Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   10 сарын 28, 2018

7 хоногийн тойм: Алгоритмын бүтээсэн хөрөг + 75 тэрбумын стартап + Хамгийн урт гүүр

Ковер зургийн тайлбар: Баруун доод булан дахь алгоритмыг онцгойлж хараарай

Онцлох: Хиймэл оюуны бүтээсэн хөрөг хагас сая долларын үнэ хүрэв

Хиймэл оюуны тусламжтайгаар бүтээгдсэн уран зураг дуудлага худалдаанд орж, 432,500 долларын үнэ хүрэн зарагджээ. Энэ бол компьютерийн шинжлэх ухаан, хиймэл оюуны хөгжлийн түүхэнд тодоор бичигдэх онцгой үйл явдал байв.

Францын инженерүүд болон Obvious нэртэй артистуудын хамтын хөдөлмөрийн үр дүнд Edmond De Belamy нэртэй уг зураг бүтсэн. Инженерүүд сүүлийн 600 жилийн турш бүтээгдсэн 15 мянга гаруй хөрөг зургийг машинд сургаж, улмаар үр дүнд нь энэ бүтээлийг гаргаж авсан юм. Мэргэжлийн шинжээчид машины бүтээсэн зургуудыг өнгө, өнцөг, илэрхийлэл талаас нь шинжиж "онцгой" байдлыг нь хангах тал дээр оролцсон аж.

Edmond de Belamy бол машины бүтээсэн Беламигийн гэр бүлийн хамгийн отгон гишүүн. Хиймэл оюун зөвхөн хөрөг зурахаас гадна бүхэл бүтэн гэр бүлийн түүхийг зурж, гишүүн бүрийнх нь нэр, ажил болон хөргийг бүтээсэн нь гайхалтай. Беламигийн гэр бүлийн гишүүдийн эрхэлж буй ажил болон амьдарч байсан үеэс хамаарч өмссөн хувцасны загвар, өнгөний сонголт болон нүүрний илэрхийлэмжийг ялгаж өгчээ. Нэг ёсондоо машин бүтэн гэр бүлийн түүхийг үүсгэсэн гэсэн үг. Зураг бүрийн баруун доод буланд уг хөргийг бүтээхэд ашигласан алгоритмуудыг бичсэн нь сонирхолтой.

Уг зургийг бүтээсэн багийнхан бүтээл нь хагас сая долларын үнэ хүрсэнд одоо болтол итгэж чадахгүй байгаа гэнэ. 10 мянган долларын үнэ хүргэх зорилготой байсан тэд шинэ орлогоороо технологио хөгжүүлж, машинаа бүр шинэ шатанд авчрахаар сэтгэл шулуудаад байна. Одоогоор энэ зургийг хэн гэдэг эрхэм худалдаж авсан нь тодорхойгүй байгаа юм.

Урлагийн бүтээл туурвина гэдэг хүн төрөлхтний хамгийн эрхэм, нандин, бас үнэт ур чадварын нэг байсаар ирсэн. Үе үеийн философичид, инженерүүд робот болон хүнийг чухам урлагийн торгон мэдрэмж, нарийн чадварууд л ялгах болно хэмээн маргадаг байсан юм. Сонгодог бүтээлүүдээс үл ялгарах, давтагдашгүй хийц-онцгой шинжтэй уг хөрөг зураг олон үзэл бодлыг няцааж, хожмын олон бүтээлүүдэд урам зориг өгсөн нь гарцаагүй.

Беламигийн гэр бүлтэй танилц!

дэлхий дахинд

Английн хөлбөмбөгийн Лестер клубын эзэн Вишай Шривадданапрабхагийн сууж явсан нисдэг тэрэг осолдож, амь насаа алдсан харамсалтай үйл явдал тохиолоо. 60 настай тайланд тэрбумтан өөрийн багийн тоглолтын дараа ийн осолд орсон бөгөөд гэрчүүдийн мэдээлж байгаагаар нисдэг тэргийн хөдөлгүүр бүрэн зогсож, улмаар цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа осолдсон аж. Нисдэг тэргэнд сууж явсан 5 хүн бүгд амь насаа алджээ. Татваргүй барааны дэлгүүр King Power-ийг үүсгэн байгуулагч Вишай 3.3 тэрбум долларын хөрөнгөтэй байсан бөгөөд 2010 онд худалдан авсан Лестер клуб нь 2016 онд Премьер лигийн аварга болж байсан билээ.

