Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   10 сарын 17, 2018

Бид хэрхэн ажилладаг вэ? - Люмино хамтлаг

Монголын хипхопын амьд түүх Люмино хамтлаг 20 жилийнхээ ойн "Lumino Forever" тоглолтыг 10 сарын 19, 20-нд  Crocus Event Hall-д хийх гэж байгаатай холбогдуулан бид ярилцлагадаа урьсан юм. Монголын хипхопын анхны тоглолтыг хийж байсан, анхны цомгийг гаргаж байсан, Пентатоник наадмаас 4 удаа шагнал хүртэж байсан гээд тэдний хийж бүтээсэн зүйл арвин, гаргасан хит дуунууд олон. Lumino буюу "гэрэл" гэх үгийн бодит биелэл байж, Монголын хипхопд чанартай уран бүтээлүүд хийж, гэрэл гаргасаар байгаа тус хамтлагийн тууштай, амжилттай яваа нууцаас хуваалцъя.

Байршил: Улаанбаатар
Байгуулагдсан: 1999
Бүрэлдэхүүн: MC Beatz буюу Д.Тэмүүжин, Skitzo буюу Д.Анхбаатар, Baji буюу Б.Батхишиг, DJ Zolo буюу Т.Золбаяр
Сошиал хуудас: Official Lumino (Youtube) LUMINO (фэйсбүүк), Lumino Official (инстаграм)

On'n Off продакшны зааланд

ТА БҮХНИЙ АЖЛЫН ХАМГИЙН ОНЦЛОХ АРГА БАРИЛ? ХАМТЛАГИЙН ХУВЬД БАС ГИШҮҮН ТУС БҮРИЙН ХУВЬД?

MC: Бид дуу бүрээ нэг нь продюсерлэж хийдэг. Нэг бол би, эсвэл Анхаа, Бажи хоёр маань хамтран продюсер хийдэг. Үгээ Анхаа бид хоёр бичдэг. Ерөнхийдөө уран бүтээлийн чиг баримжааг би барьдаг бол Бажи маань санхүүгээ барьдаг. Анхаа, Золоо хоёр маань бусад ажлуудаа зохицуулдаг даа.

Ерөнхийдөө хүн бүр хийх ёстой юмаа хийж, өөрийн чиг үүргийг хариуцлагатай гүйцэтгэдэг. Бидний зорилго тодорхой, хийх ажил тодорхой. Тэр тулдаа бид тууштай явж ирсэн болов уу гэж боддог.

2011 оноос хойш хөгжмөө л гол ажлаа болгон хийж явна. Тус тусдаа ажил бизнес хийдэг байсан ч тэр үеэс больсон. Хүмүүст завтай мэт харагддаг байж магадгүй ч үнэндээ бид амрах завгүй ажиллаж байдаг.

УРАН БҮТЭЭЛДЭЭ БАРИМТАЛДАГ ГОЛ ЗАРЧИМ?

Skitzo: Маш чанартай, стандарт болох уран бүтээл хийхийг зорьдог доо. Өөрсдийгөө давтахгүйг, дандаа өөрийг, дандаа шинийг эрмэлздэг. Клипүүддээ ч гэсэн маш их сэтгэл шингээдэг. Эхний жилүүдэд бол бид өдөр болгон шинэ бүтээл дээр ажилладаг байлаа. Одоо бол цөөн чанартай бүтээл хийхийг зорьдог болсон байна.

Бид бүгд хөгжмийг их судалдаг, хөгжмийн боловсролдоо их анхаардаг. Бүгд хөгжим тоглож чадна. Энэ маань уран бүтээлд нөлөөлдөг байх.

Baji: Арга барилын хувьд бид хэлэх гэсэн санаагаа зүй зохистой хэлэхийг боддог. Ёс бус хэллэг багатай. Хөгжимдөө үндэсний соёл агуулгаа шингээж өгөхийг зорьдгийг маань манай сонсогчид мэдэх байх аа.

ЯМАР ПРОГРАМ, АППЛИКЭЙШНҮҮДИЙГ ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ ВЭ?

