Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   09 сарын 26, 2018

Би хэрхэн ажилладаг вэ? - CallPro компанийн хамтран байгуулагч, Faro сургалтын төвийн партнер, комедиан Б.Идэр-Од

Энэ сард болсон Social Media Week Ulaanbaatar арга хэмжээний тайзнаа бид энтрепренер, англи хэлний багш, комедиан Б.Идэр-Одтой ярилцсан билээ. Тэрээр байгууллагын утасны систем, хэрэглэгчийн үйлчилгээг автоматжуулах CallPro компанийг хамтран байгуулсан бөгөөд Faro сургалтын төвийн партнер, үг цээжлэх хөтөлбөрийн багшаар ажилладаг. Мөн үндсэн ажлынхаа хажуугаар UB Comedy Club-д комедиан (standup comedy) хийдгийг нь залуучууд сайн мэдэх билээ. Б.Идэр-Од нийслэлийн 11-р сургууль, АНУ-д Канзасын их сургуулийг агаарын хөлгийн инженер мэргэжлээр дүүргэжээ. Их сургуулиа төгсөөд МИАТ компанид  агаарын хөлгийн засвар үйлчилгээний инженерээр 3 жил ажиллаад CallPro компаниа үүсгэн байгуулсан байна. Ингээд түүний ажлын арга барил, дадал хэвшлийг сонирхоцгооё.

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил, албан тушаал: CallPro компанийн хамтран байгуулагч, Faro сургалтын төвийн партнер, үг цээжлэх хөтөлбөрийн багш, комедиан, Shark Tank Mongolia нэвтрүүлгийн хөтлөгч
Хэрэглэдэг гар утас: iPhone X
Хэрэглэдэг компьютер: Acer Laptop
Сошиал хуудас: Ider-Od Bat-Erdene (Твиттер, Инстаграм, Фэйсбүүк)

ТАНЫ АЖЛАА ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ? АЖЛЫН ДУНДАЖ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Би ажлын онцлогоос үүдэн өглөө, өдөртөө CallPro дээрээ ажиллаад, үдээс хойш, оройдоо Faro дээр ажилладаг юм. Өдөртөө маш их уулзалтууд хийдэг. Хийдэг ажлууд маань ганц хүн биш багаар хийх ажлууд байдаг учраас хурдан баг үүсгээд, ажлаа цагт нь дуусгахад анхаардаг. Урьд нь цагийн менежмент гэж их ярьдаг байсан бол сүүлийн үед энергийн менежмент гэж ярих нь ихсээд байгаа. Энэ нь бүтээмж өндөр байх өдрийн тодорхой цаг мөчлөгүүдэд ажлыг дайрч хийх тухай ойлголт юм л даа. Миний хувьд өглөө 9.30-11.30, үдээс хойш 15-17 цагт гол ажлуудаа эрчтэй хийхэд анхаардаг.

Урьд нь би бас мундаг хүмүүс хэрхэн ажилладаг юм бол, ямар арга барилтай байдаг бол гэж их сонирхож уншдаг байлаа. Тэгээд нэг л юмыг ойлгосон юм. Ерөөсөө яаралтай, чухал юмаа ялгаад хийх чадвар л хамгийн чухал юм байна гэж.

Мөн бодох шаардлагатай юмыг цаг гаргаж боддог. Зарим хүмүүс бүтээлч байна гээд юу юугүй компьютер уруугаа шигдэж орох гээд байдаг шүү дээ. Заримдаа урдаа цаас тавьж байгаад, магадгүй хана руугаа харж байгаад бодох нь чухал санагддаг. Shark Tank-ийн Барбара Коркораны "Ажил дээрээ гацвал гараад алх" гэсэн зөвлөгөө таалагддаг. Гадуур өөртэйгөө яриад алхаж байхтай маань хүмүүс таарч магадгүй юм шүү. Өөртэйгөө монгол, англи, орос хэл хольж яриад л алхчихдаг даа.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМУУДААСАА НЭРЛЭНЭ ҮҮ?

