Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   10 сарын 21, 2018

7 хоногийн тойм: Хиймэл сар + #Inspired + Баяртай Аллен!

Ковер зургийн тайлбар: Uber, Lyft, Palantir. Цахиурын хөндийн "unicorn"-ууд IPO зарлалаа

Онцлох: Microsoft-ийн үүсгэн байгуулагчдын нэг таалал төгслөө

Microsoft-ийг хамтран байгуулагч Пол Аллен 65 насандаа таалал төгслөө. Технологийн салбарын хамгийн нөлөөтэй хөрөнгө оруулагч, манлайлагчдын нэг тэрээр нэгэн төрлийн цусны хорт хавдраар өвчилж, эмчилгээ хийлгэж байгаа гэдгээ саяхан зарлаад байсан билээ.

1975 онд дунд сургуульд анх танилцаж байсан Билл Гэйтстэй хамтран Microsoft-ийг байгуулсан нь бидний мэдэх дэлхий ертөнцийг тэр чигт нь өөрчилж орхив. Аллен компанийн нэрийг анх өгч, бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээр ажилласнаас гадна алсын хараа, стратегийг тодорхойлсон "гол тархи" нь байсан тухай олон эх сурвалжууд өгүүлдэг. 1983 онд өвчний улмаас компаниа орхихдоо тэрээр хувьцаагаа заралгүй хадгалж үлдсэн нь түүнийг тэрбумтан болгожээ. Түүний хөрөнгийн хэмжээг Bloomberg 20,6 тэрбум доллар хэмээн тооцоолжээ. Тэрээр Microsoft-ийн удирдах зөвлөлийн гишүүний ажлаа 2000 онд хүлээлгэн өгсөн бөгөөд түүнээс хойш ерөнхий зөвлөхөөр ажиллаж байв.

Тэрээр 1986 онд үүсгэн байгуулсан Vulcan нэртэй фирмээрээ дамжуулан асар олон төрлийн хөрөнгө оруулалтыг хийж, ялангуяа шинэ салбар-шинэ технологийг нээж, дэмжихэд ихэд анхаарч байлаа. Аллен 2004 онд сансрын технологийн салбарт анхны хөрөнгө оруулалтаа хийснээээ илүү хямд-илүү дэвшилтэт технологийг хөгжүүлэх талаар дурдсан анхны энтрепренерүүдийн нэгт тооцогддог. Сиэттл хотын захын хорооллыг хөгжүүлэх цогц төлөвлөгөө нь түүнд үлэмж амжилт авчирч, үл хөдлөх хөрөнгийн бизнес компанийн гол чиглэлүүдийг болтлоо өргөжсөн юм.

Спортын фений хувиар тэрээр орон нутгийн бараг бүх мэргэжлийн спортын клубүүдэд хөрөнгө оруулалт хийж байв. Пол Аллен NBA-ийн Portland Trail Blazers, NFL-ийн Seattle Seahawks, MLS-ийн Seattle Sounders клубүүдийг эзэмшиж байлаа. Амьдралдаа нэг ч гэрлээгүй, хүүхэдгүй тэрээр ихэнх цагаа спорт, хөгжимд зориулдаг тухайгаа ч дурдаж байв.

Үүнээс гадна тэрээр нийгэм рүү чиглэсэн төслүүдийг дэмжигч гэдгээрээ ихэд алдаршсан нэгэн. Түүний гэр бүлийн сан 1500 гаруй байгууллагад 500 сая орчим долларын дэмжлэгийг үзүүлээд байгаа гэнэ. Тэрээр карьерынхаа турш нийт 2 тэрбум долларыг сайн үйлсэд зориулсан бөгөөд нийт хөрөнгийнхөө дор хаяж талыг нийгэмд зориулах The Giving Pledge-д нэгдсэн анхны эрхэмүүдийн нэг болжээ.

Тэрээр сүүлийн жилүүдэд шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний ажлуудад ихээхэн анхаарч байсан нь түүний хийсэн хөрөнгө оруулалтаас харагддаг. Тэрээр тархи судлал, эс судлал, хорт хавдрын эсрэг эмчилгээ, сансар судлал, хиймэл оюуны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн байгууллагыг үүсгэн байгуулж улмаар тэрбум гаруй долларын хөрөнгө оруулалтыг хийгээд байлаа.

