Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   11 сарын 07, 2018

Би хэрхэн ажилладаг вэ? - M Plus апп-ийг бүтээгч, Woovoo компанийн үүсгэн байгуулагч Х.Эрдэнэбаяр

Өнгөрөгч 10 сарын 25-нд бид Эрдэнэт хотноо "Inspired Erdenet" арга хэмжээг зохион байгуулсан билээ. Уг арга хэмжээний гол зочдын нэг нь Woovoo компанийн захирал, дижитал сэтгүүл бүтээгч платформоор дэлхийд өрсөлдөх зорилготой M Plus апп-ийг бүтээгч Х.Эрдэнэбаяр байлаа. Эрдэнэт хотод төрсөн анхны хүүхдүүдийн нэг тэрээр 10 жилийн сургуулиа тэнд төгсөж, Лондон хотын Метрополитаны их сургуулийг дижитал медиагаар төгсжээ. Улмаар Англи улсад Landrover компани, Getty Images, Times сэтгүүлүүдэд ажиллаж байгаад хэдэн жилийн өмнөөс Монголдоо суурьшин стартап компаниа байгуулан ажиллаж яваа юм. Ингээд том мөрөөдлийнхөө хойноос тууштай зүтгэж буй Х.Эрдэнэбаяртай Уурхайчин соёлын ордны тайзнаа заал дүүрэн үзэгчдийн өмнө ярилцсанаа хүргэе.

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил, албан тушаал: Woovoo компанийн үүсгэн байгуулагч, M+ Mongolia апп-ийг бүтээгч
Хэрэглэдэг компьютер: Суурин Dell компьютер, Macbook Air 11'
Хэрэглэдэг гар утас: iPhone 8 Plus
Таны ажлын арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Инээмсэглэн багаар ажиллах
Сошиал хуудсууд: Фэйсбүүк, Твиттер

ТАНЫ АЖЛАА ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ? АЖЛЫН ДУНДАЖ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Би ажлын хэнээтэй ч гэсэн ажлыг зовж бухимдаж хийдэггүй. Хөгжилдөнгөө, тоглонгоо, кофе уунгаа инээмсэглэж ажилладаг. Голдуу өглөө 7 цагт гэрээсээ гараад орой 10, 11 цагийн үед харьж байна. Ажлыг олон цагаар хийж байгаа нь энгийн л математик. Хөгжилтэй орнуудад иргэд нь биднээс их ажилладаг. Бид илүү цаг ажиллахгүйгээр тэдний араас замнаж, улс орноо хөгжүүлнэ гэж байхгүй. Хүний зорилго том, ажилдаа дуртай бол ядарч зүдэрдэггүй шүү дээ.

Удирдах арга барилын хувьд би өөрөө үлгэр жишээ болж, хийж дагуулах сонирхолтой. Залуучуудтайгаа яг л найз нөхөд, гэр бүл мэтээр харилцаж, хамтдаа хөгжих сэтгэлгээгээр ажилладаг. Юу хийхийг нь байнга зааварлаад байлгүй харьцангуй эрх чөлөө өгдөг гэж боддог. Ялангуяа технологийн шинэ бүтээгдэхүүн гаргах гэж буй бол хоорондоо маш ойр дотно байх хэрэгтэй.

Өдөрт маш их уулзалт хийдэг. Бараг нийт ажлын 60-70 хувьд нь хүмүүстэй уулзаад таардаг байх. Өглөө эрт болон орой хүн цөөрсний дараа ганцаараа суун төвлөрч ажилладаг.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМУУДААСАА НЭРЛЭНЭ ҮҮ?

Сошиал медиагаас фэйсбүүк дээр илүү идэвхтэй байдаг юм. Сүүлийн Telegram-ийг чат, харилцаа холбоонд ашиглах болоод байна. Мөн подкастын апп болон Netflix-ийг дурдаж болно. Дизайнерууд бүтээлээ тавьдаг Behance утсан дээр минь бий. Сүүлийн үед фэйсбүүкийн 10,000 суниах челленжид нэгдчихээд 200 Push Ups Daily аппаар суниалт хийн бүртгэж байна. Мөн блокчейний Antpool апп-ийг ашигладаг.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Сайн төлөвлөх л юм даа. Миний хувьд ялангуяа уулзалтуудаа сайн төлөвлөдөг болох гээд чадахгүй л яваад байна. Уулзалтынхаа цагийг хэтрүүлчихээд байдаг талтай. 2019 онд үүнийгээ засах зорилт тавина даа. Өглөө эрт ирэх, орой харих зэргээр ер нь өөрөөсөө л цаг хэмнэх гээд байдаг хүн дээ.

ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Бичгийн цаасан дээр тэмдэглээд, шаардлагатай зүйлсээ гар утас, компьютер рүүгээ оруулдаг. Календарь дээр уулзалтуудаа бас тэмдэглэнэ. Тархинд бичигдэж үлдэх талаасаа цаасан дээр бичих нь хавьгүй илүү гэж боддог.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Хүмүүсийг эерэг зүйлд уриалахдаа муугүй гэж боддог. Өөртөө бас өндөр шаардлага тавьж чадна. Тууштай байж чадна. Хийнэ гэсэн бол "ямар ч үнээр хамаагүй ээ" гэдэг шиг эцсийг нь үзэх гэж л хичээнэ дээ. Орчин цагт хүний анхаарал их сарнидаг болсон болохоор нэг юмандаа тууштай байх нь бүр ч чухал чанар болсон гэж боддог.

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ ТАНЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Миний хувьд digital publishing салбарт бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргах гэж зорьж яваа хүн. Урьд нь бид технологийн бүх л зүйлийг импортолдог байлаа шүү дээ. Өнөө цагт харин оюун ухаандаа түшиглэн дэлхийд өрсөлдөх боломж бүрдэж байна. Энэ тал дээр монголчууд маань чадамж өндөртэй гэдэгт итгэдэг.

Бизнес хийнэ гэдэг, цаашлаад технологийн бүтээгдэхүүн гаргаж дэлхийд өрсөлдөнө гэдэг үнэхээр хэцүү. Бизнесийг санаачилж эхлүүлж байгаа хүмүүс бол хамгийн зоригтой хүмүүс гэж би боддог юм. Хүний удирдлага дор ажиллах харьцангуй амархан шүү дээ. Монгол шиг газар ажлаа ойр ойрхон солиод яваад байсан ч болдог.

Өнгөрсөн хугацаанд өгсөж уруудах үе зөндөө л гарч байлаа. Хоёр жилийн өмнө манай компани огт мөнгөгүй болж хэцүү байдалд орсон. Наадмын үеэр би залуучууддаа урам өгөх санаатай Байгаль нуур уруу амралтанд явъя гэж уриаллаа. Ингээд ёстой өөрийн компьютер, аппарат зэрэг хамаг юмаа ломбардад тавьж хэдэн төгрөг аваад явж байв. Бусад хүмүүс бол бизнес хийхийн өнгөн талыг л хардаг. Жак Магийн байгуулсан Алибабаг эхлээд хүмүүс огт хэрэглэхгүй байсан гэдэг. Тэгэхээр нь өөрийнхөө хөргөгчийг өөртөө зараад, вэбсайтдаа борлуулалтын түүх үүсгээд сууж байсан гэж уншиж байсан.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Бид аливаа хэвлэмэл сэтгүүлийг бүрэн интерактив буюу дижитал болгодог. Өөрөөр хэлбэл доторх контент, рекламыг нь уншихаас гадна үзэж, сонсож болохоор болгодог гэсэн үг.

Анх би Англид ажиллаж байхдаа дэлхийн хамгийн тансаг зэрэглэлийн их дэлгүүр гэгддэг Harrods дэлгүүрийн сэтгүүлийг дижитал болгох төсөлд оролцсон юм. 100 мянган хэрэглэгчид 15 долларын өртөг бүхий сэтгүүл хүргэж 1.5 сая долларын зардал гаргадаг байсныг нь бид тухайн үед ид дэлгэрч байсан iPad-д зориулан 10 дахин хямдаар дижитал сэтгүүл болгон өгч байлаа. Ингээд Монголд ирсэн хойноо дижитал сэтгүүл бүтээдэг, маш өндөр үнэтэй програмтай дүйцэхүйц, гэхдээ хавьгүй бага зардлаар ажил гүйцэтгэж чадах програм хийхээр зорьсон.

Түүнээс хойш өнөөг хүртэл програмаа төгөлдөржүүлээд, одоо удахгүй дэлхийн зах зээлд гаргах хэмжээнд хүрчихээд байна. Бид бүтээгдэхүүнээ Монголдоо туршихаар M+ Mongolia апп-ийг нээн таван сар болоод байна. Манай зах зээл жижиг учраас мөн цахим ном, сонсдог ном, подкастуудыг багтаасан байгаа.

Олон улсын хувилбарынхаа нээлтийг ирэх оны эхээр хийхээр ажиллаж байна. Саяхан бид япончуудтай гэрээ байгуулж, компаниа Японд байгуулсан. Хятадад бас яриа хэлцэл явж байна.