2012 онд CallPro-ийн хамтрагчидтайгаа Нью Йоркт явж байгаад дата боловсруулах технологиороо алдартай Palantir компанийн үүсгэн байгуулагчдын нэгтэй хоол идэх завшаан гарсан юм. Тэр үед ид гарааны бизнес сонирхож эхлээд байсан тул бид ямар програм, софтвер ашиглах хэрэгтэй вэ гээд л асуулаа. Тэгтэл "Чи нэг л их стартап гэж ярих юм. Тэр чинь яг л хүнсний дэлгүүртэй ижил. Word, Excel, Google зэргийг л ашиглахад болно" гэж билээ. Түүнээс хойш апп, програм гэж нэг их сүжрэхээ байсан. Эднээс өөр гэвэл бид төлөвлөлтөө Trello дээр хийгээд явдаг.

Сошиал медиа гэвэл Фэйсбүүк, Инстаграм, Твиттерийг сайн ашиглахыг хичээж байна. Гэхдээ элдэв янзын эффект, нарийн ширийн арга техник мэдэхгүй ээ. Контентийн агуулга л сайн байх нь хамгийн чухал гэж боддог.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Онцын шаардлагагүй ажлуудаа ялгаж сурах, зарим зүйлд үгүй гэж хэлэх. Бүх юманд тийм гээд байвал бүтээмжтэй үедээ онцын шаардлагагүй ажлуудыг хийх болчихдог шүү дээ.

ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Гар утасныхаа Note дээр тэмдэглэдэг. Зарим А4-ийн цаасан дээр бичээд хийж дуусмагцаа хаядаг.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Төвөгтэй ойлголт, софтвер, үйл явцыг бусдад тайлбарлаж ойлгуулахдаа өөрийгөө сайн болов уу гэж боддог. Үүлэн системд суурилсан дуудлагын төвийн үйлчилгээ гэх мэт ойлгоход амаргүй бүтээгдэхүүнүүдийг бид борлуулдаг. Нийт ажлын маань 30 хувь нь хүнтэй ярилцах, хэрэгцээ шаардлагыг нь ойлгох, 30 хувь нь борлуулалтын ажлууд байдаг гэж болно.

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ ТАНЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

CallPro бол технологийн бизнес. Технологийн бизнест тайван байх тухай ойлголт байдаггүй. Ямар ч мундаг компани сайн явж байгаад нэг л мэдэхэд унаж эхэлдэг. Технологийн бизнест энэ мөчлөг бүр ч богино. Тиймээс дараагийн "том юм"-аа байнга бодож, шинэ бүтээгдэхүүнийг бодож боловсруулж, ирээдүйн төлөвийг тандаж байхгүй бол болдоггүй.

Faro сургалтын төвийн хувьд, бид яаж ч технологиор бөмбөгдөөд боловсролыг хүнээс хүнд дамжуулах үйл явцыг хялбарчлахад хэцүү. Тиймдээ ч, олон хүнд сургалтаа хүргэх хүсэл байдаг ч санхүүгийн хувьд ашигтайгаар үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж хомс байдаг. Энэ бол хүнийг удирдаад, хүнд үйлчилгээ үзүүдэг салбар учраас тийм амар биш.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ? ИРЭЭДҮЙН ТӨЛӨВЛӨГӨӨ?

