Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   09 сарын 17, 2018

Онцлох бизнес: Newmeta - Монголын мянга мянган тоглогчдын мөрөөдлийн төлөө

Онцлох бизнес булангийнхаа энэ удаагийн дугаараар цахим спортын салбарт эвент зохион байгуулалт, контент үйлдвэрлэлт, шууд дамжуулалт зэрэг бүхий л үйл ажиллагааг цогцоор нь явуулдаг Newmeta-г онцолж байна. Цахим спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2015 онд байгуулагдаж байсан Newmeta-гийн залуус 2017 онд “PGL Asian Minor” буюу CS:GO-ын Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Хятадын Бээжин хотоос албан ёсны эрхтэйгээр сурвалжилж, 2017 оны цахим спортын дэлхийн аваргыг сурвалжлах эрхийг авч байсан туршлагатай. Unread өнгөрсөн онд Newmeta-гийн бүтээл “PC тоглоомоос дэлхийн тавцан руу” хэмээх Монголын анхны цахим спортын баримтат киног та бүхэнд хүргэж байсан билээ. Тэд "Монголын мянга мянган тоглогчдын мөрөөдлийн төлөө" уриан дор Монгол дахь цахим спортын талаарх сөрөг хандлагыг өөрчлөхөөр сэтгэл шулуудан ажиллаж байна.

Бизнесийн нэр: Electronic Sports Mongolia - Newmeta
Үйл ажиллагааны чиглэл: Цахим спортын арга хэмжээ, контент үйлдвэрлэлт
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2015 он
Үүсгэн байгуулагч: Э.Ганбаатар, А.Амаржаргал, Б.Билгээ, Б.Санчир
Сошиал хуудсууд: Electronic Sports Mongolia - Newmeta, Newmeta Mongolia Youtube

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС, ЯАЖ ОЛСОН БЭ?

А.Амаржаргал: Бид анх мөнгө ольё гэхээсээ илүү гоё юм хийе, залуусын дунд үр өгөөжтэй юм бүтээе хэмээн энэ салбар уруу орсон. Анх зөвхөн гадаадын тоглолтуудыг монгол тайлбартайгаар шууд дамжуулаад, фэйсбүүк дээр мэдээ оруулаад л явдаг байлаа. Бид тухайн үедээ цахим спорт сонирхогчдын, дурлагчдын маш том хүрээллийг үүсгэж байна гэдгээ анзаараагүй. Анх цахим спортын талаар нарийн мэдлэггүй уг салбар руу орж байсан ч мэдээ, нийтлэл бичихийн хэрээр цахим спортын мэдлэгээ ахиулж, одоо мэргэжлийн шахуу хэмжээнд очсон гэхэд болно. Тэр үед бүр The MongolZ баг DOTA2-оор Азийн аваргад өрсөлдөхөд зөвлөгөө, судалгаа зэргээр туслалцаа үзүүлж байлаа. Яваандаа үүнийгээ илүү үр дүнтэй болгож, ажил хэрэг болгоё хэмээн шийдэж цахим спортын контент үйлдвэрлэл болон цахим спортын арга хэмжээ зохион байгуулалтад төвлөрч ажиллахаар шийдсэн.