Технологийн салбарын лидерүүд түүнийг эргэн нэг дурсаж, оруулсан хувь нэмрийг нь магтан дуулж байна. Билл Гэйтс түүнийг хамгийн дотны найзаа, Сатья Наделла гол ментороо, Жефф Бэйзос үлгэр дууриалаа хэмээн онцолсон нь ч нэгийг хэлнэ.

QZ: Баяртай Аллен!

Пол Аллен /1953-2018/

Дэлхий дахинд

Хятадын Ченгдү хот 2020 он гэхэд "хиймэл сар" хөөргөж, хотын гэрэлтүүлгийн асуудлыг шийднэ хэмээн мэдэгдлээ. Олон Улсын Сансрын Станцтай бараг нэг түвшинд буюу гадаргаас 500 км-ийн зайд хөөргөх уг сар нь нарны гэрлийг ойлгож тусгах толины үүргийг гүйцэтгэх бөгөөд 10-80 км зайг гэрэлтүүлэх зорилготой гэнэ. Энэ төслийн тусламжтайгаар жилд 170 сая долларын цахилгааны зардлыг хэмнэнэ гэж үзэж байгаа аж.

Саудын Арабын засгийн газар "алга болоод байсан" сэтгүүлч Ж.Хашогжиг амь насаа алдсан гэдгийг 18 хоногийн дараа хүлээн зөвшөөрлөө. Истанбул дахь консулын газарт холбогдох ажилтнуудтай санал зөрөлдөж, улмаар гар зөрүүлсний улмаас таалал төгссөн хэмээн засгийн газраас мэдэгдсэн нь энэ. Орон нутгийн төв телевизээр мэдэгдснээр уг хэргийг нуух гэж оролдсон Тагнуулын Ерөнхий Газрын орлогч дарга тэргүүтэй 18 ажилтныг албан тушаалаас нь чөлөөлж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. Олон эх сурвалжууд уг хэргийг "санаатай" хэмээн үзэж, үнэн мэдээлэл өгөхийг шаардсаар байсан бөгөөд албан ёсны мэдээлэлд эргэлзэж байгаагаа илэрхийлсээр байна.

Vox: Саудын Араб сэтгүүлчээ "алсан" гэдгээ хүлээн зөвшөөрөв

Дэлхийн тэргүүлэх их сургуулиудын нэг Массачусетсийн Технологийн Сургууль буюу MIT компьютерийн шинжлэх ухаанаар дагнасан тусдаа сургууль байгуулах болсноо зарлалаа. Ирэх хичээлийн жилээс элсэлтээ авч эхлэх, 1 тэрбум долларын санхүүжилттэй уг сургууль нь хиймэл оюун, дата шинжлэх ухааны хөтөлбөрүүдээр мэргэшүүлэх бөгөөд "технологийн шинэ хувьсгалд бэлдэхэд хувь нэмрээ оруулах" хэмээн зорилгоо тодорхойлжээ. Дэлхийн топ хөрөнгө оруулалтын фирмүүдийн нэг Blackstone-ий үүсгэн байгуулагч С.Шварцман уг сургуульд зориулан 350 сая долларыг хандивласан нь MIT-ийн түүхэн дэх хамгийн томд тооцогдох хандив болжээ.

Канад улс марихуаны хэрэглээг албан ёсоор хуулиар зөвшөөрсөн 2 дахь орон боллоо. Өнөөдрөөс эхлэн тус улсад зугаа цэнгээний зорилгоор 30 грамм хүртэл, эмчилгээний зорилгоор 150 грам хүртэлх марихуаныг тээвэрлэж, хэрэглэх боломжтой болж байна. Ингэснээр тус улс марихуаны хамгийн том зах зээл болж, асар их бизнес, эдийн засгийн боломжийг авчирч байна хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Үүнээс өмнө Уругвай улс анх удаа хуулиар зөвшөөрч байсан бөгөөд АНУ-д 9 мужид зарим хэрэглээг зөвшөөрөөд байгаа юм.

