Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   10 сарын 10, 2018

Би хэрхэн ажилладаг вэ? - Крипто валютын энтрепренер, Ethereum-ийг хамтран байгуулагч Чарльз Хоскинсон

Өнгөрсөн сард манай багийнханд крипто валютын ертөнцийн гол тоглогчдын нэг, энтрепренер, математикч Чарльз Хоскинсонтой ярилцах завшаан гарсан юм. Тэр бол хамгийн анхны, хамгийн хүчтэй крипто валютуудын нэг Ethereum-ийг хамтран бүтээлцсэн нэгэн билээ. Колорадогийн их сургуульд математикаар суралцаж байсан Чарльз мөн The Bitcoin Education Project-ийг үүсгэн байгуулжээ. Тэрээр 2015 онд IOHK нэртэй компанийг байгуулалцаж, 2017 онд Cardano хэмээх гуравдагч үеийн крипто валютыг үүсгээд байгаа ажээ. Крипто валютын талаарх ойлголтыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, төвлөрсөн бус системийг байгуулахын төлөө хичээн ажилладаг түүний хөрөнгө 500-600 сая доллараар хэмжигддэг.

Байршил: АНУ, Колорадо
Эрхэлдэг ажил, албан тушаал: IOHK-ийн хамтран байгуулагч, гүйцэтгэх захирал
Хэрэглэдэг гар утас: Macbook Pro
Хэрэглэдэг компьютер: iPhone
Сошиал хуудас: Твиттер, LinkedIn

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ ЮУ ВЭ?

Манай компани 16 оронд, 160 гаруй ажилтантай. 10 цагийн бүсэд ажил өрнөж байдаг. Дотроо хоёр компанийг агуулж байгаа юм. Нэг нь судалгаа хийдэг, судлаачидтай ажилладаг компани. Нөгөө нь крипто валют бүтээдэг инженеринг компани.

Арга барилын тухайд би зогсолтгүй ажилладаг даа. Жилийн 200 гаруй өдөр нь ажлын аяллаар явж таардаг. Өдөртөө жижиг, хурдан хийж болох ажлууддаа зориулан 15-30 минут гаргаж амжуулаад, төвлөрч суух ажлууддаа зориулан уртхан цагуудыг хуваарилж ажилладаг.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМ, АЖЛЫН ХЭРЭГСЛЭЭСЭЭ ХУВААЛЦАНА УУ?

Бид ажлын харилцаандаа Slack-ийг хэрэглэдэг. Мөн Google-ийн аппуудыг ашигладаг. Сошиал медиа гэвэл Твиттер, ЛинкэдИн байна. Мөн подкаст гэх мэт тогтмол ашигладаг аппууд олон бий.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Би бүтээгдэхүүний менежмент, төслийн менежмент, инженерчлэл зэрэг хэлтэс, албадынхаа захирлууд буюу шууд удирдлага дор байдаг хүмүүстэйгээ тулж ажилладаг. Тэгэхгүй бол манайх чинь 160-аад ажилтантай. Энэ тал дээр Жефф Безосоос үлгэр жишээ авдаг юм.

Мөн хурлуудыг нэг их таашаадаггүй. Хурал, уулзалт их хийх нь яг л хорт хавдартай адил байгууллагыг аажим алдаг. Тэгэхээр хурал, уулзалт хийхдээ юу ярилцахаа маш сайхан тодорхойлсон, оролцож буй хүмүүс гэрийн даалгавраа сайн хийх ёстой. Аль болох цөөн хүн орох хэрэгтэй гэж боддог.

Энэ хоёр зүйл дээр энтрепренер болоод удаагүй байхдаа их алддаг байсан юм. Нэг удаа Японд шөнийн 3 цагт тэр өдрийн 11 дэх уулзалтаа дуусгасан. Тэгээд өглөө 7 цагт босоод дараагийн уулзалт руугаа явахаар гар нүүрээ угааж байхдаа "Чөтгөр гэж, би чинь юу хийгээд байна даа?" гэж бодсон доо. Тэр өдрийнхөө бүх уулзалтыг цуцалж, түүнээс хойш өөр арга барилаар ажиллах болсон.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Би цагийн менежмент хийх, хийх зүйлсийн жагсаалтаа гаргах хамгийн зөв аргыг олох гэж маш олон зүйлийг туршсан, удаан хугацаа зарцуулсан. Стэпэн Кови, Дэвид Аллен, Тим Феррисийн номууд, цагаа бүртгэдэг системүүд, помодоро техник гээд л хийж үзээгүй юм ховор. Гэхдээ аль нь ч надад үр дүнгээ сайн өгөөгүй юм. Нэгэн хэвийн хэмнэлтэй, өдрүүд нь хоорондоо харьцангуй ижил байдаг хүмүүст бол үр дүнгээ өгөх л байх.

