Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   10 сарын 02, 2018

Би хэрхэн ажилладаг вэ? - Наран Трейд ХХК-ийн ТУЗ-ийн дарга С.Болдхэт

Ээлжит ярилцлагадаа бид Монгол улсын худалдаа, үйлчилгээний салбарын анхдагчдийн нэг Наран Трейд ХХК-ийн ТУЗ-ийн дарга С.Болдхэтийг урилаа. Түүний 1990 онд Наран Шоп дэлгүүрийг нээн эхлүүлсэн энэ компани өдгөө 13 охин компани, 810 гаруй ажиллагсадтай болоод байгаа бөгөөд дэлхийн алдарт Timberland, Seiko, Tag Heuer, Omega, Swarovski, Adidas, Esprit, Yves Rocher гэх мэт 100 гаруй брэнд бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд албан ёсны онцгой эрхтэйгээр нийлүүлдэг. С.Болдхэт 1976 онд ОХУ-д Олон улсын харилцааны дээд сургууль төгсөж, Гадаад Худалдааны Яам, Япон, Сингапур улсад суух Элчин сайдын яаманд худалдаа, эдийн засгийн атташе, худалдааны зөвлөх, консул, Монголимпекс, Монголэкспорт нэгдэлд мэргэжилтэн, конторын дарга зэрэг албыг хашиж байжээ. 1996-2000 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан тэрээр 2017 онд Монгол улсын худалдааны гавьяат ажилтан болсон юм.

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил, албан тушаал: Наран Трейд ХХК-ийн ТУЗ-ийн дарга , Монголын Филателийн Холбооны Ерөнхийлөгч
Хэрэглэдэг гар утас: iPhone 7 Plus
Хэрэглэдэг компьютер: iPad Pro
Сошиал хуудас: @SBoldkhet ( Твиттер)

ТАНЫ АЖЛАА ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ? АЖЛЫН ДУНДАЖ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Би группийн ТУЗ-ийн даргын хувиар бүх компаниудаа удирдан чиглүүлж, хяналт тавьдаг. Компанийн хөрөнгө оруулалтыг түлхүү барьж ажилладаг.

Би өглөө ажлаа нэлээн аажуу эхэлдэг онцлогтой. Фитнесст явчихаад 11-12 цагийн үед ажил дээрээ ирээд чухал бөгөөд яаралтай ажлуудаа барьж авдаг.
Өдөрт маш олон уулзалт хийдэг. Орой дунджаар 19-20 цагийн үед ажлаа дуусгаад харьдаг даа.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМУУДААСАА НЭРЛЭНЭ ҮҮ?

Outlook дээр ажил хэргийн харилцаа явдаг. Гадаад түншүүдтэйгээ Viber, WeChat, WhatsApp зэргээр холбогдоно. Messenger-ээр бас нэлээн ажил амжуулдаг юм байна. Гадаад явах үедээ Agado, TripAdvisor зэрэг апп-ийг ашигладаг.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Хурал, уулзалт хийх, презентаци тавих гээд ямар ч ажил байлаа гэсэн, бэлтгэлээ л сайн хийх нь цаг хэмнэнэ. Бэлтгэлээ хийгээгүй, гэрийн даалгавраа хийгээгүй хүмүүст би тийм ч таатай ханддаггүй.

ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Дэвтэр дээрээ ажлаа төлөвлөдөг, бас iPad дээрээ тэмдэглэдэг. Мөн туслах маань ямар ажлууд байгааг сануулдаг.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Би өөрөө олон улсын эдийн засгийн харилцаа, гадаад худалдаагаар мэргэшсэн хүн. Гадаад худалдааны яам, Монгол улсаас Япон улсад суугаа худалдаа, эдийн засгийн атташе, Сингапур улсад худалдааны төлөөлөгч гээд олон ажил эрхэлж байгаад хувийн салбар уруу шилжсэн. Олон жил хийсэн юм болохоор өөрийн мэргэжилд мэргэшсэн гэж бодож байна.

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ ТАНЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Удирдах ажилтны хувьд олон залууст мэдсэн сурснаа дамжуулж үлдээхийг эрмэлздэг. Би залуучуудад юу хэлэхгүй үлдээчихэв гэж боддог, хэлдэг захьдаг. Ахмад үе нь алдсан оносон туршлагаа хэлээд, залуу үе нь цаг хэмнээд явах учиртай.