Өмнөд Америкийн хамгийн том эдийн засагтай улс Бразил шинэ ерөнхийлөгчөө сонголоо. Өдгөө 63 настай Жаир Болсанора нийт сонгогчдын 55 хувийн саналыг авснаар тус улсын 38 дахь ерөнхийлөгчөөр сонгогдож байна. Авлигыг устгаж, төрийн дээд албан тушаалтнуудын гэмт хэргийн шинжтэй үйлдэл, шийдвэр гаргалтуудыг зогсооно гэсэн гол амлалттай түүний кампанит ажил сошиал медиад ихэд хүчээ авч, залуусын дэмжлэгийг авснаар ялгарав. Сонирхуулахад, 1-р сарын 1-нд ажлаа өгөх одоогийн ерөнхийлөгч М.Темерийн рейтинг 2 хувьтай тэнцүү байгаа нь түүхэнд бичигдэх муу амжилт болжээ.

BBC: Бразилын сонгуулийг 5 дүрслэлээр

Хятадын анхны хувийн сансрын стартап Landspace-ийн дэлхийн тойрог замд орох оролдлого бүтэлгүйтлээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Zhuque-1 нэртэй пуужин амжилттай хөөрсөн ч тойрог замд орж чадаагүй гэнэ. 2015 онд байгуулагдсан тус компаниас гадна OneSpace нэртэй өөр нэг компани илүү хямд өртөгтэй пуужингийн технологи хөгжүүлж, Хятадын засгийн газраас лицензээ аваад байгаа юм.

Дэлхийн хамгийн урт гүүр Хятадад ашиглалтанд орлоо. Хятадын Жухай хотыг Хонгконг-Макаотой холбох учиртай 55 км-ийн урттай энэхүү гүүрийн нийт төсөв 20 тэрбум доллар. 2016 онд ашиглалтанд орох төлөвлөгөөтэй байсан уг гүүр нь өмнө нь 4 цаг зарцуулдаг байсан аяллыг 30 минут болтол буулгаж байгаагаараа ач холбогдолтой юм.

Цэнгэлдэхийн гадаа мянга мянган фенүүд цугларч, эмгэнэл илэрхийлсээр байна

технологийн ертөнцийн эргэн тойронд

Google .new өргөтгөлтэй домэйн нэрээр дамжуулж хэрэглэгчдэд цахим орчинд илүү хялбар байдлаар ажиллахыг санал болгож байна. Тэд Google Drive дээрх файл, слайд үүсгэх үйлдлүүдийг doc.new, slide.new, website.new зэрэг хаягуудыг шууд хөтөч дээрээ бичсэнээр хийх боломжтой болжээ.

1.5 тэрбум хэрэглэгчтэй дэлхийн хамгийн алдартай чат апп Whatsapp анх удаа стикертэй боллоо. Фэйсбүүк эзэмших болсноос хойш эрс өөрчлөгдөж буй Whatsapp удахгүй стикер бүтээх, санал болгох үйл явцыг бүх хэрэглэгчдэд нээлттэй болгоно гэнэ.

Фэйсбүүк AR технологид суурилсан нүдний шил бүтээж байгаагаа баталлаа. Саяхан анхны хардвэйр төхөөрөмж Portal нэртэй дэлгэцээ танилцуулсан тэд эхний хувилбаруудаа ирэх онд багтаан олон нийтэд зарлах төлөвтэй байна. Үүнтэй холбогдуулан тэд хэд хэдэн шинэ патент батлуулж, инженерийн багаа өргөтгөж байгаа аж. Microsoft, Google ч мөн адил ижил төрлийн бүтээгдэхүүн дээр ажиллаж байгаагаа мэдэгдээд байгаа билээ.

