Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   11 сарын 04, 2018

7 хоногийн тойм: Урт шөнө + Шинэ алим + Өндөр хөшөө

Ковер зургийн тайлбар: Apple-ийн танилцуулсан бүх зүйлс

ОНЦЛОХ: Apple шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа

Apple шинэ бүтээгдэхүүн танилцуулдаг жил бүрийн уламжлалт эвентээ зохион байгууллаа. iPhone-ийн шинэ загваруудыг танилцуулснаас яг 2 сарын дараа явагдсан уг арга хэмжээний гол од нь iPad байлаа.

Компанийн CEO Т.Күүк iPad-д хийсэн шинэчлэлээ түүхэн дэх хамгийн онцгой нь хэмээн тодотгосон нь санаандгүй хэрэг байсангүй. Шинэ iPad Pro чихэвчний оролтгүй, home товчлуургүй болж, 15 хувиар нимгэрэн дизайны хувьд ихэд өөрчлөгджээ. Мөн USB-C оролттой болж, Face ID дэмжиж эхэлсэн байна. 799 доллараас эхлэн борлуулагдах тус iPad-ийг зөөврийн баттерейгаар ашиглаж, iPhone-оо ч цэнэглэж болохыг Т.Күүк онцлов.

MacBook Air-ийн шинэ загвар ч анхаарал татав. Pro загварын адилаар Retina дэлгэцтэй болсон тус лаптопыг 100 хувь дахин боловсруулсан хөнгөн цагаанаар үйлдвэрлэсэн гэнэ. 13.3 инчийн хувилбар нь өмнөхөөсөө 25 хувиар хөнгөрч, 1.24 кг жинтэй болсон байна. Харин үнэ нь 200 доллараар өсөж, 1199 доллар болжээ.

4 жилийн өмнө анх танилцуулсан Mac Mini илүү хүчирхэг, илүү олон оролттой болж шинэчлэгдсэн байна. iPad Pro-той супер хослох Apple Pencil ч дизайны шинэ шийдэл, уян хатан хэрэглээтэй болж шинэчлэгджээ.

Энэ өдрийн өөр нэг онцлох мэдээ нь iOS 12.1 байв. 70 гаруй шинэ эможитой болж, группээрээ FaceTime-аар холбогдох болсон энэ нэмэлтийн өөр нэг онцлог нь сэрүүлэг, цаг агаар, тооны машин зэрэг Siri-ийн апп-ууд бүрэн шинэчлэгдсэн явдал байлаа.

Дэлхий дахинд

Дэлхийн хамгийн хүчирхэг улс төрчдийн нэг Ангела Меркель 12-р сард намын даргын үүрэгт ажлаа, 2021 онд канцеллорын албан тушаалаа хүлээлгэн өгнө гэдгээ мэдэгдлээ. Бавари, Хессед явагдсан орон нутгийн сонгуульд амссан дараалсан гэнэтийн ялагдлуудын дараагаар тэрээр ийм шийдвэр гаргасан юм. 2005 оноос хойш Германыг удирдаж буй Меркель үүнээс хойш ямар нэгэн улс төрийн албан тушаал хашихгүй гэдгээ ч дурджээ.

Politico: Меркелийн үлдээх өвийг хэмжихүй

Индонезийн иргэний агаарын тээврийн Lion Air компанийн Boeing 737 онгоц осолдож, 188 зорчигч бүгд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Жакартагаас Пангкал Пинанг чиглэлд нисэж явсан онгоц хөөрснөөсөө хойш ердөө 13 минутын дараа холбоо тасарчээ. 2018 онд үйлдвэрлэгдэж, 8-р сараас хойш нислэгт гарсан уг хөлгийг 11 мянган цагийн туршлагатай нисгэгчид удирдаж байсан бөгөөд ослын шалтгааныг тодруулах ажиллагаа явагдаж байгаа аж.

BBC: Lion Air-ийн онгоц осолдож 188 хүн амиа алдав

Номхон далайд орших Шинэ Каледон арлын иргэд Францаас бүрэн тусгаар тогтнох эсэх асуудлаар бүх нийтийн санал хураалтанд оролцлоо. Нийт саналын эрхтэй иргэдийн 81 хувь нь оролцсон санал асуулгад 56 хувь нь "үгүй" гэж хариулснаар тус арал Францын харьяа хэвээр үлдэж байна. 1853 оноос хойш Францын эзэмшилд буй тус арал жил бүр 1.3 тэрбум еврогийн дэмжлэг хүлээн авдаг гэнэ.

33 настай Росс Эжли хэмээх эрхэм Британийн эргийг сэлж тойрсон анхны хүн боллоо. 6-р сарын 1-нд аяллаа эхлүүлсэн тэрээр өдөр бүр 12 цаг сэлж, 2800 км замыг туулсан байна. Энэ хугацаанд 500 гаруй гадил жимс идсэн гэх түүний сүүлчийн км-ийг 300 гаруй хүн хамт сэлэн угтан авчээ.

