Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   10 сарын 30, 2018

Би хэрхэн ажилладаг вэ? - Зинт Клиникийн хөдөлгөөн засалч, арга зүйч багш Г.Ганчимэг

Ярилцлагын ээлжит зочноор бид Монголд шинэ тутам хөгжиж буй хөдөлгөөн заслын салбарт амжилттай ажиллаж буй Зинт Клиникийн хөдөлгөөн засалч, арга зүйч багш Г.Ганчимэгийг урилаа. Тэрээр АШУИС-ийн Сувилахуйн сургуулийг 2017 онд хөдөлгөөн засалчийн бакалавр, мөн сувилахуйн магистрыг тус тус амжилттай төгсжээ. Түүнчлэн 2012, 2013, 2014, 2015 онуудад АНУ-д жирэмсэн эхчүүдэд зориулсан эрүүл мэндийн боловсрол олгодог “Bradley Method” арга зүйд суралцах богино хугацааны сургалтууд, 2017 онд БНСУ-ын “Халлим” Их Сургуулийн Сэргээн засах тасагт Хүүхдийн тархины саа саажил, хөдөлгөөний хоцрогдолтой хүүхдийн хөдөлгөөн засал судлал чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн чадварлаг мэргэжилтэн юм.

Байшил: Улаанбаатар
Эрхэлдэг ажил, албан тушаал: Зинт Клиникийн хөдөлгөөн засалч, арга зүйч багш
Сошиал хуудсууд: Фэйсбүүк, Zint Pregnancy & Physical Therapy

Таны ажлын онцлох арга барил?

Би жирэмсэн эхчүүдийг төрөлтөнд бэлтгэдэг, хөдөлгөөний болон хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүдтэй ажилладаг хөдөлгөөн засалч. Үйлчлүүлэгч нар маань нийгмийн бусад гишүүдийг бодвол харьцангуй анхаарал халамж их шаарддаг гэж хэлж болно. Тийм ч учраас бид өндөр түвшний мэдлэг чадвартай байх шаардлагатай. Энэ хоёр төрлийн үйлчлүүлэгчдээ орчин үеийн нотолгоонд суурилсан анагаахын үйлчилгээг үзүүлэх нь миний ажилдаа баримталдаг гол зарчим. Мэдээж үйлчлүүлэгч бүрийнхээ онцлогийг ойлгож, тухайн үйлчлэгчид тохируулсан (customized) үйлчилгээ ч гэж ярьдаг ганцаарчилсан сургалт, дасгал хөдөлгөөн, хөдөлгөөн засал эмчилгээг хийдэг. Би ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, ажлынхаа үр дүнгээс таашаал авахыг эрмэлздэг. Мэдээж өдөр бүр мэдлэг, ур чадвараа ахиулахын тулд тасралтгүй суралцах шаардлагатай байдаг. Шинээр мэдсэн зүйлээ ажилдаа нэвтрүүлж үр дүнг нь үзэх сайхан шүү.

Та хамгийн их ашигладаг, ашиглах дуртай аппликэйшн, програмуудаасаа нэрлэнэ үү?

Гар утас, компьютер дээр энгийн хэрэглээний апп, програмуудыг ашигладаг. Ажлын гол хэрэгсэл маань гэвэл ажил мэргэжлийн холбоотой, анагаах ухааны салбарт хамгийн өндөр нотолгоотой нэр хүнд бүхий вэбсайт, судалгааны ажлууд гэж болно. Зинт клиникийн эмч, сувилагч нар бид Cochrane, NICE, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Lancet, New England Journal of Medicine, British Medical Journal Physical Therapy, Journal of Physical Therapy Science зэрэг сэтгүүлүүдийг уншихыг хичээдэг.

Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Сайн төлөвлөж чадвал цагийг "авардаг" гэдэгт итгэдэг шүү. Төлөвлөсөн ажилдаа сайтар бэлдэх нь алдаа гаргахгүй төгс гүйцэтгэхэд нөлөөлдөг. Аль ажил нь нэн тулгамдсан, яаралтай хамгийн түрүүнд хийх, аль нь хүлээж болохыг ялгахыг хичээдэг. Тэгэхээр ажлыг төлөвлөж бичих, ажилдаа бэлдэх нь цаг хэмнэх сайн арга юм уу даа.

Хийх ажлын жагсаалтаа юун дээр, яаж хөтөлдөг вэ ?

