Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   11 сарын 02, 2018

Спортын домгуудаас суралцах агуу үлгэр жишээ чанарууд

Бидний хүндэлж биширч явдаг спортын домгуудын амжилтын нууц юу вэ?  Олон тэрбум хүний үлгэр дуурайлал, шүтээн болсон тэрхүү эрхмүүд юуг бусдаас өөр хийсэн учраас, бусдаас ямар зарчмыг өөрөөр баримталсан учраас ялгарч чадсан бол? Бид заавал тэдэн шиг спортын тамирчин болох албагүй ч тэдний үлгэр дуурайлал, хэрэгжүүлдэг зарчмуудыг өөр дээрээ суурьшуулж чадвал аль ч салбарт амжилт гаргах боломжтой. Тиймээс энэ удаагийн нийтлэлээрээ бид спортын салбарт домог болж мөнхөрсөн домогт тамирчдаас суралцууштай чанаруудыг та бүхэнд онцлон хүргэж байна. 

ямагт ижил, ямагт мятрашгүй

Зөвхөн спортын талбар дээр гэлтгүй амьдралын туршид сэтгэлзүйгээ удирдаж сурна гэдэг маш том давуу тал болдог. Ажлаас халагдах, ажилдаа амжилтгүй байх, сурлагадаа муудах, гэр бүлийнхэнтэйгээ маргах, дааж барамгүй хүнд зовлонд унах гээд бидний амьдралд ямар ч хүнд зүйлс тохиолдож болно. Тэр бүрийд хүчтэй байж дараагийн боломжид, дараагийн гараандаа өөрийгөө бэлдэх нь маш чухал. Магадгүй зарим үед зөвхөн зовлон гэлтгүй баяр, жаргалтай үедээ ч сэтгэлзүйгээ удирдаж дараагийн "сумаа" эрчилж суух шаардлага гарна. Амжилттай мэргэжлийн тамирчдын гол давуу тал энэ. Хэцүү хүнд, баяр жаргалтай мөчүүдэд аль алинд нумрашгүй хаттай байж чадсанаар тэд 10, 20 жилээр яригдах тогтвортой карьерийг үүсгэдэг.

Мөн болж өнгөрсөн үйл явдлын дараа өөрийн сэтгэлзүйг барьж сурахаас гадна болзошгүй нөхцөлүүдэд сэтгэлзүйгээ бэлдэж сурах нь тамирчдын баримталдаг сэтгэлзүйн ээлжит чадвар. Рожер Федерер 20 удаа Гранд Сламд түрүүлэхдээ алдаж болохгүй мянга мянган цохилтын өмнө ирж, Майкл Жордан NBA аваргын бөгжийг 6 удаа зүүхдээ алдаж болохгүй хэдэн зуун шидэлтийн өмнө нүүр тулсан ч сэтгэл хөдлөлдөө авталгүй, түүнд бэлэн байж чадсанаар тэрхүү агуу амжилтад хүрч байлаа.

Спортын тамирчид төдийгүй дэлхий дахины хувьд "Сэтгэл санааны эрүүл мэнд/Mental Health" маш чухал сэдэв, чухал асуудал болоод байна.

дуртай зүйлийнхээ төлөө дургүй зүйлээ 

Та аливаа зүйлд бусдаас илүү амжилттай байхыг хүсэж байгаа бол түүний хэрээр сахилга баттай, зарчимтай, хөдөлмөрч байх ёстой. Илүү судалж, тэвчиж, зовж, суралцаж зарим үед бага баярлаж, цэнгэж байж ялгарах учиртай. Хорвоо ертөнц хэнд ч зүгээр зүйл өгдөггүй гэдэгтэй адил хэн ч зүгээр сууж байгаад, урсгалаар тэрхүү амжилтад хүрнэ гэж үгүй. Спортын домгууд энэхүү зарчмыг баримталж үргэлж сахилга баттай байдаг нь тэдний нийтлэг төрх.

Жишээ нь спортын тамирчид зөв хооллолтыг сахих, нойрны дэглэмийг баримтлах, амралтаа байнга зөв зохицуулах, зугаа цэнгэлийг тааруулах, бэлтгэлээ байнга хийх зэрэг наад захын сахил батуудыг үргэлж баримтална. Энгийн юм шиг харагдаж буй ч хамгийн гол нь эдгээрийг бүгдийг нь зэрэг, урт хугацаанд баримтлах шаардлагатай. Тэгж байж та хүссэн зүйлдээ урт хугацаанд хүрэх боломжтой болно. Дуртай зүйлдээ үнэнч бай, дургүй зүйлээ битгий хий гэдэг зөвөлгөөнүүд зөндөө байдаг ч зарим үед та сахилга баттай байхын тулд, өөрийн дуртай зүйлээ насаараа хийхийн тулд дургүй зүйлсээ заримдаа хийж, хиймээргүй байсан ч тэвчиж сахилга баттай байх ёстой.

Леброн Жэймс, Криштиану Роналду, Рафаэл Надал зэрэг тамирчид атлетик чанараа давуу тал болгож домогт тамирчин болохын тулд хооллолт, бэлтгэл, нойрны хатуу дэглэмийг маш олон жилийн туршид тууштай барьж байна. Мянган өдрийн аялал нэг өдрөөс эхэлнэ.

Рафагийн тэсвэр, гүйлт, хурд зэрэг атлетик чадвар нь түүнийг "Шороон талбайн хаан" болгосон. Тэр сүүлийн 13 жилийн шороон талбайн гранд сламд 11 түрүүлсэн...