Э.Ганбаатар: Бид бүхий л багийн спортууд дээр араас нь нэхэж, хөгжсөн хойно нь арга хэмжээ авдаг байсан нь мэргэжлийн спортуудаас асар хол хоцорсны гол шалтгаан. Харин цахим спортын тухайд бидэнд зэрэгцээд хөгжөөд явах боломж бүрэн дүүрэн бий. Манайд тоглогчдын нөөц, авьяас хангалттай бий. Монгол улс цахим спортын нэг төрөл болох CS:GO төрөлд тамирчдын нөөцөөрөө Азидаа нэгдүгээрт ордог. Нөөц нь байгаа ч бусад хүчин зүйл нь байхгүй учраас хөгжих учраа олоогүй байгаа. Үүнд тогтмол зохиогддог тэмцээнүүд, түүнийг дагасан медиа, багууд, холбоод, дэмжигчид гээд олон хүчин зүйл багтана. Тийм ч учраас Newmeta-г эдгээр хүчин зүйлсийн гол суурь нь байгаасай, гол хөдөлгөгч нь байгаасай гэсэндээ үүсгэн байгуулж байлаа.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Стартап компани гэдэг утгаараа чадах хэмжээндээ хүртэл өөрсдөө яваад үзье гэж бодсон. Үйл ажиллагааны зардлуудыг өөрсдөөсөө гаргаад явж байна. Хамгийн их хөрөнгө шаардсан ажил маань 2017 онд хийсэн “PC тоглоомоос дэлхийн тавцан руу” хэмээх Монголын цахим спортын анхны баримтат кино байлаа.

2017 онд iCinema-д гарсан "PC тоглоомоос дэлхийн тавцан руу" баримтат киноны нээлтийн арга хэмжээний үеэр

ТАНАЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Сая дурдсанчлан манайх цахим спортын тэмцээн, арга хэмжээ зохион байгуулах дээр төвлөрөн ажилладаг. Нэг ёсондоо цахим спортын тэмцээн зохион байгуулаад түүнийг дагасан цахим спортын контент үйлдвэрлэнэ гэсэн үг. Монголд цахим спорт идэвхтэй үздэг, тоглодог 100 мянга гаруй залуус бий гэсэн судалгаа байдаг. Тиймээс контентийг нь үйлдвэрлээд өгвөл үзэх хүмүүс нь бэлэн гэдгийг энэ тоо илтгэнэ. Эдгээр үзэгчдийн дийлэнх нь реклам, зар сурталчилгаа түгээгчдийн гол бай буюу 18-34 насныхан. Энэ эргэх холбоо нь өөрөө цахим спортод орж буй маш том хөрөнгө оруулалт, дэмжлэг болох учиртай. Тамирчдад ч ашигтай, бүтээгдэхүүнээ сурталчлах хүсэлтэй компаниудад ч ашигтай ийм талбарыг үүсгэхээр зорин ажил хэрэг болгоод явж байна даа. Монголд одоогоор тогтмол зохион байгуулаад, түүнийг дагасан оригинал контент үйлдвэрлэдэг байгууллага хоёрхон бий.

монголын цахим спортын хөгжлийн талаар?

Цахим спорт олимпийн төрөл болох нь цаг хугацааны л асуудал болоод байгаа. Дээр дурдсанчлан Монгол улс тамирчны нөөцөөрөө Азид тэргүүнд бичигддэг. Манайхаас 10 тоглогч гадаадын багт тоглож байна. Саяхан гэхэд Хятадын цахим спортын Perfect World байгууллага The MongolZ багийг маш өндөр үнээр худалдан авсан. Австралийн топ баг болох Grayhound багийн ахлагчаар Эрдэнэцогт хэмээх Монгол залуу тоглож байна. Маш ухаалаг, сайн ахлагч хэмээн дэлхийд үнэлэгддэг. Ган-Эрдэнэ хэмээх залуу 2017 онд Азийн хамгийн өсөх ирээдүйтэй 5 залуу тоглогчийн нэрээр нэрлэгдэж Хятадын 5power баг руу мөн л зарагдсан. Machinegun буюу Энхтайван Ази тивээс өөр тивийн баг руу зарагдсан түүхэн дэх цорын ганц ази тамирчин. Гадаадад тоглож буй Монгол 10 тоглогч маань бүгд өндөр цалинтай, мэргэжлийн тоглогчийн гэрээтэйгээр ажиллаж байна. Хятад, Япон, Солонгос хэмээх том гүрнүүдийн авьяаслаг тоглогчдын нөөц бага тул Монголоос авьяастнуудаа татах бодлогыг барьж байна. Манай цахим спортын экосистем бий болж амжаагүй байгаа болохоор тоглогчид ийнхүү нутагтаа тоглохоос илүүтэйгээр өөр улсыг зорьж байгаа. Буруутгах аргагүй. Одоо харин бид дотоодын системээ сайжруулж тоглогчдоо дотооддоо тоглуулмаар байна. Улсынхаа нэр дээр дэлхийн тавцанд гаргамаар байна.

