Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   02 сарын 22, 2019

Оскарын гарын авлага: Шилдэг кинонуудыг шинжихүй + Ялагчдыг таамаглахуй

Кино ертөнцийн хамгийн нэр хүндтэй шагнал гардуулах ёслол болох "Академи Авардс" буюу Оскарын наадам болоход хэдхэн хоног үлджээ. Тэгвэл бид киноны хорхойтнууддаа зориулан 2019 оны Оскарын наадамд зориулсан "Оскарын гарын авлага" багц нийтлэлээ та бүхэнд хүргэж байна. Ямар кинонууд анхаарлын төвд байгаа, аль кино нь тэргүүлэх магадлалтай, ямар сонирхолтой үйл явдлууд биднийг хүлээж байгаа талаар олон талын мэдээллийг та бүхэн энэхүү нийтлэлээс уншаарай. 91 дэх удаагийн Оскарын наадамд бид бэлэн. Харин та?

91 дэх удаагийн Оскарын наадамд "The Favourite", "Roma" кинонууд тус бүр 10 төрөлд нэр дэвшсэнээр тэргүүлж байна. Оскар энэ жил шинэ номинац буюу "Шилдэг алдартай кино (Outstanding Achievement in Popular Film)" хэмээх шагналыг нэмнэ гэдгээ өнгөрсөн онд зарласан ч тус шийдвэр нэг жилээр хойшилсон юм.

Энэ жил Netflix-ийн хувьд тун амжилттай жил болж байгаа бөгөөд "Roma" киногоор оны шилдэг кино төрөлд нэр дэвшиж буй нь тэдний хувьд анхных болж байгаа. Мөн "The Ballad of Buster Scruggs" хэмээх Netflix-ийн өөр нэгэн оригинал цуврал 3 төрөлд нэр дэвшиж буй.

Дэлгэрэнгүй: Unread - Оскарын түүхэнд хамгийн өндөр амжилт үзүүлсэн 9 кино
Vox - Оскар 2019-д нэр дэвшигчид

А.Куарон шиг өөрийн бодит амьдралын түүхийг кино болгож ийм өндөр амжилтанд хүрч байсан тохиолдол тун цөөн.

Оскарын энэ жилийн нэгэн сонирхолтой зүйл нь арга хэмжээ тэр чигтээ хөтлөгчгүй явагдах болсон явдал билээ. 2 жил дараалан Жимми Киммел хөтөлсний дараа тэд шинэ хөтлөгчийн эрэлд гарч удаан хайсны эцэст өнгөрсөн оны төгсгөлд Кевин Хартыг сонгосноо албан ёсоор зарласан юм. Гэвч Кевин Харт төд удалгүй боломжгүй гэдгээ илэрхийлж Оскар хөтлөгчгүй үлдэн 30 жилийн дараа ийнхүү хөтлөгчгүй явагдахаар болоод байгаа ажээ.

Дэлгэрэнгүй: Unread - 2019 оны Оскарын наадмын мэдвэл зохих 5 баримт

Оскарын мэдүүштэй зүйлсийн тухайд иймэрхүү байгаа бол одоо хамтдаа энэ оны шилдэг кинонд нэр дэвшигчдийн талаар дэлгэрүүлэн сонирхоцгооё.

bohemian rhapsody

Энэ жилийн анхаарлын төвд байж оны хамгийн их үзэлттэй кинонуудын нэг байж чадсан бүтээл бол домогт Queen хамтлагийн, тэр дундаа гоцлол дуучин Фрэдди Меркюригийн тухай өгүүлэх Bohemian Rhapsody байлаа.

Олон нийтийн дунд нэр хүнд, амжилт тун сайтай байгаа ч шүүмжлэгчдийн дунд тааруухан үнэлгээтэй байгаа нь "Rotten Tomatoes"-ийн 61 хувийн үнэлгээ, "Алтан бөмбөрцөг" наадмын шилдэг киногоор шалгарсан сүүлийн 33 жил дэх хамгийн муу үнэлгээтэй кино болсон зэргээс тодорхой харагдана. Кино найруулга, зохиол яг л Queen хамтлагийн түүхийг хурдхан гүйлгэсэн мэт, гүн рүү нь ороогүй, Queen-ий жинхэнэ мөн чанарыг харуулаагүй зэрэг шүүмжлэлтэй тулгараад буй. Намтарчилсан, тэр дундаа Фрэдди Меркюригийн түүхийг харуулах кинонд гол дүрийн дотоод мэдрэмжийг ч гаргалгүй, рокийн домгуудын томоогүй хэрнээ "дүрэлзсэн" хүсэл, сэтгэлгээний эрх чөлөө, хэдэн зуун жил яригдах урлагийн бүтээл туурвиж буйг бүтэн илэрхийлээгүй гэсэн дүгнэлтүүд Оскарын шилдэг кино авах магадлалыг нь улам бууруулж байна.