Хүндрэл бэрхшээл гэвэл их бий. Тэр бүхний эх нь, гол шалтгаан нь манай боловсролын системд байна. Бид чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хэт олон их, дээд сургуультай байна. Боловсрол үнэгүйдэж байна. Үүнээс болоод залуучууд маш их цагийг сурсан нэртэй алдаж байна. Манай залуучууд, оюутнууд сонгосон мэргэжлээ сайн эзэмшээд, түүгээрээ мэргэших ёстой. Гэтэл мэргэжлээрээ ч ажиллаж чадахгүй байна шүү дээ. Энэ нь эргээд улсад маш их хор хохиролтой. Дөрвөн жил сурсан залуучууд юм сураагүйгээ мэдээд гадаад явж сурахын хүслэн болж байна. Өчнөөн олон жил сураад хэзээ нь юм хийж бүтээх вэ? Тэгэхээр манай улс боловсролдоо нэн түрүүнд анхаарч, хөрөнгө оруулмаар байгаа юм.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Өнгөрсөн 7 хоногт манай компани шинэ логогоо зарлаж, хэрэглээнд нэвтрүүллээ. Хүмүүсийн сайн мэдэх өмнөх логог бид компани байгуулагдсан цагаас хойш 28 жил ашигласан юм. Энэ шинэ лого маань давхар компанийн хөгжлийн шинэ үеийг бэлгэдэж байгаа.

Мөн би группийн медиа салбартаа контент үйлдвэрлэх ажил дээр төвлөрч ажиллаж байгаа.

Саяхан бас Монгол Банкнаас санаачилсан гадаад худалдааны салбарыг хөгжүүлэх хуралд оролцлоо. Монгол Банкны Ерөнхийлөгч Ц.Баяртсайхан, Ерөнхий сайд асан М.Энхсайхан, МҮХАҮТ-ын дарга асан С.Дэмбэрэл нарын оролцсон энэ хуралд намайг худалдааны салбарт 40 жилийн туршлагатай хэмээн хэмээн урьсан юм. Гадаад худалдааны салбарт юу хийх хэрэгтэй байгаа талаар санал бодлоо хэлж, олон эдийн засагчид, мэргэжилтнүүдтэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

ТА ГАДААД ХУДАЛДААНЫ САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ТАЛААР ЯМАР БОДОЛТОЙ ЯВДАГ ВЭ?

Энэ салбар социализмийн үед зөвхөн улсын мэдлийнх байлаа. 1990 онд худалдааны салбар уналтад орж, иргэд бүх л зүйлээр дутагдаж гачигдах болсон. Энэ орон зайд хувийн хэвшлийнхэн орж ирж, богино хугацаанд олон нийтийг эргээд хэрэглээтэй нь залгуулсан байдаг. Миний бие 1996-2000 онд УИХ-ын гишүүн байх үед М.Энхсайханы засгийн газар улсын худалдааны монополийг устган либеральчилсан юм. Энэ нь тухайн үедээ зөв шийдвэр болж бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлсэн юм. 2018 онд эргээд харахад энэ салбарт алдсан оносон юм их байдаг. Гадаад худалдааны төв байгууллага гэж байхгүй, бүхэл бүтэн чухал салбарыг гадаад яаманд ганцхан хүн хариуцаж байгаа нь салбарыг орхигдуулсан хэрэг болж гэдэгтэй олон хүн санал нийлж байна. Судлаад үзэхэд 95 орон гадаад худалдааны яамтай байдаг. Тэр нь бүр бодлогын яам байдаг. Яамтай байна гэдэг хүнд сурталтай хэдэн хүн тэжээхийн нэр биш юм. Хүнс, хөдөө аж ахуйн яам гэж байгааг Худалдаа, үйлдвэрлэлийн яам гэж өөрчлөхөд тодорхой хэмжээгээр шийдэгдэх асуудал. Хариуцсан төв байгууллага байхгүй болохоор Дэлхийн Худалдааны Байгууллагатай харилцахад ч хүндрэлтэй байдаг. Гадаад худалдааны хэлэлцээр хийх чадвартай мэргэжлийн баг алга. Ийм байхад бид улсдаа ашигтай гэрээ хэлэлцээр хийнэ гэдэг хэцүү.

