Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   11 сарын 06, 2018

Швейцар цагны бахдам түүх: Дэлхийн дайнаас саран дээр газардах хүртэл

Өдөр хоногийг цагаар тооцоолж, он цагийн уртыг цагаар хэмжиж эхэлсэн тэрхүү үеэс бид түүхийг илүү нарийн, илүү ойлгомжтой, илүү тодорхой тэмдэглэж үлдээх боломжтой болсон билээ. Бидний цагаар, минутаар, секундээр бичиж үлдээсэн дурсаж, бахдаж, хөөрөх тэр л мөчүүдийг цагны хэмжилт л түүх болгон үлдээсэн. Цаг өөрөө түүх өгүүлэгч юм. Магадгүй таны хэзээ ч анзаарч, ач холбогдол өгч байгаагүй цаг хэмээх хэрэгслийн цаана арвин баялаг түүхүүд нуугдаж байдаг. Энэ удаа бид цагтай холбоотой сонирхолтой, бахдам түүхүүдийг та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ.

Чанартай цаг төдийгүй цагны талаар бодоход л Швейцар цаг хэмээх үг санаанд тань орж ирэх вий. Яагаад, юунаас болоод гэдгийг нь бид сайн мэддэггүй ч Швейцар цаг үнэ цэнтэй, бусдаас илүү гэдгийг бид мэддэг. Магадгүй Швейцар улсын талаар нэг баримт хэл гэвэл чанартай цагтай гэдэг үгийг хэлэх хүн олон. Тиймээс цагны талаар онцлох энэхүү түүхүүдэд маань Швейцар цаг гол дүр байх болно. "Швейцар цаг шиг" хэмээх зүйрлэл яагаад үүссэн, яагаад Швейцар цаг дэлхийн дахинд өндөр үнэлэгдэж, чанарыг илтгэх гол брэнд болсон талаар хамтдаа сонирхъё.

дэлхийн хоёрдугаар ДАЙНЫ БААТАР

Дэлхийн хоёрдугаар дайны танигдаагүй баатруудын нэг нь цэргийн хүчнийхний бугуйн цаг байлаа. Хүний амь секунд, минутаар хэмжигдэж байсан тэр үед цаг бидний бодож байснаас чухал үүргийг гүйцэтгэсэн. Сайн, чанартай цаг тухайн үеийн байлдааны тактикийн гол давуу талуудын нэг болж байсан юм. Буугаар галлах үед харагдсан оч болон буун дууны чимээ хоёрын зөрүүг бугуйн цагаа харж тооцоолж дайсан хэр зайтай байгааг тодорхойлох, цагаар баримжаалан очих газрын зүг, байршил зэргийг олох гэх мэт дайнд чухал нөлөөтэй үүргийг бугуйн цаг гүйцэтгэж байв. Цагны чанараараа алдартай Швейцарын Омега брэнд Их Британийн армийн нисгэгчдийг тэр чигт нь бугуйн цагаар хангаж байсан бөгөөд бидний сайн мэдэх Dunkirk-ийн тулаанд Британийн нисгэгчид, дайчид Омега CK2129, CK2444 цагаар "зэвсэглэж" байсан түүхтэй. Ялангуяа агаарын тулаанд нисгэгчид өөрсдийн түлшний нөөц, хэр удаан агаарт байлдаж чадах эсэхээ бугуйн цагаараа хэмжиж байсан гэдэг. Тус үйл явдлыг, чанартай цагны хүчийг бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн Кристофер Ноланы Dunkirk кинон дээрээс тодорхой харж болно. Дюнкиркийн тулаанд гол нөлөө үзүүлж буй нисгэгч цагаа ашиглан хэрхэн тооцоолол хийн дайснаа буулган авч, 300 мянга гаруй хүнийг дайны талбараас амьд гэртээ харихад чухал хувь нэмэр оруулж буйг тодорхой харуулдаг.

Дэлхий хоёрдугаар дайны үеэр Их Британийн цэргийн арми 110,000 гаруй Швейцар цагаар "зэвсэглэн" дайнд оролцсон.

