Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   10 сарын 07, 2018

7 хоногийн тойм: Хятадын тагнуулч чип + Сая долларын хууралт + Үзэгчидтэй хийсэн зодоон

Ковер зургийн тайлбар: Хятадууд үнэхээр чип байрлуулсан гэж үү? Тэр жижигхэн цэгийг анзаарч байна уу?

Онцлох: Нобелийн шагналтнууд тодорлоо

2018 оны Нобелийн шагналтнуудын нэрс энэ долоо хоногт тодорч эхэллээ. Энэ жилийн хамгийн анхаарал татаж байсан энх тайвны салбарын ялагчаар Конго эмч, Ирак бүсгүй тодров. Д.Мукгваге бол 20 гаруй жилийн турш турш мөргөлдөөний үеэр бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон мянга мянган охид бүсгүйчүүдийг эмчилж, олон улсын хөдөлгөөнийг санаачлан тэргүүлж яваа эмч. Харин 25 настай Н.Мурад 2014 онд ISIS-д олзлогдож, хүчирхийллийн хохирогч болсон бөгөөд 2016 оноос хойш хүний наймааны хохирогчдын эрхийг хамгаалах чиглэлээр НҮБ-ийн элчээр томилогдон идэвхтэй ажиллаж буй бүсгүй. Тэрээр энэ шагналыг хүртсэн 17 дахь, Малалагийн дараах хамгийн залуу эмэгтэй болжээ.

Физикийн салбарт 55 жилийн дараа эмэгтэй ялагч тодорсон нь мөн онцлох үйл явдал байв. Канадын эрдэмтэн Д.Стрикланд лазер физикийн салбарт оруулсан хувь нэмрээрээ энэ салбарт Нобелийн шагнал хүртсэн ердөө 3 дахь эмэгтэй болж буй нь энэ. Түүнтэй цуг АНУ-ын А.Ашкин, Францын Ж.Мору нар шагналын эзэн болжээ.

Хамгийн эхэнд тодорсон анагаах ухааны салбарын ялагчдаар Япон, АНУ-ын эрдэмтэд тодорсон. Т.Хонжо, Ж.Аллисон нарын нээлт дархлааны систем хорт хавдрын эсрэг тэмцэж, эсийг устгадаг гэдгийг тогтоож, улмаар сая сая өвчтөний амийг аварч буй эмчилгээний үндэс болсныг зохион байгуулагчид онцолжээ.

АНУ-ын эрдэмтэд Ф.Арнолд, Г.Уинтер болон Их Британийн Ж.Смит нар химийн молекулуудын хувьсалд хийсэн нээлтээрээ химийн салбарт Нобелийн шагналтнаар тодорлоо. Фрэнсис Арнольд нь биохимийн урвалыг хурдасгадаг ферментийн хувьслын нээлтээрээ, Жорж Смит, Грегори Уинтер нар пептид болон эсрэг биеийг үйлдвэрлэх, шинжлэх лабораторийн техникийн шинэ арга барилыг гаргаснаар уг шагналын эзэн болжээ. Энэхүү арга барилын ачаар биологийн молекул, уураг, пептидийг хүссэн шинж чанаруудын хамт үр дүнтэй, хялбар замаар сонгох боломжтой болж, шинэ эм тариа бүтээхэд ихээхэн ахиц дэвшил авчирчээ.

Даваа гарагт энэ жилийн хамгийн сүүлийн Нобелийн эзэд эдийн засгийн салбараас тодорно. Утга зохиолын салбарт өнгөрсөн жил гарсан скандалаас үүдэн энэ жил ялагч тодруулахгүй өнжихөөр болсон билээ.

Тусгай цуврал: Нобелийн шагнал: Үүдэл түүх, учир шалтгаан, түүхэн баримтууд


Дэлхий дахинд

АНУ-ын сенат түүхэн дэх хамгийн "маргаантай", "хуваагдмал" санал хураалтыг хийсний эцэст дээд шүүхийн шүүгчээр Б.Каваног томиллоо. Ахлах сургуульд суралцаж байх үедээ буюу 36 жилийн өмнөх бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгагдсан Каваног Бүгд найрамдах нам дэмжиж, 50:48-аар батламжилсан нь энэ. Холбооны Мөрдөх Товчооноос түүнийг буруутгах хангалттай нотлох баримт олоогүй нь уг шийдвэрт нөлөөлсөн ч олон нийт ихэд дургүйцэж, шүүмжлэлтэйгээр хүлээж авч байна. Санал хураалтын үеэр жагсаал хийж, эсэргүүцлээ илэрхийлсэн 164 хүн баривчлагджээ.