Гадаад худалдаа бол мэргэжил юм, сонирхогчид биш мэргэжлийн хүмүүсийн хийдэг ажил юм. Худалдаа хийж мэддэг хүн байхгүй байна, зах зээлээ мэдрэхгүй байна, хоорондоо өрсөлдөж бүтээгдэхүүнээ үнэгүйдүүлж байна. Австрали улс Хятадад 250 доллараар зарж байхад бид нүүрсийг 60-70 долларт өгчихөөд баярлаж суух нь харамсалтай байна. Энэ мэтчилэн яриад байвал маш их юм бий. Гадаад худалдаа бол аль нэг нам засгийн эрхэнд байхаас үл хамаарсан, улсын тулгуур эрх ашиг гэдгийг хаа хаанаа ойлгоосой.

Түүнчлэн нэг зүйл нэмж хэлэхэд, валютийн ханш өсөж, монгол төгрөг маань ихээр унаж байгаад их санаа зовж байна. Төгрөг үнэгүйдэх тусам монголчууд би ядуураад байгаа хэрэг. 1000 вонтой 1000 төгрөг тэнцдэг байсан бол одоо 2290 төгрөг тэнцдэг болж. Ингэж бид ядуурахын хэрээр сайхан залуучуудаа ажил хүч болгон экспортлоод дуусаж байна. Валютийн ханшийн өсөлтийн нэг шалтгаан нь алтаа хадгалахгүй байгаатай холбоотой. Валютын ханшийг тогтвортой байлгахад алтны нөөцөө нэмэгдүүлэх хэрэгтэй. Бид алт олборлоод Лондонд цаасан валютаар арилжаалдаг. Цаасан мөнгө үнэ цэнээ алдах амархан. Тиймээс ядаж гадаад валютийн нөөцийнхөө 50 хувийг алтаар бүрдүүлэх хэрэгтэй гэж би эдийн засагчийн хувиар хүмүүст их зөвлөдөг.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ? ӨӨРИЙГӨӨ ЯАЖ ХӨГЖҮҮЛДЭГ ВЭ?

Би менежментийн эцэг гэгддэг Питер Дракерийг шүтдэг юм. Удирдах ажилтан хэрхэн ажиллах ёстойгоос эхлээд ирээдүйд менежмент өөрчлөгдөх тухай, нийгэм, эдийн засаг яаж урагшлах тухай маш өргөн хүрээнд ойлгомжтой бичсэн байдаг.

Мөн борлуулалт, маркетингийн ном нэлээд харна. Онолын болон зузаан ном биш, олон нийтэд зориулж хялбар үг хэллэгээр бичсэн бестселлер номуудыг унших дуртай. Номыг хурдан, гол санаануудыг нь түүж уншихыг хичээдэг.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Би Beatles, Rolling Stones, Bee Gees-ийн фэн. Мөн Maroon 5, Coldplay хамтлагуудыг бас сонсох дуртай. Mon Music сувгаар болон Hard Rock Cafe Ulaanbaatar-д сууж хөгжим сонсох дуртай. Хөгжим надад амралт, таашаалыг өгдөг.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Нээлттэй хүн. Хэдийгээр дипломатын мэргэжил эзэмшсэн ч гэсэн багийнхан, ойрын хүмүүстээ хэлэх юмаа шууд хэлчихдэг.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Дунджаар шөнө 12-1 цагийн үед унтаад, өглөө 8 цагт босдог.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Чөлөөт цагаараа Hard Rock Cafe Ulaanbaatar-д орж амьд концертууд сонсож суух дуртай. Hard Rock-д оюуны өмчийн зөвшөөрөлтэй олон мянган дуу, концерт, кино байдаг юм. Хааяа Coffee Bean & Tea Leaf-д орж кофе ууж сууна.

Кинонд бас их дуртай хүн. Адал явдалт төрлийн кинонуудыг илүү таашаадаг.Мөн фитнесстээ явна, усанд сэлнэ. Бас ширээний теннис тоглох сонирхолтой. Группийн тэмцээн болоход ширээний теннисээр медаль авч байлаа.

