Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   09 сарын 30, 2018

7 хоногийн тойм: Цэнхэр алт + Хакердуулсан мэдрэмж + Жиргээний балаг

Ковер зургийн тайлбар: macOS Mojave-д тавтай морил!

ОНЦЛОХ: Фэйсбүүк халдлагад өртөв

Дэлхийн хамгийн том сошиал сүлжээ Фэйсбүүк 90 орчим сая хэрэглэгчийн мэдээллээ алдснаа хүлээн зөвшөөрлөө. Энэ бол компанийн түүхэн дэх хамгийн том хакерийн халдлага. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой Cambridge Analytica-ийн дуулианы үеэр тэд 87 сая хэрэглэгчийн дата алдагдсан хэмээн мэдээлж байсан билээ.

2017 оны 7-р сард хийгдсэн шинэчлэлийн үеэр нийт гурван алдаа сайт дээр гарсны нэг нь өөрийн профайлыг View As буюу өөр хэрэглэгчийн нүдээр харахтай холбоотой байсан гэнэ. Үүнийг хакерууд ашиглаж өөрийн хүссэн хэрэглэгчийн аккоунт руу нэвтрэх боломжтой болжээ.

Одоогоор энэ хэргийг хэн үйлдсэн, ямар зорилгоор ашигласан, ямар хохирол учирсныг тодорхойлж амжаагүй байна. Фэйсбүүк ямар ч хэрэглэгчийн хувийн мэдээлэл, хувийн мессеж болон банкны картын мэдээлэл алдагдаагүй гэдгийг баталж байгаа юм. Хакеруудын хувьд хэрэглэгчдийн нэр, хүйс, төрсөн өдөр зэрэг ерөнхий мэдээллүүдийг л олж авсан байх боломжтой аж.

Өнгөрөгч долоо хоногт маш олон хэрэглэгчийн апп, аккоунт автоматаар log out хийж гарсан нь ч үүнтэй холбоотой. Гэхдээ энэ бол Фэйсбүүк боломжит халдлагаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан үйлдэл гэнэ. Хэдий тэд нууц үгээ заавал соль хэмээн шаардахгүй байгаа ч нэмэлт-найдвартай анхааруулга хэзээ ч илүүдэхгүй. Бид танд аюулгүй байдлаа сахих үүднээс таны аккоунт руу хаанаас, ямар төхөөрөмжүүд нэвтэрснийг шалгаж үзэхийг санал болгоё.

Фэйсбүүк энэ хэрэгтэй холбоотойгоор FBI-тай хамтран ажиллаж байгаа гэдгээ мэдэгдсэн. Хэрэглэгчийн дататай холбоотой тун чанга хууль батлаад буй Европын Холбоо болон Америкийн сенатын зарим гишүүд Фэйсбүүкээс илүү нээлттэй байхыг шаардаж, тодорхой түвшинд хуулийн хязгаарлалт хэрэгтэй болсныг анхааруулсаар байна.

The Verge: Фэйсбүүкээ хэрхэн устгах вэ?

View As сонголтыг дарж байсан уу?

Дэлхий дахинд

Индонезийн Сулаваси аралд тохиосон 7.5 магнитудын газар хөдлөлт, 3 метрийн өндөр цунами дор хаяж 800 гаруй хүний аминд хүрчээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар мянга гаруй хүн гэмтэл авч, 17 мянган хүн орон гэргүй болсон байна. Хохирлыг бүрэн тооцож гаргаагүй байгаа ч 350 мянган оршин суугчтай Палу хотын ихэнх хэсэг нурж сүйдсэн гэнэ. Өнгөрсөн сард тус улсын өөр нэг арал Ломбокт хүчтэй газар хөдлөлт болж 430 хүн амь насаа алдсан билээ.

WikiLeaks-ийг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж байгууллагынхаа ерөнхий редакторын албаа хүлээлгэн өглөө. 2012 оноос хойш Лондон дахь Эквадорын элчин сайдын яаманд улс төрийн орогнол хүсэн байрлаж буй түүний үүргийг Исландын сэтгүүлч Кристинн Храфнссон гүйцэтгэх болсон гэнэ. Эквадорын шинэ ерөнхийлөгч Л.Морено 6 сарын өмнөөс Ассанжийн интернетийг тасалж, хуульчдаас нь өөр хүнтэй уулзуулахгүй байгаа билээ.

