Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   11 сарын 07, 2018

Гэрэл үгүйлсэн Улаанбаатар: Сонсогдохгүй, харагдахгүй, мэдрэгдэхгүй сэтгэлийн өнгө

Саяхан UBS сувгийн "Асах Гэрэл" гэрэл зурагчдын шоу нэвтрүүлгийн хамт олон холбогдож, тус нэвтрүүлгийн оролцогч М.Мишээлтэй хамтран контент бэлтгэх завшаан бидэнд тохиосон юм. Хэдэн өдрийн турш бид Мишээлтэй зөвлөлдөж, түүний зургийн санг сонирхсоны эцэст нэгэн зураг бидний бэлтгэхээр зэхэж байсан "Сэтгэлийн Элэгдэл" хэмээх контентын агуулгыг бүрэн илэрхийлж чадах мэт санагдаж сэтгэл ихэд хөдөлсөн юм. Сонсогдохгүй, харагдахгүй, мэдрэгдэхгүй байгаа сэтгэлийн элэгдлийг бид олон нийтэд хэрхэн илэрхийлэх талаараа удтал бодсоны эцэст ийнхүү хамгийн зөв арга замаа олсон нь энэ билээ. Тайлбарлаад ойлгогдохгүй, хэлээд мэдрэгдэхгүй энэхүү асуудлыг бид хүмүүсийн бодит сэтгэл хөдлөлөөр буюу байгаа байдлаар нь гэрэл зургийн хальснаа буулгах нь хамгийн зөв алхам гэж үзсэн юм. Асаах гэрэл үгүйлсэн Улаанбаатарын нэг өдөр ийм байлаа. 

Хөвсгөл аймаг. 2018.09.23.

Жасрайн гудамж, өглөөний зургаан цаг, тэг тэг минут үргэлж намуухан. Миний хувьд шувуудын жиргээн болон өвөөгийнхөө радионы сулхан дуугаар шинэхэн өглөө эхэлдэг юм. Түүний хийх дуртай зүйлсийн нэг нь хэдэн цагаар ч хамаагүй радиогоо чагнан хэвтэх. Үнэндээ радио сонсох гэдэг өвөөгийн минь хийх дуртай зүйл эсэхэд эргэлзэж л байна. Дөрвөлжин цагаан эгшигт хайрцагтаа хэчнээн өдрийн хөнгөн гуниг, хэчнээн жилийн жаргалтай дурсамжаа хадгалдаг бол? М.М

2018.11.06. 06:36 минут. Гэртээ. Өвөө маань хэдэн цагаар, хэдэн өдрөөр ч хамаагүй хайртай радиогоо тасралтгүй сонсож чадна... М.М

Үр хүүхэдтэйгээ ярих, тэднийхээ хоолойг сонсоно гэдэг сэтгэлийн элэгдлээс сэргийлэх хамгийн сайн вакцин нь...


Их сургуулийн оюутнуудын дунд хэдэн цагийг өнгөрөөхөд хичээн зүтгэл, хүсэл эрмэлзэлтэй залуус олон тааралдаж байсан нь сайхан байсан ч уйдсан, залхсан, аргацаасан, хийцгүйрсэн мэдрэмжийг бас олж харж байлаа. Эрч хүч мэдрэгдсэн нүдний харц, цаг хугацааны үнэ цэнийг маш сайн ойлгож буй мэт итгэлтэй алхаа илүү олон болж, толгой гудайсан алхаа, хүсэл эрмэлзэл муутайхан харц бага тааралдаасай гэсэн сэтгэгдэл төрснийг нуух юун.