Азийн 2 удаагийн аварга Монголын цахим спортын нүүр царай The MongolZ багийн тамирчид 2018 оны 8-р сард Хятадын баг руу өндөр үнээр зарагдаж, Монголын цахим спорт түр "эзэнгүй" үлдэв...

ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

А.А: Монголын цахим спортын хамгийн өндөр шагналын сантай (4 сая төгрөг), хамгийн өргөн цар хүрээтэй тэмцээн болох “Uprise CS:GO үндэсний аварга шалгаруулах тэмцээн” маань 32 баг, 180 гаруй тоглогчтойгоор эхлээд байна. Яг одоо уг тэмцээн дээрээ төвлөрөн ажиллаж байна. Тэмцээн маань Монголд интернэт тоглоомын газрын шинэ жишгийг тогтоогоод буй Hype Gaming Lounge-д явагдаж байгаа. Тоглогчдоо хамгийн өндөр хүчин чадал бүхий, хамгийн тухтай газар тоглуулж бүх тоглолтыг шууд дамжуулж, дагалдах контентуудыг чанартай үйлдвэрлэж дэлхийн жишигт дөхөх тэмцээнийг зохиохоор зорин ажиллаж байна. Тэмцээний маань технологийн асуудлуудыг л гэхэд iTools бүрэн хариуцаж ажиллаж байгаа. Энэ мэтээр чанарыг эрхэмлэж байна. Тэмцээний шууд дамжуулалт нээлтээ хийж буй видео платформ болох Dolgion.mn дээр явагдана.

ТАНАЙ ОЙРЫН БОЛОН ХЭТИЙН ЗОРИЛГО?

Э.Г: Ойрын хугацаанд тогтмол зохион байгуулагддаг чанартай тэмцээн үүсгэхээр зорьж байна. Манайд тамирчдад хамгийн их дутагддаг зүйл бол тэмцээн уралдаан. Олон авьяастай тоглогчид байгаа ч тэдэнд тогтмол өрсөлдөх, бэлтгэлээ хангах, өөрсдийгөө сорих талбар нь байхгүй байна. Одоогоор Монголд тогтмол уламжлал болгон зохион байгуулагддаг нэг ч тэмцээн байхгүй. Тиймээс одоо явагдаж буй “Uprise” CS:GO үндэсний аварга шалгаруулах тэмцээн”-ийг улиралд нэг удаа тогтмол зохиохоор төлөвлөөд байгаа. Алсдаа тэмцээн болон цахим спортын арга хэмжээгээ олон улсад зохион байгуулах төлөвлөгөөтэй. Энэ маань ажил хэрэг болоход тун ойрхон байгаа юм. Бид Хятадын хамгийн том энтертэйнмент компани болох Perfect World-той тус чиглэлээр хэлцэл хийх боломжийг бүрдүүлээд байгаа. Уг байгууллага нь 2019 оны 8-р сард DOTA2 The International” буюу 30 сая долларын шагналын сантай дэлхийн хамгийн том цахим спортын тэмцээнийг зохион байгуулах эрхийг аваад байгаа юм.