Киног аварсан гол хоёр хүчин зүйл нь Фрэдди Меркюрид дүр бүтээсэн Рами Малекийн гайхалтай чадвар, киноны төгсгөлийн үзэгдэл болох 1985 оны Live Aid тоглолтыг маш сайн дахин амилуулсан явдал байв.

Bohemian Rhapsody-ийг X Mеn цувралын найруулагч Брайн Сингэр найруулсан боловч хувийн амьдралын асуудлаасаа болж киногоо гүйцээлгүй Дэвид Флетчэр киног гүйцээжээ. Ямартай ч энэхүү бүтээл Queen-ийн үнэнч шүтэн бишрэгчдийн хувьд хүлээлтэд хүрээгүй, харин шинээр Queen хамтлагт дурлаж буй үзэгчдийн хувьд сайн бүтээл болсон хэмээх лоозонтойгоор Оскарын шагналд тулж ирээд байна.

Guardian - "Bohamian Rhapsody" Меркюриг шоумэн талаас гаргаж чадсан ч "хүн" талаас нь гаргаж чадсангүй.

Олон нийтийн сэтгэлийг ихэд хөдөлгөсөн"Bohemian Rhapsody" үзэгчдийн нүдээр гол өрсөлдөгч. Гэвч бодит байдал дээр Рами Малек шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг төвөггүй хүртэх нь тэдний "Оскар-2019" -ийн цорын ганц ялалт байх магадлал юм.

BlacKkKlansman

BlacKKKlansman кино түүхийн гурван цаг үеийн туршид эрчимчиж гол үедээ 3-6 сая хүнийг элсүүлж байсан KKK буюу Ku Klux Klan-ны тухай өгүүлнэ. Уг бүлгэм нь цагаан арьстнуудын ноёрхол, цагаан арьстны үндсэрхэг үзлийг дэмжигч бөгөөд өнгөт арьстнууд болон католик шашинтнуудыг үзэж чаддаггүй. Энэхүү бүлгэмийн 1970-аад оны үеийн бодит явдлаас сэдэвлэн уг киног бүтээсэн бөгөөд өнгөт арьст цагдаагийн офицер (Рона Сталлворт) хэрхэн тус бүлгэмд овжин нэвтэрч буй тухай өгүүлнэ. Рон Сталлворт энэ түүхээ тэтгэвэрт гартлаа буюу 2006 оныг хүртэл нууцалсан бөгөөд 2014 онд энэ талаарх номыг туурвисан юм.

Спайк Лий 29 жилийн өмнө хийсэн "Do the Right Thing" киноноос хойш анх удаагаа амжилттай бүтээл хийж буй нь энэ. Киноны санааг продюсерийн багт ажилласан "Get Out" киноны найруулагч Жордан Пееле анх санал болгосон бөгөөд гол дүрд Дэнзэл Вашингтоныг сонгоод байсан ч түүний хүү Жон Дэвид Вашингтон тоглохоор болсон байна.

Санал болгох: BlacKKKlansman киног бодит түүхтэй нь харьцуулах нь

green book

Хоёр жүжигчин зэрэг маш төгс дүр бүтээж киноны нэр хүндийг ийм хэмжээнд аваачсан тохиолдол ойрын жилүүдэд ховор. 2016 оны Оскарын шилдгээр шалгарсан Moonlight кинонд 1 цаг хүрэхгүй үзэгдэлд төгс дүр бүтээж (Оскар авсан) тус бүтээлийн чанарт үлэмж жин дарсан Махершала Али энэ удаад ч өөрийн чанарыг Академийнханд харуулав. Бидний хуучны танил Гондорын хаан Арагорн маань ч итали-америк аялгаараа Green Book-ийг Оскарын шилдэг 8-д үлдэхэд чухал нөлөө үзүүллээ.

