Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   09 сарын 19, 2018

Би хэрхэн ажилладаг вэ? - Apple компанийн инженеринг менежер Д.Энх-Амгалан

Өнөөдрийн зочин маань дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй Apple компанийн анхны монгол ажилтан билээ. 2010 онд Apple-д дэлгэцийн инженерээр орж байсан Д.Энх-Амгалан өдгөө инженеринг менежер буюу инженерийн баг удирддаг менежер болжээ. Хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрчилсөн iPad-ийн дэлгэц дээр ажиллан гараагаа эхэлсэн тэрээр Кентийн их сургуулийн шингэн кристалын институтэд зөөврийн электрон хэрэгслийн дэлгэцийн технологи сэдвээр доктор хамгаалсан аж. Ингээд алдарт Apple компанийн гол технологиудын нэг дээр ажилладаг түүний ажлын арга барилтай танилцъя. 

Байршил: АНУ, Калифорнийн Маунтайн Вью
Эрхэлдэг ажил, албан тушаал: Apple компанийн Хардвер инженерингийн албаны Дүрслэл, мэдрэгчийн хэлтсийн (Imaging and Sensing) инженеринг менежер
Хэрэглэдэг гар утас: iPhone X
Хэрэглэдэг компьютер: Macbook Pro, iMac, iPad
Сошиал хуудас: Mike Dorjgotov (Фэйсбүүк, ЛинкэдИн)

ТАНЫ АЖЛаа ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ? АЖЛЫН ДУНДАЖ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Өглөө ажил дээрээ 9 цагт ирээд 1-2 цаг имэйлээ шалгаж хариулдаг. 10-17 цагийн хооронд ер нь голдуу уулзалттай байдаг юм. 17-19 цагийн хооронд ганцаараа сууж ажиллах боломж олдог. Урьд нь бол лаб дээр их ажилладаг байлаа. Мөн 7 хоногтоо 2 удаа орой гэрээсээ Азид байдаг нийлүүлэгчид, үйлдвэрлэгчидтэй утсаар хуралддаг.

Инженеринг менежерийн онцлог нь энгийн инженерүүдийг бодвол захиргааны ажлууд нэлээд их хийдэг. Бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээр шийдвэр гаргах тохиолдлууд бий.

Миний хувьд уулзалт хийгээгүй үедээ сайн төвлөрөхийг хичээдэг. Тодорхой хугацаанд маш шаргуу, өндөр бүтээмжтэй ажиллаад бусад үед нь амрах буюу хөнгөн ажил хийдэг арга барилтай.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМУУДААСАА НЭРЛЭНЭ ҮҮ?

Мэдээж Apple-ийн аппуудаа ашиглана. Бүгд хоорондоо Cloud-аар холбогдоод мэдээлэл хялбархан шилждэг учир амар. Өөр апп гэвэл Habit List дээр өглөө дасгал хийх, юм унших гэх мэт дадал хэвшил болгох үйлдлүүдээ бүртгээд явдаг. Headspace-аар хөнгөн бясгалгал хийдэг юм. Ажлынхаа нэг өрөөнд орж суугаад, хичээлүүдийг нь дагаж хийхэд ядаргаа тайлагдах шиг болдог.

Өдөр тутмын мэдээллийг Google News, The Economist сэтгүүлээс авдаг. Гэхдээ мэдээг нарийн дагадаггүй.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Ажлыг нэг удаа чанартай хийх. Ингэж чанартай хийхэд мэдээж цаг, энерги, төвлөрөл шаардлагатай. Юмыг гүйцэд хийхгүй болохоор тархины мухарт байнга бодогдоод, их сатааруулдаг. Тиймээс аливаа ажлыг чанартай хийж тархинаасаа бүрэн авч хаях нь эерэг нөлөө ихтэй гэж боддог.

ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Хүнтэй утсаар ярих, имэйл бичих зэрэг энгийн ажлуудыг гар утасныхаа Notes, Reminders дээр тэмдэглэдэг. Харин бодох, төвлөрөх шаардлагатай бүтээлч ажлуудад зориулан тодорхой цаг гаргаж суудаг. Ийм ажилд нэг удаа дор хаяж 2 цаг гаргахгүй бол үр дүнтэй байж чадахгүй.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Хүн нэг зүйлийг 10 жил хийж байж гаргууд сайн болдог гэдэг. Тэгэхээр ажилдаа тийм ч гаргууд сайн болж арай амжаагүй байх.