Энэтхэгийн Гужарат мужид дэлхийн хамгийн өндөр хөшөө нээлтээ хийлээ. Тус улсын тусгаар тогтнолын төлөөх гол баатруудын нэг Сардар Пателийн дүрийг мөнхөлсөн уг хөшөө 182 метрийн өндөртэй гэдэг нь АНУ-ын Эрх чөлөөний хөшөөнөөс 2 дахин өндөр гэсэн үг. Хөшөөг босгоход нийт 430 сая долларыг зарцуулсанд нутгийн иргэд ихэд бухимдалтай байгаа ч жил бүр 2.5 сая орчим жуулчдыг авчрах уг төсөл эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт эрх баригчид итгэлтэй байгаа аж.

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Дэлхийн хамгийн үнэ цэнтэй стартапд тооцогдох болсон ByteDance-ийн TikTok АНУ-ын зах зээлд анх удаа таталтын тоогоороо тэргүүлэв. Өнгөрсөн 9-р сард тус апп-ийн таталт 3.8 саяд хүрсэн нь Фэйсбүүк, Инстаграм, Youtube-ийг давсан үзүүлэлт болов. TikTok 6-р сард 500 сая хэрэглэгчтэй болсноо зарласан билээ.

WeChat-ийг эзэмшигч Tencent ухаалаг шил гаргалаа. Weishi нэртэй уг шилний тусламжтайгаар хэрэглэгчид шууд видео бичлэг хийх боломжтой. Уг шил 11-р сарын 11-нд тохиох "Ганц биечүүдийн баяр"-ын өдрөөр худалдаанд гарах аж. Сонирхуулахад, Snapchat-ийн гаргасан Spectacles нэртэй ижил шилний борлуулалт өнгөрсөн улиралд 42 мянган хувь болтлоо буурчээ.

Криптовалютын зах зээлийн хамгийн том бирж Coinbase 300 сая долларын шинэ хөрөнгө оруулалтыг Tiger Global, YCombinator-аас татлаа. Ингэснээр тэдний зах зээлийн үнэлгээ 8 тэрбум давж байгаа юм.

Замын түгжрэлийн асуудлыг шийдэх зорилготой Элон Маскийн The Boring Company анхны хонгилоо 12-р сарын 10-нд нээх гэж байна. Лос Анжелест баригдаж буй хувийн унаа, машиныг 250 км/цаг хүртэл хурдаар тээвэрлэх боломж олгох уг туннелийн анхны төсөөллийг Маск өөрийн жиргээгээр хуваалцжээ.

Google iOS үйлдлийн систем дэх Gmail-ийн апп-даа шинэчлэл хийж, өөр имэйл хаягуудаа зэрэг удирдах боломжтой болгосон байна. Энэ шинэчлэлийн ачаар өөр сервер, өөр платформ дахь имэйлүүдээ нэг дор холбож хэрэглэх боломжтой болж байгаа юм. Үүнээс гадна тэд BitMoji-той ижил, өөрийн дүртэй эможигоо бүтээх Emoji Minis нэмэлтээ танилцуулжээ.

бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани Apple-ийн хувьцааны үнэлгээ улирлын тайлангаа зарласнаас хойш 7 хувиар буурлаа. Энэ нь тэдний борлуулалтын орлого 62.9 тэрбум долларт хүрч шинжээчдийн таамгийг давсан ч шинэ жилийн баяртай давхцах ирэх улирлын борлуулалтын таамаглалаа харьцангуй багаар буюу 91 тэрбум доллараар тогтоосонтой холбоотой. Apple өнгөрсөн улиралд 46.8 сая ширхэг iPhone, 9.7 сая ширхэг iPad борлуулсан бөгөөд Apple Watch, Apple TV, AirPod зэргийг багтаасан бусад бүтээгдэхүүний орлого нь 31 хувиар өсжээ.

Автомашины салбарын топ тоглогчдын нэг GM ирэх оноос цахилгаан дугуй үйлдвэрлэх болсноо зарлалаа. Хурдан цэнэглэгддэг, хураагддаг, LED гэрэлтэй гэх тус дугуй нь "ухаалаг" буюу бусад апп-уудтай хоршин холбогдож ажилладаг гэдгээрээ онцлогтой байх гэнэ. Сонирхуулахад GM шинэ дугуйндаа брэнд нэр сонгох, 10 мянган долларын шагналтай тэмцээнийг зарласан бөгөөд 11-р сарын 26 хүртэл санал авч байгаа гэнэ шүү.

GM: Цахилгаан дугуйнд нэр өгөх үү?

