Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох Бизнес   10 сарын 22, 2018

Онцлох бизнес: Эрхэт – Шинэ технологи ба туршлагатай санхүүчдийн хослол

Энэ удаа бид улс орны эдийн засгийн гол тулгуур жижиг дунд бизнес эрхлэгчдэд илүү тохиромжтой, санхүүгийн цахим шийдлийг хөгжүүлэн ажиллаж буй Эрхэт-Онлайн санхүүгийн програмыг онцолж байна. Нью Медиа Групп 2011 оноос эхлэн нягтлан бодох бүртгэлийн “Эрхэт” програмыг хөгжүүлсээр ирсэн бөгөөд одоо 1200 гаруй байгууллага уг програмыг ашиглан санхүүгийн тайлангаа гаргаж байгаа юм. Тэд туршлагатай санхүүчдын мэдлэг чадварыг орчин цагийн технологитой хослуулан нябо нарын “хүнд” ажлыг хөнгөвчлөөд зогсолгүй, гар утасны пос апп удахгүй үйлчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж. Зочид буудал, ресторан, худалдаа, үйлчилгээний газарт зориулсан 4 төрлийн посыг (POS) санал болгож буй уг апп нь Эрхэтийн үндсэн санхүүгийн програмтай уялдан ажилладаг тул бүх санхүү, тайлан тооцоо болоод олон төвөгтэй бичиг цаасны ажлыг онлайнаар шийдэх боломжийг олгожээ. Ингээд Нью Медиа группийн гүйцэтгэх захирал Б.Нарантай ярилцсанаа хүргэе.

Бизнесийн нэр: Эрхэт - Онлайн санхүүгийн програм
Үйл ажиллагааны чиглэл: Нягтлан бодох бүртгэлийн програм хангамж
Хэзээ байгуулагдсан: 2011 он
Үүсгэн байгуулагч: А.Мэнд-Орших (Нью Медиа Групп)
Сошиал хуудас: www.erkhet.biz, Эрхэт санхүүгийн онлайн програм (фэйсбүүк)

Бизнесийн санаагаа анх хаанаас, яаж олсон бэ?


Нью Медиа группийн үүсгэн байгуулагч А.Мэнд-Орших анх өвөөгийнхөө мэдлэгийг авч үлдье, олон хүмүүст түгээе, нягтлан бодох бүртгэлийн ажлыг илүү хялбар, ойлгоход амар технологиор шийдье хэмээн “Эрхэт” төслийг эхлүүлж байсан юм. Өвөө нь Монгол Улсын ардын багш, СЭЗДС-ын профессор Ж.Нямсүрэн хэмээх сайхан буурал бий. Миний хувьд 2013 онд судалгаа, шинжилгээний шатан дээрээ явж байх үед нь уг төслийг удирдаж эхлээд одоо гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байна.

Аливаа бизнест санхүүгийн асуудал амин чухал байдаг. Санхүүгээ бүртгэх, удирдах, тоо статистик дээрээ дүн шинжилгээ хийж, төлөвлөлтөө гаргах энэ хамгийн чухал ажлыг бид шилдэг санхүүчдын мэдлэг туршлага болоод шинэ үеийн технологийн хослолоор шийдвэрлэхийг хүссэн юм. Энэ нь зөвхөн тухайн байгууллагад үр ашигтай байх төдийгүй том зургаараа улсын эдийн засагт эерэг нөлөөтэй. Олон хүнийг ажлын байраар хангаж, хүмүүсийн төрөл бүрийн хэрэгцээг хангадаг жижиг дунд бизнесүүдэд хурдтай өсөж хөгжих боломжийг манай програм олгоно.

Анхны хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлаа хэрхэн шийдсэн бэ?

Анхлан санаачлагч нь Нью Медиа Групп байсан болохоор тухайн үед амжилттай байсан “Гэрэгэ” төслийн орлогоос анхны санхүүжилтээ шийдэж, хөрөнгө оруулалт хийж байсан.

Танай бизнесийн онцлог, давуу талууд?

Энгийн, хурдан, эргэх холбоотой гэсэн гурван үгээр онцлогоо тодорхойлмоор байна. Бид програм хөгжүүлэгч залуусаа нягтлан бодох бүртгэлийн сургалтад заавал сургадаг. Ингэснээр програмист болон нябо нарын хооронд үл ойлголцол үүсэхгүй. Харин ч ашиглахад илүү хялбар болгож хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг.

Манай цахим хуудас руу орох үед бүх зүйлс энгийн, ойлгомжтой байдаг. Та нябо биш байсан ч хялбар ашиглаж чадахаар зохион байгуулалттай. Хэрвээ хүсвэл хэрэглэгч нэг удаа туршилтаар бүх програмтай танилцах боломжтой. Үнэхээр хэрэгцээтэй санагдвал бид үйлчлүүлэгчдэдээ өрсөлдөхүйц үнийг санал болгодог. Энэ нь жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд санхүү, нягтлан бодох бүртгэлээ хялбар, эмх цэгцтэй хөтлөн авч явахад тустай.

Ижил төрлийн програмуудын адил Эрхэтэд суурь хураамж төлөх шаардлагагүй, зөвхөн жилээр нь ашиглалтын хураамж төлдөг. Энэ хугацаанд бид хэрэглэгчээ халамжлан ажиллахыг хичээдэг юм. Мөн тайлан тооцоо гаргадаг мэргэжлийн байгууллагууд, татварын мэргэшсэн зөвлөх, Аудит байгууллагуудад тохирсон төлбөрөө сараар төлөх боломжтой төлбөрийн нөхцөл санал болгодог.