"Цалин их авах мэргэжил сонго", "Чи наад ажлаа сонгоод яаж амьдрах гэсэн юм бэ" гэсэн үгс таны чихэнд тун ойр сонсогдож байж магадгүй. Эцэг эхийнхээ шахалтаар, өөрөө сайн эргэцүүлээгүйгээс болоод насан турш заяа холбох ажил мэргэжлээ буруу сонгосон дүр зургууд бидний ойр орчимд бэлхнээ бий. Түүнээс болоод өдрийн ихэнх цагийг өнгөрүүлж буй ажлын байран дээрээ сэтгэлзүйн хувьд таагүй байснаар урт хугацаанд, өдрөөс өдөрт сэтгэл элэгдэж, аажимдаа ужгирч, тэр нь янз бүрээр илэрч буй. Ажилдаа дуртай, хийж буй зүйлдээ итгэдэг хүний оюун санаа, сэтгэл элэгдэх биш улам хурцлагддаг гэдэгт би итгэдэг. Нийгмийн стресс, бүтээмжгүй байдал гэх асуудлууд хичээлээс залхсан, дургүй оюутан насны амьдралаас эхлэлтэй юм биш биз?

2018.11.06. Улаанбаатар хот, 12:35 минут. Монгол Улсын Их Сургуулийн номын сан.

Дараагийн зогсоол болох циркийн бэлтгэл дээр очиход яагаад ч юм Guardian медиагийн "Дэлхийн сэтгэлзүйн эрүүл мэндийн өдөр"-т зориулсан видео шууд толгойд орж ирсэн юм. Спортын тамирчдад өргөнөөр тохиолдох болсон сэтгэлийн элэгдлийн талаар тэрхүү нийтлэлд онцолсон байсан бөгөөд энэхүү асуудал нь спорт гэлтгүй аль ч салбарын, ямар ч насны хүмүүст түгээмэл тохиолдож байгааг илэрхийлсэн байсан. Бид спорт гэлтгүй ажил карьертаа үргэлж сорилт, ачаалал, дарамттай тулгарч байдаг бөгөөд өөрийгөө хэт шахаж, хэт ачаалал өгснөөсөө болоод, асуудлаа хэт удаан ганцаараа хадгалж явснаас болоод "тэсрэхэд" бэлэн болсон байдгийг өгүүлсэн. Уг "тэсрэлт" сэтгэлзүйн хүнд өвчин, архи, тамхи мансууралах бодисны хэрэглээ, зан араншингийн гэнэтийн өөрчлөлт гээд ямар ч байдлаар илэрч болох аж. Хамгийн гол нь амжилтанд хүрнэ, үүнийг давна гэсэн сэтгэлзүйдээ үнэнч байж өөртөө хэт ачаалал өгч, асуудлаа хэнтэй ч хуваалцахгүй гүрийх нь эцэстээ өөрийг нь хэзээ ч гарч чадашгүй мухардалд оруулах аюултай.

Циркийн бэлтгэл хийж байсан хүүхэд, залуусыг хараад тийм сэтгэгдэл төрөөгүй ч хүнд ачаалал, сорилттой үргэлж тулгарч буй учраас ийм эрсдэлийг тооцоолоосой гэсэн бодол төрж байлаа. Ямартай ч хийж буй зүйлдээ гүн төвлөрсөн, бүх хүчээ шавхаж буй дүр төрхийг харахад бид ч гэсэн цэнэглэгдэх шиг болсон юм.


Бусад асуудлыг бид сонсож, ойлгож, харж болно. Сэтгэлийн элэгдэл гарт баригдахгүй, нүдэнд үзэгдэхгүй, чихэнд сонсогдохгүй.

Бусдад өөрийгөө буруугаар ойлгуулах вий гэсэн сэтгэлзүй нь сэтгэлийн элэгдлийг нуух хамгийн хүчтэй зэвсэг нь болдог. Эцэстээ сэтгэл гутрал, мухардал нь тэр хүний амьдралын салшгүй нэг хэсэг болчихсон байх нь ч бий.