Green Book 1962 оныг харуулах бөгөөд яг л тэр үе мэтээр бүтээж чадсан нь энэ оны хамгийн гол 2 фаворитд нэрлэгдэх шалтгаануудын нэг. Мөн арьс өнгөөр ялгаварлах үзэл хүчтэй байсан үеийн бодит түүхээс сэдэвлэсэн нь олны анхаарлыг татах ээлжит сэжүүр. Ямартай ч 5 Оскарт нэр дэвшээд буй уг бүтээл 1-2 Оскарт (эрэгтэй туслах дүр) ялалт байгуулах магадлал өндөр байна.

Шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг Махершала Али хүртэж 2 дахь Оскараа гардах нь гарцаагүй болов уу. Шилдэг эвлүүлэг номинацийг эс тооцвол "Green Book" аль ч төрөлд ялалт байгуулах бүрэн боломж бий.

a star is born

"Хэрвээ энэ сүүлийн удаа гэдгийг мэдсэн бол
Зүрхээ хоёр хуваагаад ч болтугай чамайгаа аврах сан
Чамаас өөр хүн надад хүрэхийг мэдэрмээргүй байна
Дахин өөр хүнд шатаж дурламааргүй байна
Дахин өөр үнсэлт мэдрэхийг хүсэхгүй байна...
... Дахиж хэзээ ч би дурлахгүй."

Эдгээр сэтгэл хөдөлгөм мөртүүдээс эхлээд "A Star is Born" киноны дуунууд, үйл явдлууд танд хамгийн романтик, хөнгөн гунигтай мэдрэмжийг төрүүлнэ. Карьер нь төгсөж яваа сэтгэлийн хямралд гүн орсон, архины хамааралтай болсон дуучин эр (Брэдли Күүпэр), дуулах гоц авьяастай хэдий ч олны өмнө ил гарах хүсэлгүй залуу бүсгүйн чадварыг нээж буй тухай өгүүлэх тус кино 130 минут үргэлжилнэ.

1954 онд бүтээгдсэн "A Star is Born" киноны зохиолоос сэдэвлэн Брэдли Күүпэр өөрөө продюсер, найруулагчаар ажиллаж, гол дүрд нь тоглон 2018 оны хамгийн сэтгэл хөдөлгөм киног бүтээв. Гол дүрийг бүтээсэн Лэди Гага, Брэдли Күүпэр нарын дүрд тэднээс илүү төгс зохицох жүжигчнийг төсөөлөөд ч оломгүй мэт. Найруулагчийн хувиар дебютээ хийсэн Брэдли Күүпэр шилдэг найруулагчид нэр дэвшиж чадаагүй ч энэ жилийн шилдэг кинонд нэр дэвшигчид дундаас кино шүүмжлэгчдийн хамгийн сайн үнэлгээ өгсөн бүтээлүүдийн нэгийг бүтээж чадлаа. Лэди Гага ч бас анх удаагаа бүрэн хэмжээний кинонд гол дүр бүтээж, түүгээрээ шууд Оскарт нэр дэвшсэнийг онцлох нь зүйн хэрэг биз ээ.

Киног Брэдли Күүпэр бүтээж, гол цөм хэсэг болох дуунууд дээр Лэди Гагa ажиллаж, ихэнхийг нь өөрөө зохиожээ.

Киноны шилдэг дуу төрөлд Лэди Гагагийн зохиож Брэдли Күүпэртэй хамтран дуулсан "Shallow" ялагч болох нь гарцаагүй болоод байгаа. Хэрвээ Лэди Гага ялалт байгуулах бүрэн боломжтой гэгдэж буй эмэгтэй гол дүрийн номинацидаа Оскар хүртэж чадвал энэ жил 2 Оскартай гэртээ харих боломж түүнд байна.

vice

Vice Оскарын шилдэг кино төрөлд нэр дэвшсэн түүхэн дэх хамгийн тааруу бүтээлүүдийн тоонд нэрлэгдэж буй. Гэвч уг бүтээл Оскарын 8 төрөлд нэр дэвшиж энэ оны хамгийн олон төрөлд өрсөлдөж буй кинонуудын нэгээр нэрлэгдээд байна. 2016 онд бүтээгдсэн 2008 оны эдийн засгийн хямралын талаар өгүүлэх "The Big Short" киногоороо эдийн засгийн хичээлийг дэлхийн дахинд зааж, түүгээрээ шилдэг сэдэвчилсэн кино зохиол төрөлд Оскар хүртэж байсан Адам Мккэй "Vice"-ийг найруулжээ.

