Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын хэсгээс   10 сарын 13, 2018

Питер Дракерын "The Effective Executive" номын тухай

"Менежментийн эцэг" Питер Дракерын "The Effective Executive" ном орчин цагийн мэргэжилтэн хүний уншвал зохих номуудын жагсаалтад дээгүүр байр эзэлдэг. Мэдлэг шаардах ажил эрхэлдэг хэнбугай ч үр бүтээлтэй ажиллах ёстой ба үр бүтээлтэй ажиллахын тулд хэрхэх ёстойг энэхүү номд өгүүлжээ. Ингээд номын тойм, зарим санааг хүргэе.

Энэхүү номын гарчигт буй Executive (Гүйцэтгэх ажилтан) хэмээх үг нь орчин цагийн байгууллага/компанид ажилладаг менежерүүд, мэргэжилтнүүдийг буюу мэдлэгийн ажилтан (knowledge worker) бүрийг төлөөлж буй. Өөрөөр хэлбэл, оффисийн ажил эрхэлдэг, ажилдаа оюун ухаанаа ашигладаг хүн бүрийг хэлж байгаа хэрэг. Тэгэхээр энэ бол мэдлэгийн ажилтан хүн хэрхэн өөрийгөө удирдаж, үр бүтээлтэй ажиллах тухай өгүүлсэн ном юм.

Энэхүү ном нь хоёр үндсэн санаан дээр суурилжээ:
-Гүйцэтгэх ажилтны үүрэг бол үр бүтээлтэй байх явдал.
-Үр бүтээлтэй байдлыг сурч болно.

Үр бүтээлтэй байх нь нарийн авьяас, ховор зан хандлага шаарддаггүй. Мэдлэг, төсөөлөл, хандлага зэрэг нь гүйцэтгэх ажилтны чухал нөөцүүд мөн боловч үр бүтээлтэй байдал л гагцхүү тэдгээрийг үр дүн болгон хувиргадаг ажээ. Үр дүнтэй байдал үгүй бол эдгээр нь дэмий үрэгдэнэ гэсэн үг. Үр бүтээлтэй байдалд суралцсаар, давтсаар дадал болгож болно гэдэг нь энэ номын нэг тулгуур санаа юм.

Зөвлөх үйлчилгээний салбар дахь 65 жилийн карьертаа Питер Дракер бизнес ба ашгийн бус байгууллагын хамгийн шилдэг гүйцэтгэх ажилтнуудтай ажиллажээ. Түүний хэлж байгаагаар тэдгээр шилдэг мэргэжилтнүүд ихэнх хүмүүсийн төсөөлдөг төрлийн лидерүүд байгаагүй гэнэ. Зан араншин, хандлага, үнэт зүйл, давуу ба сул талын хувьд огт өөр өөр хүмүүс байжээ. Харин тэдэнд дараах түгээмэл шинжүүд байсан гэнэ:

-Тэд "Би юу хийхийг хүсэж байгаа вэ?" гэж биш "Юуг хийх хэрэгтэй вэ?" гэж асуудаг.
-Тэд "Байгууллагад аль нь зөв зүйтэй вэ?" гэж асуудаг.
-Тэд ажлын төлөвлөгөө хөгжүүлж гаргадаг.
-Тэд гаргасан шийдвэртээ хариуцлага хүлээдэг.
-Тэд хүмүүстэй харилцах харилцаандаа хариуцлага хүлээдэг.
-Тэд асуудлаас илүү боломжид төвлөрдөг.
-Тэд үр бүтээлтэй уулзалт хийдэг
-Тэд "Би" гэхээс илүү "Бид" гэж сэтгэдэг, хэлдэг.

Эдгээрийг зохиогч системчлэн үр бүтээлтэй байдлын таван зарчмыг гарган, номдоо бүлэг болгон бичжээ. Энэ таван бүлгийн нэг нь цагаа хэрхэн удирдах тухай өгүүлдэг. Энэ бүлгээс зарим чухал санаануудыг тоймлон хүргэе:

Цагаа удирдах нь

Үр бүтээлтэй гүйцэтгэх ажилтнууд үүрэг даалгавраас ажлаа эхэлдэггүй, төлөвлөгөөнөөс эхэлдэггүй. Тэд цагаа удирдахаас, тодруулбал өөрийнх нь цаг юунд зарцуулагдаж буй олж мэдэхээс ажлаа эхэлдэг. Үүний тулд тэд 1) цагаа бүртгэдэг, 2) цагаа удирддаг, 3) цагаа хурааж хуримтлуулдаг. Өөрөөр хэлбэл бага өгөөжтэй, үр бүтээл багагүй зүйлсийг орхин, гол ажлаа үр бүтээлтэй хийхийг тулд нэг дор аль болох их цагийг гаргадаг.

Тэд уулзалт, хурлыг үр бүтээлтэй хийхийг чухалчилдаг. Тэд хурал, уулзалтыг ямар төрлийнх байх вэ, ямар үр дүн гаргах вэ гэдгийг урьдчилан тодорхойлдог бөгөөд хурал, уулзалтын үеэр сахилга баттай байж, гаргасан форматаа алдалгүй дагадаг байна. Мөн хурал, уулзалтын дараа яригдсан, шийдсэн зүйлсийг сануулах (followup) нь хурал, уулзалтаас ялгаагүй чухал гэдгийг мэддэг.

Номд дурдсан үр бүтээлтэй хурал, уулзалтыг явуулах нэгэн арга буюу урилгын форматыг энд хуваалцъя:

"........ таныг .....-ний өдөр ....-р өрөөнд .......-ийн тухай ярилцах уулзалтанд ирэхийг урьж байна. Хэрвээ танд мэдээлэл хэрэгтэй бол, эсвэл хэлэлцүүлэгт оролцохыг хүсэж байвал уулзалтад ирээрэй. Гэхдээ аль ч тохиолдолд та хэлэлцүүлэг болон гарсан шийдвэрүүдийн хураангуйг авах болно. Мөн өөрийн санал сэтгэгдлийг илэрхийлэх боломжтой."

12375   0


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.