Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох Бизнес   11 сарын 05, 2018

Онцлох бизнес: BrightOn - Англи хэлийг "дүрэмдэж" биш хэрэглэж сурцгаая!

Орчин цагт зайлшгүй эзэмших ёстой чадваруудын тэргүүнд магадгүй англи хэл бичигдэх байх. Гэвч олон хүн англи хэлийг удаан сурсан хэрнээ сэтгэлдээ хүртэл эзэмшиж чаддаггүй. Ялангуяа дотооддоо англи хэлээр сайн ярьж сурна гэдэг тун амаргүй. Тиймээс энэ удаа бид англи хэлний ярианы чадварыг голлон заадаг, “Oh, My English” хэмээх онлайн сорилыг (challenge) эхлүүлэн олон хүнийг дагуулж буй BrightOn Speaking Center-ийг онцоллоо. Ингээд гурван бүсгүйн эхлүүлсэн гарааны бизнесийн онцлог, давуу тал, мөн ямар арга барилаар хичээлээ заадгийг танилцуулъя.

Бизнесийн нэр: Brighton English Speaking Center
Хаяг: Эрүүл мэндийн яамны баруун талд, Аюуд төвийн 8 давхарт 804 тоот
Чиглэл: Англи хэлний ярианы сургалтын төв
Үүсгэн байгуулагдсан: 2017 оны 12-р сар
Үүсгэн байгуулагч: А.Ариунтуяа, Ц.Мөнгөнчимэг, О.Халиунаа
Сошиал хуудсууд: BrightOn - English Speaking Center

Бизнесийн санаагаа анх хаанаас, яаж олсон бэ?

Аль ч хэлийг сурч буй гол зорилго бол өөрийгөө сайн илэрхийлэх, бусадтай холбоо тогтоох, мэдлэг мэдээллийг олж авахад оршдог. Юу хэлэхээ мэдэж байвч түүнийгээ зөв үгээр эвтэйхэн илэрхийлж чадахгүйн зовлонг бүгд амталж үзсэн байх. Миний хувьд англи хэлэнд бага ангиасаа л дуртай байж, хичээж суралцсан ч яг ярих тал дээрээ хүссэндээ хүрч чадахгүй байгаадаа их бачимддаг байсан. Энэ асуудал надад төдийгүй, бусад монголчуудад түгээмэл байгааг IELTS-ийн дундаж онооноос анзаарч болно. Хэл сурч буй дийлэнх хүмүүсийн унших, сонсох чадвар өндөр, харин ярих, бичих чадвар тааруу байдгийг хараад, ярих буюу яг хэрэглээн дээр төвлөрсөн сургалт манай нийгэмд дутагдаж байгааг анзаараад BrightOn-ийг нээхээр шийдсэн.

Хамтрагчдаа хэрхэн сонгосон бэ? Анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдсэн бэ?

Анхны хөрөнгө оруулалтаа өөрсдөөсөө гаргасан. Ямар нэгэн зүйлийг хийхэд хамтрагч зайлшгүй чухал байх. Манай сургалтын төвийн хувьд гурван эмэгтэй үүсгэн байгуулагчтай. Бид сайн найзууд, бас сайн бизнесийн хамтрагчид.

Танай сургалтын төвийн онцлог, давуу талууд?

Ихэнх хүмүүсийн англи хэл сурах замналын хамгийн хэцүү хэсэг нь ярих чадвар байдаг. Бид эх хэл дээрээ ярихдаа хэлэх зүйлээ дотроо маш богино хугацаанд боловсруулаад шууд гаргадаг шүү дээ. Энэ нь бид өгүүлбэрийн бүтэц, үгийн сонголтоо аль хэдийн мэдэж байдагтай холбоотой. Гэтэл англиар шууд ярьж эхлэхэд ихэнх хүнд энэ нь маш том саад болдог. Тийм ч учраас хамгийн түрүүнд англиар сэтгэж сурах, өгүүлбэрийн бүтэц, логикийг ойлгоход манай хөтөлбөр анхаардаг. Өөрөөр хэлбэл, шууд ярианы дадлага хийхээс өмнө түгээмэл хэрэглэгддэг хэллэг, үгс, өгүүлбэрийг нэг бүрчлэн хэрхэн ашиглах тухай хичээлүүд ордог юм.

Товчхондоо, манай хөтөлбөрийг “зөв өгүүлбэрийн бүтэц, тохиромжтой үг, олон удаагийн практик” гэж тодорхойлж болох юм. Нэг үгээр бол манай сургалт багажийг нь бэлдэж өгөөд, дараа нь ярих хангалттай боломжоор хангаж өгдөг.