ТА ХЭР ИХ УНШДАГ ВЭ? ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА?

Би багаасаа хүмүүсийн намтар их уншдаг байсан. Дээр үед алдартай хүмүүсийн тухай бичдэг нэг сэтгүүл байсныг уншсаар байгаад дуртай болсон. Энэ дадлаас сурсан, авсан юм их шүү. Ажил дээр төслийн менежментийг хэрхэн уламжлалт бус аргаар хийх тухай өгүүлсэн нэг ном уншиж байна. Уран зохиол гэвэл Николас Спарксын "Message in a Bottle" зэргээс эхлүүлээд бүх номыг нь гарсан даруйд нь авч уншдаг даа. Сүүлийн үед унших цаг хомс болоод, онгоцонд явахдаа л голдуу уншиж байна даа.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Хөгжим сонсох тогтсон арга барил байхгүй гэж болно. Төрөл бүрийн л хөгжим сонсдог. Английн жазз маягийн хөгжмөөс Жэми Коллумыг сонсох дуртай. Монголоос Lemons, A Sound, Моханик зэрэг хамтлагуудыг таашаадаг.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Одоо дунджаар шөнө 00.30 цагт унтаад өглөө яг 6.45 цагт сэрдэг. Ер нь хэдэд ч унтсан энэ цагтаа сэрчихдэг.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛж БОЛОХ ВЭ?

Сүүлийн үед бол үнэхээр чөлөөт цаг байхгүй гэж хэлэхээр байдалтай ажиллаж байгаа. Том хүүхэд маань Токиогийн их сургуульд нанотехнологиор суралцдаг. Хоёр бага маань Эрдэнэтэд өвөө эмээ дээр байгаа болохоор ажилдаа ч гүнзгий төвлөрөх боломжтой байгаа юм.

Би спортод их дуртай хүн. Хөлбөмбөгөөс Ливерпүүлийн улаан фэн. Сагснаас Голден Стэйт Варриорс багийг дэмждэг. Тоглолтыг нь боломж олдвол харна. Багадаа би ширээний теннисний спортоор хичээллэж багагүй амжилт гаргаж байсан. Гадаадад тэмцээнүүдэд явж, ер нь ингээд "тэнээд" амьдраад байж болох юм байна гэдэг ойлголт сууж байлаа. 1997 онд Англи руу дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд яваад, энэ газар ер нь ирэх ёстой юм байна гэж бодсон. Ингээд 1999 онд эргэн очиж, тэнд 13 жил сурч, ажиллаж, амьдарсан даа.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Би хүмүүсийг сэтгэлээсээ баярлуулж, түүнээсээ маш их эрч хүч, сэтгэл ханамж авдаг хүн. Төрсөн өдөр маань 12 сарын 31-нд байдаг болоод ч тэр үү, өвлийн өвгөн шиг л байдаг юм (инээв). Хүн ер нь хүнд тус болбол тус хүргэсэн хүнээсээ илүү сэтгэл ханамжтай байдаг юм шиг санагддаг. Жижиг бэлэг дурсгахаас эхлээд оюутан хүүхдийн төлбөр төлөх гээд энэ тал дээр хийдэг зүйл олон бий.

Эерэг сэтгэлгээтэй байж бүх юмыг эергээр харахыг хичээдэг, түүнийгээ ч бусдад уриалдаг. Харангын Лхагваагийн "Нарыг хайрла" гэж үнэхээр гоё дуу. Юмыг эергээр, гоёор харахаар сайн сайхан зүйлс чам руу эргээд ирдэг гэж боддог. Зарим өглөө ажилдаа гараад нар уруу харахад нар над уруу инээгээд ч байгаа юм шиг санагдах нь бий. Тэгмэгц хурдхан ажил руугаа ормооргүй санагдаж, Зайсангийн замаар тойрон эерэг сайхан юм бодож очдог.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Би дээхнэ үед жаахан онгироодуу, түс тас гэсэн зантай байсан шиг байна лээ. Тэгээд нэг түүхийг уншаад хүнийг огт загнаж зэмлэхээ больсон юм. Тэр түүхийг хуваалцъя. Германы нэрт зохиогч, зөвлөх Бодо Шеферийн нэг номоос уншиж байлаа. Тэр бол надад их нөлөөлсөн цөөн номын нэг л дээ.

