Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох Бизнес   10 сарын 08, 2018

Онцлох бизнес: Red Rose - Сайхан бүхнийг бүжгээр мэдэр

Хүн болгон бүжиглэдэг, дуулдаг, хөгжимддөг байх албагүй ч урлаг, гоо зүйн мэдрэмжтэй байх нь олон давуу талтай. Тэр дундаа бүжиг нь дасгал хөдөлгөөн хийн, сэтгэл оюун, бие махбод, гоо сайхны таашаал авч, алжаалаа тайлах боломжийг олгодог билээ. Тэгвэл тав тухтай орчинд хувиараа, гэр бүлээрээ, хамт олноороо бүжиг сурч, цагийг тааламжтай өнгөрүүлэх боломжийг “Red Rose” бүжгийн студи санал болгож байна. Эрүүл мэнд, гоо сайхан, бие бялдартаа анхаарал тавьдаг та бүхэн тус студийг үүсгэн байгуулагч, бүжгийн багш Б.Мөнх-Очирын ярианд анхаарлаа хандуулна уу.

Бизнесийн нэр: Red Rose бүжгийн студи
Хаяг: Гадаад харилцааны яамны баруун талд, Grand Office барилгын 2-р давхарт
Үйл ажиллагааны чиглэл: Төрөл бүрийн бүжгийн сургалт, дэглэлт, энтертэйнмент үйлчилгээ
Байгуулагдсан он: 2018
Үүсгэн байгуулагч: : Б.Мөнх-Очир, Ц.Мандулай
Сошиал хуудсууд: Red Rose Dance Studio

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ЯАЖ ОЛСОН БЭ?

Би багаасаа Монголын Хүүхдийн Ордны бүжгийн дугуйланд хичээллэж, СЭЗИС-д оюутан байхдаа “Улаан сарнай” хамтлагт бүжиглэж байсан юм. Одоо ч хамтлагтаа харьяалагдаж, багшаар ажилладаг. Бүжгийн спортын хамтлаг бүжиг, хос, ганцаарчилсан төрлөөр авсан олон медаль, шагнал урамшуулал бий.

Их сургуулиа төгсөөд, мэргэжлээрээ ажиллаж байхдаа чөлөөт цагаараа давхар орлого олох боломжийг эрэлхийлж эхэлсэн. Ингээд ер нь өөрийн сонирхолтой уялдуулан бүжгийн студи нээвэл зүгээр юм байна гэж нэлээд удаан бодож явсан юм. Анх би эхнэртээ бүжиг зааж байгаад танилцсан тул манай хүн бүжгийн урлагийг ойлгож, намайг их дэмждэг. Өнгөрсөн жилийн сүүлээр эхнэр маань ер нь санаагаа ажил болго хэмээн урам зориг өгч, энэ оны 6 сард студиэ нээгээд байна.

хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдсэн бэ?

Санхүүжилтээ гэр бүлээсээ гаргаж шийдсэн. Хоёр талын аав ээж, ах дүү нар маань бидний санааг дэмжиж, санхүүгийн асуудлыг зохицуулсан даа. Зардлаа хэмнэх үүднээс миний бие бүх л тохижилт, тавилга хэрэгслээ өөрөө хийсэн шүү.

ТАНАЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Өнөө цагт бүжгийн клуб, заалууд олон бий болсон. Манай студийн хувьд тэдгээр газруудаас хэд хэдэн зүйлээр ялгарч байгаа.

Нэгдүгээрт, манай хөтөлбөр. Бид сонгодог, латин америк, монгол бүжгүүдийг заадаг. Суралцахыг хүссэн хүмүүс өөрсдөө санал хүсэлтээ илэрхийлж, ямар бүжгийг хэдий хугацаанд сурмаар байгаагаа хэлснээр хамтдаа хуваариа гаргадаг. Групп болон ганцаарчилсан байдлаар заадаг. Богино хугацаанд олон бүжиг сурах нь хэцүү тул сар болгон нэг бүжгээр тусгай анги эхлүүлэн зааж байгаа. 10-р сард гэхэд л Салса, 11-р сард Бачата, 12-р сард шинэ жил болох учраас Венийн вальс гэх мэтээр. Гэхдээ зөвхөн нэг сард зөвхөн тэр бүжгийг заана гэсэн үг биш.