Дайны үеийн командлагчид секунд алдаггүй, чанартай цагны ачаар маш дайнд ялалт байгуулахад чухал нөлөөтэй тооцооллуудыг хийж байсан гэдэг. Үүнд хугацаа хэмжигч (stopwatch) агуулсан цагууд өндөр оролцоотой байсан бөгөөд дайсны довтолж буй давтамж болон бусад мэдээллийг секундээр тооцоолоход чанартай цаг тун их хэрэг болж байсан түүхтэй. Мөн Омега CK2444 цаг дайны үеийн хамгийн чанартай цагуудын нэгт тооцогдож байсан бөгөөд усны хамгаалалттай, гадны нөлөөнд тэсвэртэй, шөнө гэрэлтдэг давуу талууд нь бусдаас ялгаруулж байлаа. Улмаар дайны дараа Их Британийн армийн удирдагч Швейцарын Омега брэндийн үйлдвэр, төв оффист очиж талархлаа албан ёсоор илэрхийлж, дайнд ялахад маш чухал үүрэг гүйцэтгэснийг онцолж байсан удаатай. Аливаа чанартай зүйлийг магтахдаа "Швейцар цаг шиг" хэмээн зүйрлэдэг нь үүнээс улбаатай ажээ.

Швейцар цаг бүхэл бүтэн дайны ард гарч, хүн төрөлхтнийг аврахад хувь нэмрээ оруулжээ.

спортын амин сүнс

Бидний мэдэх бүхий л спортууд цагаар хэмжигдэж байдаг билээ. Усайн Болтын агуу рекордууд, NBA-ийн сүүлийн мөчид цагтай уралдан оруулсан хожлын шидэлтүүд, ялагч нь секундээр биш долиор шийдвэрлэгдсэн мянга мянган олимпийн аваргуудын цагийг мөн л Швейцар цаг үеийн үед хэмжсээр ирсэн юм. Олимпийн наадмын албан ёсны түншээр Швейцар цагны брэндүүд 1932 оноос хойш өдийг хүртэл хамтран ажиллаж бүх цагны хэмжилт, тооцоолол, зөрүүг тодорхойлсоор ирсэн юм.

Бидний цэнгэр дэлгэцээрээ сэтгэл догдлон үзсээр ирсэн Усайн Болт, Майкл Фелпс зэрэг домогт тамирчдын олимпийн дээд амжилтууд, спортын торгон мөчүүдийг мөн л Швейцар цагны брэндүүд нарийвчлалтайгаар хэмжиж түүх болгон мөнхөлдөг...

анх саран дээр газардсан цаг

1969 оны 7 сарын 21-ний өдрийн 2 цаг 56 минут 15 секунд. Энэхүү цагийг тайлбарлахын тулд дахиад л Швейцарын Омегагийн түүхийг өгүүлэх шаардлагатай болох нь. Энэ удаагийн түүх дэлхийд биш сансар огторгуйд хамаарна. Дээр дурдсан цаг бол хүн төрөлхтөн анх удаагаа саран дээр хөл тавьсан мөч билээ. Энэ тэмдэглэлт үеийг секундээр нь тооцоолон мөнхлөхөд мөн л Швейцар цагаар тооцоолол хийсэн бөгөөд "Omega Speedmaster" хэмээх цагийг Нэйл Армстронгтой хамт саран дээр газардсан Базз Алдрин зүүж хүн төрөлхтөн саран дээр хөл тавьсан цагийг тэмдэглэж авсан түүхтэй. Тус цагийг саран дээр газардсан анхны цаг хэмээн өргөмжилж одоог болтол үйлдвэрлэсээр байгаа бөгөөд Speedmaster Professional, Moonwatch хэмээх нэрээр борлуулдаг. Саран дээр анх газардсан хэмээх агуулгыг маркетингийнхаа гол мессеж болгосноор тус цагны чансаа өндөр байж, өндөр үнэтэйгээр борлуулагддаг. Тэд "Dark Side of the Moon", "Grey Side of the Moon", "White side of the Moon", "Apollo Edition" зэргээр сартай болон саран дээр газардах Аполло програмтай холбон цагаа олон төрлөөр, өнгөөр үйлдвэрлэдэг аж.

