Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Апп Тойм   10 сарын 16, 2018

Апп тойм: Airtable - Хүснэгтэл, тэгээд санаа амар

Өнөөдрийн дугаарт, сүүлийн үед ажил бизнесийн аппууд дотроос хүчтэй гарч ирж буй Airtable-ийг тоймлон хүргэж байна. 2012 онд гараагаа эхэлсэн тус апп 2018 оны 3-р сард хоёр дахь шатны хөрөнгө оруулалтаа татсан бөгөөд Тесла, WeWork зэрэг томоохон үйлчлүүлэгч олонтой болжээ. Ингээд хүснэгтэд суурилсан, Excel ба Trello-ийн холимог гэж болохоор Airtable-тэй танилцъя.

ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Энэхүү апп-ийг хувийн ба ажлын хэрэгцээний аль алинд ашиглаж болно.
Төслийн менежмент, хэрэглэгчтэй харилцах менежмент (CRM), жагсаалт гаргах хөтлөх гээд ашиглаж болохооргүй зүйл гэж үгүй шахам. Шууд жишээ хараад хөтлөөд явах маш олон темплэйттэй нь уг апп-ийн хэрэгцээ маш өргөн болгожээ. Жишээ нь WeWork хэрэглэгчийн санал хүсэлтийг ангилж шүүлтүүрдэхэхэд, Фортун сэтгүүл видео, зураг авалтынхаа хуваарийг гаргахад ашигладаг гэнэ шүү.

ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУДТАЙ ВЭ? 

Товчхондоо, Airtable нь хүснэгтийг супер болгожээ. Хүснэгтэд олон төрлийн өгөгдөл/ангилал оруулж, тэрхүү мэдээллээ янз бүрийн байдлаар харуулж болдог аж.

Жишээ нь, хүснэгтийн нүдэнд сонголтууд, зураг буюу файл, чагтлах нүд, одтой үнэлгээ, баркод гэх мэт олон боломжийг хийж болдог. Хариуцсан хүмүүсийг оноож, түлхүүр үгүүдээр тэмдэглэж болно. Эдгээр үйлдлүүдээ хялбар байдлаар бас чирээд хийж болдгоороо онцлогтой.

Хүснэгтээ календарь болгон, эсвэл Трелло шиг дизайнтайгаар харж болдог нь үнэхээр догь. Зарим ажлыг хүснэгт байдлаар харахад, заримыг нь календариар харахад илүү ойлгомжтой байдаг шүү дээ. Тэгэхээр энэ нь нэг талаар хэрэглэхэд маш хялбар гэсэн үг юм.

Үүн дээр нэмэгдээд, төрөл төрлийн байгууллагуудад зориулсан зуу зуун бэлэн хүснэгтүүд буюу темплэйтүүдийг таныг хүлээж буй. Хүмүүсийг ажилд авах жагсаалтаас эхлээд хөрөнгө босголт, эвент менежмент, контент төлөвлөлт, хуримын эд зүйлс гээд байхгүй юм үгүй юм билээ.

Түүнчлэн Airtable Form буюу онлайн маягтыг бүтээж, хариултуудыг нь шууд хүснэгт рүүгээ авах боломжтой. Ингэхээр энэ апп бол үндсэндээ Excel, Trell, Calendar, Google Form зэргийн холимог болчихож байгаа юм.

Энэ төрлийн аппуудтай адилаар багаар харилцах, хамтрах, бусад аппуудтай нэгдэн ажиллах боломжуудыг нээж өгсөн нь байгууллагын харилцаанд ялангуяа нэн чухал. Харагдац, дизайн нь бас үнэхээр гоёмсог юм гэж дүгнэсэн. Та бүхэн санал нийлэх байх аа.

ЯМАР СУЛ ТАЛТАЙ ВЭ?

Хэт их боломжтой, функцтэй л гэхгүй бол сул тал гэх юм цөөн мэт. Олон үйлдэлтэй учраас эхэн үедээ бол цаг гаргаж оролдох хэрэгтэй.

Мөнгө төлөх л бол сул талтай гээд байх нь хаашаа юм. Гэхдээ үнийн мэдээллийг энд л оруулчихъя даа :)) Хувь хүмүүс, жижгэвтэр байгууллага үнэгүй хувилбаруудыг нь ашиглахад асуудалгүй санагдсан. Base буюу нэг ёсондоо үүсгэж болох (экселээр бол) файлын тоо, хавсаргаж болох файлуудын хэмжээ, өөрчлөлт хийсэн түүхээ үзэх хугацаа зэргээсээ хамааран үнэтэй хувилбарууд орж ирнэ. Илүү боломжуудаараа сард нэг хэрэглэгчийн 10 доллар, 20 доллар гэж өсөөд, мөн байгууллагын гэсэн өөр хувилбар бий.

UNREAD-ИЙН ҮНЭЛГЭЭ

Хэрэглэвэл ямар вэ хэмээн багаараа судалж байгаа энэ апп-д бид 9 оноо өглөө. Үнэхээр дажгүй санагдаж байгаа шүү.

Татаж авах

17049   1


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.