Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   09 сарын 28, 2018

Мэдүүштэй: Амжилттай эрхмүүд, агуу бүтээгчид ямар хөгжим сонсдог вэ?

Манай "Би хэрхэн ажилладаг вэ?" булангийн "Та ажиллаж байх үедээ хөгжим сонсдог уу? Ямар төрлийн хөгжимд дуртай вэ?" асуултыг Стив Жобс, Элон Маск, Билл Гэйтс зэрэг агуу бүтээгчид, хүчтэй тоглогчдоос асуувал ямар хариулт өгөх байсан бол хэмээн та бодож байсан уу? Тэгвэл энэ удаагийн нийтлэлээрээ бид тэрхүү бүтээгчдийн, өөрчлөн шинэчлэгчдийн ертөнцийг үзэх үзэл, арга барил төлөвшихөд тусалсан дуртай хөгжим, биширдэг уран бүтээлчдийг нь онцолж байна. 

тесла болон spacex компанийн үүсгэн байгуулагч Элон маск 

Тесла болон SpaceX компанийн үүсгэн байгуулагч, 21-р зууны хамгийн амжилттай бизнесмэнүүдийн нэг Элон Маск өөр өөр хөгжмийг буюу өөрт таалагдсан дуугаа сонсох дуртай. Түүний хамгийн дуртай уран бүтээлч нь Фрэнк Синатра бөгөөд "Fly Me To The Moon" хэмээх дууг сонсох дуртай гэнэ. Мөн Монти Пайтоны "Үргэлж амьдралаас эерэг талыг нь харж бай" хэмээх дуунд дуртай аж. Амжилттай яваа хүмүүс үргэлж өөдрөг байж, хийх ёстой зүйлсээ зогсолтгүй хийсээр байдаг. Элон Маскийн агуу бүтээн байгуулалтын үр дүн энэхүү дууны үгс, агуулгатай төгс нийцэх биз ээ.

Фрэнк Синатрагийн дуунуудаас "My way" дууг нэмж онцольё.

"гал мөсний дуун" зохиогч жорж мартин

Бүх цаг үеийн хамгийн агуу телевизийн цувралуудын нэг гэгдэж буй Game of Thrones цувралын зохиолыг бичсэн Жорж Мартин The Grateful Dead хамтлагийн уран бүтээлээс сэдэл авч бүтээлээ бичдэг. Game of Thrones-ийн эх зохиол болох "Гал мөсний дуун (Song of Ice and Fire)"-ыг бичиж байхдаа тус хамтлагийн Ripple хэмээх дууг хамгийн ихээр сонсдог байжээ. Тэрээр нэгэнтээ ярилцлагадаа "Гал мөсний дуун зохиолыг бичиж байхад The Grateful Dead-ийн дууны үгс толгойд минь эргэлдсээр байсан" хэмээн дурссан байдаг. Тийм ч учраас The Grateful Dead хамтлаг байгаагүй бол бидний хайртай уран бүтээл болох Game of Thrones оршихгүй байх байсан биз ээ.

"Тэд хамгийн шилдэг нь биш байж болох ч өөрсдийн хийдэг зүйлдээ цор ганц нь."

хөгжмийн зохиолч ханс зиммер 

Хөгжимчдөөс бид урам зориг, үзэл санаагаа олж авдаг бол тэрхүү хөгжмийг зохиож буй хүмүүс ч бас өөр бусад уран бүтээлчдээс урам зоригоо авдаг. "Араатны хаан арслан", "Карибын тэнгисийн дээрэмчид", "Интерстеллар", "Харанхуйн баатар", "Гладиатор" зэрэг бидний чихэнд хоногшсон олон алдартай киноны хөгжмийг зохиож байсан Ханс Зиммер Бетховен, Энни Моррикони нарыг сонсох дуртай. Киноны хөгжмөөрөө алдартай Морриконигийн хөгжмүүдээс "Once Upon A Time in America"-ийг илүүд үздэг бөгөөд Бетховены 5-р симфонид маш их дуртай аж. Тэрээр нэгэн ярилцлагандаа цаг хугацааг ухрааж хэн нэгэнтэй уулзах боломж олдвол Бетховентой уулзах байсан хэмээн хэлж байсан удаатай.

Ханс Зиммер алдарт кино найруулагч Кристофер Ноланы бараг бүх киноны хөгжмийг зохиосон.