Өөрийгөө тоодог нэг чадвар маань synthetize хийх буюу аливаа зүйлсийг цогцоор нь харж, олон хэсгийг нэгтгэх. Ер нь хоёр төрлийн инженер байдаг л даа. Нэг нь аль нэг зүйлд маш нарийн мэргэшсэн эксперт. Нөгөө нь юмыг цогцоор нь, олон талаас нь хардаг женералист. Миний хувьд сүүлийн төрөлд багтана.

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ ТАНЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Нэгдүгээрт, хийж буй зүйлээ гүнзгий мэдэх шаардлагатай. Дэлгэцийн технологийн онцлог, нарийн ширийнд нэвтрэхийн тулд байнга л уншиж судлах ёстой байдаг. Apple-д адилхан шалгарч орсон инженерүүдтэй цуг ажиллана, тэр дотроо онцгойрч ялгарна гэдэг нэлээд их хүчин чармайлт шаардана. Бусад алба, хэлтсийн буюу чип, камер зэрэг дээр ажиллаж буй хүмүүсийн хэрэгцээ, шаардлагыг мэдэрч байх ёстой. Ер нь жижиг деталиас эхлээд том зураглалаар хардаг, өөрөөр хэлбэл нэг технологийг сайн мэддэг хэр нь юмыг томоор харж чаддаг хүнийг манай салбарт архитектор гэдэг. Ийм мэргэжилтэн болох нь миний зорилт гэж хэлж болно.

Хэцүү бэрхшээлтэй тал гэвэл, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэхэд ажил дээр өөрчлөлтүүд гарах, хөгжүүлж байсан бүтээгдэхүүн хэрэгцээгүй болох, эсвэл шинээр эхлэх магадлал их байдаг. Apple бүтээгдэхүүн хөгжүүлэх асар олон үе шаттай. Бүтээгдэхүүний консептоо гаргахад л хоёр жил болох энүүхэнд. Олон жишиг анхан шатны бүтээгдэхүүн (прототайп) хөгжүүлж явдаг болохоор заримыг нь орхих тохиолдол олон гардаг.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ? МӨН ИРЭЭДҮЙД ЯМАР ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ БАЙГАА ВЭ?

Хариулж болохгүй асуулт байна (инээв).
Шинэ бүтээгдэхүүний консепт дээр ажиллаж байгаа. Үүндээ зориулж шинэ багийг бүрдүүлж байна. Шинэ гишүүдээ хоорондоо нийцтэй ажиллаж сургахад туслах ёстой байдаг. Технологи, үйлдвэрлэлийн гаргалгаа олох гэж гадагшаа явж, олон улсын компаниудтай нэлээд уулздаг. Голдуу Азиар, хааяа Европ, Израйлиар явна. Улиралдаа ойролцоогоор хоёр удаа явж байна уу даа.

Монголдоо жилдээ хоёр долоо хоногийн хугацаатай ирчихээд байдаг. Тохироо нь таарвал технологийн чиглэлээр сурч буй, сурах сонирхолтой хүүхэд залуучуудтай уулзаж, урд нь ямар ямар сайхан боломж байгаа талаар тайлбарлан таниулах сонирхолтой. Энэ удаа Lhamour-ийн Д.Хулангийн зохион байгуулсан “Girls in S.T.E.M” менторын хөтөлбөрт оролцож, яриа хийлээ.

Төлөвлөгөө гэвэл, одоо ажиллаж буй бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүрэхийг нь харах. Түүний дараа юу хийхээ сайн мэдэхгүй л байна. Apple-д ажиллахгүй ч байж мэднэ. Бас ч гэж нэлээд олон жил ажиллачихлаа шүү. Энд өөрийгөө хөгжүүлэх, төрөл бүрийн зүйл хийж үзэх бололцоо гараад байсан болохоор удаан хугацаанд тогтвортой ажиллаж байгаа хэрэг.