Өнгөрөгч оны мөн үеийнхээс борлуулалт нь 11 хувиар өсөж, 6,3 тэрбум долларт хүрсэн Starbucks ирэх жил 2100 шинэ салбар нээнэ гэдгээ зарлалаа. Хятад, АНУ-ын зах зээлд илүү төвлөрөх зорилготой тэд одоогоор дэлхий даяар 29300 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

Google-ийн 20 мянга гаруй ажилчид ажлын байран дээрх бэлгийн дарамт, хүчирхийлэлтэй холбоотой эсэргүүцлийн жагсаалыг дэлхий даяар зохион байгуулав. Энэ нь ажлын байран дээр зохисгүй авир гаргасан нь нотлогдоод байсан ч Андройдыг бүтээгч Э.Рубинд компанийн зүгээс 90 сая долларын тэтгэмж өгсөн нь ил болсонтой холбоотой. Google энэхүү жагсаалын дараагаар холбогдох журмуудыг өөрчилж, ээлтэй орчин үүсгэхэд анхааран ажиллахаа амлаад байна. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд бэлгийн хүчирхийлэл, зохисгүй харьцаатай холбоотойгоор нийт 48 ажилтныг үүргээс нь чөлөөлснөө тэд мөн мэдэгджээ.

Энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Game of Thrones-ийн өмнөх түүхийг өгүүлэх шинэ цувралын нэр "Long Night" байна гэдгийг зохиолч Жорж Мартин баталлаа. Ирэх онд цацагдах сүүлчийн бүлгийн дараа зураг авалтаа эхлэх энэ кинонд Холливудын алдарт жүжигчин Наоми Ваттс тоглох болсныг тэр мөн зарлажээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар "Long Nights" үндсэн үйл явдлаас 8000 жилийн өмнөх түүхийг хүүрнэх аж.

Esquire: Long Night-ийн талаар бидний мэдэх бүх зүйлс

BBC түүхэн дэх гадаад хэл дээр бүтээгдсэн хамгийн шилдэг киноны жагсаалтыг гаргасан байна. Нийт 43 орны 209 кино шүүмжлэгч мэргэжилтнүүдийн саналаар 1-р байрт Японы алдарт найруулагч А.Курасавагийн "Долоон самурай" кино оржээ. Дараагийн байруудад Италийн "Bicycle Thieves", Японы "Tokyo Story" бичигджээ. Испанийн Л.Бунуэл, Шведийн И.Бергман нарын тус бүр таван бүтээл эхний 100-д бичигдсэнээрээ бүх найруулагчдыг тэргүүлэв. 2000 оноос хойш бүтээгдсэн цорын ганц кино энэ жагсаалтанд багтсан нь Хонгконгийн "In The Mood for Love" байжээ.

BBC: Дэлхийн хамгийн шилдэг 100 гадаад кино

Queen хамтлагийн дуучин Фредди Меркуригийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн "Bohemian Rhapsody" кино нээлтийн долоо хоногтоо бокс оффисийг тэргүүллээ. Дэлхий даяар 122 сая долларыг олсноороо уг кино Disney-ийн ихэд найдвар тавьж байсан "The Nutcracker and the Four Realms"-ийг ардаа хийжээ.

Алдарт найруулагч Ридли Скотт өөрийн хамгийн алдартай уран бүтээл "Гладиатор" киноны 2-р ангийг бүтээх гэж буйгаа зарлалаа. 2000 онд дэлгэцнээ гарч, улмаар Оскарын наадмаас 5 цом хүртэж, нийт 45 шагналыг наадмуудаас түүсэн тус киноны үргэлжлэл Коммодусын үеэл бяцхан Лусиусын түүхээр үргэлжлэх аж.

Америкийн телевизийн салбарт хамгийн их үзэгчтэй цувралуудын нэгт тооцогдох The Walking Dead гол дүрийн жүжигчнээ үдэж байна. Тус цувралын баатар Рик Граймсийн дүрийг бүтээсэн Э.Линкольн 9-р улирлын 4-р ангид амь насаа алдсанаар киног орхиж байгаа бөгөөд топ медиа хэрэгслүүдээр дамжуулан фенүүддээ хандсан талархлын захидлыг илгээжээ. 9 жилийн өмнө анхны ангиа гаргасан The Walking Dead 127 шагналд нэр дэвшиж, 68-д нь ялалт байгуулжээ.

алдалгүй унших арван мэдээ

Techcrunch: 10 насны төрсөн өдрийн мэнд, Биткойн!
Recode: Элон Маскийн ярилцлага
ESPN: Кени гүйгч Нью Йоркийн марафонд 5 жилд 4 дэх удаа түрүүлэв
Bloomberg: Цахим спортын дэлхийн аваргын эргэн тойронд
The Verge: AI ашиглан киноны трэйлэр бүтээж байна
CNN: NASA-ийн дэлгэсэн шинэ зургууд
Vox: АНУ-ын сонгуулийг тайлбарлах нь
Deadline: Амазон шинэ оффисийн байршлаа сонгосон уу?
QZ: У.Баффетийн шинэ зөвлөгөө: Өөрийн компанийг сонго

9597   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.