Саран дээр хөл тавьсан хоёр дахь хүн болох Базз Алдрин саран дээр очсон анхны бөгөөд цорын ганц бугуйн цаг "Omega Speedwatch"-ийг зүүсэн байгаа нь...

Швейцар цагны үнэ цэнийг энэ мэт түүхэн үйл явдлууд улам баталгаажуулж, дэлхий дахинд чанар гэдэг үгийг сонсоход Швейцар улс бодогдох хэмжээнд хүртэл хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг. Швейцар цагны зогсошгүй, найдвартай, чанартай гэсэн агуулга олон нийтэд хурдацтай тархсаар уг улсын брэндийн цагийг худалдан авах гол шалтгаан нь болжээ. Тиймдээ ч олны танил, нөлөө бүхий эрхмүүд уг брэндийн цагуудаар гангарч өөрийгөө чанартай брэндийн хэрэглэгч гэдгээ илтгэн зэрэг зиндаа, чадал чансаагаа харуулах болсноор бугуйн цагны дараагийн үе эхэлсэн гэж хэлж болно. Бугуйн цаг зөвхөн чанар, найдвартай байдлын илэрхийлэл гэдэг агуулгаас гадна тансаг бөгөөд эрхэмсэг байдал зэргийг гол мессежээ болгож эхэлсэн юм. Үүнийг улам хүчтэй болгож өгсөн үйл явдлын жишээ нь жинхэнэ жентелмэний дүр төрх болсон Жэймс Бонд Швейцар цагийг буюу Омегаг сонгох болсон явдал байв. Ингэснээр жинхэнэ жентелмэнүүдийг илэрхийлэх чухал хэрэглэл бол цаг гэсэн ойлголт олны дунд түгэх нь улам хүчээ авсан билээ.

Жэймс Бонд кино Швейцар цагны брэнд Омегатай 1995 оноос хойш гэрээ хийж Швейцар цагны үнэ цэнийг улам өсгөв...

швейцар цагнаас ч илүү

Швейцар цагнаас ч илүү үнэлэгддэг, түүнээс хэд дахин үнэтэй цагны брэндүүдийн талаар энэ хэсэгт өгүүлье. Саран дээр газардах, Дэлхийн хоёрдугаар дайны баатар, олимпийн амин сүнс, Жэймс Бондын гоёл гэдэг түүхүүдээс илүү үнэлэгдэх тэрхүү үнэ цэнийг тусгайлан бүтээгдсэн өндөр зэрэглэлийн цагнууд үүсгэсэн байдаг. 17.8 сая доллараар үнэлэгдсэн, жилд ердөө 2-3 ширхэг үйлдвэрлэгддэг, нэгийг нь бүтээхэд 3 жил зарцуулсан гэх мэт үгс тэрхүү цагуудын үнэ цэнийг өсгөж үнийг нь "тэнгэрт тулгадаг". Үнэ дагаж чанар гэдэгчлэн нэгийг нь л бүтээхэд жил хүрэх хэмжээний хугацааг зарцуулдаг, жижиг деталь бүр дээр хэдэн сараар ажилладаг, нэг үйлдлийг буруу хийхэд бүтээж дуусах хугацаа нь хэдэн 7 хоногоор хойшилдог зэрэг нь тус цагуудыг бүтээхэд ямар их хөлс хүч, сэтгэл зүтгэл шингэдгийн илрэл юм. Энэ ч учраас цаг зүүх соёл, цагны хэрэглээ, утга учир гэдэг маш нандин, чухал ойлголт байдаг ажээ.

Швейцараас гаралтай ихэнх цагны брэндүүд логон дээрээ Швейцараас гаралтай гэдгээ илэрхийлэх үг, тэмдгийг агуулсан байдаг. Швейцарын тугны тэмдэг, Швейцарт үйлдвэрлэв гэх мэт... Омегагийн түүх зөвхөн Омега биш Швейцар цаг хэмээх брэндийг дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлсэн юм.

14370   0


НИЙТЭЛСЭН:

Ganbaatar Erdenee




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.