CallPro дээр бид байгууллагын утсыг автоматжуулах сайн бүтээгдэхүүн хийсэн гэж боддог. Одоогоор 17 салбарын 400 орчим компанид дуудлагын төвийн автоматжуулалтын системийг нэвтрүүлээд байна. Зөвхөн утас гэлтгүй, хэрэглэгчийн үйлчилгээг тэр чигээр нь хариуцсан, маркетингийн өгөөж сайн өгдөг, борлуулалтыг нь нэмэгдүүлэх систем болгон хөгжүүлж байна. Энэ жил бид байгууллагын хэрэглэгчийн датабаазыг зөв удирдах, утас, сошиал медиа систем, дотоод мэдээллийн бааз системийг уялдуулсан бүтээгдэхүүн хийхээр ажиллаж байна. Хэрэглэгчийн санал гомдлыг бүртгэх, хэрэглэгчдийн дотоод мэдээллийг бүртгэх систем зэрэг дагавар бүтээгдэхүүнийг хийж байна. Мөн гадны зах зээл рүү нэвтрэх төлөвлөгөө бий.
Faro сургалтын төв маань гадаад хэлний сургалт явуулдаг, 5 улс руу тэтгэлэгтэй суралцахад тусалдаг байгууллага. 10 гаруй хөтөлбөртэйгөөс IELTS-д бэлдэх, үг цээжлэх сургалтууд маань хамгийн алдартай. Миний хувьд Оюуны ухааны академийн Х.Хатанбаатар багшийн удирдлага дор хоёр байгууллагын хамтран боловсруулсан англи үгсийг хурдан цээжлэх курсийг удирдан явуулдаг. Хүн сэтгэл нь хөдөлбөл аливаа юмыг амархан цээжилж тогтоодог юм байна л даа. Тийм болохоор би хичээлийнхээ хагаст нь үг, хэл зүй зааж, хагаст нь суралцагчдынхаа сэтгэлийг хөдөлгөх зүйлийг ярьж, ёжтой тайлбарладаг. Нэг ёсондоо энэ курс маань зааж буй хүнээсээ нэлээн хамааралтай байдаг.

ЯАГААД КОМЕДИ ХИЙХ БОЛСОН БЭ? ЯРИХ АГУУЛГАА ХЭРХЭН БЭЛДДЭГ ВЭ?

Оюутан байхдаа би олон улсын оюутны уулын аялалд явсан юм. 300 гаруй оюутан улс улсаараа авьяасаа үзүүлэх шоу болоход Монголоосоо ганцаараа байсан би дуулж бүжиглэх авьяасгүй тул өөр юм хийх ёстой болов. Ингээд монголчуудын ярьдаг онигоог англиар орчуулаад гадаад хүмүүс ойлгохоор болгож ярихад хүмүүс их инээлддэг байгаа. 10 минут хүмүүсийг инээлгэсний дараа хоёр америк найз маань ирээд "Идэрээ, чиний сая ярьсан зүйлийг стэндап комеди гэдэг юм ш дээ, чи мэдэх үү?" гээд, дараагаар нь над руу бичлэг, линкүүд явуулсан юм. Түүнээс хойш 2-3 жил комедиг нэлээн их үзэж судалсан. Улаанбаатарт ирээд нэг өдөр гэр лүүгээ харьж явахдаа Basement-д ортол Батаа ганцаараа комеди хийж байв. Ингээд танилцаж, өмнө нь хүмүүсийг инээлгэж байсандаа урамшаад комеди хийгээд үзье гэж тохирч, UB Comedy Club-д түүнээс хойш тасралтгүй явж байна.

Одоо 7 хоногтоо 15 минутаар гурван удаа комеди хийж байна. Ер нь бид ярьж буй агуулга, материалаа бага багаар шинэчилсээр 2 сар тутамд цоо шинэ юм ярьдаг. Шинэ агуулга ярих нь ер нь хэр идэвхтэй амьдарч байгаагаас хамаардаг шүү. Би саяхан Сүхбаатар аймаг руу найзынхаа хуриманд 3 хоног яваад 5 минут ярих юмтай болох жишээтэй. Баруун 5 аймгаар хэдэн мянга км явж ирээд 10 минут комеди хийж байв. Комеди нь бодит амьдралаас урган гарч байж хүнд хүрдэг тул контент үйлдэрлэлийн үйл явц нь урт бөгөөд өртөгтэй байдаг гэж болно. Миний Тайланд явснаа ярьсан нэг бичлэг байдаг даа. Тэр бол 80 хувь нь үнэн, 20 хувь нь давстай. Тайланд явж ирсний дараа "Big Show" маань гарах байсан тул ярих юмаа бодож олох ёстой байлаа. Тэгээд 5 хоногийн аялалд 8 сая төгрөг зарцуулж, түүнийхээ хүчинд 10 минут комеди хийсэн. Тиймээс та бүхэн бидний тоглолтыг үзэхдээ тасалбарын үнэд битгий горойж байгаарай (инээв).

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ? ӨӨРИЙГӨӨ ЯАЖ ХӨГЖҮҮЛДЭГ ВЭ?