Өөрийн тэмдэглэлийн дэвтэр дээр хийх том ажлуудаа жилээр, сараар ерөнхийд нь төлөвлөж бичээд дараа нь долоо хоног, өдрөөр задлан бичдэг. Мэдээж бүгд биелнэ гэж юу байхав, гэхдээ биелүүлэхийн төлөө хичээнэ дээ. Маргааш юу хийх ёстойгоо бичихээр мартахгүй, бас гүйцэтгэл сайтай байдаг. ·Ажил дээр бол бид хийх ажлаа бичдэг дэвтэр гаргасан, түүн дээрээ хийх шаардлагатай ямар ажил байгааг хүн бүр чөлөөтэй бичиж тухайн ажлыг хэн хэзээ гүйцэтгэхийг товлодог. Ингэхэд олон ажлыг үр дүнтэй хийсэн байдаг. Жижиг ажил гэж байдаггүй, жижиг зүйлээс том асуудал үүсэж болдог гэсэн ажлын зарчмыг баримталдаг даа.

Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ?

Энийг бол эргэн тойрны хүмүүс л үнэлэх байх даа. Гэхдээ би хайртай дотны хүмүүс, гэр бүлийнхэн, найз нөхөд, үйлчлүүлэгчдээ баярлуулах, бэлэг өгөх, гэртээ урьж дайлж цайлах, магтан урамшуулах, халамжлах, тэднийгээ сонсох тал дээрээ авьяастай гэж боддог шүү. Өөрийгөө магтах гээд л байна аа даа (инээв). Эрүүл мэндийн салбарын хүн болоод ч тэрүү аливаад хариуцлагатай, хүний итгэлийг хүлээсэн байх нь чухал гэж үздэг.

Бас намайг шинэ юм санаачлах, ажил зохион байгуулахдаа сайн гэж эмнэлгийн маань удирдлага урам хайрладаг юм. Саяхан Зинт клиникийнхээ 5 жилийг тохиолдуулан “Үр дүнгийн баяр” –ыг санаачлан зохион байгуулсан. Гол нь хөдөлгөөн засал эмчилгээнийхээ үр дүнг үнэлж таниулах зорилготой байсан. Хөдөлгөөний хоцрогдолтой хүүхдүүдийнхээ ахисан түвшний үр дүнг баяр ёслолтойгоор тэмдэглэхэд хүмүүсийн сэтгэл их хөдөлж баярын нулимс унагаагүй хүн байгаагүй шүү.

Хийж байгаа ажлын тань ОНЦЛОГ юу вэ? эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Монголд жирэмсэн эхчүүдэд зориулсан сургалтыг 2004 онд анх эхлүүлж чадсанаараа их бахархдаг. Тэр дундаа жирэмсэн эмэгтэйчүүдийг нөхрийнх нь хамтаар цуврал сургалтад хамруулан жам ёсны төрөлт, нярайн асаргаа гэх мэт үндсэн чухал сэдвүүдийг орчин үеийн нотолгоонд суурилсан хөтөлбөрөөр явуулдаг. Хөдөлгөөний болон хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүдийн хувьд тэдний чадвар алдалтыг сэргээж, өвчин эмгэг, зовиурыг нь нимгэлж, айл гэр бүлд аз жаргал нэмдэг нь бас миний ажлын эерэг тал гэж бодож байна.

Харин хэцүү бэрхшээлтэй тал нь тухайн хүний эрүүл мэндийн боловсролын түвшинг дээшлүүлэх, буруу ойлголтыг нь зөв болгож засаж ойлгуулах, хөдөлгөөн засал яагаад чухал болох, үр дүн нь тухайн хүнээс ихээхэн хамааралтай болохыг ойлгуулах зэрэгт цаг хугацаа, тэвчээр, уйгагүй хөдөлмөр шаарддаг.

Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

Манай улсад оношилгоо, эмчилгээний асуудал нь төдийлөн сайн шийдэгдээгүй, олон улсын түвшинд хүрээгүй гэж хэлж болох аутизм, дауны хамшинж, тархины саа саажилттай хүүхдүүдэд зориулсан хөдөлгөөн засал эмчилгээг хэл засал, сэтгэл засалтай хослуулах эмчилгээг хэрхэн үр дүнтэй хийх талаар гүнзгийрүүлэн судалж, энэ чиглэлээр ур чадвараа ахиулах тал дээр илүү анхааран ажиллаж байна.