Манайх цэцэрлэгийн насны буюу 3-5 настай хүүхдүүдэд зориулсан анги бий. Ер нь бид жаахан хүүхдүүд, хүүхэдтэй эцэг эхчүүдэд маш ээлтэй газар байхыг анхнаасаа зорьсон. Бүжиг сурах сонирхолтой, гэртээ хүүхдээ харж байгаа ээж аавууд хүүхэдтэйгээ ирж бүжиг заалгаж байх үед хүүхдүүдээ тоглоомын өрөөнд тоглуулж байж болно. Эсвэл хүүхдүүд маань бүжгийн ангидаа явчихаад давхар тоглочихоод явж байна. Мөн хатха иог, бясалгал хосолсон хөтөлбөрийг маань мэргэжлийн багш өглөө, өдөр, орой орж байгаа.

Бидний чухалчлан анхаарсан нэг зүйл бол тав тухтай орчин юм. Хувцас солих өрөө, шүршүүр, хүүхдийн тоглоомын өрөө, кофений булан, тухтай буйдан, хөгжмийн хэсэг гээд зөвхөн бүжиг сурах биш, ирээд амардаг, цагийг тав тухтай өнгөрүүлдэг газар болгохыг зорьсон учраас кофений булан гаргасан. Эхнэр маань л гэхэд хүүхэдтэй найзуудтайгаа энд тухтай уулзаж, хүүхдүүдээ тоглоомын өрөөнд тоглуулах буюу бүжиг заалгадаг юм.

Мөн хотын төв дэх байршил маань нэг давуу тал. Бид сайн байршилтай газар олох гэж хэдэн сар хайсан шүү.

ХЭДЭН ЦАГААР ЯАЖ ХИЧЭЭЛЛЭДЭГ ВЭ? ТӨЛБӨРИЙН ХУВЬД?

Бүжгийн ангиуд маань 7 хоногт хоёр удаа 90 минутаар ордог. Сардаа 12 цагийн хичээл ордог гэсэн үг. Замын түгжрэл их байдаг болохоор бид хүмүүсийг олон удаа ирүүлэхээс илүүтэй нэг удаа заахдаа хангалттай цагаар орохыг илүүд үзэж ийм хуваарь гаргасан юм. Цэцэрлэгийн насныхан буюу бяцхануудын хичээл бол 60 минутаар ордог.

Бүжиг сурахад тухайн хүний эвсэл тодорхой хэмжээгээр нөлөөтэй. Гэхдээ үүнээс илүү хүчин чармайлт чухал. Сайн хичээвэл хөдөлгөөний эвсэлгүй мэт харагдах хүмүүс ч бага багаар сайжирч, сайн бүжиглэдэг болох боломжтой. Багш бидний хувьд мэдээж сайн зааж чиглүүлэхийг бодно. Гэхдээ тухайн хүн бүжгийн чадвараа хэр сайн ахиулах нь өөрийнх нь хичээл зүтгэлээс их хамаардаг.

Үнийн хувьд, насанд хүрэгчид сард 150,000, өсвөр насныхан 100,000, цэцэрлэгийн насныхан 80,000 төгрөг төлөөд манайд хичээллэх боломжтой. Групп болон хосын бүжиг заалгах, дэглэлт хийлгэхэд хүний тоо, бүжгийн төрлөөс хамааран өөр өөр байдаг.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?

Хүүхдийн хөгжилд чиглэж, тэр дундаа хүүхдэд урлагийн соёл, гоо зүйн мэдрэмжтэй болгох тал дээр илүү анхаарахыг хүсдэг. Ирээдүйд “Хүүхдийн ордон” гэдэг шиг хүүхдийн урлагийн төв болгоно гэж боддог. Үүний суурь болгох үүднээс хөгжмийн булан нээгээд тэндээ гитар, төгөлдөр хуур зэрэг хөгжмийн зэмсгийг тоглох боломжийг үүсгэсэн. Мөн эхнэр бид хоёр ротаракт хөдөлгөөний гишүүдийн хувиар асрамжийн газар болон дауны синдромтой хүүхдүүд рүү чиглэсэн үйл ажиллагаанд нэлээн оролцож байсан юм. Тэдгээр хүүхдүүдэд урлагийн боловсрол олгох хөтөлбөр, багшийн нөөц маш хомсдолтой байдгийг анзаарсан учраас цаашдаа студи маань өргөжөөд ирэхээр энэ төрлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх бодолтой явдаг.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Үйлчилгээний салбарт ажиллаж байгаа учраас суралцагсдадаа сайн үйлчилж, сэтгэл ханамжийг нь өндөр байлгахыг хичээдэг. Тийм ч учраас студиэ тав тухтай газар байлгаж, бүжгийн олон хөтөлбөрийг санал болгоход анхаарч байна.

ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд биеийн буруу хөгжил их түгээмэл байна. Майга явдалтай болсон, буруу сууснаас болж нурууны муруйлт үүссэн зэргийг нь эцэг эхчүүд нарийн анзаардаггүй юм билээ. Тиймээс бага насны хүүхдүүдэд зориулсан бүжгийн хичээл дээрээ хүүхдүүдийн энэхүү буруу хөгжлийг засах хөтөлбөрийг нэмж байгаа.

Мөн шинэ жил дөхчихсөн учраас бүжгийн хичээлүүдээс гадна энтертэйнмэнт хөтөлбөрүүд дээр төвлөрч байгаа. “Улаан сарнай” хамтлагтай хамтран төрөл бүрийн шинэлэг үзүүлбэрүүдийг гаргахаар ажиллаж байна. Ер нь анхнаасаа бүжгийн клуб гэлгүй бүжгийн студи гэж нэрлэсэн учир нь аль болох олон төрлийн бүжиг заах, түүнчлэн урлаг соёл, студи продакшнуудтай хамтран шинэлэг, энтертэйнмэнт бүжгийн үзүүлбэрүүдийг зохион гаргахыг хүссэн хэрэг.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Бүжгээр хичээллэх нь олон эерэг талтай. Хүн бүжиглэснээр сэтгэлийн болон биеийн гоё таашаалыг мэдэрч, алжаалаа тайлна. Бие махбодоо чийрэгжүүлж гоё галбиртай болно. Зарим хүмүүс бүжгийг зөвхөн турах арга зам гэж харах нь бий. Турах нь бүжгээр тууштай хичээллэвэл ирдэг олон давуу талын л нэг.

Тиймээс нэг талаас урлаг ч гэж болох, нөгөө талаас спорт гэж болох бүжгээр аль болох олон хүнийг хичээллүүлж, тэдний эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг олгож байгаагаараа бид бахархдаг.

Хэдийгээр Монголд олон бүжгийн клуб байгаа ч тэр хэрээр тааруухан бүжгийн клубууд их байна. Хураамжаа авч, бүжгээ заасан болоод л өнгөрдөг хандлагатай багш нар их бий. Энэ нь бүжиг суръя гэсэн хүсэлтэй хүмүүсийг цаашид тууштай сурах хүсэл эрмэлзэлгүй болгох эрсдэлтэй тул бүжгийн үлгэр жишээ клуб байхыг эрмэлзэж байна даа.

ТАНАЙ ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ АНГИ, ХӨТӨЛБӨР?

Дөнгөж тэтгэвэртээ гарсан хүмүүс бүжиг сурах их хүсэлтэй байдаг юм билээ. Гэвч ач зээгээ харах, гэрийн ажил зэргээс болоод тэр боломж нь төдийлөн олддоггүйг хэлдэг. Мөн бүжиг сурах эрэлт тодорхой хэмжээгээр улирлын шинжтэйг ажиглаж байна. Зун, намар гэсэн хурим, найр их болдог саруудад хосууд, гэрчүүд бүжиг сурах гэж их ирдэг. Намар сургуулиудын урлагийн үзлэг эхэлдэг учраас анги хамт олноороо ирэх тохиолдол ч зөндөө. Гадагшаа явах гэж буй хүмүүс мөн монгол бүжгээ сурчихаад явъя гэж манайд хандах нь бий.

Мөн манайд бага насны хүүхэдтэй ээжүүд ирвэл их тохиромжтой болов уу. Шинэхэн ээжүүд найзуудаараа цуглаад ярьж сууя гэхээр хүүхэд харах хүнгүй тул дагуулаад явахаас өөр аргагүй болдог. Хоолны газар гэхээр хүүхдүүд үймүүлээд, тоглоомын газар болохоор хүүхдээ тоглуулаад л таарна. Тиймээс ээжүүд ирээд хүүхдүүдээ манай тоглох хэсэгт тоглуулаад, бүжгийн багш нарт даатгаад, тэр хооронд өөрсдөө кофе уун ярьж хөөрөх боломжтой. Манай эхнэр шинэхэн ээж учраас анх байгуулж байхад л энийг их сайн захисан. Хүүхдийг нь харах хүн байхгүйгээс ээжүүдэд бүжиг сурах хүсэл байлаа ч боломж гардаггүй. Тиймээс манай студид бага насны хүүхэдтэй ээжүүд ирвэл тун тохиромжтой гэж бодож байна.

33478   0


НИЙТЭЛСЭН:

Ganbaatar Erdenee

Нийтлэлд оролцсон:

Д.Ганзориг

Гэрэл зургийг:

Г.Ананд




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.