2018.11.06 -15:32 минут. Ирээдүйн циркчид дээр зочлов

2018.11.06 . 21:45 минут. Улаанбаатарын гудамжаар явах зуур

Өдрийн аялал маань эцэстээ хүрч календарийн дараагийн өдөрт шилжих тэр мөчид бид ажилтан залуусын төлөөлөл болгож Улаанбаатарын нэгэн оффисоор зочилсон юм. Шилэн өрөөний цаана таагүйтэн суух залууд ямар асуудал тулгарсныг мэдэхгүй ч шөнийн 23 цагт ажиллан суугаа нь үүний бэлээхэн хариулт мэт санагдсан юм.

Орчин цагт ажил, амьдрал, хувийн зохион байгуулалт, төлөвлөлт маш чухал асуудал болоод буй. Гэртээ байхад ажлын асуудал бодогдож, ажил дээр байхад гэр бүлд тулгамдсан зүйл бодогдоно. Түүнээс болоод эргэлзэх, мухардах, санаа зовних байдал байнга давтагдах болж, ажлын бүтээмж муудах, гэр бүлийн уур амьсгал ч эвдэгдэх тохиолдол олон. Бид үүнийг байдаг зүйл, давах ёстой гэж бодовч урт хугацаанд энэ нь бидний сэтгэлзүй, зан ааш, үйл хөдлөлд хэрхэн нөлөөлж буйг сайтар бодууштай мэт.

2018.11.06. 23 цаг 22 минут. HUB Инновацийн төв

Дараагийн зогсоол маань рок хөгжим мэдрэх Gandan Live House байлаа. Рок хөгжимтэй гэхээр танд урт үстэй рокууд, хар хувцастнууд төсөөлөгдсөн байж магадгүй. Гэвч тэнд рокуудаас эхлээд хуульч, эмч, оюутан, багш, эдийн засагч гээд бүхий л мэргэжлийн хүмүүс цуглаж хөгжмийн хэмнэлд дуулж, үсчиж, бүхнийг умартан кайфыг мэдэрч байлаа. Хэд хэдэн хүмүүстэй ярилцаж сэтгэгдлийг нь асуухыг хүссэн ч тэдний нүднээс, байгаа байдлаас юу мэдэрч, ямар кайфыг амталж буй нь тодорхой байсан юм. Тэрхүү жаргалтай, зүйрлэшгүй завсарлагыг нь тасалдуулах зүрх бидэнд байгаагүй тул нийтлэлдээ зориулж хийдэг ажил, мэргэжлийг нь асууснаас өөр зүйл лавлахыг хүссэнгүй.

Гэр бүл, хайртай хүмүүсийнхээ төлөө, өөрийн ирээдүйн төлөө бусдаас илүү ихийг хийж, шаргуу хөдөлмөрлөх нь зүйтэй ч дуртай зүйлээ хийж сэтгэлдээ, оюун санаандаа "салхи оруулж" байх нь зайлшгүй зүйл юм. Оюун санааны ачаалал, сэтгэлийн дарамт, ядралт, бухимдалд тань хамгийн сайн эм, хамгийн сайн туслагч нь хэсэг зуурын завсарлага байх болно. Тэр нь рок хөгжим, спорт, дуу, хөгжим, ер юу ч байж болно. Амьдралаас кайф авах зүйлсийг л илүү олон болгоцгооё.

2018.11.07. 00:32 минут. Gandan Live House. Бидний аялал нэг өдөрт багталгүй дараагийн өдөрт шилжив.

Төгсгөлийн оронд

Олуулаа, найзуудаараа байхдаа хөгжилтэй, баясгалантай царайнуудыг бид олж харж байсан ч ганцаараа яваа хүмүүсийн үйл хөдлөл, биеэ авч явж буй байдлаас тийм ч таатай дүр зургийг харахаар байсангүй. Үүнээс үүдэн хэн ч, хаана ч, хэзээ ч байсан, хүний дэргэд өөрийгөө буруугаар ойлгуулахгүй гэсэндээ асуудлаа нууж, бусадтайгаа хуваалцалгүй дарж, түүнийгээ ужигруулж явдаг юм биш биз дээ гэж бодоход хүрэв.