Unread-ийн санаачлан хэрэгжүүлж буй Inspired төслийн нээлтийн эвент энэ ням гарагт явагдлаа. "Гадаадад сурахыг хүссэн хүн бүрийн зорих цэг" хэмээн тодорхойлсон энэ арга хэмжээнд 1000 гаруй залуус цуглан дэлхийн топ их сургуулиудад суралцсан залуусын туршлагаас суралцаж, шалгалтанд бэлтгэх-тэтгэлэг авахтай холбоотой тулгардаг түгээмэл асуудлуудыг хөндсөн илтгэлүүдийг сонсов. Мөн боловсролын салбарт үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй байгууллагын үзэсгэлэн энэ үеэр гарсан юм.

Энэ төсөл амжилттай хэрэгжвэл Хятад улс нэмж 3 ч хиймэл сар хөөргөх төлөвлөгөөтэй байгаа гэнэ

Технологийн ертөнцийн эргэн тойронд

2000-аад оны үеийн компьютер хэрэглэгчдийн дунд хамгийн алдартай програмуудын нэг байсан Winamp эргэн ирэх болсноо зарлалаа. Нэгэн үе MP3 буюу аудио файл тоглуулах хамгийн эрэлттэйд тооцогдож байсан тус програм хамгийн сүүлд 2007 онд 5.5 хувилбараа гаргаад байсан юм. Тэгвэл тус програмын эрхийг эзэмшигч Radionomy 2019 оны эхний хагаст шинэ 6-р хувилбарыг танилцуулна гэдгээ энэ үеэр баталсан байна. Сонирхуулахад, үүсгэн байгуулагчид нь 1999 онд програмаа AOL-д 80 сая доллараар зарж байсан бөгөөд Radionomy 2014 оноос эзэмших болжээ.

Саяхан Portal нэртэй дэлгэцээ танилцуулж, ухаалаг төхөөрөмжийн зах зээлд хүч түрэн орж ирсэн Facebook Ripley нэртэй төсөл дээр ажиллаж байгаа гэнэ. Энэ нь телевизтэй холбогдон видео дуудлага хийх боломж олгох камерын төхөөрөмж. Ripley-ийн тусламжтайгаар хэрэглэгчид зурагтаа дэлгэц болгон фэйсбүүкээ холбож, шууд дуудлага хийх боломжтой болох аж.

Netflix өнгөрөгч улиралд нийт 6,9 сая хэрэглэгчийг шинээр нэмж, Wall Street-ийн шинжээчдийн таамгаас давсан амжилт үзүүлснээр хувьцааны үнэлгээ нь 15 хувиар өслөө. Өнгөрөгч улиралд сүүлийн жилүүд дэх хамгийн муу амжилтаа үзүүлж хүнд байдалд ороод байсан тэд гайхалтай эргэн ирэлт хийж, 4 тэрбум долларын борлуулалт хийн, нийт хэрэглэгчдийн тоогоо 137 саяд хүргэсэн нь энэ.

Үүлэн технологид суурилсан харилцаа холбооны шийдэл нийлүүлэгч Twillo гол өрсөлдөгчдийн нэг SendGrid-ийг 2 тэрбум доллараар худалдан авч, өөртөө нэгтгэлээ. 2016 оны хамгийн амжилттай IPO-уудын нэгийг хийж байсан Twillo ингэснээр SendGrid-ийн нэрийн хуудас болсон имэйл API үйлчилгээг өөрийн багцдаа нэмж санал болгох боломжтой болж байгаа гэсэн үг юм.


Winamp-ийг санаж байна уу?

Бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Такси дуудлагын үйлчилгээний тэргүүлэгч стартапууд болох Uber, Lyft аль аль нь ирэх онд багтаан IPO хийхээр төлөвлөж байна. Uber 120 тэрбум долларын үнэлгээтэйгээр нээлттэй компани болох төлөвтэй байгаа нь Fiat, Ford, General Motors-ийг нийлүүлснээс ч илүү гэсэн үг. Удаа дараалсан скандалуудаас болж үүсгэн байгуулагчаа халж, шинэ CEO-той болсон Uber нийт 22 тэрбум долларыг хөрөнгө оруулагчдаас татаад байгаа юм.