Онлайн худалдааны тэргүүлэх платформ Амазон Нью Йорк хотын төвд шинэ дэлгүүрээ нээж байна. Amazon 4-Star нэртэй уг дэлгүүр хэрэглэгчдээс 4 ба түүнээс дээш үнэлгээ авсан шилдэг бүтээгдэхүүнүүдийг борлуулах аж. WholeFoods-ийн сүлжээ дэлгүүрийг худалдаж аван, биет борлуулалтын зах зээлд хүч түрэн орж ирсэн тэд кассгүй дэлгүүрийн сүлжээ Amazon Go-ийн хэд хэдэн салбарыг байгуулаад байгаа билээ.

Өнгөрөгч долоо хоногт дэлхийн удирдагчид Нью Йорк хотноо цуглаж 73 дахь удаагийн НҮБ-ын Ерөнхий Ассемблэйн чуулганд оролцлоо. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампыг "шоолсон инээд" танхимаар нэг цуурайтаж, Солонгосын хөвгүүдийн хамтлаг BTS "Speak Yourself" кампанит ажлаа зарласан, Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх индэр дээрээс үг хэлсэн гээд онцлох зүйлс олонтой хурал болж өндөрлөв. Энэ үеэр НҮБ-ын төв байранд уур амьсгалын өөрчлөлт, түүний хүн ба байгальд нөлөөлж буй нөлөөллийг нүүрсний зохисгүй хэрэглээтэй холбож, улмаар Монгол улс дахь ус, амьдралын хэв маяг, ялангуяа малчдын аж ахуйд хэрхэн нөлөөлж буй сөрөг үр дагавар, түүний хор уршгийг харуулахыг зорьсон "Цэнхэр Алт" баримтат кино нээлтээ хийжээ.

АНУ-ын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшиж буй Б.Каванотой холбоотой хэрэг энэ долоо хоногийн онцлох сэдэв байв. 36 жилийн өмнө ахлах сургуульд байхдаа бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн хэмээн нэгэн эмэгтэй түүний эсрэг мэдүүлэг өгч, улмаар сенатад сонсголд оролцсон юм. Олонхын статустай байгаа Бүгд найрамдах намынхан түүнийг албан тушаалд нь зүтгүүлэх төлөвтэй байгаа ч FBI-ийн мөрдөн шалгах ажиллагаанд зориулан шийдвэр гаргах хугацааг 7 хоногоор хойшлуулжээ.

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Инстаграмыг үүсгэн байгуулагчид болох Кевин Систром, Майк Кригер нар компаниа орхиж байгаагаа албан ёсоор зарлалаа. Тэд 2010 онд стартапаа байгуулж, ердөө хоёрхон жилийн дараа Фэйсбүүкт 1 тэрбум доллараар зарсан билээ. Энэхүү гэнэтийн шийдвэрийн шалтгаан нь Фэйсбүүкийн нөлөөлөл Инстаграмд хэт орж ирсэнтэй холбоотой байж болзошгүй гэнэ. Хоёр платформын хооронд зураг тавигдах, сэтгэгдэл бичихтэй холбоотой сүүлийн үеийн өөрчлөлтүүд дээр тэд М.Зукербергтэй зөрчилдөж байсан бололтой. Дахин сануулахад, энэ оны эхээр Фэйсбүүкийн худалдаж авсан өөр нэг стартап Whatsapp-ийн үүсгэн байгуулагч Я.Кум менежментийн зөрчлөөс болж компаниа орхисон билээ.

Recode: Инстаграмын үүсгэн байгуулагчид яагаад компаниа орхив?

Apple лаптоп болон суурин компьютер хэрэглэгчдэдээ шинэ үйлдлийн систем болох macOS Mojave-ийг нээлттэй болголоо. 10.14 хувилбарыг энэ долоо хоногоос эхлэн үнэ төлбөргүй татах боломжтой. Дэлгэцээ цэгцтэй байлгах Stacks сонголт, iOS-ийн News, Stock, Voice Memo зэрэг апп-уудын десктоп хувилбар, Dark Mode руу шилжих, илүү найдвартай ажиллах Safari, зэрэг сонирхолтой шинэчлэлүүд энэ хувилбарт багтжээ.

Mashable: macOS Mojave-ээс таны анзаараагүй 10 нэмэлт

Цахиурын хөндийн хамгийн ирээдүйтэй финтек стартапуудын нэгт тооцогдох Stripe 245 сая долларын шинэ хөрөнгө оруулалт татлаа. Google, Uber, Spotify зэрэг топ хэрэглэгчдэдээ төлбөр тооцооны шийдэл санал болгодог тус компани ингэснээр 20 тэрбум долларын үнэлгээтэй болж буй юм.