Элэгдэл гэж нэрийдсэн учир нь ч маш тодорхой. Энэ асуудал зүгээр гэнэт байж байгаад гараад ирдэг биш, өдрөөс өдөрт, минутаас минутанд биднийг хэмлэсээр, эмтэлсээр эцэст нь даахын аргагүй ачаа, гарахын аргагүй мухардалд оруулдаг учраас тэр. Бид өдий болтол зөвхөн бусдаас хамааралтай асуудлууд болох хүчирхийлэл, шахалт дарамт, дээрэм, ялгаварлал зэргийг голчлон анхаарч ирсэн бол одоо хамгийн энгийн зүйлүүдийг олж харах цаг нь болсон мэт. Мэдээж хүчирхийлэл, шахалт, дарамт, ялгаварлал зэрэг нь тэвчишгүй, маш том асуудал гэдэг нь үнэн. Гэвч үүний зэрэгцээ өдөр тутамд бидний сэтгэлийг элээж буй, оюун санааг маань хэмлэн буй тэр л энгийн зүйлсийг анзаарах шаардлагатайг энэ нийтлэлээрээ ахин дахин сануулмаар байна. Ирээдүйдээ хэт санаа зовох, хэтэрсэн ачаалал авах, ажил амьдралын хуваарилалт төлөвлөлт, өдөр тутмын харилцааны асуудал зэрэг нь том цохилтыг нэг өдөр шуудхан бидэнд өгөхгүй ч асуудлаа байлгасаар, хураасаар, хадгалсаар байх юм бол аажимдаа бидний сэтгэл нөхөж баршгүйгээр элэгдсэн байхыг үгүйсгэхгүй. Тийм жишээ ч бидний дунд, хаашаа л харна, үл мэдэгдэм, үл харагдам, үл сонсогдом байдлаар оршиж байна.

Хэн ч асуудлаа хүнтэй хуваалцахыг хүсэхгүй, ярихыг хүсэхгүй, харуулахыг хүсэхгүй байгаа тул бид л мэдрэхгүй бол, сайтар ажиглахгүй бол хамгийн ойр дотны (магадгүй та өөрөө ч байж магадгүй) хүмүүс маань анзаараагүй байтал асуудлаа хадгалсаар эцэстээ "дэлбэрч", олон сөрөг үр дагаврыг дагуулахад бэлэн байгаа мэт. Энэ "дэлбэрэлт"-ийн жишээ магадгүй бидний шийдэж чадахгүй байгаа сэтгэлзүйн хүнд асуудлууд, өвчнүүд, донтолт, архидалт, гэр бүлийн маргаан, хэрүүл, хүчирхийллээр илэрч мэднэ.


Ажиглагдахгүй, анзаарагдахгүй, сонсогдохгүй, харагдахгүй байгаа тэр зүйлсийг мэдрэх гэж хичээцгээе. Өдрөөс өдөрт нэмэгдэх залуусын бүтээмж, эрмэлзэл, хүсэл мөрөөдлийг хадгалахын төлөө өөртөө болон ойр дотныхондоо санаа тавьцгаая. Хүн өдөр бүр эерэг байхад анхаарч, өөрт баяр баясал өгдөг зүйлийг аль болох их хийж, бусдын халамж, хайрыг мэдэрч байвал сэтгэлийн элэгдлийг бид газар авуулахгүй байж чадна.


Ганбаа

2018.11.07. 23 цаг 38 минут. Сайн байна уу? Танд шинэ зурвас ирлээ!

НИЙТЭЛСЭН:

Ganbaatar Erdenee

Нийтлэлд оролцсон:

А.Ундрал
О.Бүтэд
А.Амаржаргал

Гэрэл зургийг:

М.Мишээл /Асах Гэрэл/

Хандалт / Сэтгэгдэл:

17400   7

Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.