Үүнээс гадна Фэйсбүүк өөрсдийн хамгийн их хэрэглэгчтэй апп Messenger-ийн шинэ хувилбарыг танилцууллаа. Дизайны хувьд илүү цэгцтэй, илүү энгийн байлгах зорилготой уг шинэчлэлийн хүрээнд тус апп-ийн лого бага зэрэг өөрчлөгдөж, нүүр хуудсан дахь цэсүүдийн тоо буурсан байна.

Snapchat Windows, Mac үйлдлийн системд нийцэх буюу дэлгэцийн компьютерүүдэд зориулсан анхны апп-аа танилцууллаа. Snap Camera нэртэй уг програмын тусламжтайгаар хэрэглэгчид AR стикер, линзүүдийг ашиглах боломжтой болж байгаа бөгөөд Skype, Zoom, Google Hangouts зэрэг бусад апп-уудтай нийцэн нэмэлт хэлбэрээр хэрэглэгдэх гэнэ. Ташрамд дурдахад тэд өнгөрсөн долоо хоногт тайлангаа зарлаж, 2 сая хэрэглэгчээ алдсанаа баталж, хувьцааны үнэлгээ нь хамгийн доод түвшиндээ буюу 6.46 долларт хүрчээ. IPO-ийн нээлтийн үнэ нь 24 доллар байв.

Жинхэнэ цаг хэмнэх нэмэлт хэмээн экспертүүд шагшин магтсаар...

Бизнесийн ертөнцийн эргэн тойронд

IBM түүхэн дэх хамгийн том худалдан авалтуудынхаа нэгийг хийж, Red Hat-ийг 34 тэрбум доллараар өөртөө нэгтгэлээ. Нээлттэй эх, үүлэн технологийн салбарын тэргүүлэгч компаниудын нэгийг авснаараа IBM-ийн Amazon, Microsoft зэрэг аль хэдийн энэ салбарт амжилт үзүүлж буй акулуудтай өрсөлдөх чадвар эрс нэмэгдэж, стратегийн маш том үсрэлтийг хийлээ хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Techcrunch: Watson-ийг март, Red Hat IBM-ийг аварч мэднэ

Аялал захиалгын тэргүүлэгч сайт Expedia богино хугацааны байр түрээсийн зах зээл дэх байр сууриа бататгаж, Pillow, ApartmentJet нэртэй стартапуудыг худалдан авлаа. Ингэснээр тэд Airbnb-ийн орон зайд хүч түрэн орж ирж, өрсөлдөөн үүсгэж байна гэсэн үг. Сонирхуулахад, 3.2 тэрбум долларын борлуулалт хийсэн Expedia-ийн улирлын тайлан шинжээчдийн таамгаас давж, хувьцааны үнэлгээ нь 9.4 хувиар өсжээ.

Өнгөрсөн улиралд 758 сая долларын орлого олсон Твиттерийн санхүүгийн тайлан шинжээчдийн таамгаас давж, хувьцааны үнэлгээ нь 15 хувь хүртэл өссөн байна. Тайлангаас онцлох үзүүлэлт нь тэдний сурталчилгааны орлого 29 хувиар өссөн нь байв. Твиттерийн нийт хэрэглэгчдийн тоо 326 саяд хүрсэн ч өсөлт нь удааширч буурах хандлагатай байгааг хүлээн зөвшөөрчээ.

Кибер аюулгүй байдлын стартап Cloudflare 3.5 тэрбум долларын үнэлгээтэйгээр IPO хийхээр зэхэж байна. Cloudflare 2010 онд байгуулагдсан бөгөөд 150 гаруй дата төвөөрөө дамжуулан 10 сая гаруй домэйн хаягуудад үйлчилгээ үзүүлдэг.