Vox: Каваногийн томилгооноос анзаарах 8 зүйл

Ор сураггүй алга болсон хэмээн бүртгэгдээд байсан Интерполын ерөнхийлөгч Менг Хонвэй Хятадад баривчлагдаж, авилгалтай тэмцэх газарт байцаагдаж байгаа нь батлагдлаа. Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллагыг 2016 оноос хойш тэргүүлж буй Менг өнгөрсөн долоо хоногт Бээжинд очсоноосоо хойш холбоо тасарч, улмаар эхнэр нь холбогдох байгууллагуудад хандаад байсан юм. Тэрээр албан тушаалаа хүлээлгэн өгөх хүсэлтээ мөн өгсөн гэдгийг Интерпол мэдэгдсэн байна.

1.4 сая долларын үнэ хүрсэн уран зураг зарагдсан даруйдаа "өөрийгөө устгасан" хачирхалтай хэрэг гарлаа. Лондоны хамгийн нэр хүндтэй Sotheby's-ийн дуудлага худалдааны үеэр Английн уран бүтээлч Banksy-ийн Girl with Balloon нэртэй зураг ийн олны анхаарлыг татсан юм. Урлагийн бүтээлүүд хэт арилжааны шинжтэй болж, үнэ нь ч хэт хөөрөгдөлтэй буйд шүүмжлэлтэй ханддаг Banksy анхнаасаа энэ бүхнийг төлөвлөж, бэлтгэсэн байснаа сошиал постоороо илчилжээ.

Дата менежментийн Sandvine компанийн судалгаагаар дэлхийн нийт интернет хэрэглээний талаас их буюу 58 хувийг видео контент эзэлж байгаа гэнэ. Дэлхийн интернет хэрэглээний 15 хувийг Нетфликс, 13.1 хувийг Youtube эзэлж байгааг мөн тэд онцлов. Тоглоом 7.1 хувийг, сошиал медиа 5.8 хувийг эзэлж байгаа аж. Тэд дэлхий даяар интернетийн үйлчилгээ үзүүлэгч 150 гаруй компанийн нийт 2.1 тэрбум интернет хэрэглэгчдийн дунд уг судалгааг явуулсан байна.

Sandvine: 2018 оны дэлхийн интернет хэрэглээний тайлан

Хууралт, мэхлэлтүүдээрээ алдартай дүрээ нуусан артист Banksy сая долларын төлөвлөгөөгөө танилцуулав

технологийн ертөнцийн эргэн тойронд

Фэйсбүүк дуу хоолойгоороо мессенжерээ удирдах нэмэлтийг туршиж байгаа гэнэ. Ингэснээр хэрэглэгчид тодорхой тохиргоог идэвхжүүлж улмаар хэн рүү бичих, юу бичих, ямар стикер сонгох зэргээ гар оролцуулахгүйгээр удирдах боломжтой болж байгаа юм.

Үүнээс гадна тэд ойрхон буй найзуудаа газрын зургаас харж болдог Nearby Friends нэмэлтээ илүү сайжруулж, шинэ дизайнтайгаар хүргэхээр туршиж байгаа гэнэ. 2015 онд анх танилцуулсан энэ нэмэлт олон хүнд сайн хүрч чадаагүй. Гэхдээ тэд Snapchat-ийн Snap Maps-аас санаа аван, оффлайн орчинд найзуудтайгаа танилцаж, холбоо тогтоох боломжийг олгох уг нэмэлтээ эрс сайжруулж байгаагаа баталжээ.

Хөгжмийн стриминг үйлчилгээний тэргүүлэгч апп Spotify подкастыг "ирээдүй" гэж үзэж байна. Тэд энэ долоо хоногоос эхлэн "Spotify for Podcast" нэмэлтээрээ дамжуулж хүн бүрт өөрийн подкастыг платформ дээрээ байршуулах боломжийг олгож байгаа юм.

Инстаграм хэрэглэгчэдээ QR нэрийн хуудсаа зохиодог нэмэлтээ танилцуулав. Snapchat, Wechat, Messenger зэрэг бусад аппуудад аль хэдийн хэрэглэгдэж буй уг нэмэлт хэрэглэгчид оффлайн орчинд аккоунтаа солилцох, илүү хурднаар бие биенээ дагахад туслах учиртай. Мөн тэд Америкийн их сургуулиудад зориулан анги, танхим, клубээрээ групп үүсгэн нэг нэгнээ дагах, стори үзэх боломж олгох коммюнити нэмэлтийг нэвтрүүлжээ.