Золоо: Ажил мэргэжлийн гэвэл Soundcloud, Youtube, Mixcloud, Cubase, Logix Pro X зэрэг аппуудыг дурдаж болох юм. Хийх ажлуудаа бүгд л утсан дээрээ буюу Notes дээр хийчихдэг. Messenger дээрх хамтлагийн групп маань их ажил хөнгөвчилдөг. За сүүлийн үед Анхаагаас бусад нь PUBG их тоглоод байгаа.
Манайхан Sennheiser брэндийн микрофон барьдаг.

ТА БҮХЭН ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД САЙН БЭ?

Baji: За би бусдыгаа загнахдаа, бас урам өгч хурцлахдаа сайн байх шүү (инээв).
MC: Би жижиг чимхлүүр ажлуудад сонирхолтой, бас дажгүй хийчихдэг. Юм хадаж барих, чимэглэх гэх мэтийн. Бас хоол хийнэ. Мэдээж бас загас барихдаа.
Золоо: Ямар ч хүнийг бүжиглүүлж чадна (инээв).
Skitzo: Би хамгийн сайн цаг барьдаг нь.

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫНХАА ОНЦЛОГООС ХУВААЛЦАНА УУ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

MC: За бид хипхоп урлагийг Монгол үүсгэлцэж, хүмүүс ойлгохгүй байсан үеэс эхлэн хүлээн зөвшөөрөгдтөл явж ирсэндээ баяртай, бахдалтай байдаг. Илүү мэргэжлийн түвшинд ажиллаж, хопхопыг яг л бодит утгаар нь хүргэхийг хичээж ирсэн. Хүмүүжлийн хувьд бусад хамтлагуудаасаа ялгардаг гэж боддог шүү.

Хүндрэл бэрхшээлтэй зүйлс гэвэл өөрсдийгөө давтахгүй байх нь амар биш. Монгол хэлний авиа зүй жаахан хатуу байдаг нь рэп хийхэд, үгийн шилжилт хийхэд нөлөөлдөг. Англи хэл бол жишээ нь үг өгүүлбэр хооронд маш хялбар шилждэг л дээ. Тэр онцлогоос үгийн давталт хийхэд хүндрэл учирдаг буюу давтагдах гээд байдаг тал бий.

ТА БҮХЭН ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Baji: Манай хамтлаг 20 жилийнхээ ойн том тоглолтыг 10 сарын 19, 20-нд Crocus-д хийх гэж байна. Тоглолтыг маань Оn'n Off продакшн зохион байгуулж, маш өргөн бүрэлдэхүүн ажиллаж байна. Нэг сарын өмнөөс тоглолтоо зарлаж, бэлтгэлээ хийж байна. Өнгөрсөн хугацаанд тууштай уран бүтээлээ хийж ирсэн болохоор ойгоо бид бахархалтай хийнэ. Зарим хамтлаг дуучид бол олон жил сураггүй байснаа 15 жил, 20 жил гээд гараад ирдэг юм билээ (инээв).

Нийт 39 дуу дуулна. Өнгөрсөн хавар гадаад дахь монголчууддаа 27 дуутай тоглолт 5 өдөр дараалж хийж байсан болохоор ямар ч асуудалгүй гэж бодож байгаа.

MC: Миний тооцоогоор одоо Монголын хипхопын 4 дэх үе явж байгаа. 5, 5 жилээр үе солигдож байна уу гэж хардаг. 2009 оноос бол хипхоп нэлээн унасан, одоо эргээд сэргэж байна гэж боддог. Ингээд 4 дэх үеийнхэнтэй зэрэгцээд л явж байна даа.

Skitzo: Бид 2006 онд "Гэрэлт хорвоод" цомгоо гаргаснаас хойш цомог гаргаагүй байсан. Удаан яригдсан "Хэмнэл нэрэгч" цомгоо 2015 онд гаргачих боломж байсан ч бид олон жилийн дараа хийж байгаагийнх олон дуутай томхон цомог хийе гээд хүлээгээд байсан. Одоо ойгоо тохиолдуулж гаргана. Хуучин шинэ дуунууд нийлсэн маш чанартай цомог болох байх.

