Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   10 сарын 05, 2018

Гадаад хэл сурах, чадвараа ахиулахыг хүссэн хүн бүрт: Хамгийн шилдэг 5 онлайн курс

Хэдэн жилийн өмнө интернэтээр нийтлэл сонирхож яваад 2013 онд New York Times дээр "Улаанбаатарын сод ухаант хүү" хэмээх нийтлэлийг уншаад хүн өөрөө л хичээж чадвал боловсрол, мэдлэгийг ямар ч аргаар олж авч болдгийг ойлгож билээ. Тэр нийтлэлд 16 настай хүү Баттүшигийн онлайн курсэд суралцаад MIT-ийн профессоруудыг гайхшируулсан гайхалтай түүхийг өгүүлсэн байв. Үүнээс бид аливаа зүйлд суралцахыг зөвхөн сургуулийн танхимаар төсөөлж болохгүй гэдгийг ойлгож болно. Өөрийн хүссэн чадварт суралцах, цаашлаад диплом, сертификаттай төгсөх боломжийг онлайн курсууд бидэнд олгож буй. Өнөөдрийн нийтлэлээрээ бид онлайн курс хичээлийн шилдэг сайтуудыг та бүхэнд санал болгож байна. 

Edx

Технологи, хөгжим, кино, эрүүл мэнд, бизнес санхүүгээс эхлээд бүхий л төрлийн сургалтыг багтаасан 2000 гаруй төрлийн курс хичээлийг edX санал болгодог. Төлбөртэй болон үнэгүй курс аль аль нь бий. Та өөрийгөө хөгжүүлье, юм суръя гэж бодож байвал үнэгүй хичээлүүдийг үзэхэд асуудалгүй. Харин танд тэдгээр хичээлүүдийн сертикифат хэрэгтэй бол заавал төлбөртэй курсийг сонгох шаардлагатай. Хичээлүүдийг нь дандаа дэлхийн топ сургуулиудын профессор, багш нар заадаг.

Тэд 5 төрлийн онлайн хичээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд үүнээс бид Micromasters, Xseries, Professional Certificate хөтөлбөрүүдийг онцолж байна.

Xseries - Энэхүү курс та бүхэнд аливаа нэг сэдвийн талаар гүнзгий мэдлэгтэй болох, ямар нэг мэргэжлийн чадварт суралцах боломжийг олгоно. Код бичиж сурах, зураг зурах аргачлалд суралцах, санхүүгийн тооцоо хийж сурах, хэл сурах гэх мэт юу ч байж болно.

Micromasters- Их дээд сургуулиудын кредиттэй хичээл, магистр, докторын түвшний хичээлүүд үүнд багтана. Өөрийн суралцахыг хүсдэг гадаадын их дээд сургуулиудын хичээлийн хөтөлбөртэй танилцаж, түүнийг онлайнаар шууд үзэх боломжийг энэхүү курс олгох юм.

Professional Certificate - Та аливаа нэг мэргэжлийн чадварыг бүрэн эзэмшсэн, цаашлаад түүнийгээ гүнзгийрүүлэх хүсэлтэй бол энэхүү курсийг сонговол зүйтэй. Жишээ нь мэдээллийн технологийн чиглэлээр суралцсан бол Deep Learning, Machine Learning гэх мэт хиймэл оюун ухааны хичээлүүдийг үзэж мэдлэгээ гүнзгийрүүлэх боломжтой.

Coursera

Coursera нь edX-тэй бараг ижил боломжуудыг санал болгодог бөгөөд дэлхийд хамгийн алдартай, үр дүнтэй онлайн курсуудын нэгд зүй ёсоор тооцогддог. Ялгаа нь гэвэл илүү олон чиглэлээр суралцах боломжтой, мөн бакалавр болон магистрын зэргийг онлайн курсэд суралцаад шууд авах боломжтой. Мөн сайтын үзэмж, хичээлээ сонгох, үзэхэд хялбар байдлууд нь бусдаасаа давуу гэж хэлж болно.

uDACITY

Udacity нь бусад онлайн хичээлийн курсээс ялгаатай нь компаниудтай хамтарч сургалт явуулдгаараа онцлог. Үүнд Google, Amazon, IBM, AT&T гэх мэт дэлхийн тэргүүлэх компаниуд багтдаг. Хичээлүүдийг нь дэлхийн топ сургуулиудын багш нар болон тухайн компанийн мэргэжилтнүүд ордог учраас маш уян хатан гэж хэлж болно. Гэхдээ ихэнх хичээлүүд нь төлбөртэй. Түүнийгээ дагаад илүү олон боломжийг санал болгодог бөгөөд курсдээ сайн суралцаж чадвал ажлын байр санал болгодог онцлогтой. Мөн таны тухайн чиглэлээр хийж буй төслүүд, бүтээлүүд дээр зөвлөгөө өгч илүү ойр ажиллана.