Хэл гэдэг цэвэр мэдрэмж байдаг. Энэ мэдрэмжийг хөгжүүлэхийн тулд зөвхөн ярихаас гадна англи хэлээр сонсож, уншиж, илүү идэвхтэй хэрэглэж байж хурдан сайжирдаг болохоор бүх суралцагчдадаа Netflix-ийн эрх, үнэгүй кофе, жигнэмэг, ном зэрэг хэрэглэгдэхүүнээр хангаж, хүчээр бус аз жаргалтайгаар суралцах боломжийг олгохыг хичээдэг.

Манай үндсэн хоёр хөтөлбөртэй. Нэг нь 2 сарын ярианы системчилсэн сургалт, нөгөө нь ярианы өмнөх бэлтгэл анги юм. Бидний ажиллах гол зарчим бол цөөн сургалтад төвлөрч, чанартай мэдлэг олгох юм.

Танай ойрын болон хэтийн зорилго?

Заавал үг цээжилж, дүрэм нүдэлгүйгээр практик төвтэй сургалтын төв болохыг хичээх болно. Удахгүй шинэ салбараа нээж үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байна. Мөн бид цаашид англи хэлийг технологийн салбартай хослуулан суралцах талаар судалж эхэлсэн байгаа.

Бизнесийн үнэт зүйлс, баримталдаг зарчим тань юу вэ?

Хүн нэг бүрд өгөх өгөөжөө илүү өндөр байлгах үүднээс хичээлийн агуулгаа боловсруулдаг. Манай бүх ангиуд 6-7 хүний дүүргэлттэй тул илүү хүртээмжтэй, илүү хурдан сайжрах магадлалтай. Багш бүр олон чадварыг нэг зэрэг заахаас илүү илүү эзэмшсэн чадвартаа л төвлөрөн заах ёстой гэдэг бодлого барьдаг.

Одоо та бүхэн юун дээр төвлөрч ажиллаж байгаа вэ?

Яг одоо бид “Oh My English” онлайн сорилыг эхлүүлэхээр бүртгэл авч байгаа. Өдөр бүр тасралтгүй англи хэлээ давтуулах нь манай сорилын зорилго юм. Оролцогч өдөр бүр манай сургалтын төвөөс онлайнаар даалгавар хүлээн авна. Яг л жуманжи шиг. Тухайн өдөртөө багтаан тэр даалгаврыг биелүүлснээр та дараагийн шат уруу орох болно. Сорилын 2, 4-р үеийг давсан хүн бүр хамтрагч байгууллагуудын 10-30%-ийн эрхийн эзэн болно. Бүтэн сарын турш та өөрийнхөө төлөө хичээ, тэгээд өөрийгөө шагна!

Манай амжилттай оролцогчдыг 9 байгууллагын 200 гаруй эрхийн бичиг хүлээж байна. Зөвхөн өөрийнхөө төлөө өдөр бүр хэлээ давтсаныхаа төлөө бидэнтэй хамтран ажиллаж буй Cose Cosmetics, Зөвхөн Түүнд брэнд, Mirai шүдний эмнэлэг, Workcentral хамтын оффис, Amar Training LLC, Drink Beer house, Oriental Express ресторан болон Ивээл брэндүүдийн эрхийн бичгүүд болон нийт цугларсан БООЦООНЫ дүнг хувааж авах гайхалтай боломжийг бид олгож байгаа юм.

“За яг одооноос англи хэлдээ маш сайн анхааръя” гэж боддог өдрүүд бидэнд олон байдаг. Гэвч овоо хэдэн өдөр давтаж байснаа дундаас нь орхичихоод байдаг учраас хүссэн үр дүн гардаггүй. Гадаад хэл бол математикаас өөр шүү дээ. Томьёо нь байвал бодлого бодож чаддаг бол хэлийг яаж сурахаа мэдэж байгаа ч цаг зав, хүчин чармайлт гаргахгүй л бол сайжирдаггүй. Тиймээс энэ сорил олон хүн тууштай үргэлжлүүлэх дадалтай болоход дэм болно гэж найдаж байна.

Энэ бизнесийг эрхлэхийн эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй тал?

Боловсролын салбарт бизнес хийнэ гэдэг нэг талаас их хариуцлагатай, нөгөө талаас маш их урамтай ажил. Бидний хийж байгаа зүйлс олон хүнд эергээр нөлөөж, магадгүй заримынх нь амьдралыг өөрчлөх нь ч бий. Хэл сурна гэдэг зөвхөн шалгалтанд тэнцэх эсвэл сайн оноо авах гэсэн ойлголт бус юм. Хэл сурснаар та товчхондоо дэлхийн хэмжээнд амьдрах мэдлэгийг олж авах боломжтой. Тиймээс, бидний гол зорилго суралцагчдадаа дүрмийн бус буюу илүү практик аргаар хэлээ сайжруулах бүхий л боломжоор хангахад оршдог.

14133   2


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Б.Намуунцэцэг

Гэрэл зургийг:

Н.Билгүүн




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.