Агуулгын тухайд 2001-2009 оны хооронд АНУ-ын дэд ерөнхийлөгч байсан Дик Ченье тухайн үед ямар хүчтэй байж, хэрхэн Америк орны гадаад бодлогод шийдвэр гаргаж, тэр нь ямар нөлөөг бидэнд үзүүлснийг харуулахаар зорьжээ. Уг гол дүрийг бүтээсэн Кристиан Бэйл дэд ерөнхийлөгчид тоглох гэж 25 кг жин нэмсэн байна. Ямартай ч Адам Мккэй дахин "The Big Short"-ийн хэмжээний киног бүтээхийг зорьсон ч түүнийхээ талд нь ч хүрч чадсангүй. Гэхдээ шунахай сэтгэл Иракт амь алдсан сая сая хүний үхлийн шалтгаан байсан талаарх өгүүлэмж яах ч аргагүй хөндөх ёстой сэдэв байсныг онцолъё.

Киноны эвлүүлгийн чанар дээр шүүмжлэгчид хоёр хуваагдаад байсан хэдий ч BAFTA-д "Vice" уг төрөлд ялалт байгуулснаар маргаанд цэг тавьж чадсан.

black panther

Оскарын түүхэнд супер баатрын тухай кино анх удаагаа шилдэг кинонд нэр дэвшиж буй тохиолдол энэ билээ. Өмнө нь супер баатрын киноноос Ноланы "The Dark Knight" л Оскарт 8 төрөлд нэр дэвшиж өндөр амжилт үзүүлсэн ч оны шилдэг кино төрөлд хараахан дэвшиж чадаагүй юм.

Найруулагч Раин Күүглэрийн хувьд "Black Panther" дөнгөж 3 дахь кино хэдий ч Марвелийн хамгийн шилдэг гэгдэх, супер баатрын киноны агуулгад эргэлт хийсэн бүтээл хийнэ гэдэг маш биширмээр амжилт юм. Мөн кинонд T'Challa-ийн эсрэг дүрийг бүтээсэн Майкл Б.Жордан кино шүүмжлэгчдийн хувьд энэ оны хамгийн шилдэг дүрийг гаргасан ба Оскарт нэр дэвших хангалттай үндэслэлтэй байсан гэгдэж буй ч "Алтан бөмбөрцөг"-д ч өрсөлдөж чадаагүй. Ямартай ч Марвелийн анхны хар арьстай супер баатрын кино Оскарт, шүүмжлэгчид, олон нийтийн дунд ч амжилт сайтай байж 1.3 тэрбум долларын орлогоор бүх цаг үеийн хамгийн өндөр ашиг орлоготой 10 кинонд багтсан билээ.

Санал болгох: Skywoker productions - Black Panther ба бодит амьдрал

Тэдэнд 2-3 Оскар хүртэх боломж хангалттай байгаа хэдий ч тэд тус төрлүүддээ "The Favourite"-ийг дийлэхгүй бол нэг ч оскаргүй үлдэх магадлалтай!

the favourite

"The Lobster", "Dogtooth", "The Killing of Sacred Deer" зэрэг өвөрмөц бүтээлүүдээрээ кино шүүмжлэгчдээс эерэг үнэлгээ авч чадсан Грек найруулагч Иоргос Лантимос эцэст нь олон нийтийн анхаарлыг татсан, "Академи"-ынханд таалагдсан (10 төрөлд нэр дэвшсэн) кино бүтээлээ. La La Land-аар шилдэг эмэгтэй гол дүрийн Оскарыг хүртэж байсан Эмма Стоун энэ жил шилдэг эмэгтэй туслах дүрд өрсөлдөнө. Одоогоор гол фаворитоор нэрлэгдэхгүй байгаа ч энэхүү үзүүлэлтүүд түүний үнэ цэнийг жилээс жилд өсгөсөөр байна.

