ийг хараад Безос бараа бүтээгдэхүүнийг дижитал хэлбэрт оруулахад анхаарахгүй бол өрсөлдөгчдөөсөө хоцрох нь хэмээн цахим ном уншигчийг бүтээсэн нь өнөөгийн Kindle билээ. Kindle-ийн амжилт болоод Amazon Web Services үйлчилгээг амжилттай нэвтрүүлсэн нь компанийг дараагийн өндөрлөгт гаргаж, Жефф Безосын хүсэж байсанчлан Амазон бол жижиглэн худалдааны компани биш технологийн компани шүү гэдгийг бусдад зарлан тунхаглажээ. Үүлэн технологийн салбарт түрүүлж хөдлөн AWS хэмээх энэхүү интернэтийн үйлчилгээг багцдаа нэмснээр Амазон үнэхээр "Бүх зүйлсийн дэлгүүр" гэдгээ илтгэж чаджээ.

Амазон одоо магадгүй "дийлдэхээсээ өнгөрсөн" хүчтэй, инновацилаг компани болсон. Гэсэн хэдий ч Жефф Безос жил бүр хувьцаа эзэмшигчдэдээ тайлангийн хамт илгээдэг "алдарт" захидалдаа "Өдөр бүхэн бидний хувьд анхны өдөр шүү" хэмээн сануулдаг нь үнэхээр гайхалтай энтрепренер гэдгийг нь илтгэх мэт. Жефф Безосын ур ухаан, амжилттай бизнесийг хэрхэн босгож бүтээдгийг харуулсан энэхүү номоос сонирхолтой санагдсан зарим зүйлийг тэмдэглэхэд ийм буюу.

Уг номын тухай мөн Unlock podcast-аас сонсох боломжтой.

11416   0


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.