Домогт Yahoo Messenger-ээ хаагаад удаагүй байгаа Oath харилцааны өөр нэгэн апп Yahoo Together-ийг танилцууллаа. Энэ апп-ийн тусламжтайгаар хэрэглэгчид сэдэв, багийн хүрээнд групп чат үүсгэж, мэдээллээ солилцох боломжтой гэнэ.

Фэйсбүүкийн өөр нэг хуулалт энэ удаад амжилт олох болов уу?

бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Хятад улс Аpple, Amazon зэрэг 30 гаруй технологийн компаниудын дата серверт байрлуулсан жижиг чипээр дамжуулж мэдээлэл цуглуулж байсан тухай мэдээлэл цацагдлаа. Будааны ширхэгтэй тэнцэх хэмжээтэй жижиг чипний тухай энэхүү Bloomberg-ийн нийтлэлийг АНУ-ын засгийн газар болон нэр дурдагдсан компаниуд эрс үгүйсгэж буй. Эх сурвалжууд энэ мэдээг Хятад, АНУ-ын хооронд өрнөж буй худалдааны дайнтай холбоотой "тархи угаах" мэдээлэл байж болзошгүй хэмээн хардаж байна.

Bloomberg: Хятад хэрхэн жижиг чип ашиглаж Америкийг тагнаж байв?

Snapchat-ийн CEO Э.Шпигелийн ажилтнууддаа хандан илгээсэн 6000 үгтэй захидал олон нийтэд ил боллоо. Хувьцааны үнэлгээ нь хамгийн доод түвшиндээ хүрч, Фэйсбүүк тэргүүтэй өрсөлдөгчдөдөө "илт" ялагдах болсон тэрээр компанийн ирээдүйг хэрхэн тодорхойлж буйгаа энэ захиандаа дурдсан байна. Шпигел апп-ийн загварыг яаран сольсон нь алдаа байсныг хүлээн зөвшөөрч, зөвхөн АНУ биш хөгжиж буй орны зах зээлийг онилон илүү найдвартай, итгэлтэй мессеж солилцоонд гол бооцоогоо тавьж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн тэд өсвөр насны хэрэглэгчдээс гадна насанд хүрэгчид рүү ч чиглэх ёстойг онцолжээ.

Techcrunch: Snapchat-ийн CEO-ийн захианаас онцлох 9 зүйл

Японы топ фирмүүд болох Toyota, Softbank хамтран жолоочгүй машины технологи хөгжүүлэх нэгдэл үүсгэснээ зарлалаа. MONET нэртэй уг төслийн хүрээнд тэд төрөл бүрийн зорилгоор ашиглаж болох машинуудаа 2020 оны 2-р хагас гэхэд үйлчилгээнд гаргах төлөвлөгөөтэй байгаа аж.

800 сая хэрэглэгчтэй хөгжмийн стриминг үйлчилгээ үзүүлэгч Tencent Music АНУ-ын зах зээлд IPO хийх хүсэлтээ гаргалаа. 12 тэрбум долларын үнэлгээтэй тэд 1 тэрбум долларыг босгож, шинэ зах зээлд үйл ажиллагаагаа тэлэх зорилготой. Сонирхуулахад, 2017 онд 1.7 тэрбум долларын борлуулалт хийсэн тэд гол өрсөлдөгчдийн нэг Spotify-ийн 7 хувийг эзэмшдэг билээ.

Microsoft сүүлийн жилүүдэд эрс сайжирч буй Surface загварын шинэ төхөөрөмж, бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа. Surface Laptop нь өмнөхөөсөө 85 хувиар хурдан болж, 14.5 цаг баттерейгаа барих болсон нь онцлууштай. The Studio нь ч эрс хүчирхэгжсэн байна. Үүнээс гадна тэд 350 долларын үнэтэй The Headphones чихэвчээ анх удаа зарлажээ.

энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

UFC-ийн түүхэн дэх хамгийн том тулаануудын нэг санаанд оромгүй үзэгдлээр өндөрлөлөө. Карьертаа нэг ч ялагдал амсалгүй 26 ялаад байсан Оросын тулаанч Хабиб Нурмагомедов 2 жинд аваргын бүс зүүсан анхны тамирчин Коннор Мкрегорыг 4-р үед боолтоор ялсан. Гэхдээ гол үйл явдал тоглолтын дараа болж, Хабиб үзэгчдийн суудал руу дайрч, улмаар өрсөлдөгчийнхөө багийнхантай зодолдож, тайзан дээр байсан Коннор уруу Хабибын багийнхан мөн довтолсон нь тоглолтыг үзсэн 20 мянган хүн, дэлхий даяар шууд үзсэн сая сая хүнийг цочирдуулав. UFC-ийн босс Д.Вайт аюулгүй байдлын үүднээс аваргын бүсийг гардуулалгүй шууд ялагчийг зарлаж, Хабибд сахилга батын зөрчил онооно гэдгээ мэдэгдсэн юм. 693 өдрийн дараагаар UFC-д эргэн ирсэн К.Мкгрегор даагаа нэхэх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн бол 3 хүн нь баривчлагдсан Хабиб албан ёсоор уучлал гуйжээ.