Ном бол хүчтэй зэвсэг. Ном зохиогчийнхоо олон жил судалсан, ажигласан зүйлд тулгуурлан бичигддэг. Ном уншихаар хүн тархин дотроо зураглал хийж, өөрийнхөө амьдралыг уяж боддог шүү дээ. Миний хувьд бизнес, технологийн ном нэлээн уншдаг. Гарааны бизнес эрхлэгч залуусын заавал унших номууд гэсэн жагсаалтыг өөрийн блог дээр танилцуулж байлаа. Бизнес хийж буй хүнд хэрэглэгчээ ойлгох нь маш чухал байдаг учраас, энэ тал дээр өмнө нь алдаа гаргадаг байснаа ойлгоод, сүүлийн үед сэтгэл зүйн чиглэлийн ном уншихыг хичээж байна.

Саяхан Thinking Fast and Slow номыг (монголоор "Тунгаан бодох уу, түргэн шийдэх үү") уншсан. Хүн бодол сэтгэлгээгээрээ яаж алдаатай шийдвэр гаргадгийг 20 гаруй ойлголтоор дамжуулан харуулсан ном байна лээ. Жишээ нь худалдан авалтын дараа өөрийгөө зөвтгөх бодол гэж байдаг гэнэ. Тооцоолоод үзэхээр шал буруу шийдвэр гаргасан мөртлөө хүн өөрийгөө зөвтгөх, тайвшруулах шалтгааныг байнга эрдэг юм байна л даа.

Өөрийгөө хөгжүүлэх тухайд, их сургуульд явах нь маш чухал алхам гэж боддог. Энэ жил Хятад руу явж суръя гэж бодож байсан ч арай болсонгүй. Ямар ч их сургууль төгсөөд тайвширч болохгүй, эрдмийг басаж болохгүй гэж боддог. Ойрын 3 жилдээ багтаад хуулийн чиглэлээр сурах төлөвлөгөөтэй байгаа. Инженер сууриа хуулийн мэргэжилтэй хослуулбал ихээхэн үр дүнтэй байх байх гэж найдаж байгаа.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Жазз хөгжимд дуртай. Бас Тайлор Свифтийг ганцаараа гитартай дуулдаг байхаас нь буюу анхнаас нь сонсдог байлаа. Англи хэлний багшийн нүдээр харвал хамгийн цэвэрхэн хэллэгтэй дуучин гэж боддог. Солонгос хөгжимд бас дуртай. Тайянгийг сонсдог.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Нээлттэй хүн. Багын л яриа, алиа хүүхэд байлаа.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Нойр хүрч байгаа үед аль болох унтахыг боддог. Өдөртөө 8 цаг унтчихаад байдаг. Өглөө голдуу 9 цагт сэрдэг. Саяхан харин Shark Tank Mongolia нэвтрүүлэгт оролцоод, Монгол ТВ-ийнхний хөлд их чирэгдлээ (инээв).

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Ажиллаагүй үедээ ээж аавындаа очно. Бас байгальд гарах дуртай. Саяхан би нэг Харвардын судалгаа уншсан юм. Хүнийг аз жаргалтай байлгадаг хоёр гол зүйл байдаг гэнэ. Нэг нь, хүн өөрт тохирсон заяаны ханиа олж чадвал их жаргалтай амьдардаг юм байна. Нөгөө нь аль болох их цагийг байгальд өнгөрүүлэх байдаг гэж бичсэн байсан.

Мөн би сүүлийн үед биеийн атлетик чадвараа хөгжүүлэх дасгалд явж байгаа. Mongolia's Got Talent-д орж байсан Цэнгүүн багшийн шавь болсон. Цэнгүүн багш маань "Идэрээ, булчинтай хүн секси биш, булчингүй хүн ч секси биш. Юм хийж чаддаг хүн л секси байдаг юм. Чи ядаж юманд авираад сурчих" гэж хэлсэн. Энэ философи нь ч надад их таалагдсан шүү.

