Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох Бизнес   10 сарын 29, 2018

Онцлох бизнес: "Үр Минь" брэнд - Эхийн сэтгэлээр урлав

Хорвоод мэндлээд удаагүй бяцхан үрс шиг эгдүүтэй, хайр хүрмээр зүйл үгүй билээ. Тийм ч учраас эцэг хүний, эх хүний хамгийн дурсамжтай, хамгийн нандин мөч бол үрсийнх нь хүүхэд нас, нялх үе байдаг. Тэгвэл тэрхүү үеийг мартагдашгүй дурсамж болгон үлдээх хүсэлтэй "Үр минь" брэндийн үүсгэн байгуулагч А.Уянгатай бид бүтээлүүдийнх нь талаар сонирхолтой яриа өрнүүллээ. Ээж болсон жаргалтай мөчдөө хөтлөгдөн энэхүү брэндийг үүсгэх болсон түүнийг өөрсдийн урласан хувцсыг танилцуулан хүсэл зорилгоо хуваалцах үед "Эхийн сэтгэлээр урлав" хэмээх үгийн утга учир бүрэн ойлгогдох шиг болсон юм.

Бизнесийн нэр: Үр Минь
Үйл ажиллагааны чиглэл: 0-3 насны хүүхдийн хувцас үйлдвэрлэл
Үүсгэн байгуулагч: А.Уянга
Үүсгэн байгуулагдсан он: 2017 оны 11-р сар
Ажилчны тоо: 10
Сошиал хуудас: Үр Минь

бизнесийн санаагаа анх хаанаас яаж олсон бэ?

Үрээ өлгийдөн аваад ээж болсон тэр үеэс энэхүү брэнд маань үүссэн гэж хэлж болно. Нярай хүүхэдтэй учраас яг энэ насны буюу 0-3 насны хүүхдийн хувцасны талаар сайн мэдлэгтэй болж, энэ насны хүүхдүүдэд зориулсан хувцас үйлдвэрлэх санаа төрж байлаа. Монгол хүүхдийн биеийн онцлог өөр учраас импортын бүтээгдэхүүнүүд тухгүй байх, амархан багадах зэрэг олон асуудал тулгардаг байсан юм. Тиймээс зөвхөн өөрийн үрдээ зориулаад зогсохгүй Монголдоо мэндэлсэн үрс бүхэнд тохирох, зохицох тэрхүү хувцаснуудыг үйлдвэрлье хэмээн шийдэж анх энэхүү брэндийг үүсгэж байлаа. Цаашдаа хүүгээ томрох тусам "Үр минь" брэндээ даган томруулж, илүү олон насны ангиллын хувцас үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа. Тун удахгүй манай 1 жилийн ой болох гэж байна.

танай онцлог давуу талууд юу вэ?

Бид бүтээлүүддээ өөрсдийн үнэ цэнийг шингээхийг маш их хичээдэг. Манай брэндийн онцлог, үнэ цэнийг эрүүл мэндэд тустай, насны онцлогт тохирсон, дурсамж бүтээгч гэсэн үгнүүд тодорхой илэрхийлэх байх.

Манайх ихэвчлэн ноолууран болон даавуун хувцас үйлдвэрлэдэг. Нярай хүүхдэд өвөл олон давхар хувцас өмсгөөд халууцах үед хувцсыг нь тайлах үед бие нь хөлөрсөн байдаг тул маш амархан хатгаа авдаг, өвддөг. Ноолуур нимгэн хэрнээ дулаахан учраас энэхүү эрсдэлээс сэргийлэх давуу талтай.

Мөн импортоор орж ирж буй хүүхдийн хувцаснууд Монгол хүүхдүүдэд тусгайлан зориулагдсан эд биш. Тиймээс биед нь тохирохгүй байх, амархан багадах гээд олон сул талтай. Хувцсан дээр бичигдсэн үгс нь ч гадны соёлоос үүдэлтэй тул утгын хувьд ч тийм ч зохистой биш байдаг. Бид хувцсаа үйлдвэрлээд зогсохгүй хүүхдийн насанд нь тохирсон үгсийг бичиж өгдөг. Тэрхүү үгс, энэхүү хувцаснууд гэр бүлд маш их дурсамжийг бүтээнэ, үлдээнэ гэж бид итгэдэг учраас үүндээ их ач холбогдол өгдөг шүү.

Нярай хүүхдийн хувцас хэрэглэлийг сонгох тал дээр ихэвчлэн ээжүүд анхаарал хандуулдаг. Бага насны хүүхэдтэй ээжүүд гэрээс гарах боломж тун хомс. Тиймээс бид бүх бүтээгдэхүүнээ үнэгүй хүргэж өгдөг. Мэдээж хүргэлт хийх нь зардал, цаг хугацаа, хөлс гээд олон зүйлсийг шаарддаг ч зайлшгүй шаардлагатай чухал зүйл учраас тууштай үнэгүй хүргэсээр байгаа.

хамтрагчдаа хэрхэн олж сонгосон бэ?

Анхны санааг өөрөө гаргаж, хамтрагчдаа сонгохдоо найзууддаа эхэлж санал тавьж байлаа. Найз маань дизайн талаа хариуцаж, би өөрөө бизнесийн талаа хариуцан эхэлж байсан. Одоогоор манай баг 10 хүнтэйгээр ажиллаж байна. Бүгд миний таньдаг хүмүүс учраас хамтран ажиллахад маш таатай, үр дүнтэй байдаг шүү.

хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдсэн бэ?

Анх 500 мянган төгрөгний хөрөнгөөр брэндээ үүсгэж байлаа. Дөнгөж ээж болчихсон гэртээ суудаг байсан болохоор нөхрөөсөө 200 мянгыг аваад, хадам ээжээсээ 300 мянгыг нь зээлээд бизнесээ эхлүүлсэн дээ (инээв).