Үйлчлүүлэгчтэйгээ ажиллахын сацуу тэдний гэр бүл, аав ээж, хамт амьдарч буй хүмүүсийн хэрэгцээ шаардлага, тэдний зовлон бэрхшээл, амжилт ололтыг сонсож ажиллах асуудал өнөөгийн манай нийгэмд дутагдалтай байдаг тул энэ тал дээр анхаарч ажиллахыг хичээж байна даа.

Та ажиллаж байх үедээ хөгжим сонсдог уу? Ямар төрлийн хөгжимд дуртай вэ?

Миний ажлын орчин хүүхдүүдийн цангинасан дуу чимээ, тэдний хөгжилтэй инээд буюу уйлах чимээ гэх мэт дуу шуугиан ихтэй байдаг тул голдуу л тайвшруулах намуухан аялгуу сонсох дуртай. Манай Зинт клиник байнга намуухан ая тавьдаг. Энэ нь үйлчлүүлэгчдэд төдийгүй ажлаа хийж байгаа биднийг ч тайвшруулж сэтгэл сэргээдэг.

Гэртээ бол нөхөр маань гитар сайн тоглож, сайхан дуулдаг. Нөхөр бид хоёр хүүхдүүддээ төгөлдөр хуур, гитар, бөмбөр гээд төрөл бүрийн хөгжмийн зэмсэг авч өгсөн, хүүхдүүд маань ч гайгүй ая тоглочихдог. Тэгэхээр би өдрийг янз бүрийн л дуу хөгжим дунд өнгөрөөдөг юм байна.

Та хамгийн сүүлд ямар ном уншсан/одоо ямар ном уншиж байгаа вэ ?

Мэргэжлээрээ сүүлийн үеийн судалгаа шинжилгээ, илтгэл, өгүүлэл, мэдээллийг уншихыг эрмэлзэнэ. Сүүлд уншиж дуусгасан ном маань гэвэл "Хүүхдийн хөхөөр хооллох урлаг” (The Womanly Аrt of Breastfeeding) хэмээх бестселлер ном. Харин яг одоо уншиж судалж байгаа ном бол дэлхийн дахинаа шуугиулж буй Husband Сoached Childbirth”. Энэхүү номд нөхөр хүний үүрэг оролцоог жирэмслэлт болон төрөлтийн үйл явцад өндрөөр үнэлэх тухай өгүүлж, улмаар эхийн сэтгэл зүй, бие махбодод гарсан эерэг үр дүнгүүдийг нэгтгэн судалсан юм билээ.

Та илүү нээлттэй хүн үү, эсвэл дотогшоо хүн үү? энэ нь таны ажилд хэрхэн нөлөөлдөг вэ?

Би их нийтэч, нээлттэй, олонтойгоо байх дуртай учраас үйлчлүүлэгчтэйгээ, тэр дундаа хүүхдүүдтэй амархан ойлголцож тэдний хайр, итгэлийг хурдан хугацаанд татаж чаддаг гэж итгэдэг. Энэ байдал маань тэдний эрүүл мэндэд эергээр нөлөөлж, хүссэн үр дүнд нь хүргэхэд түлхэц үзүүлдэг гэж боддог шүү. Манай хамт олон үйлчлүүлэгчтэй болон өөр хоорондоо нээлттэй, чөлөөтэй ажиллахыг зарчмаа болгодог. Эмнэлгийн тусламж үйлчилгээний алдаа нээлттэй байх нь дахин алдаа гарахаас сэргийлдэг. Тийм болохоор бид үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж тааруу байсан тохиолдол бүрийг хэлэлцэж, алдаагаа айж эмээх зүйлгүй хэлж ярилцдаг. Энэ их чухал бөгөөд бидний давуу тал ч байж болох юм.

Та хэдэн цагаас хэдэн цагийн хооронд унтдаг вэ ?

Би өглөө идэвхтэй ажиллаж илүү олон зүйл амжуулах гэж хичээдэг. Голдуу өглөө 5.30 цагт сэрж, орой 23 цагаас хэтрэхгүй унтаж амрахыг илүүд үздэг. Хүүхдүүдтэйгээ өнгөрөөх хамгийн чанартай цаг бол өглөөний цайгаа ширээ тойрон цайлах мөч байдаг учраас ингэж эрт босохыг хичээдэг юм. Хүүхдүүд маань ч орой 22 цаг гэхэд орондоо орж унтсан байдаг тул өглөө эрт аяндаа өөрсдөө сэргэлэн цовоо босож ирдэг.

