Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Апп Тойм   10 сарын 02, 2018

Апп тойм: Фэйсбүүк яагаад халдлагад өртөх болов? + Таны яг одоо зайлшгүй хийх 6 тохиргоо

Дэлхийн хамгийн их хэрэглэгчтэй сошиал медиа платформ Фэйсбүүк өнгөрсөн баасан гарагт хакеруудын халдлагад өртөж, 90 сая хэрэглэгчийн мэдээллийг алдсанаа хүлээн зөвшөөрсөн билээ. Фэйсбүүкийн түүхэнд тохиолдсон хамгийн том халдлага гэгдэж буй уг үйл явдлын дараагаар ямар ч хэрэглэгчийн хувийн мэдээлэл, хувийн мессеж, банкны картын мэдээлэл алдагдаагүй гэдгийг тус компани баталж байгаа юм. Гэхдээ хакерууд ямар зорилгоор, яах гэж Фэйсбүүк рүү халдсан нь тогтоогдоогүй байгаа тул та бүхэн аюулгүй байдлын үүднээс дараах тохиргоонуудыг Фэйсбүүктээ зайлшгүй хийх шаардлагатай.

ЯГ юу болсон бэ?

Өнгөрсөн баасан гарагт Фэйсбүүк хакеруудын халдлагад өртөж, 50 сая хэрэглэгчийн мэдээллээ алдсан нь баталгаатай болсон. Гэсэн хэдий ч үүн дээр нэмээд 40 сая хэрэглэгчийн мэдээлэл алдагдсан байж болзошгүйг Фэйсбүүк сануулж байгаа юм. Уг халдлагын дараа Фэйсбүүк аюулгүй байдлын үүднээс уг 50 сая хэрэглэгчийн аккаунтыг автоматаар Log Out хийж сэргийлэх арга хэмжээ авсан байна.

ЯМАР ЗОРИЛГОТОЙ ХАЛДЛАГА БОЛСОН БЭ?

Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Зукербергийн хэлснээр хакеруудын гол зорилго одоогоор тодорхойгүй байгаа аж. Гэвч халдлага болоод ердөө хэдхэн хонож байгаа тул нөхцөл байдал өөрчлөгдөж магадгүйг сануулж байна. Одоогоор хакерууд Фэйсбүүкийн 90 сая хэрэглэгчийн нэр, гэрийн хаяг, төрсөн өдөр зэрэг хувийн мэдээллийг бүрэн өөрийн болгосон байх магадлалтай аж.

Фэйсбүүкийнхээ Settings-> Security and Login хэсгээс Фэйсбүүк рүү тань нэвтэрсэн огноо, байршил, хэрэгсэл зэргийг хянах, цаашлаад Log Out хийх боломжтой.

яаж фэйсбүүкийг хакердсан бэ?

Хөгжүүлэгчдийн мэдээлж буйгаар хакерууд хэрэглэгчдийн мэдээллийг 3 аргаар олж авсан байна. Эхнийх нь хэрэглэгчийн профайл хуудсанд байрлах View as буюу өөрийн профайлыг бусдын нүдээр харахтай холбоотой байсан аж. Үлдсэн хоёр арга зам нь 2017 оны 7 сард зарлагдсан Фэйсбүүкт видео оруулах шинэ боломжтой холбоотой байсан гэнэ.

Аюулгүй байдлын үүднээс Setting->Security Login цэс рүү орж нууц үгээ солих зайлшгүй шаардлагатай. Хакерууд таны нууц үгийн мэдээллийг авсан байх магадлалтай юм.

энэхүү үйл явдал whatsapp болон instagram-д нөлөөлсөн үү?

Одоогоор Фэйсбүүкээс уг халдлага Инстаграмын хэрэглэгчдэд нөлөөлсөн эсэхэд итгэлтэй хариулт өгч чадахгүй байгаа аж. Гэхдээ тэд тухай нөхцөл байдалд Инстаграм руу фэйсбүүкээрээ нэвтрэх боломжийг түр хааж аюулаас сэргийлсэн гэдгээ илэрхийлээд байна. Ямартай ч Инстаграмд нөлөөлсөн байж болзошгүй тул та бүхэн Инстаграмаа фэйсбүүкээсээ салгах нь зүйтэй.

Харин хөгжүүлэгчдийн хэлж буйгаар энэхүү халдлага Фэйсбүүкийн Whatsapp апп-д ямар нэг байдлаар нөлөө үзүүлээгүй ажээ.

Инстаграмынхаа Settings рүү орж Фэйсбүүкээ түр салгах нь зүйтэй. Хакерууд Фэйсбүүкээр тань дамжин таны инстаграм хуудсаас зураг, мэдээлэл авч болзошгүй.

фэйсбүүк үүнийхээ төлөө хариуцлага хүлээх үү?

Фэйсбүүк "Европийн мэдээлэл хамгааллын дүрэм"-ийн шинэ заалт болох "Хэрэглэгчдийн мэдээллийг хамгаалах ерөнхий журам"-д заасны дагуу компанийн жилийн орлогын 4%-тай тэнцэх хэмжээний мөнгөн торгуулийг төлөхөөр болж магадгүй байна. Хэрвээ тэд энэхүү торгуульд унавал 14 тэрбумын 4% буюу 560 сая долларын торгуулийг төлөх ёстой болно.

Гэхдээ Фэйсбүүк зөвхөн нэр, төрсөн өдөр, байршил зэргээс илүү их хэмжээний мэдээллийг алдсан нь тогтоогдвол хүлээх хариуцлага нь өндөрсөх ажээ.

та ямар арга хэмжээ авах ёстой вэ?

Дээр дурдсанчлан одоогоор ямар хэмжээний мэдээлэл алдагдсан нь баттай болоогүй, хакерууд цуглуулсан мэдээлэл, чадвараа ашиглан ямар үйлдэл хийх нь тодорхойгүй байгаа тул хэрэглэгч та бүхэн фэйсбүүк хуудсан дээрээ аюулгүй байдлын үүднээс зургаар тайлбарласан тохиргоонуудыг заавал хийх шаардлагатай.

Аюулгүй байдлын үүднээс итгэдэг 3 хүнийхээ фэйсбүүкийг тохиргоондоо нэмэх, нэвтрэхэд нэмэлт хэрэгслээр баталгаажуулалт хийх, танихгүй хэрэгсэл болон байршлаас нэвтрэх үед сануулга өгөх тохиргоонуудыг хийж өгөх нь зүйтэй.

19387   0


НИЙТЭЛСЭН:

Ganbaatar Erdenee




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.