Харин би хурдтай өсөж буй стартап компанийн гүйцэтгэх захирал. Бужигнасан нөхцөл байдал дунд ажилладаг. Ийм нөхцөлд хамгийн зөв арга нь ажлаа хэрхэн зөв хуваарилж хийлгэхийг мэддэг байх нь хамгийн чухал гэж боддог. Туслах маань миний имэйлийг хариуцан имэйлүүдийг ангилж, чухлыг нь сануулдаг байх жишээтэй.

ТА ЯМАР ЗҮЙЛИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД САЙН БЭ?

Харьцангуй асуулт байна. Гэхдээ өөрийн сайн гэж боддог зүйлийг хэлье. Би өөрийгөө дажгүй сайн бичдэг гэж боддог шүү. Их л юм бичдэг, тэрийг маань хүмүүс эергээр хүлээн авдаг юм шиг санагддаг. Юмыг яаж системчилж бичих вэ гэж бодоход математик нөлөөлдөг байж магадгүй.

Мөн асуудлыг шийдвэрлэх дуртай. Олон хүчин зүйлсийг тооцоолон асуудлын гүнд орж шинэ шийдлүүдийг гаргаж ирэх. Үүгээрээ математик ч, анагаах ухаан ч, бизнес ч бүгд хоорондоо адил.

ТА МАНАЙ УНШИГЧДАД КРИПТО ВАЛЮТыг ЭНГИЙН ҮГЭЭР ТАЙЛБАРЛАЖ ӨГӨӨЧ?

Крипто валют нь блокчэйн технологи дээр суурилан бүтээгдсэн, цахим орчинд тоон хэлбэрээр байрших, ямар нэгэн дундын зохицуулагчгүй цахим валют юм. Хуурамчаар хийх боломжгүй крипто валютыг тоо ба үсгийн нууцлалтай мэдээлэл буюу криптографаар бүтээдэг. Крипто валютыг зах зээлд гаргахдаа хэмжээ тавьж, компьютер ба зориулалтын төхөөрөмж ашиглан, програм хангамжийн тусламжтайгаар олборлох (mining) үйл явцаар олж эзэмшинэ. Олборлох үйл явц нь тухайн крипто валютын арилжааг баталгаажуулдаг онцлогтой.

Блокчэйн дээр крипто валютын гүйлгээ хийх нь олон давуу талтай. Ямар ч төрлийн гүйлгээ, иргэний бүртгэл мэдээлэл, газрын кадастр, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, машин худалдах авах гэрээ зэргийг хэн нэгний оролцоогүйгээр хоёр тал гар утсаа ашиглан хийх боломжтой юм. Ингэж хийсэн гүйлгээ, ингэж оруулсан мэдээллийг дараа нь хэзээ ч өөрчилж чадахгүй. Энэ бүртгэл, гүйлгээг систем дээр байгаа бүх хүн харах боломжтой, ил тод байдаг.

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Эерэг гэдэг дээр хоёр зүйлийг хэлж болно. Нэгдүгээрт, амьдралын баялаг туршлага, таатай мэдрэмжийг олж авдаг. Саяхан би Өмнөд Африкт заантай хөлбөмбөг тоглож үзлээ. Заануудтай амралтын газар байсан юм. Нэг заан телевиз үзсээр байгаад хөлбөмбөг тоглоод сурчихсан байсан. Би эхэндээ итгээгүй ч үнэхээр хөлөөрөө бөмбөг өшиглөж байсан шүү.
Мөн улс орнуудын төрийн тэргүүд, тэрбумтнууд, алдартай хүмүүстэй байнга уулздаг болсон байна. Заримдаа ч, байз, энэ хүмүүстэй уулзах уулзалт тун онцгой байх ёстой шүү дээ, гэтэл энгийн уулзалтууд, энгийн хүмүүс байх гэж бодогддог шүү.