12. Таныг ажиллаагүй үед тань хаанаас олж болох вэ ?·

Би ч гэр амьтай хүн дээ. Гэртээ хүүхдүүд, нөхөртэйгөө хамт байхыг чухалчилдаг. UNO, SKIPPO, MONOPOL гэх мэт тоглоомуудыг хамтдаа тоглож амралтын өдрүүдээ өнгөрөөх дуртай. Тэгэхээр ажиллаагүй үедээ гэртээ л голдуу байдаг гэж ойлгож болно.

Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч олж авдаг вэ?

Гэртээ бол хүүхдүүд болон нөхрөөсөө. Миний хамгийн бага хүү одоо 9 настай, ажлаа тараад гэртээ харих үед ээждээ эрч хүчээ өгье гээд чангаас чанга тэврэнэ, бас хөлөнд маань массаж хийж өгнө. Энэ л надад хангалттай эрч хүч, урам болчихдог доо. Нөхөр маань миний ажлыг маш сайн ойлгож аль болох надад туслахыг хичээдэг нь сайхан санагддаг.

Зинт клиник дээрээ бол эмч нараасаа урам зориг, эрч хүч авдаг. Т.Навчаа эмч, Д.Солонго, Ч. Үүрийнтуяа эмч нар маань ямар ч амралтгүй, ууж идэх ч завгүй хүүхдүүдийн төлөө ажилладаг нь ийм их эрч хүч хаанаас гардаг байна аа гэж гайхахаар байдаг шүү. Үйлчлүүлэгч бүрт тэр дэлхийн түвшинд хүрсэн, тэр дундаа Америк, Европ, Япон, Солонгос улсуудад үзүүлж байгаа мэт үзлэг, зөвлөгөө, тусламж үйлчилгээ үзүүлэх ёстой, үүний төлөө хөгжиж дэвжиж ажиллах ёстой гэж Түмээ эмч маань сургадаг нь яах аргагүй дэлхийн түвшинд хүрэх юм сан гэдэг том зорилго, урам зориг, эрч хүчийг өгдөг дөө.

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ?

Хүнд туслахаар шийдсэн бол хариу нэхэлгүйгээр, ямар нэг хүлээлтгүйгээр үйлдэх хэрэгтэй гэсэн том ойлголт юм уу даа. Би хүнд тусалж дэмжихийг их хүсдэг, гоё ч мэдрэмж байдаг. Товчхондоо хариу нэхээгүй тус ямар чухал вэ гэдгийг ойлгосноо өөрийн авч хэрэгжүүлсэн хамгийн сайн зөвлөгөө гэж боддог.

Залуучуудад нэг ЧУХАЛ зөвлөгөө өгөөч гэвэл юу гэх вэ?

Аливаад шударга ёсоор хандаж, хүний юманд хүндэтгэлтэй хандах, өөрт байгаа зүйлсдээ сэтгэл хангалуун байх нь үнэхээр чухал санагддаг. Түүнчлэн хэн ч таныг хараагүй, хянаагүй байх үед буюу бусдын нүднээс далд үед ч гэсэн хамгийн сайнаараа ажиллаж, амьдарч, суралцаж хэвшвэл бурхан таныг заавал шагнах болно гэж хэлэх дуртай.

Тэ энэ буланд хэнийг санал болгож, ажлын арга барилтай нь танилцмаар байна вэ ?

Эрүүл мэндийн салбартаа тэргүүлж буй эмч болон эмнэлгийн ажилтануудаас энэхүү ярилцлагыг авбал нийгэмд тустай мэдээ мэдээлэл, зөвлөгөөг өгөх болов уу гэж бодож байна.Тэр дундаа хөдөлгөөн засалын шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулж буй Б.Мөнх-Эрдэнэ эмчээс энэхүү ярилцлагыг авбал их үр өгөөжтэй болно гэж итгэж байна. Багш маань одоо Австрали улсын Сидней хотын University of New South Wales сургуульд энэ чиглэлээр Монголын хамгийн анхны докторын зэрэг хамгаалахаар сурч байгаа юм.

29730   4


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor

Гэрэл зургийг:

Д.Ганзул




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.