Мөн Люмино хамтлагийн хит болсон, хамгийн их хүнд хүрсэн 30 дууг "Best of Lumino 1, 2" нэрээр хоёр цомог болгон гаргахаар ажиллаж байна. Хуучин дуунуудын маань хүмүүсийн сонсоогүй хувилбарууд ч орох болно. Энэ хоёр бол бидний фэнүүддээ барьж буй бэлэг юм даа.

Энэ хавар Японы 5 хотод, Солонгост 2 удаа тоглолтоо хийсэн бол одоо Америк, Австралиар явж монголчууддаа тоглолт хийх төлөвлөгөөтэй байна.

ТА БҮХЭН ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМ ИЛҮҮ ИХ СОНСДОГ ВЭ?

МC: Бид бүгдээрээ бүх л төрөл жанрын хөгжмийг сонсдог доо. Төрөл жанр бүрд маш гайхалтай зүйлсийг бүтээж буй, манлайлж буй цөөхөн уран бүтээлч бий. Бусад нь араас нь явдаг. Тэр бүхнийг сонсож ойлгохыг хичээдэг. Миний хувьд дээр үед зарим хамтлаг дуучдыг их шүтдэг байжээ. Одоо бол яг тухайлж шүтдэг хүн байхгүй шүү.

Skitzo: Миний хувьд метал рок ч сонсдог. "Cuthberth” гэсэн нэрээр Модерн Номадстай хамтарсан чиллаут стилийн хөгжмийн соло цомог гаргаж байсан. Дуртай артист гэвэл олон байна. Тухайлбал, The Prodigy-г нэрлэж болж байна. За тэгээд хуучны дуунуудад ер нь их дуртай. Өсвөр насандаа сонсоөж өссөн хөгжимдөө хүн хайртай болчихдог юм шиг байгаа юм.

ТА БҮХЭН ЯМАР НОМ УНШИЖ БАЙНА ВЭ?

Skitzo: Саяхан The Power of Habit гэдэг ном уншсан юм байна шүү. Бэн Окригийн "The Famished Road" номыг англи ид үзэж байхдаа үг бүрийг нь орчуулж уншсан болоод ч тэр үү, их дуртай, сэтгэлд хоногшсон байдаг юм.

MC: Би "Рэпийн нууц" гэдэг номын хэдэн жилийн өмнө бичиж байсан. Рэпийн дэлхийн түүх, Монголын түүхийг өгүүлсэн. Унших тал дээр бол нэлээн удаан. Шавжны тухай "Этимологи" гэдэг номыг бараг 2 жил уншиж дуусгав уу. Тэрний өмнө "The History of Fly Fishing" гэдэг ном уншсан юм байна.

ТА БҮХЭН ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

MC: Шөнө 1-2 цагийн үед унтаад 7-д сэрчихдэг шүү.
Золоо: Ажлын онцлогоос хамаараад шөнө 4-9 цагийн хооронд унтдаг.
Анхаа: Би 1-2 үед унтаад 9 гээд босдог доо.

ТА БҮХНИЙГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Золоо: Гэр бүлтэйгээ агаар салхинд гарна даа.

MC: Би загасчлалын спортын мастер. Энэ чиглэлийн уралдаан тэмцээн зохион байгуулж, өөрөө идэвхтэй оролцдог. Зүй зохистой загасчлалыг хөгжүүлэхээр зүтгэж явна даа.

Skitzo: Бажигаас бусад нь бүгд ер агаар салхинд гарах, хөдөө явах дуртай. Бажи маань өөрийгөө жинхэнэ хотын залуу гээд байдаг юм. Цаадах чинь сагс тоглох, үзэх дуртай болохоор NBA Talk-ийн хөтлөгч болоод байгааг залуучууд мэдэж байгаа байх. Хөдөө явцгаах дуртай болохоор бид ноднин "Хөдөө гаръя" гэдэг дуу хийсэн.
Миний хувьд хөлбөмбөг их сонирхдог. 2005 оноос хойш Челси багийг дэмжиж байна даа.