Хэцүү бэрхшээлтэй зүйл гэвэл, хүн халах юм уу. Сайн мэддэг, найз нөхдийн харилцаатай хүмүүсийг явуулах хэцүү байдаг. Гэхдээ компанид эерэг нөлөө үзүүлэхгүй байгаа үед өөр арга үгүй шүү дээ.
Мөн манай салбарт бусдыг луйвардаж байгаа хүмүүс их байдаг. Мэдээлэл дутмаг хүмүүсийг ашиглаж буй, албаар хуурч буй хүмүүсийг харах, тэдний эсрэг дорвитой юм хийж чадахгүй байх нь онцгүй байдаг юм. Энэ нь эргээд салбартаа муугаар нөлөөлнө, бидний хийж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр хүндийг унагана. Цахим мөнгөний ертөнцийг ойлгох ойлголт яг одоо интернэтийг хүмүүс анх яаж хүлээж авч байсантай ижил байгаа. Хүмүүс бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг ялгааг нарийн мэдэлгүй ерөнхийд нь дүгнэж байгаа гэсэн үг.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

IOHK бол санхүүгийн үйлчилгээ авч чадахгүй байгаа 3 тэрбум хүнд peer-to-peer инновацийг ашиглан санхүүгийн үйлчилгээ үзүүлэх технологийн компани юм. Академик байгууллагууд, засгийн газрын агентлагууд, корпорациудад зориулан крипто валют, блокчэйн бүтээдэг инженерийн компани гэсэн үг.

IOHK нь криптографын судалгаа, крипто валютын архитектурт зориулан шинэ хэрэгслүүдийг судалж байна. Бид крипто валютыг нийтээрээ зохиох (universal composability) боломжийг олгох зорилгоор нээлттэй эхийн санг хамтран хөгжүүлж байгаа. Бид мөн манай алсын хараа, зорилготой нийцэх ашгийн төлөө ажлуудыг хийдэг.

Хамгийн сүүлийн үеийн том төсөл гэвэл Cardano гэх шинэ блокчэйн платформыг хөгжүүлж байна. Энэ нь ижил төрлийн бусад платформоос ахисан түвшний боломжуудыг олгох юм. Cardano манай ажлын 70 хувийг эзэлж байна. Мөн Ethereum-ийн үргэлжлэх болох Ethereum Classic дээр бид ажилладаг.

Монголд бол албан ажлаар биш тохиолдлоор ирсэн. Солонгосоос Япон руу явах төлөвлөгөөтэй байж байтал өмнө нь Монголоор зочлоод явахыг найз маань санал болгосон юм. Тэгээд сонирхолтой санагдаад ирсэн. Эндхийн крипто валют сонирхогчид ч сайхан хүлээж авсанд баярлаж байна. Монгол анх удаа ирээд тэмээ унаж үзлээ. Танай морьд үнэхээр гайхалтай юм. Говь руу явах боломж даанч гарсангүй, дараа ирэхдээ тийшээ заавал очно оо.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Би юм их уншдаг төрлийн хүн. Kindle дээрээ болон сонсдог номын цуглуулгатай. Сар бүр би нэг намтар ном сонсохыг хичээдэг юм. Хамгийн сүүлд Жорж Вашингтоны намтрыг сонссон. Түүний талаар хүмүүсийн сайн мэдэхгүй, олон гайхалтай түүх байдаг юм билээ.
Мөн Жон Бойд хэмээх цэргийн стратегич хүний номыг сонслоо. Сүүлийн үед бизнесийнхэн түүний санаануудыг хэрэгжүүлээд болоод байгаа юм.
Одоо Боб Вүүдвардын "Fear: Trump in the White House" хэмээх номыг уншиж байна даа.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?


Би төгөлдөр хуур тоглодог. Сонгодог хөгжимд дуртай. Мөн Жое Роганы подкастыг тогтмол сонсдог шүү.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Дотогшоо хүн. Ач холбогдол багатай юм ярих, уулзалт хийх дуртай биш. Хуульч, эмч, математикч хүмүүс магадгүй яв цав нарийн, ончтой байдлыг эрхэмлэх ёстой байдаг болохоор тийм байдаг байж магадгүй.