А.А: Мөн Newmeta багаа илүү сайжруулах, залуу мэргэжилтнүүдийг татах тал дээр төвлөрч байна. Манай технологийн баг тэмцээний өөрийн гэсэн автомат платформыг хөгжүүлж дуусгасан. Дараагийн тэмцээн гэхэд бүрэн ажиллагаанд орно. Мөн мобайл апп хөгжүүлэлт эхлэлийн шатандаа явж байгаа.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Э.Г: Манай гол зорилго Монголын цахим спортын хөгжилд нөлөө үзүүлэх учраас үүнийг бид ганцаараа хийж чадахгүй гэдгээ ухамсарладаг. Энэ тал дээр бүх л бүтэн нэг спортын салбарын асуудал, олон зуун тамирчдын ирээдүй яригдаж буй тул хариуцлагатай хандахыг хичээдэг. Байгууллагуудын дэмжлэг, хөрөнгө оруулалт, тамирчдын соёл, багуудын зохион байгуулалт, хэвлэл мэдээлэл гээд бүх зүйл чухал гэдгийг гадны жишээнүүд бидэнд бэлхнээ харуулдаг. Үүнийг бид хамтын ажиллагаагаар л даван туулна гэж боддог. Newmeta бүх хүчин чадлаараа ажиллаад энэ бүх зүйлийг хийж чадахгүй. Тиймээс өөрсдийн чадах зүйл дээр байдгаараа хичээж, бусад зүйлсийг хамтын ажиллагаагаар шийдье гэсэн зарчмыг баримталдаг. Тэр ч утгаараа манайх 29/90 esports, D13 esports, The MongolZ, мөн цахим спортын төвүүдтэй нягт холбоотой ажилладаг.

А.А: Мөн цахим спорт асар их дэмжлэг, хөрөнгө оруулалт шаардлагатай үе дээрээ ирээд байгаа. Тиймээс бид дэмжигч байгууллагууд, ивээн тэтгэгч компаниудтай ойр ажиллахыг эрмэлзэж байна. Гэхдээ бизнесийн зарчим талаасаа бид тэдэнд хэрэгтэй зүйлийг нь өгч байж тэднээс юм авах учиртай. Тиймээс бид компаниудад танай брэндийн нэр ийм хэмжээний хүнд хүрнэ, ийм тооны хүмүүс танай брэндийн талаар эерэг ойлголттой болно хэмээх бодитой тоонуудыг амладаг. Аливаа бизнес өгөх, авах буюу харилцан ашигтай байх зарчмаар явах ёстой юм болов уу гэж боддог.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Э.Г: Цахим спортыг манайхан PC тоглоом гэдэг талаас нь хүлээн авдаг учраас энэхүү хандлагыг өөрчлөх нь тун амаргүй. Тоглоом, цэнгэл гэхээсээ илүү бүхэл бүтэн тусдаа спорт, нэг том соёл болсон гэдгийг олон нийтэд ойлгуулахад их хугацаа хэрэгтэй бололтой. Хамгийн их судалгаа хийж, юмыг уян хатан хүлээн авах учиртай маркетерууд хүртэл эргэцүүлэлгүй шууд сөргөөр хүлээн авах нь бий. Уг нь бол цахим спортын контент онлайн орчин дахь хамгийн өндөр үзэлттэй контентуудын нэг. Ялангуяа онлайн лайв контентууд дунд цахим спорт шиг их үзэлттэй, нэг дор олон үзэгчийг цуглуулдаг контент байхгүй.

А.А: Бид хэний ч зориглохгүй байгаа салбар руу орж “зам” гаргаж буйгаараа бахархдаг. Үргэлж сорилттой тулгарч, хүмүүсийн Монголд хийж байгаагүй зүйлсийг туршиж, зориглож байгаа нь бидэнд шинийг хийх урам зоригийг өгдөг. Мөн бидний ард Монголын мянга мянган цахим спорт сонирхогч залуус бидний үйл ажиллагааг дэмжиж, урам зориг өгч байдаг. Бидэнд Монгол дахь сөрөг хандлагыг өөрчилнө, цахим спортыг дараагийн шатанд аваачна хэмээн итгэдэг нь энэ ажлыг хийх сэдлийг улам их төрүүлдэг.

Гэрэл зургийг: Г.Ананд

43408   7


НИЙТЭЛСЭН:

Khaliunaa Naranbayar




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.