Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   10 сарын 15, 2018

Онцлох бизнес: Lustre - Ажил хэрэгч бүсгүй танд зориулав

Энэ удаа бид ажил хэрэгч эмэгтэйчүүдэд зориулсан Lustre хувцасны брэндийг онцолж байна. Бүх бүтээлийнхээ санааг өөрсдөө гаргаж, өөрийн гараар үйлдвэрлэдэг Lustre-ийн хувцаснуудыг өмсөхөд бүтээлч, ажилч хэрэгч байдал шууд анзаарагдана. Ажил ихтэй, зав багатай эмэгтэйчүүдэд дэлгүүр байнга хэсэх цаг зав төдийлөн гардаггүй тул өөрт тохирсон бүхий л төрлийн хувцаснуудыг нэг дороос худалдан авах боломжийг үндэсний үйлдвэрлэгч Lustre та бүхэнд олгож байна. Ингээд тус брэндийн хамтран байгуулагч Н.Мөнгөнцэцэгтэй хийсэн ярилцлагаа хүргэе.

Бизнесийн нэр: Lustre
Үйл ажиллагааны чиглэл:
Хувцас үйлдвэрлэл, худалдаа
Үүсгэн байгуулагдсан он:
2018 оны 5-р сар
Салбарын байршил: Metro Mall их дэлгүүрийн 2-р давхар
Сошиал хуудас: Lustre

бизнес санаагаа анх хаанаас яаж олсон бэ?

Манай хувцаснуудын ихэнх нь 25-аас дээш насны ажил хэрэгч эмэгтэйчүүдэд зориулагдсан. Өөрсдийн туршлага, өөрсдөд тулгардаг асуудлаас үүдэн бизнесийн санаагаа анх гаргасан. Эмэгтэйчүүдийн өөртөө итгэлтэй, аз жаргалтай байгааг гол илтгэх зүйл нь хувцас байдаг шүү дээ. Тийм ч учраас хувцсанд маш их анхаардаг, дэлгүүр хэсэх сонирхолтой байдаг. Гэвч тогтсон ажилтай, гэр бүлтэй болоод ирэхээр дэлгүүр хэсэх цаг маш хомс болдог. Эмэгтэйчүүдийн хувцас борлуулдаг олон дэлгүүр байдаг ч яг ажил хэрэгч эмэгтэйчүүдэд зориулсан, нэг дороос худалдан авах дэлгүүр ховор. Энэ асуудал дээр шийдэл гаргаж ирэх гэж бизнесээ эхлүүлж байлаа.

Lustre гэдэг нэр маань дагиныг бүрхэж туяардаг гэрэл гэсэн утгатай. Дагинас гэрэлтдэг шиг эмэгтэй хүнд хувцас нь гоё сайхан байвал дагаад сэтгэл санаа өөдрөг болж, цаанаасаа л гэрэлтээд эхэлдэг тул ийм нэр өгсөн дөө.

АНХНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

2017 оны өвлийн нэгэн үдэш хамтран үүсгэн байгуулагч болон ерөнхий дизайнер Э.Ган-Эрдэнэ бусад хамтрагчдын хамтаар бүтээлийнхээ санааг ярьж эхэлснээр Lustre брэнд маань бий болсон. Эхлэлийн зардлаа өөрсдийн хөрөнгөөр шийдэж байлаа.

танай бүтээгдэхүүний онцлог, давуу талууд?

Бид монгол хүний гараар бүтсэн чанар сайтай, улирал тус бүрд тохирсон эмэгтэй хувцаснуудыг урлаж байна. Өмнө дурдсанчлан манай хувцаснууд 25-аас дээш насны ажил хэрэгч эмэгтэйчүүдэд зориулсан. Тиймдээ ч чамин, ажил хэрэгч байдлыг хослуулсан эмэгтэйчүүдийг хүчирхэг харагдуулах бүтээгдэхүүнүүд олон бий.

Улирлаа дагаад хувцаснууд маань үргэлж шинэчлэгдэж, загварууд маань тухайн цаг үеийнхээ трендийг дагаад өөрчлөгдөнө. Тиймээс хувцаснуудаа тодорхой цөөн тоогоор гаргаж, бүтээгдэхүүнээ үргэлж шинэчилж байдаг.