APPLE-Д ОРСОН ТҮҮХЭЭСЭЭ СОНИРХУУЛАХГҮЙ ЮУ?

АНУ-д коллежид санхүүгээр сурч байгаад хоёр дахь жилийнхээ сүүлчээс физикийн багшаараа дамжуулан мэргэжлээ инженерчлэл ба физик болгож өөрчилсөн маань миний карьерт нөлөөлсөн томоохон шийдвэр байв. Коллежоо төгсөөд Охайо мужид нэгэн гарааны компанид орж ажилласан юм. Тэр компани шингэн кристалын технологи дээр үндэслэсэн нүдний шил хийдэг байсан. Нэг жил ажиллаад Кент их сургуулийн шингэн кристалын институтэд докторантурт суралцсан. Эхний хоёр жил магистрын хөтөлбөрөө гүйцээж, сүүлийн 2-3 жил нь зөөврийн электрон хэрэгслийн дэлгэцийн технологи сэдвээр судалгаа хийж, диссертаци бичсэн. Доктороо хамгаалж дуусах үед Apple компани iPad-аа гаргах гээд технологийн шийдлүүдээ дотооддоо гаргахаар инженерүүдийг ид хайж байсантай таарч, мэргэшсэн сэдэв маань ч яв цав нийцэж тус компанид ажилд орж байлаа. 6 сар дадлага хийсний эцэст жинхэлсэн дээ.

APPLE-ИЙН ДОТООД СОЁЛЫН ТАЛААР ДЭЛГЭРҮҮЛЖ ЯРИХГҮЙ ЮУ?

Apple-ийн соёл нь бусад технологийн том компаниудынхыг бодвол өвөрмөц.
Нэгдүгээрт, аливааг төгс хийхийг эрхэмлэдэг. Тийм ч учраас маш цөөхөн бүтээгдэхүүн дээр төвлөрдөг. Бусад компаниуд бүтээгдэхүүнээ туршилтын "бета" хувилбараар гаргаад, хэрэглэгчдийнхээ сэтгэгдлийг сонсож, цааш хөгжүүлэх нь элбэг байдаг. Харин Apple хэрэглэгчид яг юу хүсэж байгаагаа, юу хэрэглэж болохоо өөрсдөө сайн мэддэггүй гэж үздэг. Тиймээс хэрэглэгчдийн амьдралын хэв маягийг өөрчлөх төгс гэмээр бүтээгдэхүүнийг хийхийг зорьдог. Хэрэглэгчийг дээдэлдэг компани.

Өөр нэг онцлог гэвэл, Apple аливаа технологийг өөрсдөө л анхлан хөгжүүлэхийг боддог. Өөрөөр хэлбэл, шинэ технологийг хамгийн түрүүнд нэвтрүүлэхийг хүсдэг гэсэн үг. iPhone дээр гэхэд анх хурууны мэдрэгч, хамгийн өндөр нягтаршилтай Retina дэлгэц, нүүр уншдаг технологийг танилцуулсан гээд олон жишээ бий. Тийм ч учраас инженерүүд өндөр ачаалалтай ажилладаг. Компани гаргасан бүтээгдэхүүнээ 1-2 жил болоод л шинэчилж дараагийн хувилбарыг гаргадаг нь нэлээн их ажил болдог.

Бүтээгдэхүүн гаргах үйл явцад захирлууд маань идэвхтэй оролцоотой байж, санал бодлоо их хэлдэг. Бусад компаниудад удирдах ажилтнууд бүтээгдэхүүнд нарийн оролцох нь ховор болов уу. Фэйсбүүк, Гүүгл зэрэг компаниуд инженерүүдийг чөлөөтэй, сул байлгах хандлагатай байдаг бол Apple тийм биш. Илүү системтэй, илүү дэг журамтай гэж болно. Үүнд мэдээж Стив Жобсын нөлөө их бий. Стив Жобсын философийг нарийн судлан томьёолж, түүнийгээ ажилтнуудад тараадаг.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Би чимээгүй орчинд ажиллах дуртай. Ажиллахад нэлээн чимээтэй байвал нэг хэмнэлтэй ая, жазз сонсдог. Яг ийм тийм хөгжимд илүү дуртай гэсэн юм байхгүй.