үлгэр жишээ даруу манлайлал

Спортын домгуудаас суралцах хамгийн гайхалтай чанаруудын нэг бол манлайлагч чанар. Багийн ч бай, хувийн ч байсан ялгаагүй спортын домогт тамирчид үргэлж багийнхаа эсвэл тухайн төрлийнхөө манлайлагчид байсаар ирсэн. Үг хэл, үйл хөдлөлөөрөө бусдад нөлөөлнө үзүүлдэг мундаг чадварыг бид спортын тамирчдаас хангалттай хардаг билээ. Тэд манлайлагч байсан, бас даруу нэгэн байсан. Үг, үйл хөдлөлөөс нь нэг арван байтугай нэг зуун тэр чигтээ үлгэр дуурайлал авч байсан тохиолдол ч спортод бий.

Мэргэжлийн боксын домог Мухаммад Али зөвхөн боксын үлгэр дуурайлал байсангүй. Тэр рингэн дээр, рингний гадаа ч бүхний үлгэр дуурайлал, эрх чөлөөний бэлэг тэмдэг байв. Мухаммад Алигийн хувь хүн нь эрх чөлөөг илэрхийлж, тамирчин хүн нь үлгэр жишээ тэмцэгчийг тодорхой харуулдаг байлаа.

Мухаммад Али, Майкл Жордан, Леброн Жэймс зэрэг өнгөт арьстай хүмүүс түүх бүтээж, олон сая хүнийг байлдан дагуулж, хайрыг нь татаж чадсанаар арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг маш том нөлөөллийг үзүүлж чадсан юм. Ялангуяа Америкт ноёлж байсан хар арьст хүн бусдаас дутуу гэсэн үзлийг тэд өөрсдийн түүхээрээ няцааж чадсан. Тэд бол энх тайвны бэлгэдэл бас нэгдэл.

Мухаммад Али агуу тэмцэгч, зүтгэгч, хөдөлмөрлөгч, суралцагч, манлайлагч, нөлөөлөгч байлаа...

хөдөлгөөн, өөрчлөлт, амжилт

Үргэлж хөдөлгөөнтэй байж, өөрчлөлтөд орох нь спортын домгуудын амжилтын ээлжит нууц. Тэдэн шиг мундаг тамирчид түүхэнд олон мянгаараа төрсөн хэдий ч тэдэн шиг урт хугацаанд оршин тогтнож, агуу карьерыг бүтээж чадсангүй. Лионэл Мэсси, Криштиану Роналду нарын түүх зөвхөн 4, 5 жилийн тухай яриа биш. Энэ бол нэг арван, нэг үеийн тухай түүх юм. Роналдиньо, Дэвид Бекхэмд олон сая хүмүүс хайртай, дуртай хэдий ч тэдэн шиг нэгэн аравныг хоёулхнаа эзэмшиж чадсангүй. Өөрийн оршиж буй цаг хугацаа, эргэн тойрон, нөхцөл байдлыг ажиглаж өөртөө өөрчлөлт оруулж, хөдөлгөөнд орох нь тэдний онцлох чанаруудын нэг байв. Мэсси гоолдогч, найруулагч, лидер, довтлогч, хагас хамгаалагч, цохигч, дамжуулагч бүх төрөлд хувирсаар ирсэн. Роналду анх хууралт, гүйлт, цохилтоороо олныг бишрүүлж байв. Харин одоогийн Роналдугийн үйл хөдлөл, арга барил, тоглолтын философийг харвал тэс ондоо. Тэд зоригтой өөрчлөлтийг өөрсдөдөө хийсээр байв. Эцэст нь хүртэх ёстойгоо хангалттай хүртэж чадсан юм.

Роналду, Мэсси нар 2008-2017 оны хооронд дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагналыг завсаргүй хоёулахнаа хувааж авсан. Тэд хөлбөмбөгийн эвдэж болох бүх рекордуудыг эвдэж, бараг бүх амжилтыг нь хуваан эзэмшиж байна...

агуу мөрөөдөгчид бүтэлгүйтсээр ирсэн

Сагсан бөмбөгийн домог Майкл Жордан ахлах сургуулийн багт тэнцэхгүй хэмээн хасуулж байв. Одоо цагийн хөлбөмбөгийн хамгийн биеийн хөгжил сайтай, түүнийгээ давуу тал болгосон Криштиану Роналду сургуулийнхаа хөлбөмбөгийн багаас биеийн хөгжил тэнцэхгүй гэдэг шалтгаанаар хасуулж байлаа. Түүний өрсөлдөгч дэлхийн 5 удаагийн дэлхийн шилдэг тамирчин Лионэл Мэсси 13 настайдаа цааш өсөх боломжгүй өвчинд нэрвэгдэж багаасаа мөн л хөөгдөж байсан юм. Энэ мэтчилэн төсөөлөмгүй саадууд тэдний амьдралд үргэлж тохиолдсон ч тэд үүнийг боломж болгон ашиглаж чадсан байдаг. Хэрвээ энэхүү саадууд, зовлон бэрхшээлүүд тэдэнтэй тохиолдоогүй бол хэзээ ч тэд энэ өндөрлөгт хүрэхгүй байсан биз ээ. Саад, зовлон гэдэг хэцүү хэдий ч бид заримдаа энэ үйл явдлуудад талархах хэрэгтэй байж магадгүй. "Өлсгөлөн" байдал, мөрөөдөлдөө үнэнч байдлыг саад бэрхшээл, зовлон, алдаа, бүтэлгүйтэл л хурцалж байдаг билээ. Агуу мөрөөдөгчид үргэлж бүтэлгүйтсээр ирсэн. Гэвч тэд хэзээ ч зогсоогүй, тэд улам тодоор гэрэлтсэн юм.

Аюул, эрсдэл оршдог нь үнэн. Харин үүнээс айх айдас зөвхөн бидний бодолд л оршдог...

17783   2


НИЙТЭЛСЭН:

Ganbaatar Erdenee




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.