Гэхдээ хүмүүстэй их харилцах, тэвчээртэй байх тохиолдлууд их гарна. Би толгойдоо мэдрэгч зүүгээд тархиа тайван байгаа эсэхийг хянадаг, өөрөөр хэлбэл бясалгал хийхэд зориулсан Muse гэх апп-ийг ашигладаг юм. Өдөр ирэх тусам тэвчээртэй, тайван болж байгаагаа анзаарч байна.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Аль болох нойр авахыг хичээдэг. Ядаж зургаан цагийн нойр авахыг хичээдэг. Энтрепренерүүдийн дунд бага унтдагаараа бахархаж ярьдаг нэг хандлагатай төдийлөн санал нийлдэггүй. Ажлын аяллаар их явдаг болсон эхний хоёр жилээ би байнга энгийн суудлаар нисдэг байлаа. Гэвч нэг долоо хоногт маш олон нисээд ирэх үед олигтой нойр авч чадахгүй, маш их ядарч эхэлдэг. Тиймээс бизнес ангиллаар нисдэг болсон. Түүнээс хойш ажлын бүтээмж ч маш сайжирсан шүү. Нислэгт их мөнгө зарах болсон хэдий ч өмнөхөөсөө илүү сайн амарч байгаа учраас түүний хэрээр зарлагадсан мөнгөө амархан нөхөж байгаа. Тэгэхээр их аялдаг үед арай тухтай нислэгийг сонгох нь тансаглал гэхээсээ зайлшгүй зүйл юм шиг. Гурван жил гадагш дотогшоо их ниссэний дараагаас цагийн зөрүүний асуудал нэг их нөлөөлөхөө больсон. Би хаашаа ч явсан онгоцноос буусан эхний өдрөө ямар нэг уулзалт товлолгүй шууд амардаг.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Яг үнэндээ одоо бол чөлөөт цаг гэж алга даа. Сүүлийн дөрвөн жил амралтаар яваагүй байж байгаад энэ жил гэрийнхэнтэйгээ Хавайд амарсан. Хааяа аав ээжийнхээ эдлэнд очдог.

Урьд нь шатар их тоглодог байлаа. Мөн математикийн бодлого, асуудал шийдвэрлэх дуртай. Хүнийг шоронд завгүй байлгаж чадах ганц мэргэжил бол математик гэж боддог юм (инээв). Би лав тэнд 8 жил тоо бодоод сууж чадах байх.

Мөн зарим видео тоглоомд их дуртай байсан. Усан доогуур шумбах мэтийн "солиотой" хоббинуудтай ч байж үзсэн. Нас явахаар хүний сонирхол өөрчлөгддөг юм байна. Одоо музей үзэх, зургийн үзэсгэлэн үзэх дуртай болсон байх жишээтэй. Цаг байвал зургийн хичээлд явах юм сан гэж боддог. Боб Россын "The Joy of Painting" видео хичээлд маш дуртай.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Дэлхийд анх удаа, 7 тэрбум хүн хэрэглэх боломжтой санхүүгийн системийг бүтээх гэж хичээж байгаа гэдгээ бодохоор урам зориг, бахдал төрдөг. Өнөөдөр санхүүгийн үйлчилгээ авч чадахгүй байгаа 3 тэрбум хүн байна. Тэдний амьдралыг сайжруулах эсэхийг цөөн хэдэн бүлэг хүмүүс шийдэж суудаг нь харамсалтай. Тэр хүмүүс буруу шийдвэр гаргавал яана.

Тиймээс хүмүүс өөрсдөө өдөр бүр удирдаж чадах тийм уян хатан системийг бүтээхийн төлөө явж байна. Хэрвээ би эмч байсан бол амьдралдаа хэдэн мянган хүнд л тусалж чадах байсан. Харин ийм том далайцтай технологи дээр ажилласнаар, хэрвээ зөв хийж амжилт олбол, хүн төрөлхтний түүхийг ч өөрчлөх боломжтой. Яг л iPhone хүмүүсийн амьдралыг өөрчилсөн шиг.