Дэлхийн амьд хөгжмийн хамгийн том фестивалиудын нэгт зүй ёсоор тооцогдох Glastonbury 2019-ийн тасалбар худалдаанд гарч, 36 минутын дотор бүрэн борлуулагдаж дуусав. 2018 онд явагдалгүй өнжсөн тус наадамд оролцох хамтлаг дуучдын нэрс зарлагдаагүй байгаа ч Сир Пол Маккартни хүрэлцэн ирэх цуурхал гараад буй. 200 мянга гаруй үзэгчтэй явагддаг тус фестивалийн энгийн тасалбарын үнэ 248 фунтээс эхэлдэг аж.

Марвелын ертөнцийн өөр нэг бүтээл Venom нээлтийн долоо хоногтоо дэлхий даяар 205 сая долларын орлого олж, бокс оффисийг итгэл төгс тэргүүлэв. Зөвхөн Америкт 80 сая долларын борлуулалт хийсэн нь хойноо орсон Lady Gaga-ийн тоглосон A Star is Born-оос яг хоёр дахин өндөр үзүүлэлт боллоо. Том Хардигийн гол дүрд тоглосон тус кино 2013 оны Gravity-ийн амжилтыг 25 сая доллараар ахиулж, Хойд Америкийн 10-р сард нээлтээ хийсэн хамгийн амжилттай кино болж байгаа нь энэ. Өнгөрөгч долоо хоногт бокс оффист 174 сая долларын борлуулалт бүртгэгдсэн нь 2015 оны The Martian нээлтээ хийсэн долоо хоногийн дээд амжилтыг 15 хувиар ахиулсан тохиолдол болжээ.

Британийн алдарт зохиолч C.S.Lewis-ийн бүтээл The Chronicles of Narnia-аас сэдэвлэсэн цуврал, кино бүтээх эрхийг Netflix худалдан авсан байна. 2000-аад оны эхээр гарсан кино нь чамгүй амжилт олсон ч амжилтаа үргэлжлүүлж, том хэмжээний франчайз болж чадаагүй юм. 1950 онд гарснаасаа хойш 100 сая хувь борлуулагдан, 47 хэл дээр орчуулагдсан тус бүтээл 7 бүлгээс бүрддэг билээ. Ташрамд дурдахад, Netflix өөрсдийн хамгийн алдартай шоунуудын нэг Black Mirror-ийн шинэ ангиудыг үзэгчид өөрсдөө үйл явдлын өрнөлийг сонгодог интерактив хэлбэрээр буюу хэд хэдэн төгсгөл, үйл явдалтайгаар бүтээж байгаа гэнэ.

Бүх цаг үеийн хамгийн шилдэг репперүүдийн нэг хэмээн үнэлэгддэг Tupac-ийн шинэ цомог тун удахгүй гарах гэнэ. Түүний өмнө цацагдаж байгаагүй, оригинал материалуудтай холбоотой оюуны өмчийн маргаан бүрэн шийдэгдсэнээр 2-3 цомог сонсогчдын хүртээл болох боломжтой болжээ. 1996 онд 25-хан насандаа буудуулж нас барсан түүний цомгууд дэлхий даяар 75 сая гаруй хувь борлуулагдаад байгаа юм.

алдалгүй унших арван мэдээ

BBC: Бразилын сонгуультай холбоотой таны мэдвэл зохих 5 зүйл
Konbini: Харри Поттерийн шинэ тоглоомын видео цацагдав
CNN: Индонезид 5000 хүн ор сураггүй байсаар байна
Yahoo: Kanye West сошиал аккоунтуудаа устгажээ
CNR: Сингапур улс бага сургууль дахь дүнгийн тогтолцоог устгана
NYTimes: Лимузины осол 20 хүний амийг авчээ
NHL: Шинэ улирлын таамаг
Techcrunch: Google Pixel Slate-тэй танилц
Variety: Walking Dead-ийн жүжигчин таалал төгслөө

15667   1


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.