Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   10 сарын 11, 2018

МЭДҮҮШТЭЙ: "Оюу Толгой" компанийн тэтгэлэгт хөтөлбөрүүдийг танилцуулах нь

Оюутан залуучууд сургууль номдоо шамдан, төрөл бүрийн тэтгэлэгт хөтөлбөрт хүч сорьдог намрын өдрүүд үргэлжилж байна. Залуучууд та бүхэн өөрийгөө шат ахиулахын тулд гадаадад суралцах тэтгэлэгт хөтөлбөрүүд, дотоодын том компаниудын тэтгэлгүүд, манлайллын хөтөлбөрүүдээс сонголтоо хийн, заавал үзээд алдаарай. Өнөөдрийн нийтлэлээр бид "Оюу толгой" компаниас зарлаад буй гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөрүүдийг танилцуулж байна. 

“Оюу толгой” компани монгол залуучуудын боловсролд хөрөнгө оруулах зорилгоор олон төрлийн тэтгэлэгт хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхлээд даруй 9 жил болжээ. Одоогийн байдлаар тус компани нийт 850 гаруй оюутан залууст санхүүгийн дэмжлэг үзүүлж тэтгэлэг олгоод байгаа аж. Ингээд “Оюу толгой” компани гадаадад мэргэжил дээшлүүлэх хүсэлтэй мэргэжилтнүүд болон дотооддоо бакалаврын түвшинд суралцаж байгаа оюутан залууст зориулан хоёр төрлийн тэтгэлэгт хөтөлбөр зарлаад байгааг танилцуулъя.

Гадаадын тэтгэлэгт хөтөлбөр (6 хүн)

Австрали, Канадын их дээд сургуульд нийгмийн шинжлэх ухаан, эрүүл мэнд, уул уурхайн инженерийн чиглэлээр магистрын түвшинд суралцах хүсэлтэй 6 хүнд “Оюу толгой” компани бүтэн тэтгэлэг олгохоор төлөвлөжээ. Шалгарсан залууст сургалтын болон дотуур байрны төлбөр, сар бүрийн тэтгэмж, эрүүл мэндийн даатгал, сурах бичгийн төлбөр болон олон улсын нислэгийн зардлыг бүрэн олгох юм. Уг тэтгэлэгт хөтөлбөрийн өргөдлийг 11-р сарын 5-ны өдрийг дуустал хүлээн авна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах: Гадаадын тэтгэлэг

Дотоодын тэтгэлэгт хөтөлбөр (25 хүн)

“Оюу толгой” компаний дотоодын тэтгэлэгт хөтөлбөр нь Монголын их дээд сургуулиудад уул уурхай, инженерийн чиглэлээр амжилттай суралцаж буй оюутан залууст санхүүгийн дэмжлэг үзүүлэх, тэдний сурч боловсрох боломжийг дэмжих зорилготой хөтөлбөр юм. Уг хөтөлбөрийг 2010 онд хэрэгжүүлж эхэлснээс хойш “Оюу толгой” компани нийт 260 оюутанд уг тэтгэлгийг олгожээ. Энэ жил уул уурхай, инженерийн чиглэлээр суралцаж буй 2, 3, 4 дүгээр дамжааны оюутнууд уг хөтөлбөрт хамрагдах боломжтой бөгөөд тэтгэлэгт хамрагдсанаар сургалтын болон дотуур байрны төлбөр, сар бүрийн тэтгэмж авахаас гадна “Оюу толгой” компанид дадлага хийх, Залуусын хөгжлийн хөтөлбөрт хамрагдах боломж нээгдэх гэнэ. Уг тэтгэлэгт хөтөлбөрийн өргөдлийг 10-р сарын 12-ны өдрийг дуустал хүлээн авна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах: Дотоодын тэтгэлэг

“Оюу толгой” компаниас зарладаг бусад тэтгэлгүүд

Залуусын хөгжлийн хөтөлбөр
“Оюу толгой” компаниас уг хөтөлбөрийг ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад их сургуульд дэвшин суралцах, ур чадвараа сайжруулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжүүлдэг байна. Уг хөтөлбөр хувь хүний хөгжил болон сурагчдын мэргэжил сонголтод дэмжлэг үзүүлэх, “Би хэн бэ?”, “Багийн ажиллагаа”, “Томоор харах” гэсэн сонирхолтой сэдвийн доор 3 үе шаттайгаар явагддаг. Уг хөтөлбөрт хамрагдсанаар оюутан, сурагчид асуудал шийдвэрлэх, нийгэмд эергээр нөлөөлөх, сайн дурын оролцоогоо нэмэгдүүлэх зэрэг олон чадварыг эзэмшдэг ажээ.

“Говийн Оюу” тэтгэлэгт хөтөлбөр
Өмнөговь аймгийн уугуул залууст зориулсан уг тэтгэлэгт хамрагдсан оюутнууд орон нутагтаа шаардлагатай байгаа мэргэжлээс сонгон суралцахдаа сургалтын төлбөрөө “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-аас гаргуулан авах боломжтой. Түүнчлэн “Оюу толгой” компаниас зохион байгуулах хөгжлийн сургалтуудад хамрагдаж тус компанид дадлага хийх боломж гардаг байна.

“Шинэ төгсөгчийн хөтөлбөр”

Энэхүү хөтөлбөр нь их сургуулиа төгсөөд удаагүй байгаа иргэдэд ажлын туршлага олгож, хөгжүүлэх, туршлагатай зөвлөхүүдтэй холбож дадлагажуулах буюу менторшип хөтөлбөрт хамрагдах, үндэсний шилдэг техникийн мэдлэг бүхий боловсон хүчнийг бэлтгэхэд чиглэсэн дөрвөн жилийн хугацаатай үргэлжилдгээрээ бусад тэтгэлгээс ялгардаг.

Та бүхэн эдгээр тэтгэлэгт хөтөлбөрүүдийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг “Оюу толгой” ХХК-ийн албан ёсны цахим хуудас www.ot.mn-ээс аваарай.


Нийтлэлийнхээ төгсгөлд, Unread-ээс санаачлан "INSPIRED: Гадаадад суралцахыг хүссэн хүн бүрийн зорих цэг" арга хэмжээг зохион байгуулах гэж байгааг дуулгахад таатай байна. Гадаадад суралцах хүсэлтэй хүн бүрийг урья.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу: INSPIRED

13871   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.