Танай ойрын болон хэтийн зорилго?

Хамгийн ойрын зорилго бол удирдагч, нябо нарын чиг үүргийг таниулах юм. Жижиг дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн боловсрол олгох, нягтлан бодогч нарыг сургалтаар дамжуулан илүү чадавхжуулах нь бидний ойрын зорилго юм. Улмаар бизнес эрхлэгчдэд бүртгэл, тайлангийн нарийн төвөгтэй ажлаа 5-20 жилийн ажлын туршлагатай санхүүчдын багт бүрэн даатган, өөрийн бизнест 100 хувь анхаарлаа хандуулах боломжийг бий болгох нь бидний хэтийн зорилго юм.

Бизнесийн үнэт зүйлс, баримталдаг зарчим тань юу вэ?

Бид хүнд үйлчилж байгаа шүү гэдгээ сайн ухамсарлахыг хичээдэг. Хүн төвтэй бизнес учраас хүний хэрэгцээнд тааруулж, тэдний асуудлыг шийдвэрлэхийг эрмэлзэн ажиллана. Мэдээж зөвхөн өөрсдийн бизнесийг хөгжүүлээд зогсохгүй энэ чиглэлийнхээ хөгжлийг нэг шат ахиулж, цаашлаад экосистемд нь нөлөөлөхийг хүсдэг.

Одоо та бүхэн юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

Бүх үйлчилгээний газрууд НӨАТ-тэй төлбөрийн баримтаар үйлчилж эхэлснээс хойш гар утасны пос апп-ийг хөгжүүлж, одоо үйлчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ нь жижиг дунд бизнес эрхлэгчдэд заавал том пос машин худалдан авалгүй ухаалаг утсаараа бүртгэл хийн баримт хэвлэх боломжийг олгох юм. Бид аль хэдийн зарим үйлчилгээний газруудад байршуулаад байгаа.

Аливаа технологи хүний механик үйлдлийг хөнгөвчилж, үндсэн зүйлдээ илүү анхаарахыг санал болгодог шиг энэ апп ч мөн адил жижиг дунд бизнес эрхлэгчдэд өөрийн бизнесийг эмх цэгцтэй хөтлөн авч явахад туслах болно. Хүнсний лангуу байсан ч хариуцлагатайгаар төлбөрийн баримтаа хэвлэн өгөх боломжтой.

Харин хөгжүүлэлтийн баг хүний нөөцийн модултай хоршин ажиллах боломжтой цалингийн системийг бий болгохоор ажиллаж байна. Өөрөөр хэлбэл таны анх ажилд орсноос гарах хүртэлх бүхий л түүхүүд, хэрхэн ахисан, цалин нь хэдий хугацаанд хэрхэн өөрчлөгдсөн гэх мэт мэдээллийг нэгтгэсэн програмыг цогцоор нь гаргахаар ажиллаж байна. Гол нь байгууллага бүрийн цалин бодох аргачлалд таарах хэрэгтэй тул илүү сайн хөгжүүлэхээр ажиллаж байна даа.

Энэ бизнесийн эрхлэхийн хэцүү бэрхшээлтэй тал? 

Санхүү, нягтлан бодох бүртгэл бол маш сайн логик дараалалтай зүйл. Байгууллагаас зарлага гарч байгаа тохиолдолд тухайн зардлыг нөхөх хэмжээний орлого юм уу өр төлбөр үүссэн байх жишээтэй. Удирдагч хүн бизнесийн үйл ажиллагаатайгаа холбоотой бүх төрлийн татвар хураамжийг урьчилан тооцож бизнесээ явуулах үүрэгтэй. Гэтэл жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд санхүүгийн мэдлэг тэр бүр сайн биш болохоор асуудал үүсдэг. Удирдлага бүр захиран зарцуулалт хийж, нябо түүнийг тайлагнах үүрэгтэй байхад Монголд эсрэгээрээ нябо удирдлагын хийх ёстой ихэнх ажлыг үүрэх, эсвэл худал тайлагнаж өөрийн амласан тангаргаа зөрчиж явдаг нь харамсалтай. Тиймээс энэ хавраас эхлэн бид жижиг дунд бизнес эрхлэгч аж ахуй нэгжийн удирдлагуудад санхүүгийн боловсрол олгох сургалт, нябо нарт чадавхжуулах сургалтыг орж байна.

Танай хамгийн их борлуулалттай, хэрэглэгчдийн таашаалд хүрсэн БҮТЭЭГДЭХҮҮН/ҮЙЛЧИЛГЭЭ? 

Зочид буудал, рестораны систем, худалдаа, үйлчилгээний посын систем зэрэг нийт дөрвөн төрлийн програм хангамжийн үйлчилгээ үзүүлж байна. Нэг давуу тал онцлог нь гэвэл эдгээр системүүд бүгд онлайн санхүүгийн програмтай хоршин ажилладаг тул бүгд л их эрэлттэй байдаг. Жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд худалдааны посын систем болон онлайн санхүүгийн програмтай багцыг илүү их сонирхдог юм.

20235   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Б.Намуунцэцэг
Э.Ганбаатар

Гэрэл зургийг:

Н.Билгүүн




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.