Гадаадын брэндүүдээс ялгагдах гол онцлог нь Монгол хүний биеийн онцлогт тохирсон байдал. Монгол хүний биеийн онцлогоос хамаараад гадаадын брэнд хувцаснууд уртдах, өргөдөх, тохирохгүй харагдах зэрэг асуудал үүсдэг. Харин манай бүтээгдэхүүн монгол дизайнерын ур ухаанаар бүтээж буй тул эмэгтэйчүүдийн маань биеийн хэлбэрт төгс зохицдог гэж хэлж болно.

Бүсгүйчүүдийн цаг завыг хэмнэх зорилготой үүсгэн байгуулсан учраас байршлаа ч гэсэн сайн бодож байж сонгосон. Хотын төвд, MetroMall их дэлгүүрт байрладаг учраас үйлчлүүлэгчид маань ирэх гэж цаг заваа гарздахгүй давуу талтай.

бизнесийн үнэт зүйлс, баримталдаг зарчим тань юу вэ?

Брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа тул үйл ажиллагааны маань гол цөм нь манай ажилтнууд. Удирдлага ажилтнуудаа хайрлах ёстой, ажилтнууд нь бүтээгдэхүүндээ өөрсдийн хайрыг шингээх ёстой гэж бид ажилд ханддаг. Өөрсдийгөө бид багаараа баялаг бүтээж байгаа хүмүүс хэмээн ухамсарлаж хариуцлагатай ажилласан цагт амжилтад хүрэх болно.

танай ойрын болон хэтийн зорилго юу вэ?

Ойрын ирээдүйд эмэгтэй хувцасны загвар дээр л төвлөрөн ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Мэдээж шинэ бүтээл, эрэгтэйчүүдийн хувцас бүтээх боломжууд байгаа ч одоохондоо өөрсдийн хийж байгаа зүйлдээ хамгийн сайн нь байхыг хичээнэ. Ирэх жилээс дараагийн салбаруудаа нээх төлөвлөгөөтэй байна.

одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

Одоо шинэ жилийн цэнгүүнд зориулсан загварууд дээр төвлөрөн ажиллаж байна. Манайх хувцаснуудаа улирлаар нь, мөн тухайн үеийн трендийг нь бодолцон бүтээдэг. Наадмаар гоёх үндэсний загвартай хувцаснууд гаргаж, намар/өвөл ганган дулаан загварууд, шинэ оноор гайхшируулах гоёлын загварууд гаргана.

энэхүү бизнесийг эрхлэхийн эерэг болон хэцүү бэрхшээлтэй талууд юу вэ?

Шинээр бизнес эрхлэгчдэд хууль эрхзүйн таатай орчин хэрэгтэй юм шиг санагддаг. Мөн ажиллах хүчин их дутагдмал байна. Хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг 1990-ээд оны үед байсан туршлагатай оёдолчид маань л манлайлан авч явж байгаа гэхэд хилсдэхгүй.

Хэрэглэгч талаас бол ямар нэг саад бэрхшээл байдаггүй. Монголд үйлдвэрлэсэн гэх тусам үйлчлүүлэгчид маань таатай, эергээр хүлээн авдаг. Үйлчлүүлэгчид маань орж ирээд энэ аль улсад үйлдвэрлэсэн хувцас вэ гэж их асуудаг. Хариуд нь Монголд үйлдвэрлэсэн, манай өөрсдийн бүтээсэн хувцаснууд гэж хэлэх үнэхээр сайхан байдаг шүү.

танай хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн юу вэ?

Ажил хэрэгч эмэгтэйчүүд их үйлчлүүлдэг болохоор хослол, пиджакууд маань хүмүүсийн сонирхлыг их татдаг. Эрэгтэй суурьтай эмэгтэйчүүдэд зориулсан хослолууд маань манай онцлох бүтээгдэхүүний нэг. Үнийн хувьд 129 мянгаас 239 мянгын хооронд борлуулагддаг. Хувцаснуудын маань материал нь жирийн давуунаас эхлээд полестрин гээд янз бүр. Сүүлийн үед тренд болж байгаа материалаар хийсэн хувцаснууд мөн борлуулагдаж байна.

20360   1


НИЙТЭЛСЭН:

Ganbaatar Erdenee

Нийтлэлд оролцсон:

Г. Ананд




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.