Хүмүүс манай аав Ө.Сэрээтэрийг Монголын нэрт филателист (цуглуулагч) байсныг мэднэ. Аавыгаа амьд сэрүүн байхад нь гадаад, дотоод хамт явж, Азийн болон Дэлхийн хэмжээний үзэсгэлэн, тэмцээнүүдэд олон удаа оролцож байлаа. Одоо даанч тийм ч цаг хомс болжээ.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Номоос би мэдлэг, урам зоригийг олж авдаг. Ном мэдээгүй зүйлсийг мэдүүлж, олж хараагүй зүйлсийг шинээр нээх буюу өөр өнцгөөс харуулдаг. Бас хүмүүс, компаниудын зовлон бэрхшээлийг даван гарч амжилтад хүрсэн түүхүүдийг унших сайхан байдаг. Томас Эдисон жишээ нь 10,000 гаруй оролдлого хийж байж чийдэнг бүтээсэн гэдэг байх аа. Харин бид хийж бүтээх гэж буй юмаа хэдэн удаа оролддог билээ?

Ажлынхаа үр дүнгээс мэдээж урам зориг авдаг. Сингапурт худалдааны төлөөлөгч, консул байх үедээ би Ерөнхий сайдыг Сингапур, Малайзад айлчлуулах ажилд оролцсон. Эхлээд 3 хүнтэй баг байснаа сүүлдээ би ганцаараа үлдэж байв. Улмаар Ерөнхий сайд П.Жасрайн айлчлал амжилттай болсон. Тухайн үед гар утас, интернэт гэж байсан биш, факс л гэхэд 3 зузаан боть баримт болж байлаа. Гадаад яамтай хавсраад тэр том ажлын ард ингэж гарч чадсан. П.Жасрай гуай надад "Айлчлал амжилттай боллоо" гэхэд маш их урамшиж байснаа мартдаггүй. Хэцүү ажлын ард гарах хэзээд аятайхан, таашаалтай.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Надад аав шигээ түүхч болох, авга шигээ дипломат болох хоёр сонголт байсан юм л даа. Миний авга Дорж гэж олон жил элчин сайдаар ажилласан, гадаад яамны 1-р орлогч сайд хийж явсан хүн байдаг. Би тэр үед дипломат ажилд дурлаад, гадаад эдийн засгийн харилцааны мэргэжил эзэмшиж байлаа.

Эцэг минь "Ноён нуруутай байгаарай" гэж их захидаг байсан. Тийм ч учраас би хүнийг ерөөсөө ялгадаггүй, алагчилж үздэггүй. Надад тухайн хүний нас, хүйс, царай зүс огт чухал биш. Хамгийн гол нь тэр хүн юу хийж бүтээдэг вэ гэдэг нь гол юм. Ажилтнууддаа ч байнга ингэж хэлдэг. Хүн гаднаа хэчнээн гоё харагдлаа гээд ажил хийж л чадахгүй бол муухай харагддаг. Бас нэг л зангаараа байхыг хичээдэг дээ.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Залуучууд маань залхуу, хэт хялбарчлах дуртай болоод байна уу даа гэж анзаарагддаг. Хялбарчлах нь хоёр янз байна. Нэг нь тэгэс ингэсхийгээд юмыг аргалаад өнгөрөх. Нөгөө нь үнэхээр үр дүнтэйгээр ажлыг хялбарчлах. Би эхнийхийг нь хэлээд байгаа юм. Аливаа юмны учир начрыг ухаж ойлгохгүй, өнгөцхөн явахаас зайлсхийх хэрэгтэй.

Бас залуучууд өнгөрснөө нэлээн үгүйсгэж байгаа харагддаг. Монгол улсын түүхэнд ялгуусан, ядарсан, баяртай, гунигт хуудсууд олон бий. Гэлээ гээд өнгөрснөө үгүйсгэж болохгүй. Түүнээс суралцаад, зөвийг нь аваад явах хэрэгтэй.

Зарим залуус улсын байгууллага руу хошуурах юм. Миний хувьд төрд ажиллаж байсан хүмүүсийг ажилд авах нэг их дуртай биш. Тэд төрд ажиллаад ямар нэг байдлаар эвдэрсэн байдаг нь харамсалтай санагддаг. Төрд ажиллахад бас өөрийгөө харуулах боломж хомс байдаг. Тиймээс залуучуудыг хувийн хэвшилд ажиллаж өөрийгөө хэн бэ гэдгийг харуулаасай гэж хүсдэг.

Бас гадаад хэл сайн сурах хэрэгтэй гэж захья. Би л гэхэд 2-3 гадаад хэл мэдэж байхад нэг ч гадаад хэлгүй залуучууд байх юм. Даяаршиж буй өнөөгийн нийгэмд гадаад хэл сурах нь маш чухал шүү дээ.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг санал болгоё.

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.

45131   20


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor

Гэрэл зургийг:

Д.Ганзул




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.