ТА ХЭНЭэС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Миний баримжаагаар залуучуудын 5-10 хувь нь л Стив Жобс, Элон Маскийн амжилт, алсын харааг бодож урам зориг авдаг байх. Ихэнх хүмүүсээр үнэнийг нь хэлүүлбэл, яаж байртай, машинтай, боломжийн сайхан амьдрах вэ гэж бодож л ажиллаж хөдөлмөрлөдөг гэж хэлэх болов уу. Мэдээж би бизнес хийж буй хүний хувьд мундаг бизнесмэнүүдийн түүхийг уншиж урам зориг авдаг. Харин өдөр тутам намайг урагш хөдөлгөдөг зүйл бол "Яаж гайгүйхэн шиг амьдрах вэ?" гэсэн бодол. Яг үнэндээ "Улаанбаатарт яаж тэсэж, яаж гайгүй амьдрах вэ?" гэдэг л сайн ажиллах сэдэл болдог доо (инээв).

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Би АНУ-д их сургуулиа төгсөөд ээж рүүгээ залгасан юм. "Ээж ээ, энд лабораторид ажиллаад визээ сунгуулах боломж байна. Монголд амьдрал тийм сайнгүй байгаа биз дээ" гэсэн. Тэгтэл ээж маань "Юу яриад байгаа юм бэ. Ийшээ ир. Монголд асуудал их байгаа. Гэхдээ асуудалтай газар нь боломж их байдаг. Асуудлаас шийдэл, шийдлээс баялаг үүсдэг. Өндөр хөгжилтэй, таатай газар хүссэн юмаа хийгээд байх боломж хомс шүү дээ" гэж хэлсэн. Тэгээд л Монголдоо ирсэн дээ. Ээжийн зөв байсан. Манайд хэдий болох бүтэхгүй зүйл их байдаг ч, түүнийгээ дагаад аливаа зүйлсэд шийдэл олох, шинэ бизнес хийх боломж их бий.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Би хүссэн юмаа, дуртай юмаа хиймээр байна, намайг аз жаргалтай байлгах зүйлийг л хиймээр байна гэж залуучууд их ярьдаг, хүсдэг. Харин би, зарим нэг зүйл хэцүү байж болно гэж суралцагчдадаа байнга захиж хэлдэг юм. Жишээ нь би CallPro-д хийж байгаа ажилдаа дуртай ч өдөр тутам хийхийг хүсэмгүй зүйл гарч л байдаг. Хийж л таардаг. Тэгэхээр, аливаа зүйлийн ирээдүйн үнэ цэнийг бодоод, хэцүү байсан ч хэрэгтэй юмыг хийж л байх хэрэгтэй. Бүх зүйл нь гоё, бүх зүйл нь аз жаргалтай байлгадаг ажил гэж хаана ч байхгүй.

Гарааны бизнес эхлүүлэхийг хүсэж буй, эхлүүлээд удаагүй залууст бас нэг зүйлийг хэлэхийг хүсдэг. Зарим хүн юу юугүй л логоны дизайндаа анхаараад л, гоё вэбсайттай болох гээд л, компаниа улсын бүртгэлд яаран бүртгүүлдэг. Компаниа улсын бүртгэлд бүртгүүлэхэд шууд л татвар, нийгмийн даатгалын асуудал яригдаж эхэлнэ, хүмүүсийн өмнө хариуцлага хүлээнэ. Тэгвэл компаниа бүртгүүлэхээс өмнө бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зарж эхэл гэж би хэлнэ. Бизнесийн загвар чинь амжилттай явах нь батлагдтал халааснаасаа мөнгө гаргаад явж яагаад болохгүй гэж. Магадгүй нэг, хоёр сар л ийм байдалтай явна шүү дээ. Би ч гэсэн ийм алдаа гаргаж байсан хүний нэг.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Shark Tank Mongolia нэвтрүүлгийн шинэ шарк MCS группийн дэд захирал Д.Энхтүвшинг санал болгоё. Ажлын арга барил нь надад сонирхолтой санагдсан. Удахгүй эхлэх гэж байгаа Шарк Танк нэвтрүүлэг бол бизнест маш хурдан хугацаанд суралцах боломжийг хүмүүст олгодог гэж боддог.

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.

162839   5


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor

Нийтлэлд оролцсон:

Э.Ганбаатар

Гэрэл зургийг:

Д.Ганзул




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.