бизнесийн үнэт зүйлс баримталдаг зарчим тань юу вэ?

Бид ашгаас илүүтэйгээр өөрсдийн үнэ цэнээ хадгалж, түүнийгээ бусдад ойлгуулах замаар дэвшихийг хүсдэг. Мэдээж хөдөлмөр, цаг хугацаагаа зориулж байгаа учраас сайн ашиг олох нь зүйн хэрэг хэдий ч сайн ажиллаж, үнэ цэнээ хадгалж байхад яваандаа түүний үр шимийг хүртэнэ гэдэгт итгэдэг. Тийм ч учраас үйлдвэрлэлээ томруулах, илүү ихийг үйлдвэрлэх боломж байсан ч бүтээгдэхүүний маань чанарт өөрчлөлт орох вий гэсэндээ одоо бүтээж буй зүйлс дээрээ илүү анхаарч байна. Хэрэглэгч бүр дээр, бүтээгдэхүүн бүр дээр анхаарал тавьж өөрсдийн онцлогийг хадгалсан, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байна. Нярай хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа тул анхааралтай хандах ёстой л доо.

одоо та бүхэн юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

Өвлийн улирал дөхөж байгаа учраас ноолууран буюу дулаан хувцасны үйлдвэрлэлдээ илүү анхаарч байна. Манай орон эрс тэс уур амьсгалтай учраас 2 улиралд тохирсон хувцас үйлдвэрлэдэг. Хүйтний улиралд ноолуран хувцсаа илүү их үйлдвэрлэж, зун нь даавуун хувцсаа үйлдвэрлэнгээ өвлийнхөө ноолуурыг тодорхой хэмжээгээр бэлдэнэ. Мөн хүүхдийн шинэ өлгий гаргахаар нэг байгууллагатай хамтарч ажиллаж байгаа.

танай ойрын болон хэтийн зорилго юу вэ?

Анхны зорилго маань импортыг орлох чанартай, хямд бүтээгдэхүүн үйлдвэрлэх байсан. Тиймээс ойрын 3 жилдээ багтаад шинээр төрж буй үрсийн 10 хувийг дангаараа хангая хэмээн зорьж байна. Монголд жилд 12 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний хүүхдийн хувцас орж ирдэг. Тэгвэл бид үүнийг дотооддоо үйлдвэрлээд байвал эдийн засгийн эргэлт талаасаа ч бидэнд хэрэгтэй боловуу гэж боддог.

ЭНЭхүү БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Хамтрагчдаа найзуудаасаа олсон учраас бидэнд хамтрагч, ажлын хүчин, боловсон хүчин тал дээр төдийлөн саад бэрхшээл гардаггүй. Гэхдээ ийм байдлаар хамтрагчдаа олоогүй бол бизнес эрхлэхэд хамгийн том саадуудын нэг нь сайн боловсон хүчний дутагдал гэж боддог.

Бизнес талаасаа бол хууль, бизнесийн таагүй орчин саад бэрхшээл болж байна. Бодлогын хүрээнд дэмждэггүй болохоор татвар, гааль, хууль, бизнесийн орчин гээд бүхий л талаасаа шинээр бизнес эрхлэгчдэд маш хэцүү шүү дээ.

Харин хүмүүсийн сэтгэлгээ их гоё болсон нь эерэг тал юм болов уу гэж боддог. Шинэ юм хийхэд дэмжих хүмүүс олон болсон. Гадны бүтээгдэхүүнд хошуурахаас илүүтэйгээр аль болох дотоодын, шинэ юмаа дэмжих хандлагатай болсон нь үнэхээр сайхан. Мөн өмнөхөө бодвол технологийн боломжууд улам их болж байгаа учраас брэндээ хүмүүст хүргэхэд улам хялбар болж байна. Гэрээсээ ч бизнес эрхлэх боломж байна.

танай хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн юу вэ?

Нэг талдаа хэвлэлттэй хүүхдийн боди бүтээгдэхүүн хамгийн эрэлттэй байдаг. Манайд 20 мянган төгрөгөөр борлуулагдаж байна. Импортын дундаж үнэтэй бүтээгдэхүүнтэй үнийн хувьд бараг ижил. Гэхдээ тэдгээрийг бодвол Монголд үйлдвэрлэсэн, хэвлэлттэй, материал сайтай, чанар илүү гээд давуу талууд байгаа учраас үнийн хувьд харьцангуй хямд гэхэд буруудахгүй байх.

Би өөрөө хүүтэй болоод ч тэр үү хөвгүүдтэй холбоотой үгсийг агуулсан хувцаснууд илүү борлуулалттай байна. "Би аав ээжийн сайхан залуу", "Би аав ээжийн хайраас төрсөн", "Би гэрийн босс" гэсэн бичигтэй цамцнууд хамгийн эрэлттэй байдаг.

Мөн хүүхдэдээ манай хувцаснуудыг юм сурах бүрд нь ээлжилж өмсүүлээд мартагдашгүй дурсамжийг үлдээж болно. Нялх хүүхдүүд бараг сар болгонд юм сурч байдаг. Тиймээс мөлхөж сурах үед нь "Мөлхөө жаал", хөдөлгөөнтэй болсон үе дээр нь "60 чавганц намайг гүйцэхгүй" гэх мэтээр өмсүүлээд он цагийн дараалал үүсгэж болно. Сүүлд нь зургийг харахад ч дурсамжтай. Ихэнх эцэг эхчүүд маань үрсийнхээ ийм нандин дурсамжтай хувцсыг нандигнан хадгалах байх.

17237   0


НИЙТЭЛСЭН:

Ganbaatar Erdenee

Гэрэл зургийг:

Г.Ананд




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.