Өнгөрсөн долоо хоногт 20 жилийн ойгоо тэмдэглэсэн Google Сан Франциско хотноо хайлтын үйлчилгээнийхээ шинэ нэмэлтүүдийг танилцуулсан Future of Search нэртэй арга хэмжээг зохион байгууллаа. Хамгийн онцлох нэмэлт нь ямар ч маргаангүй Инстаграм, Snapchat-ийн адилаар Stories-тэй болсон явдал байв. Мөн тэд Pinterest-тэй төстэй, хайлтыг багцлан санал болгох Collection нэмэлтийг танилцуулжээ. Нүүр хуудсанд таны өмнөх хайлтуудаас үндэслэн онцлох мэдээг санал болгох Discover, илүү сайжирсан зургийн хайлт зэргийг онцолъё.

Хятадын цахилгаан скүүтер үйлдвэрлэгч Niu Америкийн зах зээлд IPO хийж, 150 сая доллар босгохоор зэхэж байна. 2017 онд 116 сая долларын ашигтай ажилласан тэд Хятадын зах зээлийн 26 хувийг хангадаг бөгөөд 500 мянга орчим скүүтерийг гадаад зах зээлд борлуулаад байгаа аж. Үүнээс гадна Хятадын өөр нэг стартап Didi Softbank-тай хамтран Японы зах зээлд дуудлагын такси үйлчилгээг нэвтрүүлжээ.

Гүүгл таны хайлтанд зориулан Stories санал болгоно

бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Өнөө цагийн хамгийн алдартай энтрепренерүүдийн нэг Элон Маск жиргээнээсээ болж торгууль хүлээж, ТУЗ-ийн даргын ажлаа хүлээлгэн өгөх боллоо. 8-р сарын 7-нд Теслаг хувьчлах гэж буй, санхүүжилт шийдэгдсэн, нэгж хувьцааг 420 доллараар үнэлэх болно хэмээн бичсэн жиргээг нь шийдвэр гаргагчид хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлсэн хэмээн үзсэн юм. Ингэснээр тэрээр 45 хоногийн дотор Теслагийн ТУЗ-ийн даргын албан тушаалаа хүлээлгэн өгч, 20 сая долларын торгууль төлөх боллоо. Тесла ч мөн адил 20 сая доллар төлөх ёстой болсон бөгөөд хувьцааны үнэлгээ нь энэ шийдвэрийн дараагаар 14 хувиар унасан байна. Найз охиндоо таалагдах гэж 420 гэсэн үнийг зохиож тавьсан хэмээн буруутгагдаж буй Маск гүйцэтгэх захирлын ажлаа хадгалж үлдсэнийг том ялалт боллоо хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Америкийн радио сүлжээ SiriusXM онлайн радио стриминг үйлчилгээ үзүүлэгч Pandora-г 3.5 тэрбум доллараар худалдан авлаа. 2011 онд нээлттэй компани болсноосоо хойш тогтмол алдагдалтай ажиллаж буй Pandora-ийн хувьцааны үнэ энэ зарлалаас хойш 9 хувиар өсөөд байна. Spotify, Apple Music, Soundcloud-аас ч өмнө хөгжмийн стриминг зах зээлд орж ирсэн Pandora өдгөө 70 сая идэвхтэй хэрэглэгчтэй гэнэ.

Porsche дахин дизель хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэхгүй гэдгээ зарлалаа. 2017 оны байдлаар тус компанийн нийт үйлдвэрлэлийн 12 хувийг дизель машин эзэлж байсан гэнэ. Тэд 2022 он хүртэл 7 тэрбум долларыг цахилгаан машины технологид зарцуулах бөгөөд 2025 он гэхэд нийт машиныхаа талыг нь цахилгаан хөдөлгүүрт болгох төлөвлөгөөтэй байгаа аж.

Тэгвэл Германы хамгийн том автомашин үйлдвэрлэгчдийн нэг Daimler шинэ гүйцэтгэх захирлаа зарлалаа. 12 жил тус компанийг удирдсан Д.Зетше 2021 оноос эхлэн ТУЗ-ийн дарга болох бөгөөд 1993 оноос хойш тус компанид хүчин зүтгэж буй Шведийн иргэн Ола Каллениус түүнийг орлох гэнэ. Компанийн судалгаа, хөгжүүлэлтийн албыг хариуцаж байсан тэрээр энэ албыг хаших анхны гадаад захирал болж байгаа аж.

