Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   10 сарын 12, 2018

Цөллөгдсөн бурхан буюу Далай Ламын амьдрал гэрэл зургийн дуранд

"Эгэлгүй, энэрэнгүй, энгийн. Энэ бол түүний надад үлдээсэн хэзээ ч үл арилах мэдрэмжүүд. Тэр бусдаас илүүгүй, ижил тэнцүү мэт сэтгэгдлийг төрүүлдэг гэж хэлэх нь тохиромжгүй байж магадгүй. Гэхдээ энэ бол "Дээрхийн Гэгээнтэн"-ий бусдыг хайрлаж хүндэтгэсэн харилцаанаас үүссэн бодол гэдгийг би сүүлд л ухаарсан билээ." 

Энэ бол Энэтхэгийн хамгийн алдартай гэрэл зурагчин Рагу Райн хамгийн сүүлд хэвлүүлсэн "Цөллөгдсөн бурхан" нэртэй шинэ номынхоо өмнөтгөлд дурдсан үгс. Далай Ламын хамгийн дотны нөхдийн нэг, түүнтэй цуг 40 гаруй жилийг өнгөрүүлж, амьдралынх нь бүхий л үед дэргэд нь байсан түүний цуглуулганаас хамгийн онцлох бүтээлүүдийн дээжээс бид хүргэж байна.

"Махабхарат"-ыг санаж байна уу? Энэ бол түүний хамгийн дуртай цувралуудын нэг

Ажилд ороод жил ч хүрээгүй байсан шинэхэн зурагчныг мужийн хэвлэлийн газраас Ладах руу илгээж, XIV Далай Ламын гурван өдрийн айлтгалыг сурвалжлах даалгавар өгчээ. Тэдний дөрвөн арван дамжин үргэлжилсэн нөхөрлөл ийн эхэлсэн юм.

Далай Ламыг хувь хүн гэдгээр нь Райгаас илүү сайн нээж, онцгой мөчүүдийг нь хальсанд буулгасан хүн байхгүй. Маргаан дагуулсан айлчлалууд, итгэл төрүүлсэн айлтгалуудаас эхлээд өөрийн ихэд нандигнадаг цэцэрлэгээ арчилж, телевизээр цуврал кино үзэж байгаа хүртэл үед нь тэр Далай Ламтай хамт байсан. Дээрхийн Гэгээнтний хувийн амьдралын өдөр тутмын мөчүүдтэй танилцахыг тэр урьж байна.

Өдөр бүр тэр бясалгал үйлдэж, шашины номоо давтдаг

"Эхэндээ түүний нүд рүү эгцэлж ч харж чадалгүй эмээдэг байлаа. Арай гэж зориглон харц тулгарч, таны зургийг авч болох уу гэж асууж байснаа санаж байна. Гэтэл тэр өөдөөс минь инээмсэглээд, мэдээж тэг л дээ хэмээн хариулж билээ" гэж Рай дурсаж байна.

Далай Лам 2015 онд тэмдэглэсэн 80 насны төрсөн өдөртөө Райг тусгайлан урьж, гэрэл зураг авахыг зөвшөөрсөн нь нэгийг өгүүлнэ. Рай зургуудаараа ном гаргах гэж байгаагаа түүнд дуулгахад тэр огтхон ч түүртэлгүй зөвшөөрөл өгчээ.

"Тэр амьтанд их хайртай. Нэг удаа түүнийг хүлээгээд сууж байтал муур тэвэрчихсэн гараад ирж билээ" хэмээн тэр бичжээ. Амьтдаас гадна Далай Ламын хамгийн хийх дуртай зүйлсийн талаар ч бид энэ номноос мэдэж авах боломжтой.

Түүнийг шашины тэргүүн, нийгмийн зүтгэлтэн, ард түмний шүтээн гэдгээс нь илүү хүн гэдгээр нь харахыг Рай урьж байна. Гэрээ цэвэрлэж буй, номондоо шимтэж буй, байгалийн сайханд дурлаж буй гээд Далай Ламын өөр дүрүүдийг та эндээс уншаарай.

Далай ламыг үздэг зурагтаа өөрөө засаад сууж байна гэж төсөөлж байсан уу?

Сая сая сүсэгтэн олонд итгэл найдвар, урам зориг түгээж буй түүний үйл бахдалтай

Рагу Райн гэрэл зургуудаас бүрдсэн "Цөллөгдсөн бурхан" номын талаар дэлгэрэнгүй мэдээллийг та энд дарж аваарай.

Бүх гэрэл зургийг: Рагу Рай /Magnum Photos/

18597   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan

Гэрэл зургийг:

Рагу Рай




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.