KHAN ACADEMY

Khan Academy нь ашгийн бус байдлаар үйл ажиллагаа явуулдаг онлайн хичээлийн платформ юм. Математик, шинжлэх ухаан ба инженеринг, компьютер програм, эдийн засаг ба санхүү, англи хэл зэрэг ерөнхий сэдвийн ангилалтай. Зарим төрлүүд дээр нэгдүгээр ангиас эхлээд төгсөх анги хүртэлх хичээлүүд бүгд байдаг тул ЕБС-ийн сурагчдад маш өгөөжтэй. Мөн хичээлүүд англи болон монгол хэл дээр байдаг тул хэлний асуудал тулгарна гэж санаа зоволтгүй. Хичээлийн стандартын хувьд гадаадын сургуулиудын стандарттай ижил байдаг тул та өөрөө л хичээж, үр дүнтэй суралцаж чадвал дэлхийн боловсролыг ч эзэмших боломжтой юм.

Мөн SAT, LSAT, GMAT гэх мэт шалгалтуудад бэлдэх хичээлүүд, ахисан түвшний мэргэжлийн хичээлүүд байдаг тул зөвхөн ЕБС-ийн сурагчдад зориулсан хэмээн андуурч болохгүй. Ашгийн бус учраас бүх хичээлүүд үнэ төлбөргүй гэдгийг нэмж онцольё.

OPENCOURSEWARE

Энэхүү нэршил дор дэлхийн топ сургуулиудын өөрсдийнх нь эрхлэн гаргадаг онлайн хичээлийн курсуудыг хамруулж ойлгодог. Их сургууль бүр өөрийн гэсэн Open Course-тай байдаг бөгөөд ихэнх нь тухайн сургуулийн хичээлүүдийн лекц, семинарыг бичлэг байдлаар хадгалсан хэлбэртэй байдаг. Тиймээс яг өөрийн биеэр л суухгүй байгаагаас биш болохоос тухайн сургуулийн хичээлтэй нь яг адилхан гэсэн үг. Мэдээж онлайн курс гэдэг утгаараа хичээлүүд дээр нэмэгдээд гэрийн даалгавар, тест, ашиглагдах материал, ном, шалгалт зэргийг оруулж өгсөн байдаг. Уг ангилал дахь курсууд бүгд үнэгүй. Тиймээс та бүхэн өөрийн хүссэн сургуулийн нэрийг OpenCourseWare нэршлийн хамтаар хайлт хийгээд тухайн сургуулийн онлайн курсэд хамрагдах боломжтой. Бидний зүгээс MIT, Yale, Stanford-ийн курсуудыг санал болгож байна.

ХЭРХЭН ҮР ДҮНТЭЙ СУРАЛЦАХ ВЭ?

Онлайн курс хичээлүүд нь тантай шууд харьцаж байгаа багш байхгүй, заавал суралцах байршил байхгүй гэдгээрээ давуу талтай. Тийм учраас та өөрийн хүссэн арга барилаар, өөрийн дуртай байршлаас суралцах боломжтой. Гэвч нөгөө талаас танд анхаарал хандуулж, заавал хий, давт гэсэн шахалт байхгүй тул хичээлээ хийхгүй хаях асуудал их гардаг. Тиймээс та юуны өмнө өөрийн сэтгэлзүйг бэлдэж хэн нэгэн шахаагүй байлаа ч хичээлүүдээ давтаж, тодорхой цагийг тогтмол гаргаж байх хэрэгтэй.

Үүний хамгийн сайн арга нь календарь хөтлөх бөгөөд 7 хоногоор юм уу сараар нь хичээлийн төлөвлөгөөгөө гаргаж, онлайн курсийн хичээлээ давтдаг тогтмол цагтай болох нь зүгээр. Мөн эхний ээлжинд сурч буй мэргэжилтэйгээ уялдуулж үзэх, эсвэл эзэмшсэн чадвараа илүү гүнзгийрүүлэх зорилгоор хичээлээ сонговол зүйтэй. Ялангуяа их дээд сургуульд суралцаж буй оюутнууд, тусгай шалгалтад бэлдэж буй суралцагчид үндсэн хичээлийнхээ хөтөлбөртэй уялдуулж өөр өнцгөөс, өөр багш нараас онлайн хичээл авбал үр дүн сайтай гэдгийг онцольё.

92999   2


НИЙТЭЛСЭН:

Ganbaatar Erdenee

Нийтлэлд оролцсон:

Б.Бямбаа




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.