алибаба группийн үүсгэн байгуулагч жэк ма 

Ази тивээс төрсөн хамгийн агуу бизнесмэн гэгддэг Жэк Ма хөгжимтэй тун ойр хүн. Түүнд голчлон сонсдог уран бүтээлч төдийлөн байдаггүй ч дуунд тун хайртай нэгэн. 2017 онд тэрээр олны өмнө Ghost киноны дуу "Unchained Melody"-г тайзан дээр дуулж, 2014 онд 16,000 ажилтныхаа өмнө "Араатны хаан арслан" киноны дууг тун өвөрмөц хувцаслалтайгаар амилуулж хэвлэлийн баатар болж байлаа. Эдгээр дуунууд түүний хамгийн дуртай дуунууд бөгөөд хамгийн дуртай уран бүтээлч нь Майкл Жэксон гэнэ шүү.

microsoft-ийн үүсгэн байгуулагч билл гэйтс

Технологийн салбарын хамгийн нөлөө бүхий эрхмүүдийн нэг, Microsoft компанийн үүсгэн байгуулагч Билл Гэйтсийн карьерт хөгжим их нөлөөлсөн гэдэг. Стив Жобсын адилаар Битлз хамтлагийн фэн гэгддэг тэрээр Битлз хамтлагийн "Two of Us" хэмээх дууг онцолж Стив Жобс бид хоёрын харилцааг энэ дууг л төгс илтгэж чадна хэмээн хэлж байсан удаатай. Тэрээр өөрийн хамгийн дуртай 8 дууг олон нийттэй хувцаалцсаны дотор Queen хамтлагийн "Under Pressure" дууны Дэвид Боувитэй хослон дуулсан хувилбар, U2 хамтлагийн "One", Вилли Нелсоны "Blue Skies", Жими Хэндриксийн "Are you experienced" зэрэг дуунууд багтаж байв.

Apple компанийн үүсгэн байгуулагч Стив жобс 

Apple компанийн үүсгэн байгуулагч Стив Жобсын амьдралд хөгжим маш ихээр нөлөөлснийг өөрөө хүлээн зөвшөөрдөг. Технологийн салбарын бүхий л инновацийн түүчээ байж чадсан Стив Жобс ажлын давтагдашгүй арга барил, төсөөлөмгүй зан араншинтай. Боб Дилан болон Битлз хамтлагийн уран бүтээлүүд түүнд маш их санаа, урам зоригийг өгсөн гэдэг. Стив Жобс нэгэнтээ өөрийнх нь бизнесийн арга барилыг Битлз төлөвшүүлсэн хэмээн ярьж байсан удаатай. Мөн Стив Жобсын шинийг бодох, өөрийг сэтгэх тэрхүү эрмэлзлэл Битлзээс л улбаатай гэж үзэх нь бий. Битлз үргэлж үргэлж шинийг бүтээж, өөрсдийн хийсэн уран бүтээлд анхдагчид нь байсан. Тэр ч утгаараа Стив Жобсын бүтээлүүд дандаа шинэ нээлт, инновациар дүүрэн байдаг байлаа. Түүний дуртай Битлзийн дуунуудаас "Here Comes The Sun", "A Day In The Life" зэрэг дуунуудыг онцольё.

"Битлз миний бизнесийн арга барилыг тодорхойлж өгсөн. Битлзийн жишээ бол 4 өөр хүн нэг зорилгын төлөө нэгдэж, бие биеэ тэнцвэржүүлж байсан маш сайн жишээ. Битлзын ачаар би хэзээ ч ганцаараа өөрийн хүссэн зүйлсийг хийж чадахгүйгээ ойлгосон. Битлз тараад тус тусдаа уран бүтээл хийсэн. Мэдээж тэд олон гайхалтай уран бүтээл туурвисан хэдий ч хэзээ ч хамт байсан шигээ агуу зүйлийг бүтээж чадаагүй. Тиймээс Pixar, Apple-ийн аль алинд би үүнийг л бизнесийнхээ гол зарчим болгон ажилласаар ирсэн."

Стив Жобсын амьдралд маш чухал нөлөөг үзүүлсэн өөр нэгэн уран бүтээлч нь Боб Дилан байв. Утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртсэн цорын ганц хөгжмийн салбарын хүн хэмээгддэг Боб Диланы дууны агуулгууд буддизмын үзэл санаатай давхцах нь бий. Зен-буддизм амьдралынх нь хэв маягийг тодорхойлж өгсөн болоод ч тэр үү, Стив Жобс Боб Диланы уран бүтээлээр ертөнцийг үзэх үзлээ төлөвшүүлсэн гэхэд буруудахгүй. Жобс 1984 оны Apple-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал дээр Боб Диланы "The Times They Are A-Changin" дууны шүлгийг уншиж, 2007 онд анхны iPhone-ийн танилцуулга дээр "Like a Rolling Stone" дууг тоглуулж байв. Үргэлж "хөдөлгөөнтэй" байх, шинэ зүйлд өөрийгөө сорих, юмс өөрчлөгддөг гэдгийг хүлээн зөвшөөрөх зэрэг үзэл санаанууд нь Боб Диланы дуунаас, тэр дундаа дууны шүлгүүдээс нь улбаатай.

Боб Диланы дууны агуулга, дууны үгсэд нь анхаарал хандуулан сонсвол зохилтой...

22264   1


НИЙТЭЛСЭН:

Ganbaatar Erdenee




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.