Ямартай ч Иоргос Лантимос Британид бүтээсэн "The Favourite" киногоороо "том" жүжигчдийг ашиглавал ямар кино хийж чадахаа дэлхий нийтэд харуулж чадлаа. 18-р зууны эхэн үеийн Английн хатан Аннегийн тухай өгүүлэх тус киноны талаар нэмж онцлоход лесби романс, нэг кинон дахь эмэгтэй жүжигчдийн зэрэг гаргасан хүчтэй дүрүүд, шилдэг киноны гүйцэтгэл, төгсгөл... Иоргос Лантимосын Оскарын өдрүүд айсуй!

Маш олон төрөлд ялалт байгуулах магадлал өндөр буй "The Favourite" азтай байж чадвал 5 Оскар хүртэж тоогоороо бүх киног тэргүүлэх боломж бий. Гэхдээ тэд 2 төрөлд "Black Panther"-ийг ялж, шилдэг эмэгтэй дүрүүдэд мөн л хүчтэй өрсөлдөгчдийг давах ёстой. Харин оригинал кино зохиол төрлийн тухайд амархан ялалт авч магадгүй.

roma

2019 оны Оскарын наадмыг онцгой жил болсон хэмээн мэтгэлцвэл та Алфонсо Куароны "Рома" энэ жил өрсөлдсөн гэхэд л хангалттай болов уу. Netflix-ийн оригинал бүтээл болох "Рома" нь испани хэл дээр бүтээгдсэн бөгөөд Мексикийн Рома дүүрэгт өрнөх 1971 оны үеийн түүхийг өгүүлнэ.

Хар цагаан өнгийн, англи хэл дээр биш, алдартай жүжигчин оролцоогүй (91 жилийн түүхэнд анхны тохиолдол) зэрэг баримтууд Оскарын шилдэгт нэр дэвшихэд эсрэгцэл үүсгэж байсан ч "Рома" кино шүүмжлэгчдийн хувьд дуу нэгтэйгээр энэ оны төдийгүй хэдэн арван жил яригдах агуу бүтээл хэмээн хүлээн зөвшөөрөгдөөд байна. Тэрээр "Gravity" киногоороо 7 Оскарыг шилдэг найруулагчийн хамтаар хүртэж Холливуудад эзэгнэж чадахаа харуулсан бол энэ удаад Мексикт буюу Холливуудаас гадна хийсэн бүтээлээрээ дэлхийг эзэгнэж чадна гэдгээ тодорхой нотлов.

"Gravity", "The Revenant", "Birdman" зэрэг төгс зураг кино зураг авалтаараа 3 удаагийн Оскар хүртэж (7 удаа нэр дэвшиж 3 ялсан) одоо цагийн хамгийн өвөрмөц зураглаач хэмээн хүлээн зөвшөөрөгдөөд буй Эммануэл Любецки "Рома"-д дахин агуу бүтээл хийж болох байсан ч хувийн шалтгааны улмаас оролцоогүй. Тиймээс Алфонсо Куарон өөрөө зураг авалтаа хийж Любецкигийн хэмжээний чанарыг харуулж шилдэг зураг авалтад нэр дэвшив. Оскарын түүхэнд анх удаагаа шилдэг найруулагч, зураг авалт төрлүүдэд нэг хүн зэрэг нэр дэвшиж буй нь энэ билээ.

"Рома" хэрвээ шилдэг кино болж чадвал Оскарын 91 жилийн түүхэн дэх анх удаагаа гадаад хэл дээрх кино шилдэг кино хүртсэн тохиолдол болно. Түүх тэдний эсрэг байгаа ч "Рома"-ийн шилдэг кино авах магадлал 90 хувиас дээш гэгдэж байгаа бөгөөд найруулагч Алфонсо Куарон ямар ч "өрсөлдөгчгүйгээр" шилдэг найруулагчийн шагналыг авах нь тодорхой шахуу болоод байгаа юм.

"Roma" нийт 10 буюу "The Favourite"-ийн хамтаар хамгийн олон төрөлд нэр дэвшиж байна. Үүнээс тэд хамгийн ихдээ 4 Оскар л авах магадлалтай байна. Гэхдээ эсрэгээрээ маш чанартай уг 4 төрөлдөө бүгдэд нь ялах магадлал 90 хувиас дээш байгааг сануулъя.

НИЙТЭЛСЭН:

Ganbaatar Erdenee

Хандалт / Сэтгэгдэл:

14680   11

Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.