Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын хэсгээс   10 сарын 06, 2018

Unlock Podcast #43: "Bad Blood" номын тухай

Подкастын ээлжит дугаарт Тэгшээ, Дээгий хоёр энэ онд хэвлэгдсэн, бизнесийн ертөнцийн нэгэн онц сонирхолтой түүхийг дэлгэсэн "Bad Blood" номын тухай ярилцлаа. Хурууны өндөгнөөс дусал цус аваад л тухайн хүний олон өвчнийг оношилно, эрүүл мэндийг салбарт хувьсгал хийнэ хэмээн амлаж байсан, улмаар асар их итгэл найдварыг тээж байсан Theranos компани тэр чигтээ луйвар байсныг энэ ном дэлгэсэн юм. Цахиурын хөндийн нэгэн стартап ба түүний үүсгэн байгуулагч, олныг татах увдистай Элизабет Холмес хэрхэн мандаж уруудсан түүхийг сонирхоцгооё.

НОМЫН ТУХАЙ

2015 онд Forbes сэтгүүл 9 тэрбум доллараар үнэлэгдсэн Theranos компанийн үүсгэн байгуулагч Элизабет Холмесийг нүүр хуудсандаа залж, Америкийн хамгийн залуу, өөрийн хүчээр хөрөнгөжсөн эмэгтэй тэрбумтан хэмээн өргөмжилж байв. Гэвч ердөө нэг жилийн дараа Forbes түүнийг хөрөнгийг 0 хэмээж, Fortune сэтгүүл Элизабетийг дэлхийн хамгийн урам хугалсан лидерүүдийн нэг гэж зарласан юм. Учир нь 2015 оны 10-р сард гарсан Wall Street сэтгүүлийн нийтлэл тус компанийн луйвар булхайг илчлээд байв.
Тус сэтгүүлийн сэтгүүлч Жон Каррейрү улмаар тэрхүү нийтлэлээ, эрэн сурвалжилгаа үргэлжлүүлсээр "Bad Blood" гэх энэхүү номыг бичжээ.

Бага байхдаа л өөрийгөө тэрбумтан болно гэдэг байсан Элизабет Холмес эрүүл мэндийн салбарыг хувьсгах компаниа байгуулан Станфордын их сургуулиа хаяж, Ларри Эллисон, Тим Драпер нарын нэрт хөрөнгө оруулагчдаас хөрөнгө татаж, улмаар компаниа 9 тэрбумаар үнэлүүлсэн нь ердөө хэдэн жилийн өмнө. Тэр дэлхийн топ бизнес сэтгүүлүүдийн нүүрэнд заларч, TED Talk хийж, Билл Клинтон, Жак Ма нартай нэг панелд суун, эмэгтэй Стив Жобс гэгдэж байв.

Тэрээр бусдыг татах төрөлхийн авьяас, дуу хоолой, өнгө төрх, хөдөлмөрч чанараараа асар олон хүний дэмжлэгийг авч чаджээ. Гэвч, гадна талдаа бүх юм сайн явж байсан ч нэг л юм болохгүй байж. Энэ хугацаанд хамгийн чухал зүйл буюу шинжилгээ хийх шинэ технологи нь ажиллаж өгөхгүй байжээ. Хүмүүс аль хэдийн итгээд, асар өндөр бооцоо тавиад эхэлчихсэн байдаг, гэтэл технологи нь сайн ажиллаж өгөхгүй байсан нь Элизабетийг цаашид худлаа ярьсаар, бусдыг хуурсаар байх нөхцөл байдалд хөтөлсөн байна. Компаниа асар өндөр нууцлалд, хахир хатуу менежментийн дор ажиллуулж, технологийн асуудлын талаар компанийнхаа бүх ажилтнуудаас нууж байжээ. Тэр өөрийгөө технологийн компани удирдаж байна, шинэ технологи бүтээнэ гэж бодож байсан ч үнэндээ хүний эрүүл мэнд хэмээх юугаар ч сольшгүй үнэт эрдэнийг эрсдэлд оруулж байсан нь аймаар.

Бүтэлгүйтэхийн тулд, үүсгэсэн нэр хүндээ унагахгүйн тулд Элизабет яахаас ч буцахаа байж, бүх л аргыг хэрэглэх болжээ. Та бүхнийг, энэ санаанд багтамгүй түүхийг подкастаас сонсоосой гэдэг үүднээс тайлбараа энэ хүрээд зогсооё. Ташрамд дуулгахад, кино шиг, магадгүй киноноос илүү адал явдалтай энэ түүх жинхэнээсээ кино болох гэж байгаа гэсэн шүү.

ПОДКАСТЫГ СОНСОХ

Подкастыг iTunes дээр сонсох бол энд дарж бүртгүүлээрэй. Мөн Unlock Podcast фэйсбүүк хуудсанд нэгдэж шинэ подкастуудыг цаг тухайд нь хүлээн авч байх боломжтой.

9370   0


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.