Тэгвэл тэдний гол өрсөлдөгч Lyft ирэх оны эхний хагас гэхэд 15,1 тэрбум долларын үнэлгээтэйгээр IPO хийхээр зэхэж байгаа гэнэ. АНУ-ын зах зээлд эзлэх байр сууриа 12 сарын дотор 2 дахин өсгөж, 35 хувьд хүргэсэн тэд 2012 онд үүсгэн байгуулагдсан юм.

PayPal-ийн үүсгэн байгуулагчдын нэг Петер Тиелийн Palantir 2019 онд IPO хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Засгийн газар, тагнуулын байгууллагуудад тоон өгөгдөл боловсруулж, шинжлэх ажлуудыг гүйцэтгэдэг гэх тус стартап 41 тэрбум доллараар үнэлэгдэж байна. Сонирхуулахад, зарим эх сурвалжууд тэдний датаны ачаар АНУ-ын засгийн газар Осама Бин Ладены байршлыг тогтоож, устгах ажиллагааг амжилттай явуулсан гэдэг билээ.

Шанхайд шинэ үйлдвэр барих болсноо албан ёсоор зарласан Tesla илүү хямд Model 3-ийг гаргах гэж байгаа гэнэ. Tesla Model 3-ийн хамгийн хямд хувилбар өмнө нь 49,000 доллар байсан бол шинэ загвар нь 45 мянган доллараар зарагдах ажээ.

Uber vs Lyft!

энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Анх цацагдсан 1940 оноос хойш дэлхийн үзэгчдийн хамгийн хайртай баатруудын нэг болсон Tom and Jerry эргэн ирэх гэж байна. Fantastic Four-ийн бүтээгч Тим Стори уг төсөл дээр ажиллаж байгаа бөгөөд Space Jam-тэй ижил хагас анимэйшн хэлбэрээр хийгдэх аж.

1978 оноос эхлэлтэй хамгийн алдартай аймшгийн франчайз Halloween-ий шинэ анги бокс оффисийг тэргүүллээ. Уг цувралын 11 дэх, 9 жилийн дараа гарч буй эхний кино болсон Halloween нийт 77,6 сая долларын орлогыг олж франчайзын рекордыг тогтоов.

Variety: Сүүлийн 20 жилд гарсан хамгийн шилдэг 20 аймшгийн кино

Netflix-ийн хамгийн алдартай цувралуудын нэг Orange Is The New Black ирэх зун хамгийн сүүлийн буюу 7-р бүлгээ цацна гэдгээ зарлалаа. 2013 онд гарснаасаа хойш л үзэгчдийн анхаарлыг татаж, гол наадмуудаас нийт 37 шагналыг хүртээд буй тус цуврал одоогоор 78 ангийг гаргаад байгаа юм.

Game of Thrones-ийн Робб Старкийн дүрээр олонд танигдсан Ричард Мадден шинэ Жэймс Бонд болж магадгүй гэнэ. Зарим эх сурвалжууд уг цувралын домогт продюсер Б.Броколи түүнд шинэ санал тавихаар зэхэж байгааг мэдэгдсэн нь анхаарал татав. Сонирхуулахад, Бондын 25 дахь киноны шинэ найруулагчаар True Detective-ийн К.Фукунага ажиллахаар болжээ.

Halloween-д бэлэн үү?

алдалгүй унших арван мэдээ 

Techcrunch: Фэйсбүүкийн сонгуулийн дайны өрөөгөөр аялах нь
CNN: НҮБ-ийн хар тамхины эсрэг аян бүтэлгүйтсэн үү?
CNBC: Лото хожвол 2 тэрбум доллар хожно
Polygon: Call of Duty-ийн шинэ тоглоомын тойм
BBC: Горбачев цөмийн зэвсгийн асуудлаар Трампад анхааруулга өгөв
Recode: Амазоны шинэ оффис хаана байгуулагдах вэ?
Variety: Luke Cage цуцлагдав
The Verge: Uber Works-д бэлэн үү?
TNW: Apple шинэ эвент зарлав
AP: Австрали улс бэлгийн хүчирхийллийн хохирогчдоос уучлал хүслээ

9471   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.