Бодо Шефер нэг удаа Лондонд ирээд нэг банкинд зөвлөгөө өгчихөөд буцах гэж байтал Шотландын банк бас зөвлөгөө өгөөч гэж. Мань хүн зөвшөөрч, 20 жил хувийн онгоцоор ниссэн юм чинь галт тэргээр нэг явж үзье гээд суужээ. Тэгсэн хоёр хүүтэйгээ явсан нэг хүнтэй хамт сууж таарав гэнэ. Хөвгүүд нь маш сахилгагүй, ёстой буулгаж гарахад нь тэссэнгүй, нөгөө эрийг хүүхдээ хүмүүжүүлж чаддаггүй гэх зэргээр баахан загнаж "лекц" уншжээ. Зэмлэлийг нь тэвчээртэй сонссон эр "Та болсон уу?" гэж асуугаад "Өнөөдөр би хоёр хүүгийнхээ ээжийг оршуулчихаад явж байна. Өнөөдөртөө миний хоёр хүү тааваараа байг дээ" гэж хэлсэн гэдэг.

Энэ түүхээс шалтгааныг нь мэдээгүй байж хүмүүсийг буруутгах хэрэггүй юм байна, янз бүрийн асуудал үүсвэл юу болов, яав гэж хүмүүст санаа тавьж байх хэрэгтэй юм байна, юмыг зөвхөн өөрийн өнцгөөс харж болохгүй юм байна гэдгийг ойлгосон доо.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Эхлээд хүний төлөө ямар нэг юм хийгээд сурчих, тэрний дараа өөрийнхөө төлөө юм хийх амархан болдог гэж залуучуудад хэлмээр санагддаг юм. Бусдад туслах дуртай хүнд бурхан туслах дуртай байдаг гэж сайхан үг бий. Үүнтэй холбоотой нэгэн түүхийг хуваалцъя. Өөрийгөө магтах гэсэнгүй, энэ түүх намайг 20 жил "тэжээж" ирсэн болохоор ярьж байгаа юм шүү.

1990-ээд оны эхээр нэг удаа би аав, аавынхаа жолоочтой гурвуул Улаанбаатараас Эрдэнэт рүү гарсан юм. Аав маань Эрдэнэт хотын санхүүгийн хэлтэст удаан ажилласан хүн байдаг. Бидний унаж байсан супер 69 бол тухайн үедээ л Land 200. Улаанбаатараас гараад удаагүй байтал цасан шуурга болоод явчихсан. Тэгсэн нэг гэр ачсан аавын цээж машин эвдрээд зогсчихож. Хоёр залуу аав ээжтэйгээ хөлдөх шахаж байгаа харагдана. Хавар дулаан байхад гэнэт хүйтрээд хүмүүс гэнэдсэн нь тэр.

Би аавдаа, зогсоод энэ хүмүүст туслах уу гэтэл тэгсэнгүй. Санхүүчид ер нь нэлээн тооцоотой хүмүүс байдаг шүү дээ. 3, 4 км яваад би тэссэнгүй "Намайг ингээд зогсож байхад ямар нэг унаа зогсоод аав ээжийг минь суулгаад явбал би маш их баярлана даа" гэтэл аав маань ч зөөлөрч машинаа эргүүл гэлээ. Ингээд тэр хүмүүс дээр очоод аав ээжийг нь суулгаад явъя гэтэл хоёр хүүгээ орхихгүй гэнэ. Тэгэхээр нь аав ээжийг нь суулгаад машиныг нь чирээд Хөтөл рүү их удаан явж хүргэж өгсөн юм. Тэр хоёр хүүгийн нэг нь чөлөөт бөхийн гавьяат тамирчин Ц.Цогтбаяр байж таарсан. Тэрнээс 7 хоногийн дараа билүү дэлхийн аваргад тэмцээнд яваад хүрэл медаль хүртсэн түүхтэй. Маргааш нь намайг байхгүйд Цогтбаяр манай гэрт ирээд их баярласнаа илэрхийлж 3 шил архи үлдээгээд явсан байсан. Хүн багахан чармайлт гаргахад л нөгөө хүн нь ч, өөрөө ч олон жил санаж явах, эргэж дурсахад сайхан мэдрэмж өгөх ийм түүхийг бүтээж болдог юм билээ.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Bloomberg телевизийн захирал Э.Долгионыг санал болгоё. Дандаа бусадтай сонирхолтой ярилцлага өрнүүлдэг хүнтэй ярилцаж, өөрөө яаж ажилладгийг нь сонирхвол сонин байх болов уу.

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.

41080   9


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor

Гэрэл зургийг:

Г.Ананд
Д.Ганзул




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.