ТА БҮХЭН ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?


MC: Рэп хийж эхлээд удаагүй байхад аав ээжүүд маань "Насных л сонирхол байх" гэцгээдэг байсан. Гэтэл бид 20 жил уран бүтээл хийчихсэн байна. Цаашдаа сайн уран бүтээлүүд хийх хүсэл оргилж байна. Бидний сонсож өссөн Dr Dre, Snoop Dogg нар маань уран бүтээлээ тасралтгүй хийсээр, нэр алдар нь улам түгсээр, 50 хүрцгээсэн ч "цэмбэгэр" хэвээрээ байна. Эдгээр уран бүтээлчдээс яах аргагүй их урам зориг авдаг юм.

Золоо: Мэдээж бас бүгд гоё хөгжмөөс авна даа. Бид чинь хөгжимдөө, хийж буй ажилдаа дурласан хүмүүс.

Skitzo: Мэдээж бас сонсогчид, фэнүүдээсээ их урам авна шүү дээ. Тэд маань байхгүй бол Люмино гэж байхгүй. 2016 онд бид хориод улсаар аялан тоглолт хийсэн юм. Тэгтэл тэр улсуудад өссөн монгол хэл мэдэхгүй шахам өсвөр насны хүүхдүүд дуунуудыг маань Youtube-ээр үзээд, үгүүдийг нь цээжлээд тоглолтод ирцгээсэн байсан. Энэ мэт зүйлс бидэнд илүү ихийг бүтээх урам зориг өгч байдаг.

ТА БҮХЭНД ӨГЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

МC: Бидний хувьд бүгд айлын томууд. Дээрээ зааж зөвлөх ах эгчгүй, бас шилжилтийн хэцүү нийгэмд хүүхэд, өсвөр насаа өнгөрөөсөн. Ерөнхийдөө өөрсдөө бор зүрхээрээ л явцгаасан даа. Урлагийн шинэ төрөлд анхдагчид байна гэдэг өөрсдөө л бүхнийг хийж, шинээр бүтээнэ гэсэн үг. Нэг талаар их бие даасан үеийнхэн, нөгөө талаар хаягдсан үеийнхэн (инээв). Мэдээж аав ээжүүд маань үг хэлнэ. Гэхдээ өнөөдрийн аав ээжүүд шиг жигтэйхэн тулж суугаад яав ийв гээд байнга анхаарах нь ховор байсан цаг үе.

Skitzo: Манай аав ээж шударга байхад л болно доо гэж их захидаг байсан юм байна.

МАНАЙ УНШИГЧ ЗАЛУУЧУУДАД ЯМАР ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ВЭ?

Бүгд: Зорилготой бай, түүнийхээ төлөө тэмцдэг бай гэж хэлье дээ. Нийгэм хөгжөөд ирэхээр бэлэнчлэх сэтгэлгээ газар аваад байгаа мэт санагддаг юм.
Өөрсдийн туршлага дээр үндэслэн хэлэхэд хийсэн ажилдаа сэтгэл гаргаж, тууштай байвал амжилтад хүрдэг юм байна. Ер нь хөгжим ч бай, бизнес ч, сурлага ч бай, бүгд адилхан шүү дээ.
Ямар нэг зүйлдээ сайн болох гэж хичээ. Хүн бүр ийм хандлагатай бол улс орон маань амархан хөгжинө.

ЭНЭ БУЛАНГИЙН ДАРАА ДАРААГИЙН ЗОЧНООР ХЭНИЙГ ОРУУЛЖ, АЖЛЫНХ НЬ АРГА БАРИЛЫН ТАЛААР МЭДМЭЭР БАЙНА ВЭ?

Ярилцлага өгөөд байдаггүй нэг том бизнесментэй ярилцаарай гэж санал болгоё.

50570   3


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.