ТА ХАМГИЙН СҮҮЛД ЯМАР НОМ УНШСАН/ОДОО ЯМАР НОМ УНШИЖ БАЙГАА ВЭ?

Би ажилтай холбоотой гэхээсээ төрөл бүрийн өөр сэдвээр ном унших дуртай. Сүүлд Майкл Полланы "How to Change Your Mind", Бруно Макаесийн The Dawn of Eurasia: On the Trail of the New World Order гэсэн хоёр номыг уншлаа. Сүүлийн үед номыг дандаа iBooks дээр худалдан авч, iPad дээрээ уншиж байгаа.

Дуртай номууд гэвэл The Four Agreements, Awaken The Giant Within, Zen Mind, Beginner's Mind, Brain and The Inner World зэргийг дурдаж болно. Сам Харрисийн Waking Up ном миний итгэл үнэмшил, ертөнцийг үзэх үзэлд ихээхэн нөлөө үзүүлсэн шүү. Сүүлийн үед бас уран зохиолын ном унших гэж оролдож байгаа. Тим Феррисийн "The Tim Ferris Show", Дан Харрисийн "10% Happier" подкастуудыг сонсдог.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Дотогшоо тал руугаа хүн. Энэ онцлог маань эерэг нөлөө ихтэй гэж итгэдэг шүү.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Дунджаар 23-07 цагийн хооронд унтаж, 8 цагийн нойр авчихыг боддог. Гэхдээ ажлаар ийш тийшээ явах үед нойр солигдох нь бий.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Аль болох биеийн тамир хийхийг л хичээдэг дээ. Хааяа ууланд алхана, дугуй унана, усанд сэлнэ.
Мөн найз нөхөдтэйгөө уулзаж суух, кофе шопд ном унших дуртай.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Номоос шинэ санаанууд авч, юмсын учир зүйг ойлгож, оюун санаагаа цэнэглэдэг. Бясалгал, биеийн тамираас эрч хүч, энергиэ сэлбэдэг.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Юманд бат нот итгэл үнэмшилтэй байхын зэрэгцээ уян хатан байх хэрэгтэй гэдэг. Өөрөөр хэлбэл, aливаа итгэж үнэмшсэн зүйлдээ өөрийгөө бүрэн зориулах нь зөв ч шинээр бий болсон нөхцөл байдал, шинэ баримт нотолгоонд үндэслэн үзэл бодлоо өөрчилж чаддаг байх нь чухал гэдгийг туршлагаасаа ойлгосон.

ЗАЛУУЧУУДАД ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Юу сурах вэ, ямар зүйл хийх вэ, ямар бизнест орох вэ гэж залуус их санаа зовдог шүү дээ. Надад бол тэр нь нэг их чухал биш шиг санагддаг. Юмс байнга өөрчлөгдөж байна, хөгжиж байна. Ялангуяа технологийн салбарт. Нэг жилийн дараа гэхэд юмс огт өөр болчихсон ч байж мэднэ. Миний хувьд ажилдаа хандах хандлага, арга барил, үйл явц хамгийн чухал гэж боддог. Хийж байгаа юмаа ойр ойрхон солиод байвал хүн өөрийн гэсэн арга барил, системтэй болж чадахгүй. Залуу байхад янз бүрийн л зүйл сонирхож, анхаарлаа их сарниулдаг. Тиймээс залуудаа сайн төвлөрч сурсан хүмүүс амжилтад хүрэх магадлалтай гэж боддог. Юу хийх вэ гэхээсээ илүү өөрийн гэсэн арга барилтай, системтэй болоход анхаараарай.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Шатарчин, гавьяат тамирчин Т.Батчимэгийн хийж байгаа зүйлдээ тууштай хандахын чухлыг өгүүлсэн TEDTalk-ийг сонсож байсан, их таалагдсан. Тиймээс танай ярилцлагад санал болгоё.

99898   3


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor

Гэрэл зургийг:

Д.Ганзул




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.