Миний хувьд өөрөө зөвхөн амжилт олохын төлөө яваагүй. Netscape вэб броузерийг бүтээсэн ч өөрсдөө үр ашгийг нь хүртээгүй шүү дээ. Тэднийг бусад компаниуд хуулбарлаж амжилт олсон. Тэрэн шиг бид маш их судалгаа, инженерчлэлийг хийж байгаа. Бид алдаа гаргавч өөр хүмүүс эдгээрийг маань ашиглаад амжилт гаргавал баяртай байх болно. Энэ утгаараа ганцаараа биш гэдгээ мэдэх сайхан байдаг. Энэ технологи амжилтад хүрвэл би тэтгэвэртээ гарч зураг зурна, тоо бодно доо (инээв.)

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Манай гэр бүлийн найз, мэс засалч хүн "Сайны дайсан нь илүү сайн байх" гэж хэлж билээ. Орчин цагт хүн бүр л бусдаас илүү байх гэж хичээдэг болж. Интернэт байхгүй байсан үед бол хүмүүс өөрийнхөө түвшинг сайн мэддэггүй байлаа. Одоо өөрийгөө сайн бүжиглэдэг гэж бодож байлаа ч Youtube ороод үзэхэд 6 настай хүүхэд танаас илүү бүжиглэж байгааг харна.

Тиймд амьдралдаа сэтгэл хангалуун л байвал ямар нэг юманд дундаж байх нь ердийн зүйл, заавал хамгийн сайн нь байх албагүй гэж боддог. Байгаа зүйлсдээ сэтгэл ханаж, үнэлж, нөгөөтээгүүр өөрийгөө л өдөр бүр бага багаар сайжруулах хэрэгтэй мэт санагддаг.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Битгий энтрепренер болоорой (инээв). Амар биш. Энтрепренер болохын тулд маш тодорхой шийдвэрлэх асуудалтай байх хэрэгтэй гэж би боддог. Миний хувьд анхнаасаа л мөнгөний бодлогод их сонирхолтой байсан. Би баян болъё, нэр хүндтэй болъё гэж энэ ажлыг хийгээгүй.

Энтрепренер болох нь маш их эрсдэл дагуулдаг. Хүн өөрийгөө бүрэн зориулах ёстой, мөнгөгүй явж чадах, зовлон зүдгүүрийг туулах чадамжтай байх хэрэгтэй. Би энэ олон жил маш олон амжилтгүй түүхийг харсан. Тиймээс өөрийн нөөц боломжийг мэддэг бай, хийж байгаа зүйлдээ бүхнээ зориул гэж хэлье дээ.

Энтрепренер болчихсон хүмүүс бол харин Леонардо Да Винчигийн хэлсэн "Энгийн байдал гэдэг төгс хээнцэрлэл" гэх үгийг санах хэрэгтэй санагддаг. Хэрвээ бизнесийн модель чинь маш ярвигтай бол, чи буруу хийж байх магадлал өндөртэй. Харин бизнесийн модель чинь тун энгийн бол зөв хийж байх магадлал өндөртэй.

Бас нэг санаа. Аавыг маань эмч болоод удаагүй байхад туршлагатай эмч нар "Тайван бай, удаан хий" гэж зөвлөдөг байсан гэдэг. Энтрепренерүүд ч гэсэн маш их яардаг шүү дээ. Гэвч үнэндээ яг одоо том шийдвэр гаргаагүйгээс үүдэн бизнес тань дампуурах магадлал маш бага. Бидэнд бодож байгаагаас маань их цаг байдаг. Тиймээс юманд анхааралтай, ултай суурьтай, нямбай хандах хэрэгтэй.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Мicrosoft-ийг Билл Гэйтстэй хамтран байгуулсан Пол Алленийг санал болгоё. Хэрвээ боломжтой бол түүнтэй ярилцвал тун сонирхолтой байх болов уу. Тэр бол маш амжилттай хөрөнгө оруулагч, технологийн салбарыг урьдчилан таамаглахдаа гаргууд хүн. Мөн гитар тоглодог, мэргэжлийн спортын багууд эзэмшдэг гээд маш сонирхолтой хүн дээ.

24748   3


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor

Нийтлэлд оролцсон:

Б.Танан
Э.Ганбаатар
О.Бүтэд

Гэрэл зургийг:

Д.Ганзул




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.