100 тэрбумын хөрөнгөтэй Vision Fund-ийг удирдаж буй Softbank үл хөдлөх хөрөнгийн хоёр ч стартапад хөрөнгө орууллаа. Тэд онлайн худалдааны OpenDoor-д 400 сая долларыг, 7000 агенттай өөр нэг платформ Compass-д мөн 400 сая долларыг тус тус оруулсан байна.

Элон Маскийн бүтэлгүйтэл үргэлжилсээр...

энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Гольфийн түүхэнд төрөн гарсан хамгийн шилдэг тамирчдын нэг Тайгер Вүүдс 5 жилийн дараа анхны цомоо хүртлээ. Тэрээр энэ улирлын PGA цувралын хамгийн сүүлийн тэмцээн Tour Championship-д -11 оноогоор түрүүлж, карьерынхаа 80 дахь түрүүний эзэн болсон юм. Удаа дараалсан хүнд бэртэл, хувийн амьдралын асуудлаас болж зодог тайлахад ойрхон байсан түүний энэхүү ялалт спортын түүхэн дэх амжилттай эргэж ирсэн хамгийн онцгой тохиолдлуудын нэгт зүй ёсоор тооцогдоно. Энэ улиралд хэд хэдэн тэмцээнд түрүүлэхэд ойрхон ирсэн тэрээр PGA-ийн 2 цувралд түрүүлж, 4 их дуулгад аваргалбал бүх цаг үеийн дээд амжилтуудтай зэрэгцэх учиртай.

К.Харт, Т.Хаддиш нарын гол дүрд нь тоглосон Night School кино дебют долоо хоногтоо 28.5 сая долларын орлого олж, бокс оффисийг тэргүүллээ. Ингэснээр тэд энэ жилийн хамгийн амжилттай нээлт хийсэн инээдмийн кино болж байна. 2-р байрт Warner Bros-ийн шинэ анимэйшн Smallfoot оржээ. Ташрамд дурдахад, 9-р сарын бокс оффисийн нийт орлого 659 сая доллар болсон нь өмнөх 2015 оны амжилтыг 40 саяар ахиулж, дээд амжилтыг тогтоосон байна.

2016 онд нээлтээ хийсэн даруйдаа хит болж, 93 сая долларын орлого олсон Солонгосын Train to Busan киноны Америк хувилбарыг New Line хийх төлөвтэй байна. Киноны продюсерээр Saw, Aquamen, Conjuring-ийн Ж.Ванг ажиллах болсон гэнэ. Сонирхуулахад, тус киноны 2-р анги Peninsula нэртэйгээр бүтээгдэж байгаа аж.

Фэйсбүүкийн эзэмшдэг VR технологи хөгжүүлэлтийн тэргүүлэгч Oculus шинэ нэмэлтүүдээ танилцуулсан Oculus Connect арга хэмжээгээ зохион байгууллаа. Энэ үеэр тэд 199 долларын үнэтэй Go төхөөрөмжинд Youtube VR апп нэмэгдэж байгааг зарлав. Мөн 2019 оны эхний улиралд гарах Star Wars-ийн VR-д зориулсан 3 ангит цуврал болох Darth Immortal-ийн трэйлэрийг цацжээ.

Герман улс 2024 оны хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхтэй боллоо. Хамгийн сүүлд 1988 онд тус тэмцээнийг хүлээн авч байсан тус улс сонгон шалгаруулалтын сүүлийн шатанд Туркийг ялсан нь энэ. Турк улс 4 дэх удаагаа нэр дэвшин 4 дэх удаагаа ялагдал хүлээв.

Вүүдс бол гольф. Гольф бол Вүүдс.

алдалгүй унших арван мэдээ

The Verge: Google аяллын төлөвлөгөө гаргахад тань тусална
Pivot: Snapchat яагаад 2020 оноос өмнө, бүр Амазонд зарагдах магадлалтай вэ? (сонсох)
CNN: Македоничууд нэрээ солих санал асуулгад оролцож байна
Techcrunch: Microsoft-ийн танилцуулсан 7 шинэ нэмэлт
NASA: Нарны аймгийг судлах төлөвлөгөө
Wired: Мессенжерийг яриаг чагнах Засгийн газрын оролдлого бүтэлгүйтэв
Guardian: Европ Ryder Cup-д илүүрхлээ
NHK: Японд дэгдсэн хуй салхи үлэмж хохирол учруулж байна
BBC: Роналду хүчингийн хэрэгт холбогдов
BI: Монголоор аялсан зурагчны итгэмээргүй гэрэл зургууд

17054   1


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.