Хятадын ByteDance 3 тэрбум долларын шинэ хөрөнгө оруулалт татсанаар дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй стартап боллоо. Тэдний үнэлгээ 75 тэрбумаар хэмжигдэх болсон нь Uber-ийг давж байгаа гэсэн үг. ByteDance нь 500 сая хэрэглэгчтэй видео сошиал платформ TikTok болон 120 сая хэрэглэгчтэй AI мэдээний аггрегатор Toutiao-г эзэмшдэг юм. Сонирхуулахад, Фэйсбүүк өсвөр насны хэрэглэгчид рүү чиглэсэн, ам барьж дуу дуулан, бүжиглэж буй бичлэгээ хуваалцахад зориулсан TikTok-той төстэй апп хөгжүүлж байгаа гэнэ.

Америкийн технологийн салбарын түүхэнд үнэлгээгээрээ гуравт бичигдэх худалдан авалт!

Энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Оскарын шагналт кино найруулагч Гильермо Дел Торо Нетфликстэй хамтран алдарт Пиноккиогийн түүхээс сэдэвлэсэн кино бүтээх гэж байна. Анимэйшн, мюзикалын хослол хэлбэртэй хийгдэх уг киноны ажил энэ онд багтаан эхлэх гэнэ. Нетфликс оригинал контент бүтээхэд зориулан нэмэлтээр 2 тэрбум долларын санхүүжилт босгоод байгаа билээ.

Сая сая хэрэглэгчдийг донтуулсан гайхамшигтай амжилтын эзэн Fortnite тоглоомыг бүтээгч Epic Games 1.25 тэрбум долларын шинэ санхүүжилтийг босголоо. 27 жилийн өмнө үүсгэн байгуулагдсан Epic Games-д өмнө нь Disney, Tencent зэрэг томчууд мөн хөрөнгө оруулаад байсан билээ.

Холливүүдийн хамгийн алдартай хослол Мартин Скорсезе болон Леонардо Ди Каприо нар ээлжит удаагаа хамтрахаар болсон байна. Тэд 1920-оод онд өрнөсөн цуврал аллагын эргэн тойрон дахь түүхийг өгүүлэх Killers of The Flower Moon номоос сэдэвлэсэн бүтээл дээр ажиллах болжээ. Ди Каприо алдарт найруулагч Скорсезийн Aviator, The Wolf of Wall Street, Shutter Island зэрэг 5 кинонд гол дүр бүтээгээд байгаа билээ.

Их Британийн нисгэгч Льюс Хэмилтон 5 дахь удаагаа Формула 1-ийн улирлын аварга болох нь тодорхой боллоо. Тэрээр Мексикийн гран прид 4-р байрт орсноор ардаа явсан С.Феттелиэс даруй 70 онооны илүүтэй болсон нь энэ. Хэмилтон карьертаа 5 дахь удаагаа аваргын цомыг хүртнээрээ домогт Хуан Мануэл Фанхиогийн амжилттай зэрэгцэж байгаа юм. Одоо түүний өмнө зөвхөн Михайл Шумахер л 7 цомтойгоор бичигдэж байна.

Цахим спортын хамгийн амжилттай багуудын нэг TeamLiquid-ийг эзэмшигч aXiomatic-д домогт сагсан бөмбөгч Майкл Жордан тэргүүтэй хөрөнгө оруулагчид 26 сая долларын санхүүжилт өглөө. Тэднээс өмнө цахим спортын топ клубүүдийн нэг Cloud9 53.6 сая долларын хөрөнгө оруулалт босгоод байсан билээ.

Браво, Хэмилтон!

алдалгүй унших арван мэдээ

SeekingAlpha: Tesla ашигтай ажиллаж эхлэв. Гэхдээ...
Techcrunch: Цахиурын хөндийн араб асуудал
Variety: Halloween бокс оффисийг тэргүүлсээр
QZ: Сирийн үндэсний музей 6 жилийн дараа дахин нээгдлээ
CNN: Трамп хэрхэн Америкийг өөрчилж байна вэ?
Ikon: ЖДҮ-ийн сантай холбоотой баримтууд
Vox: Питсбургийн буудалцаанаас юу анзаарах вэ?
BBC: Африкийн долоо хоног гэрэл зургийн дуранд
Eurosport: Эл Классикод Барса илүүрхэж, 5:1-ээр бут ниргэв
Recode: Яагаад Airbnb Uber-ээс илүү үнэлгээтэй болох вэ?

8949   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.